Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2017/00058

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2017/00058

Тосонцэнгэл сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суугч С овогт Ө.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... Т овогт Л.Б-т холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.О, хариуцагч Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Б эрхлэгч нь намайг анх 2016 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 04 ний өдрийн 63 дугаар зохигчийн эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамжаар намайг үндсэн ажилтнаар авна, би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахгүй байхаар эвлэрсэн юм. Ингэж эвлэрсэн боловч намайг 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр түр тушаалаар ажилд томилсон. Завхан аймгийн Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгч Л.Б нь 2016 оны 6 дугаар сарын 02 ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн Б/04 дугаар тушаалыг гаргасан гэх боловч надад албан ёсоор өгөөгүй. Би 2016 оны 8 дугаар сарын 29 нд ажилдаа орохоор очтол жирэмсэн хүн авахгүй гэхээр нь тушаалаа авъя гэсэн боловч түр тушаалаар томилогдсон хүнд ажлаас чөлөөлөх тушаал байхгүй гээд өгөөгүй.  Мөн миний зуны амралтын мөнгийг өгөхгүй болохоор нь нягтлан бодогчоос асуухад 8 хоногийн 227.288 төгрөг өгөхөөр байгаа гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн хүмүүс ирэх үед надад дээрх амралтын мөнгийг өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 19 ний өдөр Б/04 тоот тушаалыг надад өгсөн. Би 2014 2016 оны хичээлийн шинэ жилд Сургуулийн өмнөх боловсролын багшаар Архангай аймгийн багшийн сургуульд сурч төгссөн. Би тэр бичиг баримтаа Л.Б эрхлэгчид өгсөн боловч авч хэлэлцээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан учраас ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж, ажилд томилуулж өгөхийг хүсэж байна... гэв.

Хариуцагч Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хуулинд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, багшлах эрх авсан багш ажиллана гэж заасан байдаг. Аймгийн боловсролын газраас сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшийг хуулийн хүрээнд авч ажиллуул гэсэн үүрэг өгсний дагуу Ө.О багшийг анх 2016 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгтэл Ө.О нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь би өмгөөлөгчөөрөө дамжуулан Ө.О-тай  2016 оны 04 дүгээр сарын 04 ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж Ө.О-г буцаан боломжийн ажилд авахаар тохирсон юм. Хавар болохоор цэцэрлэг дээр сургуулийн өмнөх бэлтгэл бүлэг гэж хичээллэдэг учраас Ө.О-н бага ангийн багш мэргэжил дээр тулгуурлан багшаар 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр түр ажилд томилох тухай тушаал гаргаж Ө.О-г ажилд авсан юм. Тухайн үед би Ө.О-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай улирлын чанартай ажиллуулахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хоёр тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Би 2016 оны 6 дугаар сарын 02 ны өдөр Ө.О-г ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаад өөрт нь утсаар мэдэгдсэн. Ө.О нь 2016 оны 8 дугаар сарын 29 ний өдрөөс 30 ны өдрийн үед ирээд Дэлгэрсайхан багш жирэмсний амралтаа авах гэж байгаа юм байна би энэ хүний оронд ажилд ормоор байна гэж хэлэхээр нь би сургуулийн өмнөх боловсролын багшийн бичиг баримт байна уу? гэхэд Ө.О байхгүй гэсэн. Тэгэхээр нь би яам болон, боловсролын газар сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй хүнийг ажиллуул гэсэн чиглэл өгсөн учир чамайг ажиллуулах боломжгүй байна гэж хэлсэн. Мөн Ө.О-д чи жирэмсэн юм биш үү хэзээ төрөх юм бэ? гэж асуухад би нэг сар ажиллаад жирэмсний амралтаа авна гэхээр нь чиний авах гээд байгаа анги бага анги, чи сарын дараа төрөх юм чинь өөрөө ядарна тэгээд нэг сарын дараа бага ангийн багшийг солих боломжгүй 2 настай хүүхдүүд чинь ангийн багшдаа дассан байдаг гэж хэлсэн. Харин чи тайван байж байгаад төрчхөөд сургуулиа төгсөөд хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хэсэгт хандсан байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг дээр очоод шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн бол Ө.О нь 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр тушаалаа авахдаа энэ талаар гомдол гаргах боломжтой байсан. Өөрөө зөвшөөрч ажилчихаад дараа нь хандсан байна гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 10 ны үед Ө.О-н аав нь ирээд Ө.О-д ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь сургууль төгсөхөд нь хэрэгтэй болоод байгаа юм шиг байна гаргаад өгөөч гэхээр нь өгсөн. 5 жил багшаар ажилласан дээд боловсролтой хүний хувьд Ө.О нь 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ойлгосон. Тэгээд өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Би Ө.О-г түр хугацаатай ажилд авсан болохоор ажиллах хугацаа, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр дээрээс манай цэцэрлэгийн орон тоог нэмж, цөөрүүлээгүй боловч би дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд бэлтгэл бүлэгт хамрагдах хүүхдүүдийг бүгдийг хамруулахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан ...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар... гэснийг үндэслэж Ө.О-г түр хугацаагаар буюу 45 хоногийн хугацаатай ажиллуулахаар тушаал гаргаж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд ээлжийн бүлгийн хичээллэх хугацаа, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид үргэлжлүүлэх боломжгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоог цөөрүүлсэн гэсэн заалтуудыг удирдлага болгон Ө.О багшийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.О нь Завхан аймгийн Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгч Л.Б-т холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.О нь Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 02 ны өдрийн Б/04 тоот тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 19 ний өдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн ...Б/04 тоот тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 19 нд надад өгсөн гэсэн, хариуцагчийн ...Ө.О-н аав нь 2017 оны 01 дүгээр сарын 10 ны үеэр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авъя гээд авсан... гэсэн тайлбаруудаар нотлогдож байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрийн Б/03 тоот тушаалаар тус цэцэрлэгт 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс ээлжийн бүлэг ажиллуулж байгаатай холбогдуулан бэлтгэл бүлгийн багшаар Ө.О-г түр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.Б, нэхэмжлэгч Ө.О нар нь хэлэлцэн тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ө.О-г Нөмрөг сумын цэцэрлэгт ээлжийн бүлгийн багшаар 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Ө.О нь ...Л.Б эрхлэгч нь намайг анх 2016 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр ажлаас чөлөөлөхөд би тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх бидний ...намайг үндсэн ажилтнаар авах, би ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахгүй байхаар... эвлэрэн тохирсон эвлэрлийг баталж 2016 оны 4 дүгээр сарын 04 ний өдрийн 63 дугаар Зохигчийн эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж гаргасан. Ингэж эвлэрсэн боловч намайг 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр түр тушаалаар ажилд томилсон... гэсэн, хариуцагч Л.Бын ...Нэхэмжлэгч Ө.О миний түр ажилд авсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед гомдол гаргах боломжтой байсан боловч гомдол гаргалгүй ажил үүргийг гүйцэтгэсэн... гэсэн тайлбаруудаас үзэхэд Ө.О нь Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрийн Б/03 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ө.О нь Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүлээн зөвшөөрч тус цэцэрлэгт ээлжийн бүлгийн багшаар ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь түүний ...2016 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр намайг түр тушаалаар ажилд томилсныг хүлээн зөвшөөрч, гомдол гаргалгүйгээр ээлжийн бэлтгэл бүлгийн багшийн ажил үүргийг гүйцэтгэн тус сумын сургуулийн нэг ангид малчдын 13 хүүхэдтэй, туслах багшгүйгээр ажиллаж, цалин хөлс авсан .. гэсэн,

Мөн хариуцагч Л.Б-н ...2016 он өмнөх жилүүдийг бодоход олон хүүхэд сургуулийн өмнөх бэлтгэл бүлэгт хамрагдахаар байсан болохоор бид дотооддоо зохион байгуулалт хийж ээлжийн бэлтгэл бүлгийн нэг анги шинээр нээж, сумын сургуулийн 1 ангид хичээллэхээр болж багшаар нь бага ангийн багшийн мэргэжилтэй Ө.О-г түр ажиллуулахаар тохиролцож тушаал гарган, 2016 оны 6 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан... гэсэн тайлбаруудаар нотлогдож байна.

Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.Б нь 2016 оны 6 дугаар сарын 02 ны өдрийн Б/04 тоот тушаалаар ээлжийн бүлгийн хичээллэх хугацаа дууссантай холбогдуулан тус цэцэрлэгийн ээлжийн бэлтгэл бүлгийн багшаар ажиллаж байсан Ө.О-г 2016 оны 6 дугаар сарын 01 ний өдөр ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт ...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар... байна, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт ... орон тоо цөөрүүлсэн... гэж тус тус заасан байна.

Тус цэцэрлэг нь түр ажилд багшаар Ө.О-г авч ажиллуулаад уг түр ажлын үргэлжлэх хугацаа, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Учир нь Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Ө.О-г түр хугацаагаар ажиллуулахаар тушаал гаргаж ажилд авсан байх бөгөөд нэхэмжлэгч Ө.О нь уг түр хугацаагаар ажиллах тушаалыг хүлээн зөвшөөрч ажил үүргийг гүйцэтгэж цалин хөлс авсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Мөн хариуцагч Л.Б-н ...Хэдийгээр удирдах дээд байгууллагаас манай цэцэрлэгийн орон тоог нэмж, цөөрүүлээгүй боловч би дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд бэлтгэл бүлэгт хамрагдах хүүхдүүдийг бүгдийг нь хамруулахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан ...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар... гэснийг үндэслэж Ө.О-г түр хугацаагаар буюу 45 хоногийн хугацаатай ажиллуулахаар тушаал гаргаж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Ээлжийн бүлгийн хичээллэх хугацаа, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоог цөөрүүлсэн гэсэн заалтуудыг удирдлага болгон Ө.О багшийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан.... гэсэн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 02 ны өдрийн Б/04 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ө.О-н ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, дахь хэсэгт заасныг баримтлан С овогт Ө.О-н нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Цэцэрлэгийн эрхлэгч Л.Б-т холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3776829 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ