| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2017/0010/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 10.1, |
| Улсын яллагч | Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 472
Л.Б, Д.Д, Х.Х нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Л.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч, Л.Батаа, Б.Тэнгис,
шүүгдэгч Д.Д /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Ганбат,
шүүгдэгч Х.Х /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Л.Б, Х.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Д, Л.Б, Х.Х нарт холбогдох 201626011140 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигин овогт Л-н Б, 1971 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,
- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Нийслэлийн шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар
9 жил хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 сар 26 хоног хорих ялаар,
- Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сар 7 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 236 дугаар зүйлийн 236.1, 96 дугаар зүйлийн 96.2.1, 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
2. Боржигон овогт Д-н Д, 1964 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................./,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 1 жил 3 сар 28 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 841 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 7 жил 10 сар 29 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас 2 жил 2 сар 13 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
3. Боржигон овогт Х-н Х, 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Төмөр эдлэл хийц” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .........................../,
- Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
- Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
- Октябрийн дүүргийн шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 214 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тэнсэн суллагдсан,
- Нийслэлийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 24 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.
1. Д.Д, Л.Б нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд хохирогч Л.Аыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэгт,
2. Л.Б, Х.Х нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Оёдолын хоёрын задгай тоотод байрлах хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч “Элко” загварын 21 инчийн зурагтыг хулгайлж хохирогч Н.Ад 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Бын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Д.Дийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, Х.Хын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Боржигин овогт Л-н Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Д-н Дийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Х-н Хыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Л.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Д.Дийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Х.Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 17 жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.Д нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Х.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 426 хоногийг, шүүгдэгч Д.Дийн цагдан хоригдсон 522 хоногийг, шүүгдэгч Х.Хын цагдан хоригдсон 3 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас 2.774.000 төгрөг, Д.Даас 6.471.825 төгрөг, нийт 9.245.825 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалд олгож, Л.Хишигжаргалын нэхэмжилсэн хохиролоос 2.162.360 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Л.Б, Д.Д, Х.Х нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б, Х.Х нар нь хохирогч Н.Ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан
цагаан хээтэй иштэй 23.7 см урттай хутга, 33 ширхэг гарын мөр, 0.75 литрийн
Сархад архины шил, 0.75 литрийн Монгол стандарт архины шил, 0.5 литрийн
Монгол стандарт архины шил, 6 ширхэг шаазан аяганы хэлтэрхий, амь хохирогч
Л.Аын хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн ноосон майк, бор хүрэн
өнгийн хагас хунцуйтай цамц, бонгино ханцуйтай хар өнгийн фудволк, хар өнгийн
цахилгаантай цамц, саарал дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн
ботинк, оймс 2 хос, Л.Бын хэрэг гарах үед өмсөж байсан гэх цэнхэр өнгийн
майк 1 ширхэг, саарал өнгийн куртик, цахилгаантай хар өнгийн цамц 1 ширхэг,
боос захтай цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн брюкэн өмд, 10
хурууны хумсны дээж, Д.Дийн хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх
саарал өнгийн кепик малгай, саарал өнгийн куртика, хар хөх өнгийн ноосон цамц,
хар саарал өнгийн ноосон өмд, бор өнгийн даавуун өмд, бор өнгийн дотуур өмд,
хагас түрийтэй хар өнгийн ботинк, оймс 1 хос, 10 хурууны хумсны дээж зэргийг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгаж,
Д.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Б, Х.Х нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б миний бие өөрийн хийсэн гэмт үйлдлийг шүүхийн өмнө ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл надтай хамтран үйлдсэн гэх Д.Д нь энэ гэмт хэрэгт ямар ч оролцоо байхгүй байсаар байтал хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн. Миний бие хүний амь хохироосон гэмт үйлдэлдээ туйлын харамсаж байна. Цагаадаад батлан даалтад байхдаа ч үнэнээ хэлж байсан. Гэтэл дээрх гэрчүүдийн худал гүтгэлгээс болж хэрэгт холбогдолгүй гэм зэмгүй бас нэг хүний амьдралыг сүйтгэж буй шийдвэрийг хянаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт ямар ч оролцоо холбогдолгүй атлаа урьд өмнө гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлсэн гэдгээр гүтгэгдэж шийтгүүлсэндээ гомдолтой байна. Цагдаа, прокурорын байгууллага хэргийн үнэн зөвийг тал бүрээс нь хөдлөшгүй баримтаар нотлох ёстой атлаа миний өмнөх ял шийтгэл, надад дургүй, хувийн ашиг сонирхолын зөрчилтэй, сэтгэцийн хувьд шалгуулах шаардлагатай гэрч Э.Батсайханы өгсөн мэдүүлгийг гол мэдүүлэг болгож, тэр гэрчийн маш олон удаа янз бүрээр ярьсан зүйлсийг нь /мэдүүлгүүд нь нэг нэгнээ илт үгүйсгэсэн/ тоохгүй атлаа түүний хэлсэн гэх нэг үгийг нь үндэслэж, цаашлаад Э.Батсайханаас сонссон цагдаа М.Батсүхийн үгийг /энэ 2 хоорондоо агуулга нэгтэй зүйл ярьсан/ гэж нотлох баримтыг зохиож байгаад нь, энэ хэрэгт прокурор, мөрдөн байцаагч нар зөвхөн ганц намайг яллах гэж илт улайрч нотлох баримтыг миний эсрэг чиглүүлэн нэг талыг барьж шийдсэн. Гэрч Э.Батсайханы удаа дараа хэлсэн зүйл нь илтээр зөрүүтэй байдаг. Хэргийн газар огт байгаагүй М.Батсүх нь Э.Батсайханаас сонссон худал үгээрээ “Үүрээр 5 цагийн үед хоорондоо маргалдаж, нөхрийн дүү Д.Д хутга барьж танхайраад байсан. Нэг мэдэхэд тэр хүн үхсэн байсан. Хамт байсан хүмүүсээрээ зөөлгөөд гарсан. Цагдаад хэлвэл ална шүү гэж хэлээд явсан.” гэсэн. Э.Батсайхан, Д.Чойжил нарын харсан гэж гэрчилж байгаа миний барьсан байсан гэх хутгануудыг /тэр хоёр 2 өөр хутга хэлсэн/ сүүлд манай гэрээс хурааж аваад шалгахад шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэрэгт ямар ч ач холбогдолгүй нь тогтоогдсон. Гэрч Ариунсанаа гэх хүн “Буурал толгойтой 60 гаран насны саарал өнгийн кепик малгайтай, малгайныхаа урд хэсэгт буурал үс нь цухуйсан байсан, малгайгаа хойшлуулж өмссөн байсан.” гэж миний өмсөж байсан хувцсыг харсан байгаа нь сонин байна. Миний үс сүүлийн 20 жил огт ургаагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би анхан шатны шүүхэд хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй, хувийн байдлыг минь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс надад ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг хэрэглэлгүй хорих ял оногдуулсан. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Ач холбогдол бүхий зүйлийг нотлоогүй. Д.Д, Л.Б нарыг хүний амь хохироосон гэж үзэж байгаа болохоос яг яаж амь насыг нь хохироосон гэдгийг нотлоогүй. Энэ хэрэгт эдийн засгийн сонирхол явагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч өөрөө гэм буруугийн талд “Би алсан” гэж ярьдаг боловч хавтаст хэргийн материалтай танилцаж нотлох баримтыг шалгаж дүгнэлт хийхэд Л.Бын үйлдэл харагддаггүй. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийнхөө эсрэг нотлох баримт хүлээгээгүй. Хамтран оролцсон гэдэг утгаар хамтран оролцсон ямар хэлбэр байгаа юм гэхээр үйлдэл нь санаатайгаар нэгдсэн юм уу, үгсэн тохиролцсон юм уу гэхээр тийм зүйл байхгүй. Шүүгдэгч Л.Б “Би гурван удаа хутгалсан” гэдэг, мөн хутгаа хаанаас авсан бэ гэхээр мэддэггүй. Гэрч Батсайхан мэдүүлэгтээ “хашааны банзны завсраар харахад Дамбасанж гартаа хутга барьсан зогсож байсан” гэдэг. Тухайн хүний алах үйл явдал төгссөний дараа Батсайхан харсан. Үйл явдал төгсөж хамтран оролцсон ямар хэлбэр харагдаж байгаа нь ойлгомжгүй. Субъектив санаа зорилго байсан бол тодорхой саадыг арилгах гэж гар, хөлийг нь барьсан юм уу, яаж бүлэглэсэн нь тодорхойгүй. Үүнийг тогтоох боломж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасан. Хулгайн гэмт хэргээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэсэн гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрөө хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт түүнд тавигдах шаардлага нөхцөл байдал нь хууль зүйн үндэслэл дутуу хийгдсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Л.Бын хувьд бусад нотлох баримтуудаар энэ хүн энэ гэмт хэргийг үгсэн тохиролцсон юм уу, үйлдлээрээ хамжсан юм уу гэдэг нь харагддаггүй. Гэрч Батсайхан хэргийн талаар тодорхой мэдүүлдэг. Мөн түүний гэр бүлийн хүн болох Чойжил мөн “Агсам согтуу тавьж байсан” гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт огт хамааралгүй гэрч жолооч байдаг. Энэ жолооч “Буурал үстэй хүн, хар малгайтай хүн шуудайтай юм гаргаж тавихаар нь хог хаяж байна гэж бодсон” гэж яригддаг. Энэ хэргийг онц харгис аргаар бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал энэ хэрэгт харагдахгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Хын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан давж заалдах гомдлоосоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлд заасны дагуу татгалзсан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн амь насыг хохироосон энэ үйлдлийг Д.Д үйлдсэн гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгч Л.Б “Би амь насыг нь хохироосон” гэж байгаа боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бусад нотлох баримтаас харахад энэ хүний ярьж байгаа нь дараалал, цаг хугацааны олон зөрүүтэй байдал ажиглагддаг. Хохирол төлбөрийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулна гэдэг нь хэтэрхий урт хугацаа гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан гэм хорыг арилгах үйл явц хугацааг тодорхой хэмжээгээр багасгаж, давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдаж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Л.Б, Х.Х нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Оёдолын хоёрын задгай тоотод байрлах монгол гэрт нэвтэрч “Элко” загварын 21 инчийн зурагтыг хулгайлж хохирогч Н.Ад 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Х.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л.Б уг айл руу ороод зурагт аваад гараад ирсэн. Би уг зурагтыг нь тэврээд ... явж байгаад цагдаа нарт баригдсан юм. Л.Быг хаашаа зугтаасныг хараагүй.” /2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Х бид хоёр явж байгаад ... би гэрийг онгойлгож ороод зурагтыг аваад гарсан. Бид хоёр ... явж байтал цагдаагийн автомашин ирээд “Зурагт барьж яваа хүн наашаа хүрээд ир” гээд чанга яригчаараа ярихаар нь Х.Х зурагтаа тэврээд онгорхой байсан хашаа руу яваад орчихсон. Би нөгөө зурагт авах гэж байсан залуутай хамт цагдаагийн автомашины хажуугаар нь гараад явчихсан. Х.Х цагдаад баригдаад би зугтаасан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас/, мэдүүлгүүд,
хохирогч Н.А, гэрч Х.Даваадорж, М.Батсүх нарын мэдүүлгүүд /3 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан шүүгдэгч Л.Б, Х.Х нарын үйлдлийг прокуророос шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буцаан хэрэглэж зүйлчилсэн нь буруу бөгөөд хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчжээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь “хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих” байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” болж хүндрүүлсэн байх бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “...оногдуулах ялыг хүндрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тодорхой заасан байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бын үйлдлийн зүйлчлэлийг ял хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг хуулийн ерөнхий ангийн 11.1 дэх хэсгийг журамлаагүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах замаар зөвтгөв.
Мөн “бүлэглэн хохирогч Л.Аыг биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр санаатай алсан” гэж прокуророос ялласны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д, Л.Б нарыг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “бүлэглэн хохирогч Л.Аыг онц харгис хэрцгийгээр санаатай алсан” гэж хэт ерөнхийлөн дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 06.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд хохирогч Л.Аыг архи ууж согтуурсан буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжинд болон зүүн нүдэн тус газарт нь тус тус нэг удаа хутгалж санаатай алсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хэрэгт Д.Дийг оролцоотой гэж үзэж байна. Д. Дамбасанж нь өмнө нь хүний нүд рүү хутгалсан, хүний нүд ухдаг гэж сонсогдсон. Манай дүүгийн нүдийг хутгалсан байдаг. Гэрч Нямдэлэг нь Д.Дийг хутгатай байсан гэж гэрчилдэг.” /1 дүгээр хавтаст хэргийн 60-62, 98, 5 дугаар хавтаст хэргийн 1-22 дугаар хуудас/,
гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд нэг мэдэхэд хашаан дотор дуу чимээ гараад, хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би босоод гэрийнхээ үүднийхээ модон амбаарын завсараар хартал Д.Д зүүн гартаа жижиг хутга барьчихсан хашаан дотор байрлах овоолчихсон шорооны дэргэд зогсож байсан. Харин Л.Б газар хэвтэж байсан эрэгтэй хүний цамцыг нь дээш сөхөж байгаад Д.Дид үзүүлж байхыг би амбаарын нүхээр харсан. Тэр үед Л.Б хамт ирсэн хүмүүсээ хөөгөөд хашаанаас гар, гар гэж хэлж байх нь сонсогдсон. Тэр үед нөгөө хүмүүс нь бүгд хашаанаас гарч байсан. Тэр үед Л.Б нөгөө газар хэвтэж байсан хүний цамц, гар утсыг аваад зогсож байтал Д.Д байшин дотроос дуудсан. Л.Б тэр гар утсаа гартаа барьсан чигээрээ Д.Дийн байшин руу орсон. Энэ үед нөгөө газар хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байдалтай харагдаж байсан. Удалгүй Д.Д, Л.Б нар гарч ирээд газар хэвтэж байсан хүнийг чирж гаргахаар Л.Б татаад дийлэхгүй байсан. Тэгтэл манай нөхрийг Д.Д дуудаад газар байсан хүнээ чирж гаргуулах гэж оролдсон. Тэгтэл манай нөхөр ганцаараа дийлэхгүй байсан. Тэгтэл Д.Д хашааны гаднаас Л.Быг дуудаад “Айгаад байгаа юм уу, ороод ирээч” гэж хэлсэн. Тэгээд байж байтал хашааны гаднаас орж ирээд манай нөхөртэй хамт газар хэвтэж байсан хүнийг хашаанаас чирж гаргасан. ...Дамбасанж амбаарт орж ирээд гэрт оролгүй “Намайг орой ирээгүй гэж хэлээрэй” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн… Хашааны хаалга түгжих гээд очиход нөгөө хэвтэж байсан газраас хашааны хаалга хүртэл шороон дээр чирэгдсэн зураас гарсан байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг чирээд аваад гарч гэж бодсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 70-74, 4 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,
гэрч Т.Ариунсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хашаанаас нэг өвгөн настай хүн гарч ирээд миний машины хажуугаар өнгөрөөд явж байсан залуу руу “Батбаяр аа” гэж орилсон. Тэгсэн нөгөө хүн нь “Аан яасан” гээд буцаж яваад нөгөө өвгөнтэй уулзаад хашаа руугаа орсон. Хашаа руу орсноос хойш удаагүй нөгөө Батбаяр гэж дуудуулж байсан залуу хашаанаас гарч ирээд бөөрөнхий хог шиг зүйлийг ертөнцийн зүгээр урд талын айлын хашаа давуулж шидчихээд орчихсон. Би тухайн үедээ “Ямар муухай хүн бэ, хогоо айлын хашаа руу шидлээ” гэж бодсон. Тэр залуу буцаад хашаа руугаа орсон. Удалгүй “Батбаяр” гэж дуудуулсан залуу нь бас нэг залуугийн хамт урд айлын хашааны тэнд зогсож байсан. Тэр хоёр хүний голд ууттай гэмээр том зүйл харагдахаар нь би “Дахиад хогоо гаргаад хаячихлаа” гэж бодсон. Тэгээд би автомашинаасаа буугаад шилээ арчингаа тойроод яваад байсан чинь нөгөө 2 залуу буцаад хашаа руугаа орчихсон. Би автомашиныхаа тэндээс нөгөө 2 залуу байсан хашааны тийшээ харахад хүн хэвтэж байгаа гэмээр юм шиг байхаар нь “Хамт архи уугаад агсам тавихаар нь гадаа гаргачихаж байгаа юм байх даа” гэж бодоод очиж үзэх гэж байтал Должинсүрэн гарч ирээд “Явъя” гэж хэлээд би автомашиндаа суугаад явсан. Энэ үйл явдал хурдан болоод өнгөрсөн.” /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/,
гэрч М.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 7-ны өглөө 7 цагийн үед жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд цус болсон хүн дээшээ хараад хэвтэж байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгсөн газар очиход дээшээ харсан байдалтай нүүр, цээж хэсэг нь цус болсон 35-40 насны эрэгтэй хүн хэвтэж байсан ба тэр хүн нас барсан байсан. ... Цогцос байсан газраас баруун хойд зүгээс гудамжны шороон замыг хөндлөн чирсэн бололтой, зөөвөрлөсөн байдалтай мөр олдсон. Мөрийг дагаад явахад 15 дугаар гудамжны 50 тоот хашааны үүдэнд очоод мөр нь алга болсон. Эрүүгийн төлөөлөгч Ганбаяртай хамт 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд орж... Би гэрт байсан эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй “Үүрээр 5 цагийн үед хоорондоо маргалдаж байгаад нөхрийн дүү Д.Д хутга бариад танхайраад байсан, хоорондоо зодолдоод нэг мэдсэн чинь тэр хүн үхсэн байсан, Д.Д тэр хүнийг цуг байсан хүмүүсээрээ зөөлгөөд “цагдаад хэлэх юм бол ална шүү” гэж хэлээд яваад өгсөн, би айж байна” гэж хэлсэн. Мөн хашаанд байх овоолсон шорооны ойр орчим хохирогчийн гутлын мөр гарсан байсан” /3 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,
гэрч Л.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Д, Л.Б ах хоёр баригдахын өмнө хэдэн цагийн өмнө над руу утсаар ярьсан юм. Эхлээд Л.Б ах утсаар яриад “цуг явсан гэж цагдаа нарт хэлж болохгүй шүү” гэсэн, араас нь Д.Д яриад “автомашин барьж цуг явсан гэж хэлж болохгүй шүү, чамд ерөөсөө хамаагүй” гэж хэлчихээд утсаа салгасан.” /3 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Л.Аын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн нүдний дотор болон гадна булангийн зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, бусад зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байх бөгөөд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гэмтэл авсан үедээ ганц нэг үйл хөдлөл хийх боломжтой боловч удаан хугацаанд идэвхитэй үйл хөдлөл хийж чадахгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлийн байдлаас харахад гэмтэл нь босоо буюу суугаа байрлалд байхад үүссэн байх боломжтой байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ.” гэх 879 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “нэр хаяггүй 40-45 эр 7М гэсэн хаягтай цусанд 4.0 промили, шээсэнд 4,3 промили спиртийн агууламж тус тус илэрч байна.” гэх 4110 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,
“...Яллагдагч Д.Дийн хэрэг болох үед өмсөж байсан гэх саарал өнгийн куртик, 1 хос бор шаргал оймс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна” гэх 7847 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 139-141 дүгээр хуудас/,
“...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1, 3, 4 дугаартай цаасан ууттай шороо дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.” гэх 4160 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,
“...Сэжигтэн Д.Дийн хэрэг болох үед өмсөж явсан гэх саарал өнгийн куртик, шаргал өнгийн оймс дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Сэжигтэн Д.Дийн хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн богино түрийтэй гутал, саарал кэпкэн малгай дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байна.” гэх 4152 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудас/,
“...Д.Дийн биед цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дамбасанжийн цусанд 0.8% спиртийн агууламж илэрсэн байх ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Д.Дийн цус нь АВО системийн Ва(III) бүлгийн харъяалалтай байна.” гэх 6799 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-21, 3 дугаар хавтаст хэргийн 165-172/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 90-92 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дугаар хуудас/, амь хохирогч Л.Аын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, Л.Б, Д.Д нарын хувцсыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-32, 40-47 дугаар хуудас/ гэрч Э.Батсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 93-97 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.Батсайхан нарын мэдүүлэг, амь хохирогчийн биед учирсан 1-2 удаагийн хутгалагдсан шарх гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг судлахад шүүгдэгч Д.Д нь тухай үед амь хохирогч Л.Атай харилцан маргалдаж, зодолдсон, амь хохирогч нь илт согтуурч биеэ хамгаалах чадваргүй байхад нь Л.Бтай бүлэглэж онц харгис хэрцгийгээр алсан гэх байдал тогтоогдохгүй байх тул түүний зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Онц хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын амь насыг санаатай хохироосон шүүгдэгч Д.Дийн үйлдлийг прокуророос шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-д зааснаар буцаан хэрэглэж зүйлчилсэн нь буруу бөгөөд түүний зүйлчлэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх нь хуульд нийцнэ гэж үзэв. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь “арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих” байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих” болж хөнгөрүүлсэн байх бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч Д.Дид шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Шүүгдэгч Л.Б нь “Би хохирогч Л.Аыг хутгалж алсан. Энэ хэрэгт Д.Д хамаагүй” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримтыг өөр өөр байдлаар худал мэдүүлж байгаа нь тогтоогдож байна. Мөн амь хохирогч Л.А нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн нэг удаа хутгалагдсан шархны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 879 дугаартай шинжээчийн дүгнэлт/, хэрэгт авагдсан баримтаар амь хохирох үедээ эсэргүүцэл үзүүлсэн буюу түүнийг Д.Д хутгалах үед Л.Б хамжсан буюу учрах саадыг арилгаж идэвхтэй үйлдлээр бүлэглэсэн байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс гэмтлийг хоёр хүн учруулсан, бүлэглэсэн гэж дүгнэн шүүгдэгч Л.Б, Д.Д нарыг хоёуланг нь энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насыг хохироосон гэм буруутай шүүгдэгч Д.Даас гэм хорын хохиролд нийт 9.245.825 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалд олгож, уг хохирол төлбөрийг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулах нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэхүү магадлалаар зөвтгөв.
Шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Х.Х, Л.Б, Д.Д нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зөв дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Л.Б, Х.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Бын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дийн үйлдлийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэг”-т зааснаар зүйлчилснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Боржигин овогт Л-н Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Д-н Дийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Боржигон овогт Х-н Хыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,
“Боржигон овогт Д-н Дийг хүнийг алсан гэм буруутайд, Боржигин овогт Л-н Б, Боржигон овогт Х-н Х нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Л.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Д.Дийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Шүүгдэгч Х.Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг,
“Д-н Дийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Л-н Быг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Х-н Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.Д нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Х.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.Б, Х.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас 2.774.000 төгрөг, Д.Даас 6.471.825 төгрөг, нийт 9.245.825 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалд олгож, Л.Хишигжаргалын нэхэмжилсэн хохиролоос 2.162.360 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Даас 9.245.825 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хишигжаргалд олгож, Л.Хишигжаргалын нэхэмжилсэн хохирлоос 2.162.360 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Хэрэгт” гэснийг өмнө “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар” гэж нэмэлт, өөрчлөлт тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Л.Б, Х.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Ц.ОЧ