Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1166

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01166

 

 

Г.Дөлгөөнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00730 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ундармаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн ах Г.Цэнгүүнбаяр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаартай шийдвэрээр иргэн Б.Эрдэнэ-Очирт 71 968 549 төгрөг төлөхөөр болсон байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлж чадахгүй байсан тул Г.Цэнгүүнбаяр, Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 байрны 101 тоот, улсын бүртгэлийн Ү-2204006580 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа хийгдэж байгааг саяхан олж мэдлээ.

Миний бие өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны өмчлөгчийн хувьд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд огт оролцоогүй болно. Ах Г.Цэнгүүнбаяр нь ээж Д.Энэбишийн хамт уг орон сууцанд амьдардаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх тухай хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.Анхтуяа нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дээрх хүсэлтэд өгсөн хариу мэдэгдэх хуудсандаа “...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгосон, мөн хуулийн 68.6 дахь хэсэгт зааснаар жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болно” хэмээн дурдаж, татгалзсан хариу өгсөн. Энэ хариу нь үнэнд нийцэхгүй байна.

Уг орон сууцны өмчлөгч Г.Дөлгөөнжаргал миний бие өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж байна гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэрээр Г.Цэнгүүнбаяраас 71 968 600 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэ-Очирт олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006580 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 101 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяраас хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад 260 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлтээ төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяр, өмчлөгч Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нар ирүүлснийг төлбөр авагч Б.Эрдэнэ-Очир зөвшөөрснөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй бөгөөд өмчлөгч нар нь төлбөрт тооцуулан төлбөр авагчид шилжүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөрт санал болгож байна гэж үзсэн. Төлбөр авагч ч гэсэн уг хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн. Уг орон сууцны хамтран өмчлөгч Г.Дөлгөөнжаргал, Д.Энэбиш нар нь үнийн саналаа бичгээр гаргаж өгч байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бүгдийг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж бичгээр хүсэлтээ өгсөн. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Дөлгөөнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр биелүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8776 дугаар захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч нарт эрх үүрэг огт танилцуулаагүй бөгөөд, Г.Дөлгөөнжаргалыг төөрөөгдүүлэх замаар түүний гарын үсэг нэг удаа зуруулж авч байсан ба түүнийгээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаандаа урвуугаар ашигласан хэмээн үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамтран өмчлөгч Г.Дөлгөөнжаргал нь бүхэлд нь оролцож ирсэн гэдэг нь нотлогдохгүй.

Г.Цэнгүүнбаяр, Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2 дахь дуудлага худалдааны үнийн дүнгээр буюу 130 000 000 төгрөгөөр төлбөр авагчид санал болгох ёстой байсан боловч шууд төлбөрт тооцон шилжүүлж өгсөн.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 тоот тогтоолд албадан дуудлага худалдаа зохион байгуулах зарим зохицуулалтыг дараах байдлаар тайлбарлахдаа "албадан дуудлага худалдаа гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно." гэсэн байна.

Дээрх тайлбараас харахад төлбөр авагч Б.Эрдэнэ-Очирт 2 дахь дуудлага худалдааны үнэ болох 130 000 000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан зардлыг хасаж тооцон үл хөдлөх хөрөнгийг үнийн дүнгийн зөрүүг төлбөр авагчийн зүгээс Г.Цэнгүүнбаяр, Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нарт төлөх ёстой байсан хэмээн үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар магадлалаар Г.Цэнгүүнбаяраас 71 968 549 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэ-Очирт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16260546 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202 дугаар байрны 101 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилж, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан бөгөөд уг ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

 

Төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяр болон өмчлөгч гэж Д.Энэбиш, Г.Дөлгөөнжаргал нар нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 260 000 000 төгрөгөөр тус тус тодорхойлж ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын тохиролцсон үнэ болох 260 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 182 000 000 төгрөгөөр тогтоосон мэдэгдэл, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт гэж хаяглаж мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2 дахь дуудлага худалдааны доод үнийг 130 000 000 төгрөгөөр тогтоосон мэдэгдэл, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт гэж хаяглан тус тус хүргүүлсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөр авагчид төлбөртөө тооцож авахыг санал болгох ажиллагаа хийгдэх юм.

 

Гэтэл анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

 

            Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006580 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 202 дугаар байрны 101 тоот, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж тайлбарласан боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч Г.Дөлгөөнжаргалыг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өмчлөгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн дуудлага худалдаанд санал болгох ажиллагаа явагдсаны дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс үлдэх хэсгийг шаардах эрхтэй этгээд эсэх, энэ хурлын санал болгох ажиллагаа түүнд өмчлөгчийн хувьд хэрхэн явагдсан нь тодорхойгүй байна.

 

            Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА