Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         Хэргийн индекс:114/2019/0009/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Шарын гоулд” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн захирал Д.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад холбогдох

“Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 тоот “гэрээ цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож, “Шарын гоулд” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагааг хуулийн дагуу цаашид хэвийн явуулахыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгах тухай’’  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч:                                    Б.С       нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Шарын гоулд бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь Шарын гол сумын Шарын хөндий гэх газарт орших 3.7 гектар талбайд бичил уурхайн зориулалтаар алт олборлохоор Шарын гол сумын засаг даргатай  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ, мөн нийгмийн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Гэрээ байгуулсан талбай дээрээ ажлаа эхлүүлэхээр зохих хэмжээний зардал буюу нийт 25 сая гаруй төгрөгийн зардал гаргаж “Хөх хасагт” ХХК-аар талбайн хилийг тогтоолгож, шав тэмдэг суулгуулж, гэрээнийхээ дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд явж байсан ба Засаг дарга нь манай нөхөрлөлийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй байхад гэрээ байгуулснаасаа хойш 1 сар 09 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр А/89 тоот гэрээ цуцлах захирамж гаргасан. 2018 оны 7 дугаар сард Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/89 тоот гэрээ цуцлах тухай захирамжийг хүчингүй болгож, “Шарын гоулд” ББН-ийн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахад тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг 2019  оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Шүүгчийн захирамжид зааснаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/89 тоот “гэрээ цуцлах” тухай захирамжийг хүчингүй болгуулахаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасан.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Засаг даргад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн. Д.А нь гэрээ цуцлах захирамждаа манай нөхөрлөлд өгсөн талбай нь усны сан бүхий онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн байсан. Гэтэл манай нөхөрлөлд олгосон талбайтай адил талбай бүхий газарт “Баян газрын баялаг” нэртэй нөхөрлөл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, олборлолтоо дууссаны дараа нь гэрээг нь цуцалсан асуудал нь нөхөрлөлийн гишүүд бидний зүгээс Засаг дарга Д.А-г уг нөхөрлөлтэй ашиг сонирхол нэг гэж үзэх хардлагыг төрүүлж байна. Анхнаасаа манай нөхөрлөлд олгосон газар нь усны сан бүхий онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байсан юм бол яагаад манай нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулсан юм бол. Үүнийг би болон манай нөхөрлөлийн гишүүд ойлгохгүй байна. Иймд асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 тоот “гэрээ цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож, “Шарын гоулд” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагааг хуулийн дагуу цаашид хэвийн явуулахыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Усны тухай хуулийн 22.2-т усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасныг зөрчсөн гэсэн нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ч.Н нь газар дээр ирж хяналт шалгалт хийсэн ба шалгалтын явцын талаарх зөвлөмжийн дагуу Шарын гоулд ББН-ийн сумын Засаг даргатай байгуулсан гэрээг цуцлах тухай 2018 оны 01/356 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэл хүргүүлснээс хойш ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй учир 2018 оны А/89 тоот захирамжаар гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн. ”Хөх хасагт” ХХК-нь бичил уурхайн хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн тухай актыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд сумын газрын даамал болон холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулалгүй дур мэдэн шав тэмдэг тавьсан нь голын эргээс 5 метр хүртэл ойрхон байсан нь голын онцгой хамгаалалтын бүс 50 метр дотор нэвтэрсэн байсан ба тухайн нөхөрлөлтэй байгуулсан гэрээнд нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулахдаа гэрээний 3.1.5-д байгаль орчныг хамгаалж, гол горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх үүрэгтэй гэж заасан. Шарын гоулд ББН-ий талбай  нь усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа. Баян газрын баялаг ББН нь үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч иргэдээс гомдол ирсэн, компаниас хүсэлт ирсний дагуу гэрээг нь цуцалсан. 

Шарын гоулд ББН-ийн газар нь голын эргээс 50м дотогш зайнд, мөн  Шарын гоулд ББН-ийн маргаан бүхий газрын хувьд газар олгосны дараа кадастрын зураг хийлгэж үзэхэд тус газар нь голын захаас 50 м дотогш орсон байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дахин хуралдаж бичил уурхайн зориулалтаар зөвшөөрөл олгох бүх газрыг хүчингүй болгож бэлчээрийн газарт шилжүүлсэн.  2014 оны тогтоолын хугацаа 2019 оны 5 сард дуусч байгаа. Тиймээс бид энэ жил буюу 2019 онд Иргэдийн хурлын тогтоол гаргаж тус газруудыг бэлчээрийн талбай болгож өөрчилсөн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талтай анх гэрээ байгуулахдаа усны гольдрол, Усны тухай хуулиа сайн судлаагүй байж. Анх газар олгоход тодорхой зураг байгаагүй. Сүүлд кадастрын зураг хийлгэхээр зарим нь уурхайн эзэмшил газар руу, зарим нь голын эргээс 50 м дотогш орсон учраас гэрээ цуцлах тухай захирамж гарсан, захирамж гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарын гол сумын Засаг даргын А/89 захирамж хуулийн дагуу гарсан ба уг захирамжид Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын холбогдох заалтыг  баримталсан. “Шарын гоулд” ББН-ийн ашигт малтмал олборлолт явуулах газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалттай зөрчилдсөн учраас Шарын гол сумын Засаг даргаас хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу А/89 дугаар захирамжийг гаргаж мэдэгдэх ажиллагаа явуулсан. Иймд А/89 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Даалгах нэхэмжлэл нь эс үйлдэхүйтэй хамт байх ёстой буюу эс үйлдэхүй байгаа тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар яригдана.Нэхэмжлэгчээс акт хүчингүй болгуулах болон даалгах нэхэмжлэл гаргасан нь хоорондоо уялдаа холбоогүй байна. Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, хэрэв даалгах нэхэмжлэлийг шийднэ гэвэл эхлээд хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоож ёстой. Шарын гоулд ББН-ийн ашигт малтмал олборлох талбайг Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хязгаарлалтын бүс тогтоосон. Өмнө нь өнөөдрийн хэлэлцэж буй маргааныг шийдвэрлэхдээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан учраас нэхэмжлэгч  урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргад хандахад Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга А-ээс Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3 дахь заалтыг бариад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариу өгсөн байх ба энэ хариуг нь дэмжиж байна. Нэхэмжлэгч тал Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/89 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа бол уг захирамжийг мэдсэн буюу мэдэх байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад, шүүхэд хандах ёстой.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч талын хувьд нэхэмжлэгч талтай анх гэрээ байгуулахад өгсөн 3 сая төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Өмнө нь нэхэмжлэгч тал хохирол нэхэмжилж байсан хэдий ч одоо нэхэмжлээгүй. Нэхэмжлэгчийг Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзэхгүй байна. Маргаан бүхий газрын талаар зохих мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гарсан учраас гэрээг цуцалсан. Шарын гол сумын Засаг даргын А/89 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Шарын гоулд” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 тоот “гэрээ цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож, “Шарын гоулд” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагааг хуулийн дагуу цаашид хэвийн явуулахыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагаас гаргасан байх ба хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 дүгээр “гэрээ цуцлах тухай” захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.5, 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Шарын гоулд” нөхөрлөлийн талбай усны сан бүхий онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэж үзэн тус суманд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч “Шарын гоулд” нөхөрлөлийн сумын Засаг даргатай 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг цуцалжээ.Энэхүү маргаан бүхий Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын хөндий нэртэй газрыг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар “тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар авахаар газрын хил зааг, талбайн хэмжээ, солбицолыг нэгж талбараар нь баталж тус тус шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна” гэж заасантай нийцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын зургаадугаар зүйлийн 6.1.3-т “энэ журмын 7.1.2-т сумын Засаг дарга нь шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах” бүрэн эрхтэй гэж зааснаар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ, мөн “Нийгмийн хариуцлагын гэрээ”-г Шарын гол сумын Засаг дарга, “Шарын гоулд” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн ахлагч Д.Батсүх нар тус тус байгуулсан байна. Хариуцагч Шарын гол сумын Засаг дарга нь  “газар дээр ирж хяналт шалгалт хийсэн ба шалгалтын явцын талаарх зөвлөмжийн дагуу Шарын гоулд ББН-ийн сумын Засаг даргатай байгуулсан гэрээг цуцлах тухай 2018 оны 01/356 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэл хүргүүлснээс хойш ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй, зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, иргэдээс өргөдөл гомдол гарсан тул нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлах боловч ямар ямар иргэд, хэдийд, хэнд хандаж гомдол гаргасан нь тодорхойгүй, иргэдээс өргөдөл гомдол ирээгүй болох нь сумын засаг даргын орлогч Б.Б-н 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 02/29 тоот албан бичгээр нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулга нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байна. Тодруулбал сумын засаг даргын А/89 дүгээр захирамж гарсаны дараа 10/326 дугаар танилцуулгад дурьдагджээ.

Хэдийгээр сумын Засаг дарга нь  Усны тухай хуулийг зөрчиж “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг Шарын гоулд нөхөрлөлтэй байгуулсан боловч “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын зургаадугаар зүйлийн 6.1.4-д “бичил уурхай эрхлэгч нь гэрээгээр тогтоосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих”,  бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-д “бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд хавсаргах” эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулагдсанаас үзэхэд сумын засаг дарга тухайн бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож байршлын зургийг бодит байдлаар хэмжилт хийж, газрын хэмжээ болон хил заагийг зөв тодорхойлж өгөх эрхтэй байх ба хариуцагч нь дээрх эрхийг хэрэгжүүлж ажиллах  чиг үүрэгтэй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул тодорхой бус нөхцөл байдлуудыг хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд шинжлэн судалж тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, эдгээр судлах нөхцөл байдлын цар хүрээ шүүхээс илүү хариуцагчид хадгалагдаж байх учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актын биелэлтийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурьдвал зохино.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан хянан шийдвэрлэх боломжтой гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.11, 107.6 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсгүүдэд   заасныг тус тус баримтлан хариуцагч  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын  Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг 4 /дөрөв/  сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

       2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бодитоор судлан тогтоон улмаар бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээ, байршлын зургийг тодорхойлох талаар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн А/89 дүгээр  захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

                                                                                                                                                                       

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА