Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0056

 

Ц.Бы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н

 

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: БАУБХ

Гуравдагч этгээд: С.Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: “БАУБХ-с 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, С.Дын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2022/0031 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 158/2022/0004/З

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь БАУБХт холбогдуулан “БАУБХ-с 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, С.Дын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2022/0031 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д тус тус заасныг баримтлан Ц.Баас БАУБХт холбогдуулан гаргасан “БАУБХ-с 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, С.Дын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү шүүхэд гаргасан гомдолдоо:

Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

3.1.1. Давж заалдах гомдол гаргаж байгаа гол үндэслэл нь шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу С.Дын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ хууль зөрчсөн учраас бүртгэлийг хүчингүй болгох тухай байхад улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхдээ хууль зөрчсөн асуудалд огтоос дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглэлгүй, хуулийг заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргасан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие С.Дын маргаан бүхий орон сууцуудын өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулсан УЛсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийг С.Дын өмчлөх эрх үүсээгүй, өмчлөх эрхийг нь нотолсон баримт бичиг байхгүй байсаар байхад өөрөөр хэлбэл өмчлөх эрхтэй болох нь тогтоогдоогүй байхад өмчлөх эрхийг бүртгэсэн нь хууль зөрчсөн хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна. Энэ талаараа ч шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн.

Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхдээ 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотын Хялганат хоронд явагдсан дуудлага худалдааны протоколыг С.Дын эдгээр орон сууцуудыг өмчлөх эрхтэйг нотлох чадваргүй баримт бичиг, энэ нь зөвхөн дуудлага худалдаа явагдсаныг харуулж байгаа тэмдэглэл болохоос орон сууцны өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг биш гэж үзсэн. Яагаад гэхээр протокол гэдэг нь болж байгаа үйл явдлын явцыг тэмдэглэсэн тэмдэглэлийн баримт бичиг байдаг. Энэ тухай шүүх ч тайлбарлажээ.

Гэхдээ энэ тэмдэглэлийн баримт бичигт “худалдан авсан этгээд 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмшлийн гэрчилгээ олгохоор тогтов” гэсэн байдаг бөгөөд өмчлөх эрхтэйг нь тодорхойлсон гэрчилгээ олгож байж өмчлөх эрх үүсэх байжээ гэдэг нь харагддаг.

Гэтэл шүүх хавсралт №01-д орсон байруудын материал гэх баримт дээрх гэрчилгээ гэсэн тэмдэглэгээг үндэслэн маргаан бүхий орон сууцуудыг хувьчилж авсан байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна.

 

3.1.2. Шүүх 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийг илүү нарийвчилсан зохицуулалт бүхий хууль гэж дүгнэсэн байна.

Тэгвэл тус хуулийн 9 дүгээр зүйлд “Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно” гэж заасан нь өмчлөх эрхийг нотлох баримт нь эрх бүхий байгууллагаас олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ байна гэдгийг хуульчилж тодорхойлсон байна.

Гэтэл энэ хууль болон протоколд заасан ямар ч гэрчилгээ Улсын бүртгэлийн хэлтэст ирээгүй болох нь хавтаст хэрэг авагдсан С.Дын Улсын бүртгэлд ирүүлсэн мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргасан баримтуудаар нотлогддог.

 

3.1.3. Шүүх мөн 1991 оны Өмч хувьчлах тухай хуулиас хойно батлагдсан Орон сууц хувьчлах тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн.

Гэтэл Булган аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь С.Дын өмчлөх эрхийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн. Энэхүү бүртгэлийг хийхэд 1991 оны Өмч хувьчлах тухай хуулиас гадна 1996 оны Орон сууц хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байр суурь бол БАУБХ нь 1. 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хот Хялганат хороонд явагдсан дуудлага худалдааны үндсэн дээр Өмчлөх эрхтэйг нотолсон гэрчилгээ олгож уу, гэрчилгээ нь байна уу, үгүй юу гэдгийг шалгаж холбогдох нотлох баримтуудыг шаардаж авах ёстой байсан. Хэрвээ эдгээр баримт бичиг байхгүй бол 2. 1996 оны Орон сууц хувьчлах тухай хуулийн 3, 48 6, 7, 11, 12 дугаар зүйлүүд, Гуравдугаар бүлгийн холбогдох заалтууд, Тавдугаар бүлгийн 24, 25 дугаар зүйлийн холбогдох заалтуудын дагуу орон сууц хувьчлах ажил явагдаж уу, тухайн иргэний өмчлөх эрх үүссэн үү, үгүй юу гэдгийг шалгаж холбогдох нотлох баримтуудыг шаардаж авах ёстой байсан тухай илэрхийлсэн.

Яагаад гэхээр эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүсэхээр тус тус зохицуулсан байна.

Тэгвэл БАУБХ, улсын бүртгэгч нь дээр дурдсан хуулиудын дагуу зохих ёсоор орон сууц өмчлөх эрх нь үүссэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.5-д заасан “Бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчмыг зөрчиж, харин улсын бүртгэгч нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “... улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.2-т “... иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “... нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэн заалтууд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, 8 дугаар зүйлд “мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, 29.1.3-д “мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах” гэсэн заалтуудыг баримтлалгүй зөрчиж улсын бүртгэл хийсэн байдаг.

 

3.1.4. Харин мэдүүлэг гаргагчийн тухайд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах”, 10 дугаар зүйлийн 10.6.1-д “Мэдүүлэгтээ өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг хавсаргах” гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг.

Ийнхүү Улсын бүртгэгч ч тэр, мэдүүлэг гаргагч ч тэр хуульд заасан эдгээр шаардлагуудыг баримтлаагүй нь шинжлэх судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоор байтал шүүх эдгээр хуулийн заалтуудыг хэрэглэлгүй зөвхөн нэг талыг барин дүгнэлт гаргаж шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх Ц.Бы маргаан бүхий орон сууцуудыг одоо болтол эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй байхад түүний эзэмшиж буй орон сууцны хаяг зөрүүтэй байдалд ач холбогдол өгч тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү”,

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо:

 

3.2.1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

3.2.2. Анхан шатны шүүх “... Хэргийн оролцогч Ц.Б болон С.Д нарын хэн аль нь тус дуудлага худалдаанд оролцсон бөгөөд Ц.Б нь Хялганат хорооны 5 дугаар байрны 2 дугаар орцонд байрлалтай 6 орон сууцыг 31 ширхэг ягаан тасалбараар С.Д нь 35 дугаар байрны 2 дугаар орцны 4 орон сууцыг 22 ширхэг ягаан тасалбараар тус тус худалдаж авсан бөгөөд тэдгээрийн хэн аль нь худалдаж авсан орон сууцуудынхаа үнийг ягаан тасалбараар төлсөн болох нь тогтоогдож байна ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тухайн өмч хувьчлал явагдахдаа ... заавал төрийн оролцоо байх ёстой ... гэтэл огт оролцоогүй ...” гэж мэтгэлцэж байна “Эрдэнэт хотын болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын дарга Д.Сүхбаатар ... үйлдвэрийн өмч хувьчлалын комиссын дарга С.Доржпалам ... “Хялганат хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”-д ... төрийн захиргааны хянагчаар С.Доржпалам ... нарийн бичгийн даргаар Д.Сүхбаатар ...” гэх хэсгүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь тухайн дуудлага худалдаагаар хувьчлан авсан 5 дугаар байрны 2 дугаар орцны зургаан орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ С.Дын өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нотлох баримтаар үнэлэгдсэн баримтуудыг “өмчлөх эрх  олгосон шийдвэр” гэж үзэн улсын бүртгэлийн байгууллагад хотлох баримтаар гаргаж өгсөн талаа гуравдагч этгээдийн тухайд уг баримтуудыг “өмчлөх эрх олгосон шийдвэр биш” хэмээн мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй байна ... нэхэмжлэгчийн хувьчилж авсан гэх орон сууцных нь дугаар 2000 онд хүн ам, орон сууцны тооллогын улсын бүртгэлд бүртгүүлсэн дугаараас зөрүүтэй байгаа, дуудлага худалдаатай холбогдох баримтуудад Ц.Б, Г.П нар нь маргаан бүхий бүртгэл дэх хоёр орон сууцыг худалдаж авсан болохыг нотлох баримт байхгүй байгаа зэргээр түүний “Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 05 болон 06 дугаартай орон сууцуудыг өмчлөх эрх зөрчигдөж байна” гэх шаардлагын үндэслэл нотлогдсонгүй ...” гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн дээрх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан “... хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэсэн шаардлагад нийцсэнгүй.

 

3.2.3. Үндэслэл нь:

а. “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тухайн өмч хувьчлал явагдахдаа ... заавал төрийн оролцоо байх ёстой ... гэтэл огт оролцоогүй ...” гэж мэтгэлцэж байна.

БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг гүйцэтгэнэ ...” гэж заасны дагуу “Эрдэнэт хотын АДХГЗахиргааны дэргэдэх өмч хувьчлалын комисс” оролцох байсан.

“Эрдэнэт хотын болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын дарга Д.Сүхбаатар ... үйлдвэрийн өмч хувьчлалын комиссын дарга С.Доржпалам ... “Хялганат хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”-д ... төрийн захиргааны хянагчаар С.Доржпалам ... нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар ...” гэж хэсгүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна” гэсэнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Тодруулбал, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаанд төрийн Захиргааны хянагчаар Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн боловсон хүчин, тус үйлдвэрийн өмч хувьчлалын комиссын дарга оролцож байгаа нь төрийн оролцоо байхгүй, зөвхөн байгууллагын хувьчлал болжээ гэж үздэг.

б. “... нэхэмжлэгч нь тухайн дуудлага худалдаагаар хувьчлан авсан 5 дугаар байрны 2 дугаар орцны зургаан орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ С.Дын өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэхэд нотлох баримтаар үнэлэгдсэн баримтуудыг гарган өгч өмчлөх эрхээ баталгаажуулжээ. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч өөрийн орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явуулсан дуудлага худалдаатай холбогдох баримтуудыг “өмчлөх эрх олгосон шийдвэр” гэж үзэн улсын бүртгэлийн байгууллагад нотлох баримтаар гаргаж өгсөн атлаа гуравдагч этгээдийн тухайд уг баримтуудыг “өмчлөх эрх олгосон шийдвэр биш” хэмээн мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй байна” гэж шүүх дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг буюу хариуцагч, гуравдагч этгээдийг хууль бус үйлдлийг хаацайлсан хийсвэр дүгнэлт болжээ.

Энэ хувьчлалтай холбоотой цөөн хэдэн байрууд өнөөдрийг хүртэл маргаантай бөгөөд 1991 оны дуудлага худалдааны протоколыг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн гуравдагч этгээд С.Д нь дуудлага худалдаагаар авсан гэх орон сууцанд 1991 оноос өмнө, хойно, одоо энэ байранд огт амьдраагүй. Энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй.

1991 оны дуудлага худалдаа болохоос өмнө маргаан бүхий 5, 6 тоот байруудад Ц.Б, Г.Пийн гэр бүл амьдарч байсан. Энэ талаар баримтууд хэрэгт бий.

в. “... 2000 онд хүн ам, орон сууцны тооллогын улсын бүртгэлд бүртгүүлсэн дугаараас зөрүүтэй байгаа, дуудлага худалдаатай холбогдох баримтуудад Ц.Б, Г.П нар нь маргаан бүхий бүртгэл дэх хоёр орон сууцыг худалдаж авсан болохыг нотлох баримт байхгүй байгаа зэргээр түүний “Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 5 болон 6 дугаартай орон сууцуудыг өмчлөх эрх зөрчигдөж байна” гэж шаардлагын үндэслэл нотлогдсонгүй ...” гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бы гаргасан нэхэмжлэлд бүхэлд нь үндэслэл бүхийд дүгнэлт хийж чадсангүй. Ц.Бы хувьд өмч хувьчлалаас өмнө амьдарч, шүүхэд маргасан зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Б нь “БАУБХ-с 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Ү-0413000442, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, С.Дын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 35-5, 6 тоот 2  байрыг 2010 онд Г.Паас худалдан авч гэр бүлийн хамт амьдарсаар өдий хүрсэн. Гэтэл Дүүрэнжаргал бидэнд мэдэгдэлгүй бидний амьдарч байгаа орон сууцыг өмчлөн авсан байна. Тухайн орон сууцуудыг өмчилсөн эрхийг нотлох баримтгүй байхад бүртгэсэн нь Батсайхан миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус үйлдэл юм. Батсайхан миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байна.” хэмээн тайлбарлан маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хувьчлалтай холбоотой цөөн хэдэн байрууд өнөөдрийг хүртэл маргаантай бөгөөд 1991 оны дуудлага худалдааны протоколыг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн гуравдагч этгээд С.Д нь дуудлага худалдаагаар авсан гэх орон сууцанд 1991 оноос өмнө, хойно, одоо ч энэ байранд огт амьдраагүй, үүнийг шалгаж тогтоохгүйгээр шүүх холбогдох нотлох баримтыг ирүүлсэнгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн” гэсэн гомдол болон “дуудлага худалдааны протоколыг дуудлага худалдаа явагдсан гэдгийг нотолсон баримт болохоос биш Дүүрэнжаргалыг уг орон сууцны өмчлөгч гэдгийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд дуудлага худалдаагаар өмчилж авсан иргэнд уг орон сууцыг өмчилсөн болохыг нотолсон гэрчилгээ олгоно гэж тэмдэглэлд заасны дагуу гэрчилгээ олгогдсон эсэхийг шалгаж тогтоох, энэ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д “мэдүүлэгтээ өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг хавсаргана” гэж заасантай нийцсэн эсэх, түүнчлэн гэрч П.Баярмаагийн “1988-2010 он хүртэл 35 дугаар байрны 6 тоотод аав, ээж, дүүгийн хамт амьдарч байсан. Байраа Батсайхан гуай буюу хадам аавд зараад явсан” гэх, гэрч П.Мядагмаагийн “...худдаа байраа зарах болсон...” гэх мэдүүлгүүд, Үндэсний төв архивын лавлагаагаар Г.П нь 6 тоот бус 5 тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байсан гэж дурдсан зэргээс үзэхэд маргаж буй 5 эсвэл 6 тоот байрыг Г.П гэх иргэн эзэмшиж өмчилж байсан эсэх, Г.П нь нэхэмжлэгчид аль байрыг худалдсан эсэх, гуравдагч этгээд С.Д маргаж буй аль байранд амьдарч байсан эсэх, мөн “нэхэмжлэгч Ц.Бы маргаан бүхий орон сууцуудыг одоо болтол эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй байхад түүний амьдарч байгаа орон сууцны хаягийн зөрүүтэй байдалд ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол зэргээс дүгнэхэд хаягийн болон өмчийн маргаантай байхад бүртгэл хийгдсэн эсэхийг бүрэн дүүрэн тодруулахгүйгээр хэргийн оролцогчдоос нотлох баримт ирүүлсэнгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

4. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан.

 

4.2. Нэхэмжлэгч Ц.Баас гуравдагч этгээд С.Д маргаж буй байранд одоо хүртэл амьдарч байгаа надад мэдэгдэлгүй уг үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, нэхэмжлэгчийн уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлд дурдах боловч маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, бүртгэлийн улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцуудын өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.Б өөрөө болохыг нотолсон баримт байгаа эсэх нь тодорхойгүй, тэрээр Пунцагаас худалдаж авсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримт байхгүй, иргэний хэргийн шүүхэд өмчлөлтэй холбоотой маргаан хянагдаж байгаа гэж талууд тайлбарлаж байхад шүүх энэ нөхцөл байдлыг тодруулалгүйгээр улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2022/0031 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

             

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ