Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2017/00239

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2017/00239

Тосонцэнгэл сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суугч Д овогт С.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа, хүний нөөц хариуцсан менежерээр томилуулах,  2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26 ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 524979 /таван зуун хорин дөрвөн мянга есөн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхриймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2014 онд Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 03 ны өдрийн 58 тоот тушаалаар Бичиг хэрэг архивын ажилтан аар томилогдож, 2015 оны 01 дүгээр сарын 05 ны өдрийн Б/01 тушаалаар хүний нөөцийн албан ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 2016 оны 03 дугаар сарын 31 ны өдрийн Б/11 тоот тушаалаар Хүний нөөц хариуцсан ажилтан аар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэйгээр ажиллаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27 ны өдрийн А/21 тоот Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар Захиргаа хүний нөөц хариуцсан менежер гэсэн нэрээр миний үндсэн ажлын байр батлагдаж ирсэн. Гэвч захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б нь уг ажлын байрыг мэдээллийн технологийн багшийн ажлын байраар сольсон бөгөөд учрыг лавлахад яамнаас захиргаа аж ахуй хариуцсан менежерт хүний нөөцийг хариуцуул гэсэн гэж хэлсэн. Уг ажлын байрыг алга болгох тухай албан бичиг ирээгүй. Р.Б нь 2017 оны 03 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалаар ямар нэгэн шалтгаангүйгээр ажлын байрыг шууд сольж, намайг мэдээллийн технологийн багшаар томилон, Захиргаа хүний нөөц хариуцсан ажилтны орон тоонд шинэ хүн авч ажиллуулсан. Р.Б надад хэлэхдээ Захиргаа хүний нөөц хариуцсан ажилтны орон тоо байхгүй болсон тул мэдээллийн технологийн багшаар ажиллаж бай гэсэн. Гэтэл би өнөөдрийг хүртэл мэдээлэл технологийн багшаар ажиллаагүй, мэдээлэл технологи хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Намайг чиний ажлын орон тоо байхгүй болсон гэж төөрөгдүүлж өөр албан тушаалд томилсон. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг бариагүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Надад тушаал өгөөгүй мөн намайг төөрөгдүүлж уг тушаалыг гаргасан учир захиргаа, хүний нөөц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26 ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 524979 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 31 ний өдөр авсан. Энэ нь хэрэгт авагдсан уг тушаалд 2017 оны 08 дугаар сарын 31 ний өдөр хуулбар үнэн дарсан тэмдгээр нотлогдож байгаа тул хуулийн хугацаанд гомдлоо гарсан гэж үзэж байна... гэв.

Хариуцагч Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус байгууллагад мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаа С.Б-н нэхэмжлэлд дурдагдсан Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан гэсэн ажлын орон тоо Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27 ны өдрийн А/21 тоот Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалаар батлагдаж ирээгүй. Харин Захиргаа, хүний нөөц хариуцсан менежер гэсэн орон тоо батлагдаж ирсэн тул уг албан тушаалд Б.Г ажлын туршлага, ажлын байрны тодорхойлолтыг харгалзан томилсон. С.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 д зааснаар орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн заалтыг баримтлан ажлаас чөлөөлөөгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Захирлын зөвлөл ийн хурлаар хэлэлцэн захирлын Б/16 тоот тушаалаар Мэдээллийн технологийн багш аар томилон ажиллуулсан боловч энэ албан тушаал нь сайдын А/21 тоот тушаалд байхгүй тул 2017 оны 8 дугаар сарын 24 ний өдрийн Захирлын зөвлөл ийн хурлаар хэлэлцэн 2017 оны 8 дугаар сарын 25 ны өдрийн Б/46 тушаалаар Мэдээллийн технологийн багш ийн ажлаас чөлөөлж, Компьютер, мэдээлэл зүйн багш аар томилон нөхцөл боломжийн хүрээнд шилжүүлэн ажиллаж байна. Захиргаа хүний нөөц хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолтод боловсролын байгууллагын алба, салбар, тэнхимийн удирдах албан тушаалд 3 аас доошгүй жил ажилласан байх гэсэн тусгай шаардлага байдаг нь ажилд томилохгүй байх 2 дахь шалтгаан болно. Мөн С.Б нь цалингийн зөрүү 524.979 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2017 оны 01, 02 сард сарын үндсэн цалин 535.000 төгрөгийг ажил хавсарсан 214.114.000 төгрөгийн цахим тоног төхөөрөмж хариуцсан цалинг авсан. Хөдөлмөрийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27 ны өдрийн А/21 тоот тушаалаар цахим тоног төхөөрөмж хариуцсан хавсарсан албан тушаал байхгүй болсон. 3 дугаар сарын 02 ны өдрөөс мөрдлөг болгохоор 3 10 сар дуусах хугацаанд өмнөх цалингаар 535.286 төгрөг нийт 3.964.721 төгрөгийн цалин авах байсан. Харин тус хугацаанд мэдээлэл технологийн багшийн цалин 556393 төгрөг, мөн архив бичиг хэрэг хавсран 40% ажил гүйцэтгүүлж, үндсэн 4070259 төгрөг, ажил хавсарсан 714968 төгрөг нийт 4785227 төгрөгийн цалинг олгосон байна. Бусад нэмэгдлийг тооцоогүй болно. 820506 төгрөгийн зөрүү өмнөх цалингаас илүү олгосон байна. 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалыг өгөөгүй байх үндэслэлгүй учир нь тус өдөр тушаалыг С.Б нь өөрөө боловсруулан гаргасан... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа, хүний нөөц хариуцсан менежерээр томилуулах, 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26 ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 524979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 31 ний өдрийн Б/11 тоот тушаалаар 2016 оны 4 дүгээр сарын 01 ний өдрөөс тус төвд хүний нөөц гадаад харилцаа хариуцсан ажилтнаар томилогдож, мөн тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалаар 2017 оны 3 дугаар сарын 01 ний өдрөөс хүний нөөц гадаад харилцаа хариуцсан ажилтнаас чөлөөлөгдөж, 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс мэдээллийн технологийн багшаар томилогдсон байна.

Мөн ажил олгогч Тосонцэнгэлийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б-тай мэдээллийн технологийн багшийн албан тушаалд ажиллахаар 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч С.Б нь ...Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 31 ний өдөр авсан. Энэ нь 2017 оны 8 дугаар сарын 31 ний өдөр хуулбар үнэн дарсан тэмдэглэл, мөн тус төвийн захирлын тушаал, шийдвэрийг холбогдох ажилтанд танилцуулсан тухай бүртгэлийн дэвтэрт танилцсан талаар гарын үсэг зураагүй байгаа тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байгаа. Тиймээс хуулийн хугацаанд гомдлоо гаргасан... гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан ...С.Б-г 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан албан тушаалаас чөлөөлж, мэдээллийн технологийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн... тухай Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, мөн С.Б нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдөр Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б-тай мэдээллийн технологийн багшийн албан тушаалд ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр няцаагдаж байна.

Мөн Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгч С.Б нь оролцсон байхын зэрэгцээ уг хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч мэдээллийн технологийн багшийн албан тушаалд ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, тэрээр 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс хойш өмнө эрхэлж байсан хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан албан тушаалаас өөр бичиг хэрэг, архивын ажилтан болон компьютер мэдээлэл зүйн багш /ажилтан/ аар ажиллаж цалин хөлс авч байсан болох нь түүний ...Би 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 25 ны өдрөөс компьютер мэдээлэл зүйн багшаар өнөөдрийг хүртэл ажиллаж цалин хөлс авч байгаа... гэсэн тайлбараар нотлогдож байна.

Иймд С.Б-г 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан албан тушаалаас чөлөөлөгдөж, мэдээллийн технологийн багшаар ажиллах болсноо болон Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б-н гаргасан тушаал шийдвэрийг мэдээгүй буюу уг тушаал шийдвэрт гомдол гаргах, мөн эрхээ зөрчигдсөнийг мэдээгүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Б нь 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс буюу Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаас болон мэдээллийн технологийн багшийн албан тушаалд ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс нэхэмжлэгч С.Б-г өөр ажил, албан тушаалд буруу шилжүүлсэн гэх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргаагүй байна гэж шүүх үзлээ.

Мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 06 нд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагаврыг бий болгожээ.

Иймд нэхэмжлэгч С.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгч С.Б нь өөрийн өмгөөлөгч болон хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүнийг эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д овогт С.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа, хүний нөөц хариуцсан менежерээр томилуулах, 2017 оны 3 дугаар сарын 02 ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26 ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 524979 /таван зуун хорин дөрвөн мянга есөн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ӨЛЗИЙХИШИГ