Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 449

 

                                         

 

 

 

 

 

 

 

   2018         05           09                                               138/ШШ2018/00449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А-ийн Аын нэхэмжлэлтэй

 

          Хариуцагч: О-ийн Ц-д холбогдох

 

          “Өмчлөгчөөр тогтоолгож өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” иргэний хэргийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Д нар оролцов.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие А-ийн А нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хишиг хотхон”-ы зүүн урд байрлах 1-01 болон 2-02 тоот гэр бүлийн хэрэгцээний газруудыг өмчилдөг юм. Дээрх газруудын залгаа 2 газрыг Оийн Ц гэж хүн өмчилдөг болохыг мэдээд худалдаж авахыг хүссэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сард түүнтэй холбогдож тус газруудаа худалдах талаар асууж ярилцсан. Тухайн үедээ Ц бид хоёр үнэ дээрээ тохиролцоогүй. Хэд хэдэн удаа уулзсаны эцэст Ц нь “надад 26 000 000 төгрөг хэрэгтэй байна. 26 000 000 төгрөгөөр л зарна” гэж хэлсэн. Гэтэл би 20 000 000 төгрөгөөр худалдаж авах хүсэлтэй байгаа хэлсэн. 2016 оны 11 сард Ц над руу утсаар залгаад “надад Бунханд гурван айлын газар байна. Түүнийг нэмж аваад 26 000 000 төгрөг өгчих” гэж хэлсний дагуу бид хоёр Бунхан дахь газруудыг нь очиж үзээд түүний хэлсний дагуу худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үедээ Ц нь Улаанбаатар хотод байсан. Дорнодод ирж гэрээ хийх болон газрын гэрчилгээг шилжүүлж өгөхөөр очиж амжихгүй байна гээд Дорнод аймагт байдаг дүү Оийн Пүрэв-Очирт гэрээнд гарын үсэг зурах эрх олгож итгэмжлэл өгье гэж хэлсэн. Ингээд 2016 оны 11 сард Цтай түүний өмчлөлийн таван айлын газрыг 26 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 12 сарын дундуур Цгийн дүү Пүрэв-Очир нь итгэмжлэл аваад надтай ирж уулзсан бөгөөд баталгаатай болгох үүднээс бичгээр баталгаа хийсэн. Уг баталгаанд намайг 26 000 000 төгрөгний 60 хувийг өгсний дараа газар худалдах худалдан авах гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад өмчлөх эрхийг шилжүүлнэ. Ц нь тус газруудыг А надаас өөр хүнд худалдахгүй гэсэн агуулгыг тусгасан. Би 2017 оны 02 сар гэхэд нийт 12 000 000 төгрөг, 2017 оны 3 сард 2 000 000 төгрөг, 2017 оны 4 сард мөн 1 000 000 төгрөгийг Пүрэв-Очирт өгсөн. Ингээд 2017 оны 03 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот болон 4-11 тоот газруудыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Үлдсэн гурван газрын гэрээгээ байгуулъя гэхэд Пүрэв-Очир нь “эгч үлдсэн гэрчилгээнүүдээ аваад удахгүй ирнэ. Тэгээд гэрээгээ байгуулаад эрхээ шилжүүлж авна биз дээ. Та харин газар дээрээ юмаа барьж болно шүү” гэж хэлсэн. Үүний дагуу би тус газрууд дээр хашаа, байшин обектоо барьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үлдсэн гурван газрын гэрчилгээ нь ирэхгүй их удсан бөгөөд 2017 оны 8 сард авч ирээд газар худалдах, худалдан авах гэрээгээ Пүрэв-Очиртой 2017 оны 8 сарын 02-ны өдөр байгуулж нотариатаар батлуулсан. Би 2017 оны 8 сарын дундуур 11 000 000 төгрөгт тооцож 11 тооны тугалтай үнээг О.Цд өгөхөөр тохиролцож, тэр даруй түүнийг Пүрэв-Очирт хүлээлгэж өгсөн. Ингээд гэрээний дагуу газруудын төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Би өөрийнхөө дээрх газруудын өмчлөгч нь болсон гэж үзэж байгаа. 2017 оны 9 сараас 12 сар хүртэл хөдөө ажлаар яваад өмчлөх эрхээ бүртгүүлж амжаагүй явсан. Нэгэнт газар худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар батлуулсан, төлбөр мөнгөө бүрэн төлчихсөн учраас нэг завандаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхээ шилжүүлнэ гэж бодож явсан. Ингэж явсаар 2018 он гарсан бөгөөд Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст очиж газруудын өмчлөх эрхээ шилжүүлж авахаар хүсэлт гаргасан боловч улсын бүртгэгч нь надад хандаж, “таныг бүртгэх боломжгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газруудад шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байна. Шүүхээр өмчлөгч нь мөн гэдгээ тогтоолгоод ирвэл бүртгэж болно” гэсэн хариу амаар өгсөн. Энэ шийдвэрээ бичгээр гаргаж өгөөч гэсэн боловч “Таны нэр дээрх газар биш учраас тэгэх боломжгүй” гэж хэлсэн. 2017 оны 03 сард болон 08 сард нотариат дээр гэрээ хийж байхад тус газрууд нь ямар нэгэн асуудалгүй, эрхийн зөрчилгүй байсан. Тус газрууд нь О.Цгийн өмч биш бөгөөд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу А миний өмч болсон гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Хишиг” хотхоны зүүн урд байрлах 1-02 тоот 2106026387 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Хишиг” хотхоны зүүн урд байрлах 2-01 тоот 2106026323 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот 2106026002 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-11 тоот 2106026004 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг 50-р байшингийн зүүн талд байрлах 4-12 тоот 2106026005 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газруудыг А-ийн А миний өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь Цгийн 5 газрыг худалдан авах хүсэлтэй байсан бөгөөд үнийн дүн дээр тохиролцохгүй явсаар 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан байдаг. Нотариатаар батлуулах эрхийг Ц нь дүү Пүрэв-Очирт олгож Аын өмчлөлд шилжүүлэх хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Энэ хугацаанд Ц нь Улаанбаатар хотод амьдардаг байсан тул А нь газраа нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Гэтэл 2017 оны 9 сард шүүхийн шийдвэрээр тус газруудыг битүүмжилснийг мэдсэн. А нь улсын бүртгэлийн газарт очсоны дараа хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгаа тохиолдолд заавал Цтай хамт ирж бүртгүүлэх шаардлагагүй байсан гэдгийг мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар очиход танд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул эрх нь зөрчигдсөн гэж үзэж өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. А нь Цтай холбогдоход “Жинхэнэ зам” нэртэй замын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирлаар ажилладаг бөгөөд компанийн өр төлбөрөөс болж дээрх 5 газрыг Цгийн хуваарьт хөрөнгө гэж үзээд битүүмжлэх ажиллагаа хийгдсэн гэж хэлсэн. Ц нь тайлбартаа “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдэж “Жинхэнэ зам” ХХК нь өр төлбөрөө барагдуулж замын ажил гүйцэтгэх тухай тендерт оролцож байгаа. Өр төлбөрөө графикийн дагуу барагдуулж байгаа тул Аын газраар өр төлбөрийг барагдуулах шаардлага байхгүй” гэж гэсэн байсан. “Жинхэнэ зам” компани нь нэг хүний компани тул хуваарьт хөрөнгөөр нь өр төлбөрийг барагдуулах хуулийн зохицуулалтын дагуу тухайн газруудыг битүүмжилсэн байсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь хийх ёстой ажлаа дарааллын дагуу хийсэн болохоос биш өр төлбөрийг барагдуулахгүй байгаа асуудал байхгүй. “Жинхэнэ зам” компанид холбогдох шүүхийн шийдвэр дээр уг газрыг барьцаалсан эсхүл уг газраар өр төлбөрийг барагдуулна гэсэн зүйл байдаггүй гэв.

 

Хариуцагч О.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Ц би Аын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд нэхэмжлэлийг эсэргүүцэх зүйл байхгүй. Анх 2016 оны намар А гэж хүн над руу залгаад “Болорчулууны хаусны дэргэдэх нэг га газраа зарах уу” гэж асуусан. Би тэгэхэд нь “зарах бодолгүй байгаа. Хэрэв зарах юм бол салгаж зарахгүйгээр хоёр газраа хоёуланг нь зарна” гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа над руу залгаад “хоёр газрыг чинь худалдаж авъя” гэж хэлсэн. Би “30 сая төгрөгөөр зарна” гэхэд “үнэтэй байна. Хямдруулаад өгөөч. 20 сая төгрөгөөр авъя” гэж надад хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ маш их байсан тул Бунхан дахь өөрийн өмчлөлийн гурван газраа нэмээд 30 сая төгрөгт тооцож зарах саналыг хэлэхэд А зөвшөөрөөгүй. Тэгээд би аргагүй эрхэнд 4 сая төгрөгөөр буулгаж нэхэмжлэлд дурдсан 5 ширхэг газрыг нийт 26 сая төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үед би Улаанбаатар хотод ажилладаг байсан тул Дорнод аймагт очиж гэрээ хийх, газрын гэрчилгээг шилжүүлэх зав, боломж байгаагүй. Ингээд Дорнодод байдаг дүү Пүрэв-Очирт итгэмжлэл өгч явуулсан. Ат газар зарах тохиролцоог 2016 оны 12 сарын орчим амаар хийсэн. А он гаргаад газрынхаа мөнгийг эхнээс нь өгч эхэлсэн. Ингэж төлсөөр 2016 оны 09 сард газрынхаа мөнгийг бүрэн төлж дуусгасан. Уг нь тухайн үед А нь худалдах, худалдан авах гэрээгээ улсын бүртгэл дээр авч очоод газруудынхаа нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан. Яагаад одоо болтол өөрийн нэр дээр шилжүүлэхгүй явсныг би мэдэхгүй байна. Саяхан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дуудаад Ат зарсан газруудыг битүүмжилнэ, хурааж авна гэж хэлсэн. Би уг нь наад газрууд чинь хүний газар гэж хэлсэн. Яагаад шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх болсон бэ гэвэл миний үүсгэн байгуулсан “Жинхэнэ зам” ХХК маань 2016 онд шүүхэд хариуцагчаар татагдан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрээр бусдад 100 гаруй сая төгрөгийн өртэй гарч ирсэн. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар миний нэр дээр байсан дээрх газруудыг битүүмжилсэн байх. Уг нь би Ат бүр өмнө нь зарчихсан байсан юм. Тиймээс энэ газрууд нь Аынх гэсэн үг. Миний хувьд Ааас мөнгийг нь авчихсан тул нэхэмжлэлд нь заасан таван газрын өмчлөгчөөр Аыг тогтоох нь зөв гэж бодож байна. А нь өөр дээрээ газраа шилжүүлж авахгүй удсанаас ийм асуудал болсон байна. Миний хувьд газрынх нь гэрчилгээг шилжүүлэхгүй гэж зугтаасан, хуурсан зүйл байхгүй. Гэрээний дагуу төлбөр бүрэн хийгдсэн, надад холбогдох шүүхийн шийдвэр гарахаас өмнө Аын өмч болсон. Тиймээс энэ газрууд нь бүгд Аынх гэсэн үг. Миний хувьд Ааас мөнгийг нь авчихсан тул нэхэмжлэлд заасан 5 ширхэг газрын өмгчлөгчөөр Аыг тогтоох нь зөв гэж бодож байна. “Жинхэнэ зам” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг хэсэгчлэн барагдуулж, одоогоор 13 сая төгрөг  өгөөд байгаа. Цаашид гэрээт ажлууд эхлүүлсэн байгаа бөгөөд өр төлбөрөө хуулийн дагуу барагдуулах болно гэжээ.

 

Шүүх талуудын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч О.Цд холбогдуулан “Өмчлөгчөөр тогтоолгож өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч О.Цтай  харилцан тохиролцож 2016 оны 11 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Хишиг” хотхоны зүүн урд байрлах 1-02 тоот 2106026387 нэгж талбарын дугаартай, 700м2 талбайтай, 2106026323 дугаартай, 700 м2 талбай бүхий 2-01 тоот газрууд, Хэрлэн сумын 1 дугаар баг 50 байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот 2106026002 нэгж талбарын дугаартай 700 м2 талбайтай, 4-11 тоот 2106026004 нэгж талбарын дугаартай 700м2 талбайтай, 4-12 тоот 2106026005 нэгж талбарын дугаартай, 700 м2 талбайтай газруудыг 26 000 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, худалдах худалдан авах гэрээнүүд зэргээр батладаж байна.

 

Нэхэмжлэгч А.А нь дээрх нэр бүхий таван газрыг үнэ тохиролцон худалдан авсан, хариуцагч О.Ц нь уг газрыг А.Атай тохиролцон худалдсан түүний өмч мөн гэж тайлбарлаж байна.

 

         Дээрх таван  газарыг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

         Харин хариуцагч О.Ц /Жинхэнэ зам ХХКомпаний/ нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдөр 184/ШШ2016/0149 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 102 968 000 төгрөг, мөн 2017 оны 12 сарын 01-ны өдөр184/ШШ201702743 дугаартай шийдвэрээр 3 484 500 төгрөг  тус тус төлөх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь хариуцагчийн нэр дээрх өмчлөлийн газруудыг 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 4/30112 тоот албан бичгээр Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран  зарцуулах эрхийг түдгэлзүүлэн байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.

 

Дээрх заалтын дагуу нэхэмжлэгч А.А нь өөрийн худалдан авсан газруудыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир түүнийг уг газруудыг өмчлөгч буюу түүний өмчлөх эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.А, хариуцагч О.Ц нар нь дээрх нэр бүхий таван газруудыг худалдах худалдан авах гэрээний дагуу хийгдсэн боловч хуулийн заалтыг биелүүлээгүй зөрчжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “Нэхэмжлэгч А.А, хариуцагч О.Ц нар нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хамт очих ёстой хариуцагч ажил нь амжихгүй байснаас очиж чадаагүй хугацаа алдсан” гэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэснээс үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийг бүртгээлэхдээ заавал хоёулаа хамт очно гэсэн ойлголт биш бөгөөд хэн нь ч хандаж болохыг хуульчилж өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хэн алин нь хамт очиж шилжүүлэх ёстой байсан” тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй, үндэслэлгүй байна.

 

           Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн дээрх худалдах худалдан авах гэрээний хувьд хуульд заасан шаардлагын дагуу хийгдсэн боловч  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байхаар хуульчилсан дээрх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч А.Аын “Өмчлөгчөөр тогтоолгож өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Гэхдээ хариуцагч О.Ц нь дээрх газруудын битүүмжлэлийг арилгасны дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэхэмжлэгч А.А нь гэрээний /хэлцэл/ үндсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж дээрх газруудыг өөрийн өмчлөлд авах боломжтой байна.

 

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Цд холбогдох нэхэмжлэгч А.Аын “Өмчлөгчөөр тогтоолгож өмчлөх эрхээ сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд   шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  дурдсугай.

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                                      

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА