Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч С.Г  гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г  2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №0002275 дугаартай Зөрчид шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 807 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0828/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Т” ХХК-аас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г т холбогдууланШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г  2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №0002275 дугаартай Зөрчид шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлинй 1.7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т тус тус баримтлан  “Тэнүүн очир” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0002275 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нь “...Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 “өрсөлдөөнийг хязгаарлах” гэдэг нь жижиглэн худалдаалагч болон худалдан авагчийн хооронд үүссэн харилцаанд бий болдоггүй буюу худалдагч нь худалдан авагчийнхаа өрсөлдөөнийг хязгаарлах гэсэн хууль зүйн болон эдийн засгийн ойлголт байхгүй юм. ...Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар монополь болон давамгай байдлаа ашиглан өрсөлдөөнийг хязгаарласан, картель үүсгэсэн тохиолдлоос бусдаар “барааны үнийг аливаа байдлаар өсгөхийг хориглосон, хязгаарласан, хэрэглэгч өндөр үнээр бараа худалдан авахаас хамгаалагдсан эрх, ашиг сонирхол гэж байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын чөлөөт эдийн засгийн зах зээлд барааны үнийг тогтооход төрийн оролцоо байх ёсгүй  бөгөөд төрөөс иргэдээ өндөр биш үнээр бараа худалдан авдаг байх зорилтыг хэрэгжүүлэхдээ барааны үнийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг торгож оролцдог байх ёсгүй гэж үзсэн тул “Тэнүүн-Очир” ХХК-нд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж торгууль оногдуулсан нь хууль бус” гэж дүгнэжээ.

3.2. Өнөөдрийн байдлаар цементийн үйлдвэрлэл идэвхитэй явуулж буй “М” ХХК, “М” ХХК нь цементийн жижиглэн худалдааны зах зээлд гэрээт борлуулагчаар дамжуулан оролцдог ба хэрэглэгчийн хувьд цементийг шууд үйлдвэрийн үнээр худалдан авахаас илүүтэйгээр голчлон зах, худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн гэрээт борлуулагч, аж ахуй эрхлэгчдээс цемент худалдан авч байна. Өөрөөр хэлбэл цементийн зах зээлийг бусад зах зээлтэй харьцуулахад хэрэглэгчийн хувьд хязгаарлагдмал сонголт бүхий зах зээл бөгөөд тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчид нь эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдох үнээс илүү өндөр түвшинд нэгэн зэрэг үнээ нэмэгдүүлэн тогтоож буй нь зах зээл  дэх өрсөлдөөнийг хязгаарлаж, түүний үр дүнд хэрэглэгчид нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэ төлөх нөхцөлийг бий болгож байдаг.

3.3. “Т” ХХК нь “М” ХХК-иас 1 тн цементийг 275,500 төгрөгөөр худалдан авах гэрээтэй боловч Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомстол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тн тутамд 320,000-330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд 400,000-420,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулсаныг эрэлт, нийлүүлэлтийн хуулийн дагуу явагдсан, зүй ёсны үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

3.4. Анхан шатны шүүх нь “...Т ХХК нь ууттай цемент 660 ширхэг буюу 330 тонныг “М” ХХК, “М” ХХК гэх хоёр үйлдвэрлэгчээс хүлээн авсан байгаа боловч хариуцагч нь хяналт шалгалтаар тус компанийг аль компанийн нийлүүлсэн хэдэн тонн цементээс хэдийг нь 400,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн үнээр худалдан борлуулсан тоо, тооцооллыг хяналт шалгалтаар тогтоогоогүй ... Б.Дугармаагийн хувийн дансны хуулгад үндэслэхдээ түүний нийт борлуулсан цементийн үнэ, дүнг нэг бүрчлэн гаргаагүй атлаа дансны гүйлгээнд дэх “10 тонн 4,000,000 төгрөгийн гүйлгээ хийснийг” хараад 1 тонныг 400,000 төгрөгөөр борлуулсан гэж тогтоосон нь буруу юм” гэж дүгнэжээ.

3.5. Хэрэлэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчлийн шинж нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн эсэхээр тодорхойлогдох ба тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээгээр тодорхойлогдохгүй тул нийт борлуулсан цементийн үнэ, дүнг нэг бүрчлэн гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой болохоос биш хэдэн тонн цементийг тухайн үнээр худалдан борлуулсан болох нь зөрчлийн шинжийг тодорхойлоход ач холбогдолгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхээс “Т” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002275 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0807 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр удирдамжаар ... цементийн импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд ... хяналт шалгалтыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэжээ.

2.2. Хавтаст хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цементийн үнийн өсөлтөд хийсэн хяналт шалгалтын танлцуулгад “... Зах худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсч, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд  нийт 15 аж ахуй эрхлэгч УБТЗ ХНН-ийн АБТЭМА-44-д 4816.96 тн цемент хүлээн авсан байна. Эдгээр аж ахуй эрхлэгчид нь дээрх цементийг үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс 197.000-261.000 төгрөгөөр худалдан авсан байх ба захуудад худалдан борлуулагдаж буй цементийн хамгийн бага үнэ буюу 480.000 төгрөгтэй харьцуулахад ойролцоогоор 219,000-283,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үнээр худалдан борлуулж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж хэрэглэгийг хууль бусаар хохироор худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй, цементийн үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл, (картель) байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэний улмаас уг зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг явуулсан байна.

2.3. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт,  зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагч С.Г  нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0002275 дугаар шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-д 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргагч “Т” ХХК “ ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хувийн харилцах дансаар орсон мөнгөн дүнг манай борлуулалтын орлого гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй” хэмээн гомдол гарган маргасан байна.

2.4. Хариуцагч “... “Т” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомстол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тн тутамд 320.000-330.000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 400.000-420.000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн санхүү хариуцсан захирал Б.Д Хаан банкны 5077057441 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийлгэсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн, 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ...” гэж тайлбарласан байна.

2.5. Анхан шатны шүүх “... цемент эрхлэгч аж ахуй эрхлэгчдээс 197.000-261.000 төгрөгөөр худалдан авсан цементийг 219.000-283.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үнээр борлуулсныг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэсэн нь үндэслэлгүй ... үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, ийм харилцааг хуулиар зохицуулаагүй. ... Өрсөлдөөний тухай хуулийг хэрэглэж торгууль оногдуулахдаа “Т” ХХК цементийн үнийг нэмэгдүүлсэн гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй, түүний хамаарал бүхий этгээд болох Б.Д хэдэн тонныг яг ямар үнээр худалдсан болохыг ч бүрэн тогтоогоогүй, Б.Д хувийн дансны хуулгад үндэслэхдээ түүний нийт борлуулсан цементийн үнэ, дүнг нэг бүрчлэн гаргаагүй, ...”Т” ХХК хяналт шалгалтын шатанд өөрийн компанийг цементийг 1 тонныг 320.000-340.000 төгрөгөөр зарсан гэж тайлбарлан ийм нотлох баримтыг гаргаж өгсөн байхад шалгалгүйгээр зарсан гэж үзсэн нь ... хууль бус... ” гэх зэрэг дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж ойлгох бөгөөд “Т” ХХК-ийн захирал бөгөөд ганц үүсгэн байгуулагч Ж.Н нь Б.Д гэр бүлийн харилцаатай тул “Т” ХХК-тай харилцан хамаарал бүхий этгээд мөн болох нь тогтоогдсон байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор тогтоож, мэдүүлэг авч, шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

2.7. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно” гэж заасан байх тул хуулийн этгээдийн зах зээлд явуулж байгаа аливаа үйл ажиллагаа нь өрсөлдөөний хууль тогтоомжоор зохицуулагдсан байх бөгөөд хуулийн этгээдээс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж зах зээлд оролцохдоо үнийн хөөрөгдөл үүсгэсэн бол хариуцлага хүлээхээр байна.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар “Т” ХХК нь “М” ХХК-ийн үйлдвэрээс 275.500 төгрөгөөр худалдан авсан  цементийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 320.000-330.000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 2022 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 400.000-420.000 төгрөг болгон үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн болохыг гомдол гаргагч хяналт шалгалтаар тогтоогоогүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Өрсөлдөөний тухай хуулийг хэрэглэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд торгууль оногдуулах шийдвэр гаргахдаа тус компани цементийн үнийг нэмэгдүүлсэн гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй, түүний харилцан хамаарал бүхий этгээд болох Б.Д борлуулсан гэх цемент нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн цемент эсэхийг, мөн хэдэн тонн цементийг ямар үнээр худалдсан талаар бүрэн тогтоогоогүй талаарх анхан шатны шүүх хэрэгт авагдсан Б.Д хувийн дансны хуулгад үндэслэн нийт борлуулсан цементийн үнэ, дүнг нэг бүрчлэн гаргаагүй, түүний Хаан банкны 5077057441 дугаар дансны хуулгаас үзэхэд нийт үнийн дүнгээр бичигдсэн байх тул нэг тонн цементийн үнэ тогтоогдохгүй, 10 тонн 4.000.000 төгрөг гэсэн ганц гүйлгээний утгаар 1 тонныг 400.000 төгрөгөөр борлуулсан гэж үзэж нийт борлуулалтад хамааруулах боломжгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. мөн анхан шатны шүүхийн “... “Т” ХХК ... цементийг 1 тонныг 320.000-340.000 төгрөгөөр зарсан гэж тайлбарлан  нотлох баримт гаргасан байхад шалгаж үзэх арга боломжийг ашиглаагүй, шалгалгүйгээр Б.Д цемент зарсан гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулуийн 4.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т заасантай нийцээгүй талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2.8. Түүнчлэн анхан шатны шүүх “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг хэрэглэн тус хуульд үйлдвэрлэгчийн үнээс дээгүүр бараа худалдан авахаас хэрэглэгч хамгаалуулах харилцаа зохицуулагдаагүй байгаа тул үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, ийм асуудлыг хуулиар зохицуулаагүй тул энэхүү маргаанд энэ хуулийг хэрэглэх үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа зохих шаардлагыг хангахад хамаарахаас үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ