Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2018/01661/И |
Дугаар | 001/ХТ2018/01738 |
Огноо | 2018-12-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/01738
Б.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01417 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1441 дугаар магадлалтай,
Б.С-ын нэхэмжлэлтэй
Н.Б-, Д.О- нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 153.440.343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Н.Б-ийн өмгөөлөгч Ц.Ш-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ш-, хариуцагч Д.О-, нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Н.Б- нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 125.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй Д.О-т зээлдүүлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах санал гаргасныг нэхэмжлэгч Б.С- зөвшөөрч, Н.Б-ээр дамжуулж Д.О-тэй зээл болон барьцааны гэрээ байгуулж 125.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.С- өөрийн харилцах данснаас Д.О-ийн Хаан банкны 5124019006 дансанд 65.298.578 төгрөгийг, Н.Б-ийн Хаан банкны 5099787799 дансанд 59.550.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлснээр иргэн Д.О- өөрийн өмчлөлийн хөрөнгөө Хаан банкны барьцаанаас чөлөөлсөн. Барьцаалбар бүртгэгдсэнээр Б.С- Н.Б-ийн данс руу үлдэх 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээл болон барьцааны гэрээ хийх нь Н.Б-ийн ажил байсан тул Б.С-ын өмнөөс Н.Б- Д.О-тэй гэрээг хийж, хөрөнгийг барьцаалж гэрээг Б.С-т авчирч өгсөн. Б.С- буцааж мөнгийг шаардахад Д.О- мөнгө авсан, аваагүй гэсэн маргаан гарсан. Д.О- 125.000.000 төгрөгийг аваагүй, Н.Б- үлдэх 60.000.000 төгрөгийг өгсөн. 60.000.000 төгрөгийг Н.Б- Хаан банк дахь өөрийн данснаас бэлнээр авсан болох нь зарлагын мэдүүлгийн баримтаар тогтоогддог. Энэ мөнгийг Д.О-т зээлийн гэрээний дагуу өгсөн гэж мэдүүлдэг. Б.С- болон хариуцагч нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй. Хариуцагч нарын үндэслэлгүй олсон 124.848.570 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Мөнгө өгснөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ мөнгө 3 жилийн хугацаанд банкинд хадгалуулсан бол хүү нь өсөх байсан тул энэ хугацааны хохирлыг банкны 6 хувиар тооцож хохирол нэхэмжилсэн. Иймд хариуцагч Н.Б-, Д.О- нараас шилжүүлсэн 124.848.578 төгрөг, хохиролд 28.591.765 төгрөг нийт 153.440.343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б- шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Бат-Ирээдүй над руу утсаар ярьж худалдааны Тоса төвийг барьцаалж 150.000.000 төгрөгийн зээл авъя гэсэн нэг эгч байна гэсэн. Тэр үед Б.С- бид хоёр хамт явж байсан тул түүнд хэлээд бид хоёр вокзалын хойно байдаг Тоса төв дээр очиход Д.О- байсан. Тэр үед Д.О- Голланд улс руу явна. Тоса төв барьцаанд байгаа гээд бичиг баримтаа Б.С-т үзүүлээд барьцааг чөлөөлж мөнгө зээлэх тухайгаа ярьсан. Бид хамт Улсын их дэлгүүрийн урд байрлах Хаан банкинд очсон. Б.С- зээлийг нь чөлөөлөхөөс өмнө тооцооны төвийн зээлийн эдийн засагчаас худалдааны Тоса төв хэдэн төгрөгний барьцааны шаардлага хангах талаар асуухад эдийн засагч 150.000.000 төгрөг орчим болно гэж хариулж байсан. Ингээд Б.С- мөнгө зээлэхийг зөвшөөрч Д.О-тэй ярилцаад түүний банкны зээлийг чөлөөлсөн. Д.О- бид хоёр 125.000.000 төгрөгний зээл болон барьцааны гэрээг хийсэн. Энэ үеэр Б.С- ажилтай гээд барьцааны гэрээг хийсний дараа 60.000.000 төгрөг шилжүүлээрэй, чам руу шилжүүлчихье гээд миний дансанд хийгээд явсан. Барьцааны хөрөнгийг чөлөөлөөд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж барьцааны гэрээг Д.О- бид хоёр бүртгүүлсэн. Нотариат, үл хөдлөхийн мөнгө байхгүй гэж Д.О- гарсан бүх зардлыг надаар төлүүлсэн. Барьцааны гэрээг бүртгүүлчихээд Д.О-т зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөгийг шилжүүлэх гэтэл банк хаачихлаа, данснаас авах боломжгүй, бэлнээр авч евро, доллар авах хэрэгтэй байна чи данснаасаа бэлнээр аваад өг, би чамд шагналыг нь өгнө гэхээр нь Ард кино театрын дэргэдэх тооцооны салбар орж өөрийн данснаас бэлнээр авч өгсөн. Мөнгө өгөх үед Д.О- гадаа машин дотроо хүлээгээд, хажууд нь Д.Бат-Ирээдүй явсан. Д.Бат-Ирээдэй нь Д.О-ийн машиныг бариад цуг явж байсан. Д.О- мөнгийг аваад уутан дотроос мөнгө авч надад 1.500.000 орчим төгрөг өгсөн гэжээ.
Хариуцагч Д.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.Б-, Д.Бат-Ирээдүй нар анхнаасаа миний зээлийг чөлөөлүүлээд үлдэгдэл мөнгийг авна гэж ярьсан. Н.Б- нь шүүх, цагдаагаас оргон зайлдаг хүн. Миний хувьд дуудсан цагт нь очдог байсан. Прокурорын байгууллага Д.О-, Н.Б- нар хэд хэдэн төгрөг төлөх ёстой вэ гэдгийг үнэн зөвөөр нь шийдэж өгсөн. Гэтэл Н.Б-, Д.Бат-Ирээдүй нар үгсэн тохиролцож Тоса төвийн хөрөнгийг үндэслэн надаар төлүүлэх гээд байна. Би Б.С-ыг танихгүй. Тоса төвийн хөрөнгөөрөө зээлээ төлж явсан. Юу гэж 1 хувийн зээлийг хаалгаж хүнээс 10 хувийн зээл авах юм бэ. Би өөрийн авсан 65.298.578 төгрөгийг төлнө гэжээ.
Хариуцагч Д.О-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Д.О- би Н.Б-тэй 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийг барьцаалсан. Гэтэл Б.С- уг гэрээний аль нэг тал биш, зээлийн гэрээний үүргийг надаас шаардах эрхгүй атлаа дээрх гэрээний барьцаа хөрөнгө болох өмчлөх эрхийн болон газар эзэмших гэрчилгээг эх хувиар нь Н.Б-ээс авчихаад одоог хүртэл буцааж өгөхгүй байна. Б.С- дээрх гэрээний дагуу 125.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Н.Б-ээр дамжуулж надад өгсөн хэмээн шүүхэд хохирол шаардаж нэхэмжлэл гаргасан. Н.Б- бид хоёрын дунд байгуулагдсан гэрээг ашиглан надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж ямар ч үндэслэлгүйгээр миний эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хадгалж байна. Иймд Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг Б.С-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нь 201526020940 дугаартай эрүүгийн хэргийн материалд байгаа бөгөөд иргэн Б.С-т дээрх баримт бичиг байхгүй болно гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01417 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Д.О-ээс 124.848.578 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгож, хариуцагч Н.Б-д холбогдох болон нэхэмжлэлийн үлдэх 28.591.765 төгрөгний шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.083.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 782.193 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгож, хариуцагч Д.О-ийн Ү-2205017043 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-0241324 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эх хувийг гаргуулах сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Б.С- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-аас 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Д.О-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1441 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-ээс 65.298.578 төгрөг, хариуцагч Н.Б-ээс 59.550.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.591.765 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хариуцагч Д.О-ээс 782.193 төгрөг гэснийг хариуцагч Д.О-ээс 484.443 төгрөг, хариуцагч Н.Б-ээс 455.700 төгрөг гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Н.Б-ийн өмгөөлөгч Ч.Ш- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн. Н.Б- нь шүүхийн шатанд гаргасан тайлбар болон урьд эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад өгч байсан мөрдөн байцаалтын мэдүүлэгтээ “Д.О-т 60 сая төгрөгийг /59.500.000 төгрөгийг хэлээд байдаг/ бүрэн хүлээлгэн өгсөн” гэдгээ тууштай мэдүүлж тайлбарласаар ирсэн бөгөөд Б.С-, Д.О- нар нь уулзалдаж 125 сая төгрөгний зээл авахаар тохиролцож Н.Б-ийг өмнөөс нь зээлийн гэрээг байгуулахыг Б.С- хүссэн байдаг. Түүний дагуу зээлийн гэрээг байгуулж 65.298.578 төгрөгийг эхлээд Б.С- өөрийн данснаас шилжүүлж Д.О-ийн ХААН банкин дахь зээлийн төлбөрийг төлж хаасан байдаг. Үлдэгдэл 59.500.000 төгрөгийг Н.Б- Ард дахь ХААН банкны тооцооны төвөөс бэлнээр гаргуулан авч хүлээлгэн өгсөн. Энэ байдлаа нотлохын тулд СД бичлэгт үзлэг хийлгэж, тухайн үед хажууд нь байсан гэрч Д.Бат-Ирээдүйг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахуулсан. Үүнийг давж заалдах шатны шүүх “хариуцагч Н.Б- нэхэмжлэгч Б.С-аас 60.000.000 төгрөгийг авч Д.О-т бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн. Гэтэл Н.Оюундэлгэр нь дээрх гэрч болон СД бичлэгийг үгүйсгэсэн тайлбар мэдүүлэг, нотлох баримт огт гаргаж ирээгүй. Түүнчлэн 125.000.000 төгрөгний зээлийн үүргийн барьцаанд эд хөрөнгөө тавьсан хүн яагаад тухайн өдрийнхөө орой нь үлдэгдэл 60 орчим сая төгрөгийг аваагүй юм бол зарга мэдүүлэхгүй байгаа нь маш тодорхой байдаг. Түүнчлэн СД бичлэгт “Д.Бат-Ирээдүйг төлөөд өгнө гэдэгт би итгэж байна” гэж ярьдаг, Д.Бат-Ирээдүй шүүхийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Ард ХААН банкны тооцооны төвөөс 60 сая төгрөг авч гарч ирсэн. 1-2 сая төгрөгийг Н.Б-д Д.О- өгсөн. Энэ мөнгийг самрын бизнест Д.О- эгч бид 2 зарцуулсан” гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Хосбат гэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Д.Бат-Ирээдүй, Д.О- нар самарын бизнес хамтарч эрхлэхээр надтай хамтарч ажиллана гэж байсан. 2015 оны 3 сард Д.Бат-Ирээдүйг 461 дүгээр ангид хоригдож байхад Оюундэлгэр Төгөлдөр нарыг хүргэж өгч байсан. Батцэнгэл гэж хүнийг огт танихгүй ээ.” гэж мэдүүлсэн байдаг. Д.О- нь шүүхийн шатанд гаргасан тайлбартаа “Бат-Ирээдүй, Батцэнгэл нар мөнгийг авсан, тэр 2 самарын бизнес хийнэ гэж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл дээрх нотлох баримтуудаас харвал Д.О-, Бат-Ирээдүй нар Д.Бат-Ирээдүйгийн хэлээд байгаа шиг самарын бизнест хамтарч, зээл авч мөнгө зарцуулсан гэдэг нь тодорхой шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Бат-Ирээдүйн мэдүүлэг, СД бичлэг, Ж.Хосбатыг мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хариуцагч Н.Б-ийн хувьд самарын бизнес Бат-Ирээдүйтэй эрхлэх ямар ч шаардлагагүй тийм үйл явдалд оролцоогүй болох нь Ж.Хосбат, Д.Бат-Ирээдүй нарын мэдүүлгээр нотлогдож байдаг. Нэгэнт хууль сануулж хуулийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулсан нотлох баримтуудыг ач холбогдолтой бөгөөд хамааралтай байх талаас Эрүүгийн хэргээс гаргуулж нотариатаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргуулсан. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасны дагуу хамааралтай бөгөөд эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлээгүй, хуулийн дагуу цуглуулаагүй гэж үзэж буй нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүх хэдэн төгрөг өгсөнийг тодорхой бусаар тайлбарласан гэж дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай байна. Энэ асуудлаар анх эрүүгийн журмаар шалгах явцад Б.С-аас Д.О- нь 125 сая төгрөгийг зээлнэ 65 сая төгрөг нь зээлийн өрийг төлөхөд үлдэгдэл 60 сая төгрөгийг самарын бизнест зарцуулахад хэрэглэсэн гэсэн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж 3 жил гаруй болсон. Тиймээс нэхэмжлэгч болоод гэрч /мөрдөн байцаалтын шатанд/ нар 60 сая төгрөг гэдэг байдлаар тайлбарласаар ирсэн. 60 сая төгрөг үү, 59.500.000 төгрөг үү гэдэг дээр Д.О-, Б.С-, Н.Б- нар огт маргадаггүй. Харин ямар ч мөнгө аваагүй, Н.Б-, Бат-Ирээдүй нар зээлийн үлдэгдэл мөнгийг авсан гэж Д.О- маргадаг. Харин гэрч Д.Бат-Ирээдүй банкнаас Н.Б- 60 орчим сая төгрөгний үлдэгдэл төлбөрийн гүйлгээг хийж барьж гарч ирээд хар ууттай мөнгийг өгсөн, түүнийг Д.О- авсан болохыг гэрчилдэг. Банкны хуулгаар гарсан мөнгө байх боломжтойг гэрчилдэг. Тиймээс Д.О- 125 сая төгрөгийг авсан энэ байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа Б.С-, Д.О- нарын дунд үүссэн гэж дүгнэсэн. Хуулийн энэ заалтаар Н.Б-, Б.С- нарын дунд ямар ч үүргийн харилцаа үүсээгүй атал давж заалдах шатны шүүх 59.500.000 төгрөгийг Н.Б-ээс гаргуулахаар уг хуулийн заалтыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь буруу байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.С- нь Д.О-ээс үндсэн зээл 65.298.578 төгрөг, Н.Б-ээс үндсэн зээл 59.550.000 төгрөг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үүрэг нийт 124.848.578 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 8.000.000 төгрөг, банкны хадгаламжийн хүү 20.591.765 төгрөг, нийт 153.440.343 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилжээ.
Хариуцагч Д.О- “...Н.Б-, Д.Бат-Ирээдүй нар миний нэр дээрх самар гаргах зөвшөөрлийг ашиглаж, самрын наймаа хийж ашиг өгнө гэсэн, хүнээс мөнгө зээлэхэд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэсэн... ХААН банкны хэвийн төлөлттэй зээлээ чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалахаар болсон... Б.С-аас шилжүүлсэн 65.298.578 төгрөгөөр зээлээ төлсөн, авсан мөнгөө төлнө, ...Батцэнгэлээс өөр мөнгө аваагүй...” гэж, хариуцагч Н.Б- “...Б.С-ын шилжүүлсэн 59.500.000 төгрөгийг данснаас авч, бэлнээр Д.О-т өгсөн, мөнгийг Д.Бат-Ирээдүйн дэргэд өгсөн, ...би самрын наймаанд оролцоогүй...” гэж маргасан байна.
Д.О- сөрөг нэхэмжлэл гаргаж, Б.С-аас Баянгол дүүрэг, 1-р хороо, Тоса-1, Тоса-2 төвийн барилгын 612 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205017043 улсын дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, уг хаягт байрлах Г-0241324 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шаардсаныг, нэхэмжлэгч Б.С- хүлээн зөвшөөрсөн байна.
Анхан шатны шүүх, хариуцагч Д.О-ээс үндсэн зээл 124.848.578 төгрөг гаргуулж, хохирол гаргуулах болон хариуцагч Н.Б-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх Д.О-ээс үндсэн зээл 65.298.578 төгрөг, Н.Б-ээс үндсэн зээл 59.550.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Магадлалыг эс зөвшөөрсөн өмгөөлөгч Ц.Ш-гийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл Д.О- зээлээ төлж барьцааг чөлөөлөх, бусадтай хамтран самрын наймаа эрхлэх зорилгоор мөнгө зээлэхийг хүссэн, Н.Б-ийн зуучилснаар Б.С- нийт 65.298.578 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.О-ийн ХААН банк дахь зээлийн дансанд шилжүүлж, уг мөнгөөр зээл төлөгдсөн талаар зохигч маргаагүй байна. Дээрх байдлаар Д.О-ийн мөнгө зээлэх саналыг Б.С- хүлээн зөвшөөрснөөр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ.
Зээлийн гэрээгээр зээлдэгч мөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Д.О- мөнгийг ХААН банкны зээлийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн тул Б.С- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, Д.О- мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иймд 65.298.578 төгрөгийг Д.О-ээс гаргуулж Б.С-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Мөн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б.С- Н.Б-ийн ХААН банкин дахь дансанд 59.550.000 төгрөг шилжүүлсэн, мөн өдөр хариуцагч мөнгийг бэлнээр авсан нь тогтоогджээ.
Н.Б- уг мөнгийг Д.О-т өгсөн гэж, Д.О- аваагүй гэж маргасан байх тул Н.Б- мөнгийг өгснөө нотлох үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүх гэрч Д.Бат-Ирээдүйн мэдүүлэг, Н.Б-, Д.О- нарын хооронд байгуулагдсан 125 сая төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, СД бичлэгийг үндэслэж мөнгийг бүхэлд нь Д.О-ээс гаргуулсан нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцээгүй байна.
Гэрч Д.Бат-Ирээдүйн мэдүүлэг хариуцагч Н.Б- нь Д.О-т 60.000.000 төгрөг өгсөнийг нотлоогүй, Н.Б-, Д.О- нарын хооронд байгуулагдсан 125 сая төгрөгийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ Б.С-ын зээлийн үүрэг шаардсан нэхэмжлэлийн үндэслэл болохгүй, СД бичлэг тухайн цаг хугацааных бус хожим болсон ярианых байна. Эдгээр нотлох баримтаар Н.Б- мөнгийг Д.О-т шилжүүлснийг нотлоогүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.
Б.С- зээлдүүлэх зорилгоор 59.550.000 төгрөгийг Н.Б-ийн дансанд шилжүүлсэн, уг мөнгөөр Н.Б- бусадтай хамтран наймаа хийх байсан нь үгүйсгэгдээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Иймд Н.Б- авсан мөнгөө буцаан төлөх үүрэг хүлээнэ.
2. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх зохицуулалтад “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг нэхэмжлэгчийн хохирол буюу өмгөөлөгчийн зардал, хадгаламжийн хүү шаардах эрх зүйн үндэслэл гэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой зөв гэж үзнэ.
Харин хохирол гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
3. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.С- хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөвшөөрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.
Дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Б-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1441 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ийн өмгөөлөгч Ц.Ш-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Н.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 455.450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ