Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01843

 

Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00790 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

             2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1559 дүгээр магадлалтай                                                               Г ийн нэхэмжлэлтэй,

             “Т ” ХХК болон “Т   ” ХХК –д холбогдох

          13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, Тоёота ланд круйзер-VX200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгож, уг автомашиныг “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Г  нь 2014 оны 06 сарын 16-ны өдөр “Т ” ХХК-тай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Тоёота ланд крузер VX-200 дизел люкс загварын хар өнгөтэй автомашиныг 170,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 20 хувь буюу 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн. “Т” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 74,558 ам.долларыг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үлдэгдэл 136,000,000 төгрөгийг  “Т ” ХХК-д төлж, автомашины өмчлөгч болсон. Гэтэл “Т ” ХХК нь дээрх автомашин худалдах, худалдан авах гэрээний 1.4 дэх заалтыг ноцтой зөрчиж дээрх автомашины өмчлөлийг иргэн Г  миний нэр дээр бус “Т   ” ХХК-ийн нэр дээр гаргаж өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан. Энэхүү хууль бус үйлдлийн үргэлжлэл болгож “Т   ” ХХК нь өөрийн нэр дээр гарсан автомашиныг 2014 оны 06 сарын 16-ны өдөр 13/0261-1 тоот фидуцийн гэрээгээр өөртөө барьцаалсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. “Т   ” ХХК нь хууль бус фидуцийн гэрээг үндэслэн 2017 оны 10 сарын 17-ны өдөр зээлдэгчтэй уулзах нэрийдлээр автомашиныг хураан авч өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Миний бие “Т   ” ХХК-ийн зээлийн үүрэгт нийт 165,855,778 төгрөг төлсөн байхад автомашиныг хураан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн 13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтуудыг үндэслэн Тоёота ланд круйзер VX-200 дизел люкс загварын хар өнгөтэй, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр иргэн Г ийг тогтоон, уг автомашиныг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа “Т   ” ХХК-аас гаргуулан авч өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т ” ХХК-ийн тайлбарт: Г той 2014 оны 06 сарын 16-ны өдөр байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Бид гэрээний зүйл болох автомашиныг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Т   ” ХХК-ийн нэр дээр гарсан. Энэ нь “Т ” ХХК нь нэхэмжлэгчид автомашиныг хүлээлгэж өгөөгүй буюу өмчлөлийг шилжүүлээгүй гэсэн үндэслэл болохгүй. Уг нь автомашины өмчлөл “Т ” ХХК-аас Г  руу, Г оос “Т   ” ХХК руу шилжих ёстой. “Т ” ХХК машин борлуулж байгаагийн хувьд, “Т   ” ХХК зээлийн үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд үйлчлүүлэгчдээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Автомашины өмчлөлийг “Т” ХХК руу шилжүүлэхийг нэхэмжлэгч Г  зөвшөөрсөн нь 2014 оны 06 сарын 16-ны өдөр “Т” ХХК-тай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр нотлогдоно. Уг гэрээнд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаалахыг зөвшөөрч гарын үсэг зурсан. “Т   ” ХХК автомашиныг өөрийн эзэмшилд авах хүртэл бүхий л хугацаанд нэхэмжлэгч автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж, бүрэн ашиглаж байсан. Худалдах- худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн гэж байгаа учир гэрээний үүрэгтэй холбогдуулж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан 2014 оны 06 сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т   ” ХХК-ийн тайлбарт: Талуудын хооронд 2014 оны 06 сарын 16-ны өдөр байгуулагдсан 13/0261 тоот зээлийн гэрээгээр иргэн Г  нь автомашины үлдэгдэл төлбөр төлөх зориулалтаар “Т” ХХК-аас 74,555.68 доллар зээлдэн авч сарын 1.4 хувийн хүүг, 36 сарын хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон. Бид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж тус төлбөрийг автомашин худалдагч “Т ” ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зээлсэн 74,555.68 ам.долларыг тухайн өдрийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсны үндсэн дээр иргэн Г  нь автомашиныг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Иргэн Г  нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул фидуцийн гэрээний 5.1 дэх хэсгийн 5.1.1-д заасныг үндэслэн автомашиныг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хураан авсан. Зээлдэгч 39,000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа. Зээлдүүлэгчээс зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжит хугацааг олгож байсан боловч төлбөр төлөгдөөгүй тул автомашиныг бодитойгоор эзэмшилдээ гаргуулж авсан. Бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар эрх зүйн чадамжгүй иргэнтэй гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн “Т   ” ХХК-тай байгуулсан фидуцийн гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд хууль зөрчсөн үндэслэл байхгүй тул Г ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00790 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Г ийг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашиныг хариуцагч “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн нэхэмжлэгч Г т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,078,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т ” ХХК, “Т   ” ХХК-аас 1,078,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г т олгож шийдвэрлэжээ.                                                Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1559 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00790 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г ийн хариуцагч “Т ” ХХК, “Т   ” ХХК-д холбогдуулан гаргасан 13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота ланд круйзер-VX200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “1,078,150 төгрөг гаргуулж” гэснийг “70,200 төгрөг гаргуулж” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгчийн зүгээс “Т   ” ХХК-тай байгуулсан Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тус автомашиныг “Т  Финанас ББСБ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь анх “Т ” ХХК нь автомашиныг худалдах-худалдах авах тухай гэрээ байгуулсан үед нэхэмжлэгч буюу худалдан авагчийн нэр дээр шилжүүлээгүй буюу өмчлөлд шилжүүлээгүй, улмаар “Т  Финанс” ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр Фидуцийн гэрээ байгуулсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Анхан шатны шүүхийн зүгээс “Т ” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу автомашины өмчлөлийг нэхэмжлэгч, худалдан авагчид шилжүүлээгүй байна. Мөн автомашины өмчлөл шилжээгүй байхад “Т   ” ХХК нь нэхэмжлэгчтэй Фидуцийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл байна” гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс “Т ” ХХК нь автомашины өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, мөн Фидуцийн гэрээ хууль зөрчөөгүй” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар өөрчлөлт оруулсан. Бид давж заалдах шатны шүүхийн магадлалын тус хэсгийг дэмжиж байгаа. Харин автомашиныг “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох агуулгаар өөрчлөөгүй хэсэгтэй санал нийлэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс магадлалын үндэслэлд “нэхэмжлэгч барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг хариуцагч нотлох ёстой гэж дүгнэсэнтэй бид санал нийлэхгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “бид зээлээ бүрэн төлж дууссан буюу автомашиныг ББСБ бодитойгоор гаргуулан авах Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байсан” гэж маргаагүй. Харин “анхнаасаа “Т ” ХХК нь автомашины өмчлөлийг шилжүүлээгүй, мөн Фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус тул автомашиныг “Т   ” ХХК эзэмшилдээ авсан нь хууль бус" гэж маргасан. Давж заалдах шатны шүүх дүгнэсэн ёсоор нэхэмжлэгчийн тус тайлбар нь үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны үед бидний зүгээс нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдлийн талаар маргаантай эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “зээлийн үлдэгдэлтэй эсэх нь маргаанд хамааралгүй зүйл. Бид энэ талаар маргаагүй. Та нар зээлээ нэхэмжлэх нь тусдаа асуудал" гэж хариулсан байдаг. Иймд нэхэмжлэгч зээлийн үлдэгдэлтэй эсэх нь талуудын маргаагүй асуудал буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болоогүй нөхцөл байдал байсан. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болоогүй асуудлаар дүгнэлт хийж, шүүхийн магадлалын үндэслэл болгосон нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн зүгээс “бид зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учир ББСБ автомашиныг гаргуулан авсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралд дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх тийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж заасныг зөрчсөн хэрэг юм. Нэхэмжлэгч нь “би зээлээ төлж дууссан” гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх заалтын дагуу тухайн үйл баримтыг нотлох үүрэгтэй. Гэтэл тийнхүү зээлээ бүрэн төлж дууссан, зээлийн үлдэгдэлгүй гэж маргаагүй, зээлээ төлж дууссан тухай баримтууд гаргаж өгөөгүй тул бид үүнийг няцаах, үгүйсгэх тайлбар, баримт гаргаж өгөх шаардлагагүй юм. Гэвч бид анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдлийн тухай баримтуудыг гаргаж өгч, нэхэмжлэгч Барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир ББСБ буюу зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу автомашиныг эзэмшилдээ авсан тухай тайлбарласан. ББСБ-ын зүгээс автомашиныг авсан хугацаа болох 2017.10.17-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь 39.000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан тухай баримтуудыг бид анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт заасан Фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч гаргуулан авах урьдчилсан нөхцөл болох “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд биелүүлээгүй бол” гэх үндэслэл бий болсон нь үүгээр нотлогдож байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн “Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт заасан Фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулах үндэслэл бүрдээгүй” гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 235.4 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1559 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “Анхан шатны шүүх зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ маргааны үйл баримт болоод холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн дүгнэлтийг өгөөд ойлгомжтой тодорхой үндэслэл бүхий гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн дээрх үнэлэлт дүгнэлт нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээнээс үүссэн маргааныг бус худалдах-худалдан авах гэрээ, фидуци, өмчлөлтэй холбоотой эрх зүйн маргааныг үүсгэж хянан шийдвэрлүүлсэн.

1. Худалдах-худалдан авах гэрээний хувьд хариуцагч “Т ” ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ тухайлбал, гэрээний 1.4, 3.2.4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчиж автомашины өмчлөлийг тухайн автомашины үнийг бүрэн төлсөн иргэн Г т бус өөрийн хамаарал бүхий “Т   ” ХХК руу шилжүүлсэн нь өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл төдийгүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчсөн. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтаас харахад “Т ” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэхээс гадна автомашинтай холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй болох нь тодорхой харагдаж байна. Энэхүү үйл баримтыг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ ““Т " ХХК нь автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн ганцхан тайлбарыг тусгасан ба автомашины баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх талаарх дээрх хуулийн заалтад ямар нэгэн үнэлэлт дүгнэлтийг өгөөгүй. Автомашиныг шилжүүлэн өгөх, автомашины баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх асуудлууд нь агуулгын хувьд эрс ялгаатай, эрх зүйн үр дагаврууд нь харилцан адилгүй, өөр өөр эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг. Мөн Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйл Авто тээврийн улсын бүртгэлд 171.1 /Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 12 цагийн дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлснээр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх баталгааждаг болно./ Энэ талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Харин “Т ” ХХК нь шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа “Хоёр гэрээ нэгэн зэрэг хийгдсэн, зээл олголт, автомашины нэр шилжүүлэлтийг хялбаршуулах, цаг хугацаа хожих, бусад банк бус санхүүгийн байгууллагаас ялгарах” гэсэн тайлбар нь иргэний өмчлөх эрхийг хууль бусаар хязгаарлах, хууль зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2. Фидуцийн гэрээний хүвьд: “Т   ", иргэн Г  нарын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь “Т   ” ХХК нь автомашины өмчлөгч иргэн Г той “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээг хуулийн дагуу байгуулах эрхтэй болохоос хууль бусаар өөрийн нэр дээр автомашины өмчлөлийг шилжүүлэн авч улмаар уг гэрээн дээр үндэслэж иргэн Г той Фидуцийн гэрээг байгуулж байгаа нь хууль бус юм. Мөн “Т   ” ХХК нь хуулийн дагуу байгуулагдсан Фидуцийн гэрээний үндсэн дээр барьцааны эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах боломжтой атал энэхүү гэрээ байгуулагдахаас өмнө автомашиныг “Т ” ХХК-аас шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчиж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1559 тоот магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00790 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Т ” ХХК, “Т   ” ХХК нарт холбогдуулан 13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд   тооцуулж, Тоёота ланд круйзер-VX200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгож, уг автомашиныг “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч “Т ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Т   ” ХХК-ийн нэр дээр гарсныг нэхэмжлэгчид автомашиныг хүлээлгэж өгөөгүй буюу өмчлөлийг шилжүүлээгүй гэсэн үндэслэл болохгүй. ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ. 

Хариуцагч “Т   ” ХХК “...зээлийн гэрээгээр Г  нь автомашины үлдэгдэл төлбөр төлөх зориулалтаар 74,555.68 ам.доллар зээлдсэн, төлбөрийг “Т ” ХХК-д шилжүүлсэн, фидуцийн гэрээний дагуу автомашиныг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хураан авсан, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Г ийг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг хариуцагч “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн нэхэмжлэгч Г т олгохоор шийдвэрлэжээ.                                                                      

Дээрх шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгч Г ийн хариуцагч “Т ” ХХК, “Т   ” ХХК-д холбогдуулан гаргасан 13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота ланд круйзер-VX200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, харин автомашиныг хариуцагч “Т   ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн нэхэмжлэгч Г т олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. 

“Т ” ХХК, Г  нарын хооронд 2014 оны 6 сарын 16-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-гээр худалдан авагч нь Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашиныг 170,000,000.00 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 34,000,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 136,000,000.00 төгрөгийг “Т   ” ХХК-аас авсан зээлээр төлж барагдуулсан байх гэрээний 1.4-т зааснаар автомашины үнийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрх худалдан авагчид  шилжихээр тохиролцжээ. /хх-6-8/  

2014 оны 6 сарын 16-ны өдөр Г  болон “Т   ” ХХК-ийн хооронд “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, 74,555.68 ам.долларыг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй зээлэхээр, мөн өдөр талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгчийн “Т ” ХХК-аас худалдаж авсан Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашин нь гэрээний зүйл болсон байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв боловч үндэслэлийг нь тайлбарлахдаа маргааны үйл баримтыг зохигчдын хооронд хийгдсэн хоёр гэрээний эрх, үүрэг, үндсэн шинжтэй холбож дүгнэх нь зүйтэй байжээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Г  нь автомашины үнийг төлж, гэрээний зүйлийг хүлээн авсан хэдий ч хариуцагч “Т ” ХХК нь автомашины өмчлөх эрхийг “Т   ” ХХК-д шилжүүлсэн байна.  

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан байх бөгөөд Г ийн худалдан авсан автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Т   ” ХХК-ийн нэр дээр гарсан үйл баримтаас үзэхэд худалдагч талыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Зохигчдын хооронд байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээний 1.4-т автомашины өмчлөх эрх үнийг бүрэн төлсөн нөхцөлд худалдан авагчид шилжинэ, 3.2.4-т төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд автомашиныг худалдагчийн өмчлөлд шилжүүлж, түүнтэй холбоотой гаалийн болон бусад баримт бичгийг хүлээлгэн өгнө гэж заасан байх тул худалдагч нь автомашины өмчлөх эрхийг “Т   ” ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Т   ” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулахад дээрх Тоёота Ланд круйзер  VX200 маркийн автомашин гэрээний зүйл болсон байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч  Г ийг худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашиныг өмчлөх эрхээ шилжүүлэн аваагүй байхад фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний эрх зүйн харилцааны гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг талууд сонгож, хэзээ, ямар аргыг хэрхэн хэрэглэхээ урьдчилан харилцан тохиролцдог, аль нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос гадна иргэний эрх зүйн хариуцлагын нэг хэлбэр болж өгдөг.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалттай.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээний эрх зүйн зохицуулалтаас үзэхэд гэрээний нэг тал болох үүрэг гүйцэтгэгч тал нь  гэрээний зүйл болж буй тухайн хөрөнгийнхөө хувьд өмчлөгч нь байх шаардлагатай байдаг. 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” буюу хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээдийг хууль зүйн хувьд өмчлөгч гэж үзэх боломжгүй.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээний үндсэн шинж нь гэрээний зүйл нь зөвхөн хөдлөх хөрөнгө байхаас гадна үүрэг хүлээгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь өмчлөгчийн хувьд өөрийн хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх буюу тухайн тохиолдолд өмчлөх эрхээ дуусгавар болгож,   харин үүрэг гүйцэтгүүлэгчид өмчлөх эрх шинээр үүсдэг онцлогтой.

Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т “Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтаар өмчлөх эрх бүрэн шилжсэн байх нөхцөлийг илүү тодорхой болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч “Т   ”  ХХК нь фидуцийн гэрээний зүйл болсон автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс бус харин “Т ” ХХК-аас шилжүүлэн авсан байх бөгөөд нэхэмжлэгч Г ийг автомашины өмчлөх эрхийг шууд “Т   ” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн гэсэн хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй байна.

Иймээс хариуцагч “Т ” ХХК нь нэхэмжлэгч Г ийн худалдан авсан 80-96 УБЯ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид бус харин шууд “Т   ” ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцээгүй, Г ийг гэрээний зүйлийн өмчлөгч болоогүй байхад өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан хариуцагч “Т   ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндэслэл болсон фидуцийн гэрээг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгчийн гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шийдвэрлэгдэнэ.

Түүнчлэн дээрх үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүхээс дүгнэх нь зөв боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан гэснийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэхэд түүний энэ тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй байна.

Учир нь, 2014 оны 06 сарын 16-ны өдөр Г  нь “Т ” ХХК-тай  худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 170,000,000.00 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авахаар тохирч төлбөрийн 34,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, үлдэх төлбөрийг зээл авч төлөхдөө мөн өдрөө “Т   ” ХХК-тай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан.

Үндсэн үүрэг болох зээлийн гэрээг “Барьцаат” гэж нэрлэсэн, гэрээний зорилгыг мөн “барьцаат” гэсэн утгаар тодорхойлсон, гэрээний 1.1., 1.2., 3.1.3., 4.1.,4.1.3.,4.1.4., 4.2.,4.2.5-4.2.10., 5.1., 5.1.1-5.2.6., гэрээний 6 дугаар хэсэг бүхэлдээ барьцааны талаарх тохиролцоо, нөхцөл тусгагдсан боловч нэмэгдэл үүргээр “Фидуцийн гэрээ” байгуулсан, эдгээр нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

Иймээс нэхэмжлэгч Г т Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар хэлцлийн талаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх нөхцөл үүссэн байсныг үгүйсгэх боломжгүй буюу гэрээний стандарт нөхцөлийг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар тайлбарлах нь зүйтэй юм.

Гэвч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилт зэргээс үзэхэд шүүх энэ тохиолдолд хууль хэрэглээний хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл бус харин хүчин төгөлдөр бус байх хэлцлийн зохицуулалтыг хэрэглэх нь зөв болно.

Г ийг Тоёота Ланд круйзер-200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож, “Т   ” ХХК-ийн эзэмшлээс  JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашиныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл нь зөв боловч гэрээний зүйлийн өмчлөгч болох үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар алдаатай дүгнэлт хийсэн байх тул магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хууль хэрэглээний хувьд эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхийн шийдвэрийн өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэвээр үлдээхдээ хийсэн дүгнэлт нь өрөөсгөл, учир дутагдалтай болжээ. 

Түүнчлэн “...хариуцагч “Т ” ХХК нь автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “...худалдагч нь ...хөрөнгө, түүнтэй  холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” гэсэнтэй нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй фидуцийн гэрээний талаарх дүгнэлт учир дутагдалтай, “...нэхэмжлэгч Г  барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул маргаан бүхий автомашины өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1559 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00790 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г , хариуцагч “Т  финанс  ББСБ“ ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 16-ны өдөр байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг /фидуци/ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Г ийг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 1,007,950.00 /нэг сая долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “Т   “ ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 240,200.00 /хоёр зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 837,950.00  /найман зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН