Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01852

 
 

                                  А-ын нэхэмжлэлтэй

 

                                иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дүгээр шийдвэр,

            Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2018/00020 дугаар магадлалтай

            А ын нэхэмжлэлтэй,

            О д холбогдох

            Өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хишиг хотхоны зүүн урд байрлах 1-01 болон 2-02 тоот гэр бүлийн хэрэгцээний газруудыг өмчилдөг юм. Дээрх газруудын залгаа 2 газрыг О  гэж хүн өмчилдөг болохыг мэдээд худалдаж авахыг хүссэн. Тэгээд 2016 оны 8 сард түүнтэй холбогдож тус газруудаа худалдах талаар асууж ярилцсан. Тухайн үедээ О  бид хоёр үнэ дээрээ тохиролцоогүй. Хэд хэдэн удаа уулзсаны эцэст О  нь надад 26,000,000 төгрөг хэрэгтэй байна. 26,000,000 төгрөгөөр л зарна гэж хэлсэн. Гэтэл би 20,000,000 төгрөгөөр худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. 2016 оны 11 сард О  над руу утсаар залгаад “надад Бунханд гурван айлын газар байна. Түүнийг нэмж аваад 26,000,000 төгрөг өгчих” гэж хэлсний дагуу бид хоёр Бунхан дахь газруудыг нь очиж үзээд түүний хэлсний дагуу худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үедээ О  нь Улаанбаатар хотод байсан. Дорнодод ирж гэрээ хийх болон газрын гэрчилгээг шилжүүлж өгөхөөр очиж амжихгүй байна гээд Дорнод аймагт байдаг дүү О.Пүрэв-Очирт гэрээнд гарын үсэг зурах эрх олгож итгэмжлэл өгье гэж хэлсэн. Ингээд 2016 оны 11 сард О тай түүний өмчлөлийн таван айлын газрыг 26,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 12 сарын дундуур О гийн дүү О.Пүрэв-Очир нь итгэмжлэл аваад надтай ирж уулзсан бөгөөд баталгаатай болгох үүднээс бичгээр баталгаа хийсэн. Уг баталгаанд намайг 26,000,000 төгрөгийн 60 хувийг өгсний дараа газар худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад өмчлөх эрхийг шилжүүлнэ. О  нь тус газруудыг А  надаас өөр хүнд худалдахгүй гэсэн агуулгыг тусгасан. Би 2017 оны 2 сар гэхэд нийт 12,000,000 төгрөг, 2017 оны 3 сард 2,000,000 төгрөг, 2017 оны 4 сард мөн 1,000,000 төгрөгийг О.Пүрэв-Очирт өгсөн. Ингээд 2017 оны 03 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот болон 4-11 тоот газруудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Үлдсэн гурван газрын гэрээгээ байгуулъя гэхэд О.Пүрэв-Очир нь эгч үлдсэн гэрчилгээнүүдээ аваад удахгүй ирнэ. Тэгээд гэрээгээ байгуулаад эрхээ шилжүүлж авна биз дээ. Та харин газар дээрээ юмаа барьж болно шүү гэж хэлсэн. Үүний дагуу би тус газрууд дээр хашаа, байшин объектоо барьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үлдсэн гурван газрын гэрчилгээ нь ирэхгүй их удсан бөгөөд 2017 оны 8 сард авч ирээд газар худалдах, худалдан авах гэрээгээ О.Пүрэв-Очиртой 2017 оны 08 сарын 02-ны өдөр байгуулж нотариатаар батлуулсан. Би 2017 оны 8 сарын дундуур 11,000,000 төгрөгт тооцож 11 тооны тугалтай үнээг О д өгөхөөр тохиролцож, тэр даруй түүнийг О.Пүрэв-Очирт хүлээлгэж өгсөн. Ингээд гэрээний дагуу газруудын төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Би өөрийнхөө дээрх газруудын өмчлөгч нь болсон гэж үзэж байгаа. 2017 оны 9 сараас 12 сар хүртэл хөдөө ажлаар яваад өмчлөх эрхээ бүртгүүлж амжаагүй явсан. Нэгэнт газар худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар батлуулсан, төлбөр мөнгөө бүрэн төлчихсөн учраас нэг завандаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхээ шилжүүлнэ гэж бодож явсан. Ингэж явсаар 2018 он гарсан бөгөөд Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст очиж газруудын өмчлөх эрхээ шилжүүлж авахаар хүсэлт гаргасан боловч улсын бүртгэгч нь надад хандаж, “таныг бүртгэх боломжгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газруудад шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байна. Шүүхээр өмчлөгч нь мөн гэдгээ тогтоолгоод ирвэл бүртгэж болно” гэсэн хариу амаар өгсөн. Энэ шийдвэрээ бичгээр гаргаж өгөөч гэсэн боловч “Таны нэр дээрх газар биш учраас тэгэх боломжгүй” гэж хэлсэн. 2017 оны 3 сард болон 8 сард нотариат дээр гэрээ хийж байхад тус газрууд нь ямар нэгэн асуудалгүй, эрхийн зөрчилгүй байсан. Тус газрууд нь О гийн өмч биш бөгөөд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу А  миний өмч болсон гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Хишиг хотхоны зүүн урд байрлах 1-02 тоот 2106026387 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Хишиг хотхоны зүүн урд байрлах 2-01 тоот 2106026323 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот 2106026002 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-11 тоот 2106026004 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-12 тоот 2106026005 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газруудыг А  миний өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А  нь О гийн 5 газрыг худалдан авах хүсэлтэй байсан бөгөөд үнийн дүн дээр тохиролцохгүй явсаар 2017 оны 08 сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан байдаг. Нотариатаар батлуулах эрхийг О  нь дүү О.Пүрэв-Очирт олгож, А ын өмчлөлд шилжүүлэх хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Энэ хугацаанд О  нь Улаанбаатар хотод амьдардаг байсан тул А  нь газраа нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Гэтэл 2017 оны 9 сард шүүхийн шийдвэрээр тус газруудыг битүүмжилснийг мэдсэн. А  нь улсын бүртгэлийн газарт очсоны дараа хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгаа тохиолдолд заавал О тай хамт ирж бүртгүүлэх шаардлагагүй байсан гэдгийг мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар очиход танд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул эрх нь зөрчигдсөн гэж үзэж өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. А  нь О тай холбогдоход “Жинхэнэ зам нэртэй замын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирлаар ажилладаг бөгөөд компанийн өр төлбөрөөс болж дээрх 5 газрыг О гийн хуваарьт хөрөнгө гэж үзээд битүүмжлэх ажиллагаа хийгдсэн гэж хэлсэн. О  нь тайлбартаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдэж “Жинхэнэ зам” ХХК нь өр төлбөрөө барагдуулж замын ажил гүйцэтгэх тухай тендерт оролцож байгаа. Өр төлбөрөө графикийн дагуу барагдуулж байгаа тул А ын газраар өр төлбөрийг барагдуулах шаардлага байхгүй гэсэн байсан. “Жинхэнэ зам” компани нь нэг хүний компани тул хуваарьт хөрөнгөөр нь өр төлбөрийг барагдуулах хуулийн зохицуулалтын дагуу тухайн газруудыг битүүмжилсэн байсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь хийх ёстой ажлаа дарааллын дагуу хийсэн болохоос биш өр төлбөрийг барагдуулахгүй байгаа асуудал байхгүй. “Жинхэнэ зам” компанид холбогдох шүүхийн шийдвэр дээр уг газрыг барьцаалсан эсхүл уг газраар өр төлбөрийг барагдуулна гэсэн зүйл байдаггүй гэжээ.        

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний хувьд нэхэмжлэлийг эсэргүүцэх зүйл байхгүй. Анх 2016 оны намар А  гэж хүн над руу залгаад Болорчулууны хаусны дэргэдэх нэг га газраа зарах уу гэж асуусан. Би тэгэхэд нь зарах бодолгүй байгаа. Хэрэв зарах юм бол салгаж зарахгүйгээр хоёр газраа хоёуланг нь зарна гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа над руу залгаад хоёр газрыг чинь худалдаж авъя гэж хэлсэн. Би 30 сая төгрөгөөр зарна гэхэд үнэтэй байна. Хямдруулаад өгөөч. 20 сая төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ маш их байсан тул Бунхан дахь өөрийн өмчлөлийн гурван газраа нэмээд 30 сая төгрөгт тооцож зарах саналыг хэлэхэд А  зөвшөөрөөгүй. Тэгээд би аргагүй эрхэнд 4 сая төгрөгөөр буулгаж нэхэмжлэлд дурдсан 5 ширхэг газрыг нийт 26 сая төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үед би Улаанбаатар хотод ажилладаг байсан тул Дорнод аймагт очиж гэрээ хийх, газрын гэрчилгээг шилжүүлэх зав, боломж байгаагүй. Ингээд Дорнодод байдаг дүү О.Пүрэв-Очирт итгэмжлэл өгч явуулсан. А т газар зарах тохиролцоог 2016 оны 12 сарын орчим амаар хийсэн. А  он гаргаад газрынхаа мөнгийг эхнээс нь өгч эхэлсэн. Ингэж төлсөөр 2016 оны 9 сард газрынхаа мөнгийг бүрэн төлж дуусгасан. Уг нь тухайн үед А  нь худалдах, худалдан авах гэрээгээ улсын бүртгэл дээр авч очоод газруудынхаа нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан. Яагаад одоо болтол өөрийн нэр дээр шилжүүлэхгүй явсныг би мэдэхгүй байна. Саяхан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дуудаад А т зарсан газруудыг битүүмжилнэ, хурааж авна гэж хэлсэн. Би уг нь наад газрууд чинь хүний газар гэж хэлсэн. Яагаад шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх болсон бэ гэвэл миний үүсгэн байгуулсан “Жинхэнэ зам” ХХК 2016 онд шүүхэд хариуцагчаар татагдан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрээр бусдад 100 гаруй сая төгрөгийн өртэй гарсан. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар миний нэр дээр байсан дээрх газруудыг битүүмжилсэн байх. Уг нь би А т бүр өмнө нь зарчихсан байсан юм. Тиймээс энэ газрууд нь А ынх юм. Миний хувьд А аас мөнгийг нь авчихсан тул нэхэмжлэлд нь заасан таван газрын өмчлөгчөөр А ыг тогтоох нь зөв гэж бодож байна. А  нь өөр дээрээ газраа шилжүүлж авахгүй удсанаас ийм асуудал болсон. Миний хувьд газрынх нь гэрчилгээг шилжүүлэхгүй гэж зугтаасан, хуурсан зүйл байхгүй. Гэрээний дагуу төлбөр бүрэн хийгдсэн, надад холбогдох шүүхийн шийдвэр гарахаас өмнө А ын өмч болсон байсан. Миний хувьд А аас мөнгийг нь авчихсан тул нэхэмжлэлд заасан 5 ширхэг газрын өмчлөгчөөр А ыг тогтоох нь зөв гэж бодож байна. “Жинхэнэ зам” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг хэсэгчлэн барагдуулж, одоогоор 13 сая төгрөг өгөөд байгаа. Цаашид гэрээт ажлууд эхлүүлсэн байгаа бөгөөд өр төлбөрөө хуулийн дагуу барагдуулах болно гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О д холбогдох нэхэмжлэгч А ын Өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                                                   

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2018/00020 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.09-ний өдрийн 138/ШШ2018/00449 тоот шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.04-ний өдрийн 201/МА2018/00020 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. А  нь Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Хишиг” хотхоны зүүн урд байрлах 1-02 тоот 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Хишиг” хотхоны зүүн урд байрлах 2-01 тоот 2106026323 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот 2106026002 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-11 тоот 2106026004 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-12 тоот 2106026005 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газруудыг А ын өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” хэмээн нэхэмжлэл гаргасан. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд нь тус нэхэмжлэлийн талаар хэлэлцээд шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч А ын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргаж байна. А  нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх газруудыг О гаас худалдан авахаар тохиролцож, төлбөр мөнгийг нь бүрэн шилжүүлж, худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулсан байдаг. Үүний дагуу А  тус гэрээнүүдийн зүйл болох газруудыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст очиж хүсэлт гаргахад, улсын бүртгэгчийн зүгээс А ыг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр гэрээ байхад яагаад татгалзаж буй талаарх хариу, тайлбар шаардахад “шүүхээр дамжуулан албан ёсны хариу өгнө” гэсэн учир Дорнод аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, О г хариуцагчаар татсан. О  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлд дурдсан газруудыг А т худалдсан болохоо мэдэгдэж А ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд А т худалдсан дээрх газруудыг "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 184/ШШ2016/01149 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-ийн төлбөрийг барагдуулах ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” болохыг хариу тайлбарт бичиж ирүүлсэн байсан. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

Нотлох баримт бүрдүүлэх явцад А ын худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болох гэр бүлийн хэрэгцээний 5 ширхэг газрын өмчлөгчөөр тогтоолгох эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хязгаарласан болох нь тогтоогдсон. Цугларсан нотлох баримтын үндсэн дээр миний бие төлөөлүүлэгч А аас олгосон итгэмжлэл дэх эрхийн хүрээнд тус хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг 2018.03.02-ны өдөр Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл тус шүүхээс 2018.03.13-ны өдөр 138/Ш32018/00633 тоот “Хүсэлтийн заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, хэргийг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргасан. Захирамжийн үндэслэл нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ... хариуцагчийн шаардлага хангахгүй байна. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл миний гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурдагдсанаар нэхэмжлэгч А ын нэхэмжлэлд дурдагдсан газрууд нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр бусдад шилжүүлэхийг хориглосон тухай мэдээлэл шүүхэд хүргэгдэн ирсэн байсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 184/ГХ2017/01114 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Төлбөр төлөгч “Жинхэнэ зам” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн А ын худалдан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2017.12.11-ний өдрийн 4/30112 тоот албан бичгээр үүрэг болгосон болох нь тогтоогдсон. А  нь О гаас нэхэмжлэлд дурдсан газруудыг нийт 26,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон төлбөрийг бүрэн шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хуульд заасан шаардлагын дагуу нотариатаар батлуулсан. А ын хувьд нотариатаар батлуулсан гэрээнүүдээ Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст авч очоод дээрх газруудын өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох үйлдэл хийх л үлдсэн байсан. Гэтэл түүнийг энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хязгаарласан. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 184/ШШ2016/01149 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 9630 дугаар захирамжаар Төлбөр төлөгч “Жинхэнэ зам” ХХК-иас 102,968,000 төгрөгийг гаргуулах тухай Шүүхийн гүйцэтгэх хуудас, захирамжийг үндэслэн А ын өмчлөх эрхийг хязгаарласан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 184/ШШ2016/01149 дугаар шийдвэрт Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 102,968,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болох 102,968,000 төгрөгийг хариуцагч “Жинхэнэ зам" ХХК нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж “Жинхэнэ зам” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэхүү шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй шийдвэр гүйцэтгэгч нь:

1-рт Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагчаар О  бус “Жинхэнэ зам” ХХК буюу хуулийн этгээд татагдаж, төлбөр төлөгчөөр мөн тогтоогдсон.

2-рт “Жинхэнэ зам” ХХК-ийн өр төлбөрийг О гийн өмчлөлийн эд хөрөнгөөр барагдуулах тухай шийдвэр гараагүй байхад О гийн нэр дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн ажиллагааг явуулсан байдаг.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үйл ажиллагаанаас үүдэж А  нь 26,000,000 төгрөгөөр хохирох, өөрийн худалдан авсан газар дээр барилга, объект, хашаа байшин барьсан зардлаар хохирох нөхцөл байдал үүссэнийг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр, хамтран хариуцагчаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг татах хүсэлтийг хангахгүйгээр А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй. А ын хуулиар олгогдсон эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь 2017.12.11-ний өдрийн 4/30112 тоот “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгээр хязгаарласан байхад анхан шатны шүүхээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэхээс өмнө хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээний дагуу А т худалдагдаж, түүний өмч болсон үл хөдлөх эд хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахгүйгээр өөрийн албан тоотыг хүчингүй болгох боломж байсныг үгүйсгэхгүй юм. А ын эрхийг хязгаарласан байгууллагыг хамтран хариуцагчаар татаж, түүнээс албан ёсны тайлбар авалгүй, хэт нэг талыг барин нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэх боломжийг хааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Хаан” зарчим болох диспозитив зарчмыг хэрэгжүүлээгүй явдалд гомдолтой учир тус шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Магадлалын Хянавал хэсэгт “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч О  нарын хувьд А тай өмчлөх эрхийн маргаан үүсгээгүй, ийм маргаан үүсгэсний улмаас өмчлөх эрхийн шилжилт хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь А ын худалдан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2017.12.11-ний өдрийн 4/30112 тоот албан бичгээр үүрэг болгосон болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, иргэн А ын өмчлөх эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.09-ний өдрийн 138/ШШ2018/00449 тоот шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.04-ний өдрийн 201/МА2018/00020 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А  нь хариуцагч О д холбогдуулан нэр бүхий таван газрын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр хариуцагч О гаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Хишиг хотхоны зүүн урд байрлах 1-02 тоот 2106026387 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, 2106026323 дугаартай, 700 м.кв талбай бүхий 2-01 тоот газрууд, Хэрлэн сумын 1 дугаар баг 50 байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот 2106026002 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, 4-11 тоот 2106026004 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, 4-12 тоот 2106026005 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газруудыг худалдан авахаар тохирч, төлбөрт нийт 26,000,00.00 төгрөгийг төлсөн, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй байна. 

Хариуцагч О  нь дээрх газруудыг А тай үнэ тохиролцон худалдсан, түүний өмч мөн гэдгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/0149 дугаартай захирамжаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 102,968,000.00 төгрөг, мөн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 184/ШШ201702743 дугаартай шийдвэрээр 3,484,500.00 төгрөг  тус тус төлөх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь хариуцагчийн нэр дээрх өмчлөлийн газруудыг 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 4/30112 тоот албан бичгээр Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгч А ын нэхэмжлэл нь өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх гэсэн байх боловч худалдах-худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн бөгөөд улсын бүртгэлд өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх боломжгүй болсон гэсэн агуулгаар шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна. Дээрхээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх хариуцагч О д холбогдох нэхэмжлэгч А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн заалт баримталсныг хууль хэрэглээний хувьд зөв гэж дүгнэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд тухайн газруудын тухайд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэл хийгдээгүй, гэрээний зүйл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа, эсхүл битүүмжилсэн үйл ажиллагаатай холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “...хууль бус эзэмшлээс” шаардаж байгаа аль нь болох нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймээс хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2018/00020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН