Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ч.У /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Уын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Ут холбогдох 201601070007 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ч-н У, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Багануур дүүргийн .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

Ч.У нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө, Багануур дүүргийн .................. тоотод өөрийн гэртээ найз Н.Э-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож “гавлын яс баруун дагзнаас зулайн хэсэг хүртэл 22.7 см цууралт буюу хугарал, гавлын яс, хуйханд 2 хэсэг газар 8х6 см, 5х4 см хэмжээтэй цусан хураа үүсч, гавлын зулайн орой хэсэгт 5х4 см хэмжээтэй хонхойсон яс нь улаан ягаан өнгөтэй, тархи дарагдлын улмаас гавал тархины гэмтэл” учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Ч.Уын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигин овогт Ч-н Уыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ут 15 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар Ч.Ут оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.У 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 1, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 370 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ч.Уаас оршуулгын зардалд 4.162.750 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчимэгт олгож,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн майк, цагаан цэнхэр өнгийн турсик, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн синтопонон өмд, цайвар ногоон өнгийн оймс, бор шаргал өнгийн ноосон цамц, цагаан шаргал өнгийн ноосон цамц, бор өнгийн тэлээ, хар өнгийн пүүзэн гутал, хар өнгийн малгайтай куртик, хар өнгийн ноосон малгай, бүдэг саарал өнгийн шаргал алаг юүдэнтэй өвлийн куртик, хар өнгийн юүдэнтэй биеийн тамирын цамц, саарал өнгийн энгэр дээрээ цэнхэр өнгийн шоон дүрстэй саарал өнгийн цамц, бор өнгийн хоолойтой цамц, хар өнгийн даавуун материалтай фудволк, төмөр аралтай тэлээ, цэнхэр жинсэн өмд, бараан өнгийн ноосон өмд, бор өнгийн хос оймс, цэнхэр өнгийн хос оймс, цагаан өнгийн босоо судалтай хар өнгийн даавуун турсик, саарал өнгийн богино түрийтэй хос пүүзэн гутал, үдээстэй хүрэн өнгийн хос гутал, цэнхэр өнгийн хос оймс, “Монт Делл” гэсэн бичигтэй саарал өнгийн хантааз, “Адидас” гэсэн бичигтэй хар өнгийн фудволк, хөх өнгийн хилэн өмд, шоо хээтэй дотуур өмд, саарал өнгийн ноосон цамц, юүдэнтэй хар өнгийн куртик, дээд эрүүний 14 шүд бүхий хиймэл шүд, улаан хар алаг гар чийдэн, улаан эрээн нүүр гарын алчуур, 4 ширхэг “Нийслэл” пивоны лааз, 1 ширхэг “Галт Ус” нэртэй 0.5 граммтай архины шил, 1 ширхэг “Нийслэл” нэртэй 2 литрийн бор хүрэн өнгийн пивоны сав, 1 ширхэг “Улаанбаатар” нэртэй 0.75 граммтай архины шил, 1 ширхэг тамхины иш, 1 ширхэг архины бөглөө, ногоон өнгийн 73.8х48 см хэмжээтэй шалавч, 2 зах ирмэг хэсгээрээ шар өнгийн судалтай хүрэн өнгийн 43х90 хэмжээтэй алчуур, модон иштэй төмөр алх, шар өнгийн төмөр бариул, “чанартай асаагуур” гэж бичсэн асаагуур 1 ширхэгийг тус тус устгаж, хохирогч болон гэрч Ч.Отгонжаргал нарын эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас, аn5326855 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг буцаан олгож, сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж,

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Уын эзэмшлийн 25-02 БРА улсын дугаартай “Хьюндай Соната 5” загварын тээврийн хэрэгслийг хохиролд тооцож Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би түрүүлээд гэртээ ортол Энхтөр манайд унтаж байсан. Намайг ороход сэрээд “Танайх онгорхой байсан” гэж хэлсэн. Нөгөө хэд маань 1 шил архи, пиво авч ирсэнийг бид 7 тойрч суугаад ууж дуусгаад Тодбаяр, эхнэр найзуудтайгаа явсан. Дараа нь Отгонжаргал, Энхтөр хоёр ар араасаа гарсан. Энхтөр гарахдаа надаас утсаа асуугаад гарсан. Тэднийг явсаны дараа гэдэс оруулж ирж, мод зорж, гэдсээ шарж идсэн. Мод зорж байхдаа гараа заазууранд зүссэн. Гэдсээ идчихээд гарч Мягмарсүрэнгийнд очиж хэдэн ширхэг тамхи аваад гэртээ унтаж байхад шөнө Энхтөр гаднаас орж ирээд гал тогооны өрөөнд ганцаараа үглээд сууж байсан... Босоод гарах гэтэл Энхтөр ширээний хажууд унтаж байсан. Наад архи чинь яасан гардаггүй юм бэ гээд том өрөөний орны хажууд аваачиж гарах гэтэл унтаж байсан газар нь хиймэл шүд нь байхад нь угаалтуур дээр авч тавиад гарсан. Отгонжаргалын гадаа очиж Самбуугаар Отгонжаргалыг дуудуулахад “хүлээж бай” гэж хэлүүлсэн байсан. Гарч ирэхгүй удаад байхаар нь хариад байж байя гээд гэртээ ирээд, урд шөнийн архи, пивоны шилийг хаях гэтэл унтаж байсан газар нь нойтон шээс мэт зүйл тунасан байхаар нь алчуураар арчих гэтэл гишгүүртэй наалдаад хөлдчихсөн байхаар нь хамт арчаад хаясан. Гэрт орж ирээд Энхтөрийг “Одоо бос хөгшөөн хүн амьтан ирэх гэж байна” гээд сэрээх гэтэл хөдлөхгүй болохоор нь амьсгалыг нь чагнаж үзэхэд сонин байсан. Цээжин дээр нь хоёр удаа дараад өнгөрснийг нь мэдсэн. Эмнэлэг, цагдаад хэлэх шаардлагатай гэж бодоод гарч явахдаа Жамсран, Отгонжаргал болон Даваадорж нартай таарч бүгдэд нь болсон явдлыг хэлчихээд эмнэлэгт очиж хэлэхэд “Цагдаа очсоны дараа манайх очдог” гэж хэлсэн. Эмнэлэгээс гарч Мягмарсүрэнгийнд очиж бид хоёр цагдаад очиж мэдэгдсэн юм. Намайг найз Энхтөрийг цохиж алсан гээд байгаа ч юугаар яаж цохисон талаар нотлох баримт байхгүй. Олон жил нөхөрлөсөн дотны найзынхаа амь насанд хүрэх хэмжээний ямар ч шалтгаан надад байхгүй.

“Төвшөө” гэдэг хүнтэй таарахад 2017 оны 8 дугаар сард “Чамд гэрч болж тус болъё доо, хийгээгүй хэргийн төлөө ингэж зовж явах гэж. Миний хэлэхийг бичээд ав, намар самар, жимс гээд байх байхгүй үе таарна, ахтайгаа ирээд миний хэлэх үгийг бичээд ав” гэсэн. Энхжаргал 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Соронз” бааранд талийгаачтай зодолдсон байдаг. 2016 оны 1 дүгээр сарын 6-нд Энхжаргал айлд орж “Би хүн алчихлаа, миний өмнөөс хоёр бацаан баригдаад явчихлаа” гэж хэлсэн байдаг. Үүнийг нотлох бичлэг байгаа. Зайлшгүй мөрдөн байцаалтад шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Уын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө өөрийнх нь гэрт хүн нас барсан гэсэн хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад зодож алсан гэдэг нь шууд нотлох баримт байхгүй нь эргэлзээтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн ярьж байгаа асуудлууд нь тогтоогддоггүй учир энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.У нь 2016 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 2 тоот өөрийн гэртээ иргэн Н.Э-ийг зодож “Гавлын яс баруун дагзнаас зулайн хэсэг хүртэл 22.7 см цууралт буюу хугарал, гавлын яс, хуйханд 2 хэсэг газар 8х6 см, 5х4 см хэмжээтэй цусан хураа үүссэн, тархи дарагдлын улмаас гавал тархины гэмтэл” учруулж санаатай алсан болох нь:

“...2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Уын гэрт 23 цаг өнгөрч байхад ороод талийгаач Н.Э-ийн хамт ойр зуурын зүйл ярьцгааж байгаад архиа ууж дуусгаад шөнө 24.00 цаг дөхөж байхад гарцгаасан. Гэрт Ч.У, талийгаач Н.Э- хоёул үлдсэн” гэж мэдүүлсэн гэрч Э.Анхбаяр, Б.Уранцэцэг, М.Тодбаярын мэдүүлгүүд /хэргийн 1 дүгээр хавтасны 176-191 дэх хуудас/,

гэрч С.Гонгор, Г.Нарантуяа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаач манай гэрт 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн... биеийнхээ ил харагдах хэсэгтээ ямар нэгэн шарх сорвигүй байсан. Би нүүр царайг нь сайн санаж байна. Талийгаач Энхтөрийн нүүрэнд зураг дээрх шиг ийм шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-201 дэх хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Н.Э-ийн биед дагзны зүүн дээд хэсгээс баруун чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /300гр/, тархи дарагдал, тархины эдийн хүнд няцрал, зүүн зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн чихний омог, зүүн гарын сарвуунд зулгаралт, зулай, дагзны хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх дагзны зүүн дээд хэсгээс баруун чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /300гр/, тархи дарагдал, тархины эдийн хүнд няцрал, зүүн зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Талийгаач Н.Э-д эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байжээ. Талийгаачийн биед магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь нас бараад 8 цагаас дээш хугацаанд нас барсан байх боломжтой байна.” гэх 2 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

“Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 213 дугаартай дүгнэлтийн 3 дугаар хариултын “Дээрх гэмтэл нь унах болон юмаар цохих үед аль алинд нь үүсэх боломжтой” гэсний унах үед үүсэх боломжтой гэсэн нь болон 4, 7, 8 дугаар хариулт үндэслэлгүй, бусад хариултууд үндэслэлтэй. Талийгаач Н.Э-ийн гавлын ясны хугарал нь баруун зулай хэсгээс баруун урагш духны баруун хэсэг хүрсэн, зүүн арагш баруун, зүүн зулайн заадас хүрч заадсаараа арагш 2.5 см явж цааш зүүн арагш 3 см үргэлжлэн зүүн зулай дагзны заадас хүрсэн нийт 22.7 см урт хугаралтай байна. Хугарлын эхлэл хэсэг нь толгойн оройд буюу гавлын баруун зулай хэсэгт байх ба уг хэсгээс хугарал эхэлж хоёр тийш үргэлжилсэн байна. Талийгаач Э.Энхтөрийн биед учирсан гавал тархины гэмтэл нь талийгаачийг нас барахаас 6-12 цагийн өмнө үүссэн нь шүүх эд эсийн шинжилгээний тусгай будгийн аргаар тогтоогдож байна. Энэ хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх эсэх нь тухайн хүний бие махбодийн онцлогоос шалтгаалж янз бүр байх учир нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Н.Э-ийн гавлын ясны хугарлын эхлэл хэсэг нь толгойн оройд буюу гавлын баруун зулайн хэсэгт байх тул унах үед үүсэх боломжгүй, тухайн хэсэгт хязгаарлагдмал бус талбайтай зүйлээр цохисноос үүсэх боломжтой. Талийгаачийн гавлын орой зулай ясны дотор гадаргууд хонхойсон хэсэгтэй байх ба уг хэсэг гэмтлээс үүсээгүй, ясны өөрийнх нь тогтоц хэлбэр байна.” гэх 520 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 245-247 дугаар хуудас/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн Ч.Уын гэх цусанд 3.1% спиртийн агууламж илэрч байна. Ирүүлсэн цусанд 3.1 нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх 628 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 205 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг дүгнэж үзэхэд 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шүүгдэгч Ч.У нь  Н.Э-ийн хамт хоёулаа тухайн гэрт үлдсэн бөгөөд өглөө нь амь хохирогч тархиндаа гэмтэл авсны улмаас нас барсан, үүний дараа шүүгдэгч Ч.У нь хэргийн газрыг цэвэрлэж, эд мөрийн баримтуудыг айлын хашаа давуулж шидэн, хэргийн ул мөрийг балласан болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд амь хохирогч Н.Э- нь гаднаас өөр бусдад зодуулсан байдалтай Ч.Уынд орж ирсэн буюу Ч.Уын гэрийн гадна зодуулсан гэх ул мөр авагдаагүй байна.

Мөн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж шинжлүүлсэн боловч “...Ногоон өнгийн шалавч, улаан хүрэн өнгийн алчуур дээр цус илэрсэн. Уг цус илэрсэн дээж нь нойтон муудсан тул бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна” гэсэн дүгнэлт гарсан /2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар хуудас/, гэрч П.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эмнэлэг рүү явж байх замдаа Ч.У “Би танай гэрт хоносон гэж цагдаа нарт хэлнэ шүү. Чи тэгсэн гэж хэлээрэй” гэхэд нь би түүнд хандаж “Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн... Ч.У тэр болгон юм яриад байдаггүй дуу цөөтэй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-214/, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Ч.У нь хэрэг үйлдэх үедээ өөрөө хүнд зэргийн согтолттой байсан төдийгүй мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Өмнө нь амь хохирогч нь гэрт шүлсээ хаяж, таарамжгүй харьцаа үүсч байсан”, “... Баарнаас ирэхэд гэрт хүн байгаагүй, Энхтөр гаднаас орж ирсэн... Утас алга болчихлоо гээд намайг хараагаад байсан” гэх зэргээр хэргийн талаар тогтворгүй олон янзаар тайлбарлаж, мэдүүлэг өгч байсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Уын ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 зүйлээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт заасныг баримтлан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж нарийвчлан зохицуулсан заалт байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг давхар хэрэглэх нь зохимжгүй юм.

Мөн анхан шатны шүүх хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримтыг хэрхэх талаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2...” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Уын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                      Ц.ОЧ