Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

2021        04          28                                               2020/ШЦТ/136

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Иргэний нэхэмжлэгч Ц.М /zoom/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт От холбогдох 1921007850150 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ............................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ................. овогт О /РД: Ж.............../

 

Шүүгдэгч О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Адгийн-Овоот” гэх газар “Ниссан санни” маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас уг тээврийн хэрэгсэл шатсаны улмаас гал алдаж хээрийн түймэр гарч тус аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 766.500 төгрөгийн шууд бус, 154.185.727,5 төгрөгийн шууд хохирол, иргэн Ж.О-ын эд зүйл шатаж 4.950.000 төгрөгийн, иргэн Ж.О 800.000 төгрөгийн, иргэн Д.Г-д 530.000 төгрөгийн, иргэн Б.Б-д 1.220.000 төгрөгийн, иргэн С.О-д 2.000.000 төгрөгийн шууд хохирол нийт 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өмнөх анхан шатны шүүх хуралдаанд оролцож Оыг байгаль экологид учруулсан 154.185.727,5 төгрөгийн хохирлыг үнэхээр төлөх боломжгүй учраас нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж, гал унтраахад гарсан зардал 766.500 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо ч гэсэн энэ хүн хохирол төлөх үнэхээр боломжгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нутаглаж байгаа газарт хээрийн түймэр гарч аргал, хөрзөн, хуурай бууц, малын хашаа зэрэг эд зүйл шатаж нийт 1.220.000 төгрөгийн хохирол учирсан юм. Машин шатсанаас түймэр гарсан гэж тухайн үед ярьж байсан. Түймрийн улмаас учирсан хохирлуудыг төлөх боломжгүй хүн гэж байсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /1-р хх-ийн 49-50/

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би түймэр унтраахаар цохиураар цохиж ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймэрт аргал, хөрзөн, малын хашаа шатсан. Өөр зүйл шатаагүй болохоор миний зүгээс түймэр тавьсан хүнд гомдол санал байхгүй” гэжээ. /1-р хх-ийн 53-57/

            Иргэний нэхэмжлэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд отрын мал дээрээ байж байхад гар утсаар малчин Энхтөр өвөлжөөний чинь зүгт түймэр гарчих шиг боллоо гэж хэлсэн юм. Ингээд машинтайгаа өвөлжөө рүүгээ ирэхэд түймэр нилээн тархчихсан унтраах боломжгүй болчихсон аймгийн Онцгой байдал болон нутгийн иргэд унтрааж байсан. Уг түймрийн улмаас малын хашаа, саравч, өвөл малдаа хэрэглэх байсан боодолтой өвс, аргал, хөрзөн, гэрийн цагаан бүрээс берзэнтэн бүрээс шатсан юм. Малын хашаа 6x8 метрийн харьцаатай бөгөөд банз, шургааг модоор шинээр нь барьсан байсан. Малын хашааг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. 300 ширхэг 25 кг жинтэй боодолтой өвсийг нэг боодолтой өвсийг 3000 төгрөгөөр бодож нийт 900.000 төгрөгөөр үнэлж байна. 5 ханатай монгол эсгий гэрийн цагаан бүрээсийг 170.000 төгрөг, берзэнтэн бүрээсийг 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэжээ. /1-р хх-ийн 60-62/

 

            Иргэний нэхэмжлэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нутаглаж байгаа газарт хээрийн түймэр гарч сүйх тэрэг, хөрзөн, аргал, нарны зай, сансрын тогоо зэрэг эд зүйл шатаж 800.000 төгрөгийн хохирол учирсан юм. Уг түймэр замгүй газраар явж байсан машин шатсанаас болж гарсан гэж ярьж байсан. Түймэр тавьсан гэж байгаа хүнд гомдол байхгүй. Миний хохирлыг барагдуулах боломжгүй хүн байсан учраас түүнээс хохирол нэхэмжлэхгүй” гэжээ. /1-р хх-ийн 85-86/

           

            Иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 онд Ниссан Санни маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард төрсөн ах О-т тухайн тээврийн хэрэгслээ бэлэглэсэн. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг бөгөөд албан ёсоор ахынхаа нэр дээр шилжүүлж өгөөгүй байсан юм. Тэгээд намайг Улаанбаатар хотод байж байхад 2019 оны 11 дүгээр сарын дундуур Отгонбаатар ах утсаар холбогдож надад хандан “Ах нь Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт машинтайгаа явж байгаад машины яндангаас оч үсрээд түймэр тавьчихлаа. Одоо чам руу Булган сумын байцаагч залгаж мэдүүлэг авна гэсэн шүү” гэж надад хэлсэн бөгөөд тэгж би анх мэдсэн юм. Би 2015 онд таньдаг ахаасаа 2 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд би зах зээлийн ханшаар үнэлж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 69/

           

            Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхрийн найз Г, эхнэр Ү, хоёр хүүхдийн хамт аймгийн төвөөс ирсэн. Тэгээд манай нөхөр О дүүгийнхээ 73-80 ДОА улсын дугаартай Санни маркийн цагаан өнгөтэй суудлын автомашинтай голын урдуур шонгийн модтой замаар баруун урагш чигтэй 40 гаруй км шороон замаар явж байгаад замаасаа хойшоо өвсөн дундуур гарсан. Тэгшдүү газар бид нар машинаа зогсооход би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байхад миний сууж байсан хаалганы гадна талаас гал дүрэлзээд ассан...” гэжээ. /1-р хх-ийн 72/

           

            Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О, түүний эхнэр Г, манай эхнэр Ү, манай хоёр хүүхэд бид нар О-ын Санни маркийн автомашинд суугаад Булган сумын урд хэсгээр ургамлын үндэс түүхээр явсан. ...Аймгаас гараад 40 гаруй км баруун урагшаа шороон замаар яваад замаасаа гараад 1 км орчим явж байгаад зогссон. Жолоочийн эсрэг талд Г-ын сууж явсан хаалганы гадна талд гал гарсан. Тэгээд бид нар машинаас буухад гал дээшээгээ ойж байсан. Бид хэд гадуур хувцсаа тайлж гал унтраах гэж цохиж үзсэн боловч дийлдэхгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 76/

           

            Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхрийн найз О, түүний эхнэр Г бид дөрөв манай хоёр хүүхдийн хамт Дэхтээс баруун урагшаа явсан. Аймгаас гараад 30-н овоо өнгөрөөд баруун тийшээ салсан замаар явж байгаад Отгонбаатар машиныхаа доогуур байсан өвсийг яндангийн тэр хавиар цэвэрлээд одоо замгүй өвсөн дундуур явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй өвсөн дундуур 1 км гаруй яваад машин зогссон. Г-ын сууж байсан хаалганы гадна талд гал ойж харагдсан. Тэгээд бид нар сандраад машинаас буугаад галыг унтраах гээд цохисон боловч салхи хойноосоо хүчтэй байсан болохоор түймэр гарсан...” гэжээ. /хх-ийн 77/

 

            Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад түймрийн үед хэрэглэдэг манай захиргааны дохио дугарсан. ...Гарсан түймэр 19 цагийн үед байх /тухайн үед цаг хараагүй/ Булган сумын 3 дугаар багийн нутаг “Улаан нуурын шанд, Бөлтөөхэй” гэдэг нэртэй газрын хойд талд хөндлөн явсан шороон замд түймэр тулаад унтарсан. ...Манай ээлж түймэр унтраахаар явж байхад хойд талд шатсан суудлын автомашин харагдаж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 73/

 

            Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 046/28 тоот дүгнэлтэд:

            1. Хэргийн газрын үзлэг, холбогдох хүмүүсээс авсан тэмдэглэл зэргээс үзэхэд уг хээрийн түймэр нь Булган сумын 3 дугаар багийн нутаг “Адгийн овоо, Тэжээлийн цех” гэдэг газарт Булган сумын төвөөс зүүн урд зүгт 37 км газарт урт нь 30 км, өргөн нь 10 км газар шатсан байна. Уг хээрийн түймрийн голомт нь шатсан талбайн ертөнцийн зүгээр хойд хэсгээс гал гарсан нь тогтоогдож байна. Уг хээрийн түймэр гарсан газрын эхэнд шатаж харласан суудлын автомашины рам байна.

            2. Уг хээрийн түймэр гарсан газарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Уудмын 2-2 тоотод оршин суух иргэн .............. овогтой О-рын унаж явсан SANNY 15 маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замгүй өвс ихтэй газраар явснаас болж уг автомашины доод талын явах эд анги болон янданд их хэмжээний хазаар өвс буюу “шар өвс” хуримтлагдаж яндан халсны улмаас хуримтлагдсан өвсөнд цонолт өгч шатсанаас хээрийн түймэр гарсан нь тогтоогдож байна гэжээ. /1-р хх-ийн 82-83/

 

            Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ний шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/09 тоот дүгнэлтэд:

            1.Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг Адгийн овоот гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч О нь 7769.5 га талбайд хээрийн түймэр тавьсны улмаас байгаль орчинд 154.185.727,5 төгрөгийн хохирол учирсан байна.

            2.Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцдог болно.

            3.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /1-р хх-ийн 227/

 

   Шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би эхнэр Г, найз Г болон түүний эхнэр Ү түүний хоёр хүүхдийн хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд аймгийн төвөөс баруун урагшаа Радио реллегийн зүүн хойд талд буюу “Адгийн овоот” гэх газарт өөрийн төрсөн дүү О-ийн Ниссан санни маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан юм. Ингээд машинтай замгүй газраар 2 км орчим явж байгаад хэсэг зогссон чинь гэнэт машин доороос гал гарч ирсэн. Ингээд бид нар машинаасаа буугаад унтраах гэж оролдсон боловч салхи ихтэй байсан болохоор унтрааж чадалгүй гал алдаж машин бүрэн шатаж дууссан...” гэжээ. /1-р хх-ийн 91-93/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-15/ 

            Булган сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэх /1-р хх-ийн 20-22/

            Булган сумын 3 дугаар баг “Адгийн овоот” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг /1-р хх-ийн 23/

            Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /1-р хх-ийн 24-25/

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-27, 29-30/

            Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 31, 51, 58, 63, 67, 71/

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 101/

            Оын банкин дахь дансны талаарх мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 33, 35, 36-37, 95/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 103/

            Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 118/

            Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/133 тоот албан бичиг /1-р хх-ийн 230/

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг /1-р хх-ийн 231/

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №32 тоот албан бичиг /1-р хх-ийн 232/

            Гэрч Г.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 235-236/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч От холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ............ овогт О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Адгийн-Овоот” гэх газар “Ниссан санни” маркийн 73-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж  хуримтлагдсан өвсөнд цонолт өгч гал гарч уг тээврийн хэрэгсэл шатсаны улмаас гал алдаж хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 766.500 төгрөгийн шууд бус, 154.185.727,5 төгрөгийн шууд хохирол, иргэн Ж.О-ын эд зүйл шатаж 4.950.000 төгрөгийн, иргэн Ж.О-т 800.000 төгрөгийн, иргэн Д.Г-д 530.000 төгрөгийн, иргэн Б.Б-д 1.220.000 төгрөгийн, иргэн С.О-д 2.000.000 төгрөгийн шууд хохирол нийт 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.Г, Д.Г, Д.Г, Б.Ү, иргэний нэхэмжлэгч Ж.О, Ж.О, Д.Г, Б.Б, С.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 046/28 тоот дүгнэлт, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/09 тоот дүгнэлт, Булган сумын 3 дугаар баг “Адгийн овоот” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

          Үйл баримтын хувьд шүүгдэгч О нь нэр бүхий хүмүүстэй ургамлын үндэс түүхээр хуурайшилт, салхины хурд ихтэй үед замгүй, өвс ихтэй газраар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ тээврийн хэрэгслийн халуун яндангаас хуурай өвсөнд цонолт өгч гал алдана гэдгийг мэдэх боломжтой байтал янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явсны улмаас хээрийн түймэр гаргасан байна.

 

          “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд зарим тохиолдолд санаатай хэлбэрээр илэрч болно. Шүүгдэгч Оын хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж байгаль орчин болон бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Оыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 164.452.227,5 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Оыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 164.452.227,5 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 154.185.727,5 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад Булган сумын Засаг даргын тамгын газарт 766.500 төгрөгийн хохирол, түймрийн улмаас бусдын эд хөрөнгө шатаж иргэний нэхэмжлэгч Ж.О-т 4.950.000 төгрөгийн, Ж.О-т 800.000 төгрөгийн, Д.Г-д 530.000 төгрөгийн, Б.Б-д 1.220.000 төгрөгийн, С.О-д 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учирч, нийт 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь Булган сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэх /1-р хх-ийн 20-22/, Булган сумын 3 дугаар баг “Адгийн овоот” гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрийн зураг /1-р хх-ийн 23/, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /1-р хх-ийн 24-25/, Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 31, 51, 58, 63, 67, 71/, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/09 тоот дүгнэлт /1-р хх-ийн 227/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.О, Ж.О, Д.Г, Б.Б, С.О нарт нийт 9.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг шүүх хүлээн авахад хуульд харшлахгүй зүйлгүй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Ц.М нь шүүх хуралдаанд “...О нь түймэр унтраахад гарсан зардал 766.500 төгрөгийг төлсөн. ... шүүгдэгчийн төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан байгаль экологид учирсан 154.185.727,5 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байна. Надад нэхэмжлэлээсээ татгалзах бүрэн эрх байгаа...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нь шүүх хуралдаанд “...О байгаль экологид учруулсан шууд бус хохирол буюу 766.500 төгрөгийг төлж барагдуулсан. Оын үйлдлийн улмаас байгаль экологид 154.185.727,5 төгрөгийн хохирол учирсан боловч өнөөдөр түймэр гарсан газар нь нөхөн сэргээгдэж, өвс ургамал ургасан. Иргэний нэхэмжлэгч дээрх хохирлыг нэхэмжлэхгүй талаараа илэрхийлж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцож өгнө үү...” гэж тус тус мэдүүлсэн ба Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас иргэний нэхэмжлэгч Ц.Мө-д хуульд зааснаар хохирол нэхэмжлэх болон нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/133 тоот албан бичиг хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох эрх хэмжээг шүүхэд олгосон тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ. Учир нь Ц.М нь нийтийн ашиг сонирхлыг ажил үүргийнхээ хувиар төлөөлж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдон оролцож байгаа бөгөөд түүнд гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс татгалзах эрх олгосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “тухайн шатсан талбайд өвс ургамал ургаж нөхөн сэргээгдсэн” гэж тайлбарлаж байгаа боловч түймрээс учирсан хор уршгийг нөхөн сэргээх, байгалийг унаган төрхөнд нь оруулах нь олон арван жилийн хугацаа шаардагдах ба ургамлын аймагт өөрчлөлт орж зарим тохиолдолд ургамлын төрөл зүйл устаж үгүй болох цаашилбал байгалийн тэнцэл алдагдах ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй юм. Түүнчлэн шүүгдэгч нь “...миний хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрийн чадваргүй тул нөхөн төлбөрөөс чөлөөлж өгнө үү...” гэж мэдүүлж байгаа зэрэг нь шүүгдэгчийг байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оаас гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 154.185.727,5 /Нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн  Хэрлэн сумын 5 дугаар баг Уудмын 2 дугаар гудамжны 02 тоотод байрлах 700 м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О нь Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт шууд бус хохирол 766.500 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ж.О, Ж.О, Д.Г, Б.Б, С.О нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Ж................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 164.452.227,5 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оаас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 154.185.727,5 /Нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун хорин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Шүүгдэгч Оын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Уудмын 2 дугаар гудамжны 02 тоотод байрлах 700м2 газрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль экологид учруулсан шууд бус хохиролд 766.500 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ж.О, Ж.О, Д.Г, Б.Б, С.О нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Ж................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

   

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА