Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 04

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишигийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б- нь анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2014 онд Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 58 тоот тушаалаар Бичиг хэрэг архивын ажилтан-аар томилогдож, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тушаалаар хүний нөөцийн албан ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Хүний нөөц хариуцсан ажилтан-аар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэйгээр ажиллаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар Захиргаа хүний нөөц хариуцсан менежер гэсэн нэрээр миний үндсэн ажлын байр батлагдаж ирсэн. Гэвч захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.*******уу нь уг ажлын байрыг мэдээллийн технологийн багшийн ажлын байраар сольсон бөгөөд учрыг лавлахад яамнаас захиргаа аж ахуй хариуцсан менежерт хүний нөөцийг хариуцуул гэсэн гэж хэлсэн. Уг ажлын байрыг алга болгох тухай албан бичиг ирээгүй. Р.*******уу нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаалаар ямар нэгэн шалтгаангүйгээр ажлын байрыг шууд сольж, намайг мэдээллийн технологийн багшаар томилон, Захиргаа хүний нөөц хариуцсан ажилтны орон тоонд шинэ хүн авч ажиллуулсан. Р.*******уу надад хэлэхдээ Захиргаа хүний нөөц хариуцсан ажилтны орон тоо байхгүй болсон тул мэдээллийн технологийн багшаар ажиллаж бай гэсэн. Гэтэл би өнөөдрийг хүртэл мэдээлэл технологийн багшаар ажиллаагүй, мэдээлэл технологи хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Намайг чиний ажлын орон тоо байхгүй болсон гэж төөрөгдүүлж өөр албан тушаалд томилсон. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг бариагүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Надад тушаал өгөөгүй мөн намайг төөрөгдүүлж уг тушаалыг гаргасан учир захиргаа, хүний нөөц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 524979 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр авсан. Энэ нь хэрэгт авагдсан уг тушаалд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хуулбар үнэн дарсан тэмдгээр нотлогдож байгаа тул хуулийн хугацаанд гомдлоо гарсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******уу нь анхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус байгууллагад мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаа С.Б-ын нэхэмжлэлд дурдагдсан Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан гэсэн ажлын орон тоо Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц орон тоог батлах тухай тушаалаар батлагдаж ирээгүй. Харин Захиргаа, хүний нөөц хариуцсан менежер гэсэн орон тоо батлагдаж ирсэн тул уг албан тушаалд Б.*******ыг ажлын туршлага, ажлын байрны тодорхойлолтыг харгалзан томилсон. С.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн заалтыг баримтлан ажлаас чөлөөлөөгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Захирлын зөвлөл-ийн хурлаар хэлэлцэн захирлын Б/16 тоот тушаалаар Мэдээллийн технологийн багш-аар томилон ажиллуулсан боловч энэ албан тушаал нь сайдын А/21 тоот тушаалд байхгүй тул 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Захирлын зөвлөл-ийн хурлаар хэлэлцэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 тушаалаар Мэдээллийн технологийн багш-ийн ажлаас чөлөөлж, Компьютер, мэдээлэл зүйн багш-аар томилон нөхцөл боломжийн хүрээнд шилжүүлэн ажиллаж байна. Захиргаа хүний нөөц хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолтод боловсролын байгууллагын алба, салбар, тэнхимийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн тусгай шаардлага байдаг нь ажилд томилохгүй байх 2 дахь шалтгаан болно. Мөн С.Б- нь цалингийн зөрүү 524.979 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2017 оны 01, 02 сард сарын үндсэн цалин 535.000 төгрөгийг ажил хавсарсан 214.114.000 төгрөгийн цахим тоног төхөөрөмж хариуцсан цалинг авсан. Хөдөлмөрийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар цахим тоног төхөөрөмж хариуцсан хавсарсан албан тушаал байхгүй болсон. 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөрдлөг болгохоор 3-10 сар дуусах хугацаанд өмнөх цалингаар 535.286 төгрөг нийт 3.964.721 төгрөгийн цалин авах байсан. Харин тус хугацаанд мэдээлэл технологийн багшийн цалин 556393 төгрөг, мөн архив бичиг хэрэг хавсран 40% ажил гүйцэтгүүлж, үндсэн 4070259 төгрөг, ажил хавсарсан 714968 төгрөг нийт 4785227 төгрөгийн цалинг олгосон байна. Бусад нэмэгдлийг тооцоогүй болно. 820506 төгрөгийн зөрүү өмнөх цалингаас илүү олгосон байна. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаалыг өгөөгүй байх үндэслэлгүй учир нь тус өдөр тушаалыг С.Б- нь өөрөө боловсруулан гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныгбаримтлан Дайртан овогт С-ийн Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Захиргаа, хүний нөөц хариуцсан менежерээр томилуулах, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 524979 /таван зуун хорин дөрвөн мянга есөн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 239 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт хэсгийг буюу тухайн харилцааг тухайлан заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс буюу Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаас болон мэдээллийн технологийн багшийн албан тушаалд ажиллахаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгч С.Б-ыг өөр ажил, албан тушаалд буруу шилжүүлсэн гэх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргаагүй байна гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг буруу тайлбарласан байна. Энэ нь Ажил олгогч шийдвэр гаргасан байх, Ажилтан нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан буюу гардан авсан байх, ажилтан нь эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх ёстой байсан гэх ерөнхий заалтаар заагаагүй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үүз гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******уу давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. С.Б- нь Хөдөлмөрийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг үндэслэн Захиргаа, хүний нөөц хариуцсан менежер-ээр томилуулах гэсэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 26-нд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсэн тайлбар, хавсралтад тодорхой тусгасан байгаа. ...Менежер ажилтан хоёрын ажил, албан тушаалын ангилал, зэрэглэлийн ялгаа нь Засгийн газрын 2007 оны 356 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад тодорхой заасан байдаг.

2. С.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аас чөлөөлөгдөж Мэдээллийн технологийн багшаар ажиллах болсоноо мэдээгүй гэсэн нь өмнөх тайлбаруудаас энэ хүний худал ярьж байгаа нь харагдах байх С.Б-ын дээрх худал мэдүүлэг үйлдлүүд нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгааг харуулах болно.

3. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаалыг өгөхгүй байсан гэсэн байх. Тус өдөр тушаалыг С.Б- өөрөө боловсруулан гаргасан ба Хөдөлмөрийн гэрээ байгуулан гарын үсгээр баталгаажуулсан баримт байгаа болно. Мөн цалин хөлсөө сар бүр авсанаас харагдаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. давж заалдах гомдлын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна. Гэтэл шилжүүлсэн тушаалаа нэхэмжлэгчид өгөөгүй мөн ажил олгогчийн зүй бус шаардлагаар өөр ажилд шилжүүлсэн асуудал байдаг. Гэтэл анхан шатны шүүх үзэхдээ нэхэмжлэгч талаас өөр ажилд шилжүүлсэн тухай мэдсэн байна. Хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсгийн энэ үүргийг биелүүлээгүй учраас хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болоогүй гэж үзэж байна. Уг тушаалаа албан ёсоор 2017 оны 08 дугаар сарын 31-нд нэхэмжлэгчийг ажлаас шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч С.Б- нь Тосонцэнгэл Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан-аар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б/16 дугаартай тушаалаар С.Б-ыг хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтнаас чөлөөлж, мэдээллийн техниологийн багшаар томилжээ.

Ажил олгогчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дээрх тушаалыг үндэслэн С.Б- нь мэдээллийн техниологийн багшийн албан тушаалд ажиллахаар талууд тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар түүнийг ажлын байрнаас чөлөөлж, цагийн багшаар ажилуулахаар томилсон нөхцөл байдал тогтоогджээ.

Нэхэмжлэгч С.Б- нь ажил олгогчийн дээрх тушаалд гомдол гаргаагүй, ажил олгогчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах, хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухайхуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан ... үеэс үүснэ гэж тус тус заасан.

Дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн үе нь тус байгууллагын хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтаны ажлаас чөлөөлөгдөж, мэдээлэл техниологийн багшийн ажилд томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан 2017 он 03 дугаар сар байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн байх ба улмаар нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тогтоогдоогүй байна..

Анхан шатны шүүх түүний шүүхэд гомдол гаргах эрх үүссэн үеийг хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан зөв тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан журмын дагуу тоолж, нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтэрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Б- нь нэхэмжлэлээ дээрх хуулийн хугацаанд гаргасан гэдгээ шүүхэд нотлож чадаагүй, эсхүл гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдгээ шүүхэд тайлбарлаж, нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн эсэх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдсон эсэх асуудлыг дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхээс ажил олгочийн гаргасан тушаалд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР