| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0128/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/131 |
| Огноо | 2021-04-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/131
2021 04 20 2020/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Гт холбогдох эрүүгийн 2121000000076 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн ......................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт Г /РД: Ж....................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Оросын лагер гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ургаа нарс мод хөрөөдөж унаган 23 ширхэг болгон тайрч бэлтгээд, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Hyundai Porter маркийн ******* УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Бид гурав Баяндун сумын 1 дүгээр баг руу Т гэх айл руу явж байх замд Баяндун сумын 1 дүгээр баг Дух толгойн гарамын наад талд нэг цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл юм ачсан бололтой дээгүүрээ даавуун хөнжилөөр бүтээсэн явж байхаар нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоогоод экологийн байцаагч Э.Энхбаяр шалгахад тухайн машины жолооч гээд Г гэх иргэн цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ нойтон нарс мод ачсан явж байсан. Тэгээд экологийн байцаагч Э.Энхбаяр мод бэлтгэх зөвшөөрөлтэй эсэхийг асуухад тэр жолооч Г гэх хүн мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч Э.Г-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой найз Г-тай Шүр зах дээр таараад уулзсан бөгөөд мод ачих ажилд туслаад өгөөч гэхээр нь би Баяндун сум руу 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г-ын хамт ******* УНД улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр хөдөө явсан. ...сумаас баруун зүг рүү 20 км яваад модтой газар очсон. Тэнд Г өөрөө 1.70 метрийн хэмжээтэй 23 ширхэг нарс модыг тайрч бэлтгэсэн. ...Г-ыг мод бэлтгэх эрхийн бичиггүй гэдгийг би мэдээгүй бөгөөд зөвшөөрөлтэй гэж бодоод туслаад өгөөч гэхээр нь л тусалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч Т.Г-ийн мөрдөн үалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ ....аймаг явах унаа хайхаар гарсан. Орой 17 цагийн орчим Г гэх хүн цэнхэр өнгийн портер маркийн машинтай ирээд аймаг явъя гэсэн...19 цагийн орчимд Баяндун сумын төвөөс хойшоо гараад Улзын гол ороод Духын гарамын ойролцоо голын тохойгоос нойтон нарс мод ачсан. Тэгээд хөдлөөд удаагүй цагдаатай таарсан. Миний тоолсоноор 23 үирхэг мод байсан. Би Г-тай ямар нэгэн хамааралгүй бөгөөд хаанаас мод бэлтгэсэн талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2021/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. 23 ширхэг нарс төрлийн хэрэглээний бөөрөнхий мод, 2.1961 м3 хэмжээтэй.
2. Дээрх 23 ширхэг нарс төрлийн бөөрөнхий хэрэглээний моднууд нь ой хээрийн түймэрт өртөөгүй, эрүүл, ургах чадвартай, ургаж байсан нарс модыг тайрч бэлтгэсэн байна. Дээрх мод нь байгалийнхаараа нойтон мод болно.
3. 2021 онд Баяндун суманд аль ч огтлолтын төрлөөр мод бэлтгэх эрх, зөвшөөрөл байхгүй болно. Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар” батлахдаа Баяндун суманд хэмжээ байхгүйгээр баталсан байна.
4. 100 га хүртэлх төгөл ой буюу 1-р муж, хамгаалалтын бүсийн ойд хамаарч байна.
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод, гуалин учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.8, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадвартай нарс мод учраас бүх төрлийн хуурай модны нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 712.101 төгрөг байна. Модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь: 23 ширхэг мод 2.1961м3 х 1.8 х 712.101 = 2.814.921,01 төгрөг болно гэжээ. /хх-ийн 45-46/
Шүүгдэгч Г нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* УНД улсын дугаартай машинаар Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ойгоос ... нийтдээ 7 ширхэг модыг тайраад авч явсан. ...надад тусалж байсан ******* бид хоёр тайрч 2.7 м орчим болгож хөрөөдөж бэлдсэн ... 7 ширхэг мод нийтдээ 23 ширхэг болсон. ...Сүүлд машинд явсан хоёр хүн бол аймаг явах гэсэн хоёр хүн, өмнө надтай ирж мод тайрахад тусалсан найз ******* гээд залуу эдгээр хүмүүс намайг хууль бусаар мод бэлтгэж байгаа гэдгийг мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/
-Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/98 тоот албан бичиг /хх-ийн 14/
-Гэрч Т.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 33-34/
-Гэрч Г.Б-ий мэдүүлэг /хх-ийн 41/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49, 50/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51, 53, 55-56/
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 63/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67/
-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Оросын лагер гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ургаа нарс мод хөрөөдөж унаган 23 ширхэг болгон тайрч бэлтгээд, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Hyundai Porter маркийн ******* УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Г, гэрч Ж.Ц, Э.Г, Т.Г, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/02 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Гт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Гыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд ................. овогт Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Гын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 23 ширхэг буюу 2.1961м3 нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.814.921,01 /Хоёр сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун хорин нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөг болох нь шинжээчийн /хх-ийн 44-46/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Гын ойн санд учруулсан хохирлыг 8.444.763.03 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Шүүгдэгч Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн ******* УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Батсуурийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 70/ нотлогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс /хх-ийн 50/ 4.000.000 төгрөгөөр үнэлжээ. Шүүгдэгч Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сард Сэргэлэн сумын Өлзий гэх хүнээс худалдаж авсан. Одоохондоо өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийж амжаагүй байгаа...” гэх мэдүүлгээс өөрөөр түүний өмч гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг машины үнэ болох 4.000.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 23 ширхэг нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 SAW CHAIN загварын бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 8.444.763,03 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Гын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.814.921,01 /Хоёр сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун хорин нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 23 ширхэг нарс мод нь Баяндун сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 SAW CHAIN загварын бензин моторт хөрөө, шүүгдэгч Гын Ж................. тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Гт мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Гаас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 8.444.763.03 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2.814.921.01 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.814.921,01 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 23 ширхэг нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 SAW CHAIN загварын бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Гын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.814.921.01 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 23 ширхэг бөөрөнхий нарс мод нь Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hundai Porter” маркийн ******* УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 2.70 метрийн урттай бөөрөнхий 23 ширхэг нарс модыг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Гын Ж............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 SAW CHAIN загварын бензин моторт хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА