Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

       2018 оны 04 сарын 03 өдөр

 

Дугаар 183/ШШ2018/00790

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 11а байрны 36 тоотод байрлах Хатгин овогт Гөлгөөгийн Ч /РД:УС64042534/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Фолксваген төвд байрлах “Т ББСБ”ХХК /РД: 5654033/, 

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Фолксваген төвд байрлах “Т”ХХК /РД: 2074699/ нарт холбогдох,

            13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Тоёота ланд круйзер-VX200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгож, уг автомашиныг “Т ББСБ”ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагч “Т”ХХК-ийн төлөөлөгч С.Уранмандах, хариуцагч “Т ББСБ”ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Г.Чийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Г.Ч нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Т”ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж Тоёота ланд крузер VX-200 дизел люкс загварын хар өнгөтэй автомашиныг 170.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 20 хувь буюу 34.000.000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 136.000.000 төгрөгийг төлөхөөр “Т”ББСБ-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 74558 ам.долларыг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, улмаар 136.000.000 төгрөгийг “Т”ХХК руу шилжүүлж уг автомашины өмчлөгч болсон юм. Гэтэл Т“ХХК нь дээрх автомашин худалдах, худалдан авах гэрээний 1.4-т автомашины өмчлөх эрх, үнийг бүрэн төлсөн нөхцөлд худалдан авагчид шилжинэ гэх заалтыг ноцтой зөрчиж дээрх автомашины өмчлөлийг иргэн Г.Ч миний нэр дээр бус “Т”ББСБ-ын нэр дээр гаргаж өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан. Энэ нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасан машины өмчлөх эрх үнийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авагчид шилжинэ гэсэн үүргээ “Т”ХХК нь биелүүлээгүй болсон. Энэхүү хууль бус үйлдлийн үргэлжлэл болгож “Т”ББСБ нь өөрийн нэр дээр гарсан автомашиныг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 13/0261-1 тоот фидуцийн гэрээгээр өөрөө өөртөө барьцаалж агуулгын хувьд хууль зөрчсөн төдийгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь уг гэрээг иргэн Г.Ч байгуулаагүй гэдэг нь гэрээнд оролцогч талуудын тодорхойлолтоос харагддаг болно. Улмаар “Т” ББСБ нь хууль бус фидуцийн гэрээг үндэслэн 2017 оны  10 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч надтай уулзах нэрийдлээр автомашиныг хураан авч  өмчлөгийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй энэхүү үйлдлээ өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж иргэн намайг хохироож байна. Миний бие “Т”ББСБ-аас зээл авснаас хойш нийт 165.855.778 төгрөг төлсөн байхад “Т”ББСБ нь автомашиныг хураан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн 13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтуудыг үндэслэн Тоёота ланд круйзер VX-200 дизел люкс загварын хар өнгөтэй, 80-96 УБЯ улсын дугаартай автомашиныг өмчлөгчөөр иргэн Г.Чийг тогтоон, уг автомашиныг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа “Т”ББСБ-аас гаргуулан авч өгнө үү гэв.

Хариуцагч “Т”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Талууд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13/0261 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр иргэн Г.Ч нь “Т”ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл төлөх зориулалтаар “Т ББСБ”ХХК-иас 74.555.68 долларыг сарын 14 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж тус төлбөрийг автомашин худалдагч “Т”ХХК-д  шилжүүлсэн. Ингэхдээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зээлсэн 74.555.68 ам.долларыг тухайн өдрийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан дараа талууд үүргээ биелүүлэхтэй холбогдсон харилцаа юм. Иймд талууд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13/0261-1 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулсны үндсэн дээр иргэн Г.Ч нь автомашиныг “Т ББСБ”ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргийн дагуу шилжүүлсэн. Иргэн Г.Ч нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул фидуцийн гэрээний 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан. Бид фидуцийн гэрээнд заасны дагуу  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг худалдан борлуулах эрхтэй юм. Иргэн Г.Ч нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13/0261-1 тоот фидуцийн гэрээгээр өөрөө өөртөө барьцаалж агуулгын хувьд хууль зөрчсөн төдийгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ. Бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар эрх зүйн чадамжгүй иргэнтэй гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн “Т ББСБ”ХХК болон иргэн Г.Ч нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13/0261-1 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулснаар баталгаажиж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 заалтыг үндэслэн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь тодорхой үндэслэлтэй тайлбарлаагүй ойлгомжгүй байна. Иймд хууль зөрчсөн үндэслэл байхгүй тул Г.Чийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Т ББСБ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “Т”ХХК нь нэхэмжлэгч Г.Чтой 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Бид гэрээний зүйл болох автомашиныг худалдан авагчийн нэр дээр шилжүүлдэг боловч нэхэмжлэгч тал автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж өгөөгүй гэж маргаж байна. Тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ шууд “Т ББСБ”ХХК-ийн нэр дээр гарсан. Энэ нь “Т”ХХК нэхэмжлэгчид автомашиныг хүлээлгэж өгөөгүй буюу өмчлөлийг шилжүүлээгүй гэсэн үндэслэл болохгүй. Уг нь автомашины өмчлөл “Т”ХХК-иас Г.Ч руу, Г.Чоос “Т ББСБ” руу шилжих ёстой. Энэ шилжүүлэг Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдээгүй учир нь худалдах, худалдан авах гэрээ болон барьцаат зээлийн гэрээгээр автомашиныг эхлээд нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлээд нэхэмжлэгчийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь гарахаар “Т ББСБ” руу шилжүүлэхээр цаг алдахаар байсан. “Т”ХХК машин борлуулж байгаагийн хувьд, “Т ББСБ”ХХК зээлийн үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд үйлчлүүлэгчдээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Энэ нь зөвхөн бүртгэл болохоос өмчлөлийн эрхийг шилжүүлсэн асуудал биш юм. Автомашины өмчлөлийг “Т ББСБ” руу шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.Ч зөвшөөрөөгүй зүйл байхгүй. Энэ нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Т ББСБ”ХХК-тай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр гэрээгээр нотлогдоно. Уг гэрээнд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйлийг  барьцаалахыг зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. “Т ББСБ”ХХК автомашиныг өөрийн эзэмшилд авах хүртэл бүхий л хугацаанд нэхэмжлэгч автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж, бүрэн ашиглаж байсан. Худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн гэж байгаа учир гэрээний үүрэгтэй холбогдуулж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд “Т”ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Т ББСБ”ХХК-тай байгуулсан фидуцийн гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан фидуцийн гэрээний эхний нүүрний толгой хэсэгт бичилтийн алдаа гарч нэхэмжлэгчийг овог нэрийг Дамдинсүрэн овогтой Хишигсүрэн гэж буруу бичсэн байгаа. Гэрээний хоёр дахь хуудсанд нэхэмжлэгч гэрээг зөвшөөрч, гэрээ байгуулсан болон автомашиныг гэрээний зүйл болгож зөвшөөрсөн, зээлдэгч Г.Ч гэж гарын үсгээ зурсан байдаг. Үүнээс үзэхэд Г.Чийн зөвшөөрлийг авсан гэж үзэж байна. Иймд фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Фидуцийн гэрээ байгуулснаар автомашин “Т ББСБ”ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болсон. Фидуцийн гэрээний агуулга нь гэрээний зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Т ББСБ”ХХК-ийн өмчлөлд шилжүүлдэг, хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусвал автомашиныг түүний өмчлөлд буцаан шилжүүлдэг, харин гэрээний үүргээ биелүүлэхгүй байвал автомашины өмчлөл “Тава богд финанс ББСБ”ХХК-д хэвээр үлдэхээр, бодитойгоор эзэмшилдээ шилжүүлж авсанаар гэрээний харилцаа дуусгавар болгох зохицуулалттай. Зээлдэгч 39000 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа. Зээлдүүлэгчээс зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжит хугацааг олгож байсан боловч төлбөр төлөгдөөгүй тул автомашиныг бодитойгоор эзэмшилдээ гаргуулж авсан. Үүргээ биелүүлээгүй тул бид эзэмшилдээ авах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч “Т”ХХК, “Т ББСБ”ХХК нарт холбогдуулан 13/0261-1 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота ланд круйзер-VX200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгож, уг автомашиныг “Т ББСБ”ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

          Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч “Т”ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашиныг 170.000.000 төгрөгөөр худалдан авсан байх ба автомашины төлбөрийн 20 хувь буюу урьдчилгаа 34.000.000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлж, үлдэгдэл 136.000.000 төгрөгийг “Т ББСБ”ХХК-иас 74.55.68 ам.доллларын зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэйгээр зээлдэн авч төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар болон автомашин худалдах, худалдан авах гэрээ, барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр  тус тус нотлогдож байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид  хэлэлцэн тохирсон үнийг  төлж, худалдан авсан  хөрөнгөө хүлээн авах хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Г.Ч нь автомашины үнийг төлж, гэрээний зүйл болсон автомашиныг хүлээн авсан боловч хариуцагч “Т”ХХК нь тухайн  автомашины өмчлөх эрхийг түүнд автомашины үлдэгдэл төлбөрийг зээлдүүлсэн “Т ББСБ”ХХК-д шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулан нэхэмжлэгч Г.Чт олгосон нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхээр байна.

            Учир нь Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлснээр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх баталгааждаг.

            Гэтэл хариуцагч “Т”ХХК нь  нэхэмжлэгч худалдан авагчид худалдан авсан автомашины өмчлөх эрхийг түүнд шилжүүлээгүй тул нэхэмжлэгч Г.Чийг гэрээний зүйл болсон автомашиныг өмчлөх эрхтэй  болсон гэж үзэх үндэслэлгүй.

            Зохигчдын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т автомашины өмчлөх эрх үнийг бүрэн төлсөн  нөхцөлд худалдан авагчид шилжинэ, 3 дугаар зүйлийн 3.2.4-т төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд автомашиныг худалдагчийн өмчлөлд шилжүүлж, түүнтэй холбоотой гаалийн болон бусад баримт бичгийг хүлээлгэн өгнө гэж зааснаас өөрөөр талууд тохиролцоогүй байх тул автомашины өмчлөх эрхийг “Т ББСБ” ХХК-нд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч “Т ББСБ”ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  “Т”ХХК-иас худалдан авсан Тоёота Ланд круйзер VX200 маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулжээ.

            Энэхүү гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулагдсан байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            Учир нь хариуцагч “Т ББСБ”ХХК нь нэхэмжлэгчтэй Г.Чтой байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үндсэн дээр барьцааны эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах боломжтой атал энэхүү гэрээ байгуулагдахаас өмнө автомашиныг худалдсан “Т”ХХК-иас шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан  гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчжээ.

            Хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Чийг автомашины өмчлөх эрхийг шууд “Т ББСБ”ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч Г.Ч нь өөрийн худалдан авсан автомашины өмчлөх эрхийг шууд “Т ББСБ” ХХК-д шилжүүлснийг буруу гэж эсэргүүцэж өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байх тул 80-96 УБЯ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр “Т ББСБ”ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг үнэн зөвд  тооцох боломжгүй.

            Иймд хариуцагч “Т ББСБ”ХХК нь өөрийн өмчлөлд буй Тоёота Ланд круйзер VX200 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд авахаар нэхэмжлэгч Г.Чтой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх  гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус  байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чийг Тоёота Ланд круйзер-200 маркийн, 80-96 УБЯ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

            Хариуцагч “Т ББСБ”ХХК хүчин төгөлдөр бус эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үндсэн дээр барьцааны эд хөрөнгийг эзэмшиж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэн хариуцагч “Т ББСБ”ХХК-ийн эзэмшлээс JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашиныг чөлөөлөх нь зүйтэй байна.

            Харин зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.078.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т”ХХК, “Т ББСБ”ХХК нараас 1.078.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Чийг тогтоосугай.

   

       2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар JTMHV05J804140151 арлын дугаар бүхий хар өнгөтэй, Тоёота Ланд круйзер VX200 дизел люкс маркийн автомашиныг хариуцагч “Т ББСБ”ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Г.Чт олгосугай.

 

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.078.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т”ХХК, “Т ББСБ”ХХК нараас 1.078.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чт олгосугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР