Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0042

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч МБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ч.Н

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: МБ

     Нэхэмжлэлийн шаардлага: “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан МБ ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Б-17/734 тоот албан бичиг хууль бус болохыг тогтоолгох, уг муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг МБ-д даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0762 дугаар шийдвэр;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0895/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас МБ-д холбогдуулан “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан МБ-ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Б-17/734 тоот албан бичиг хууль бус болохыг тогтоолгох, уг муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг МБ-д даалгах”-аар маргасан байна.

    

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 762 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон Зээлийн мэдээллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүд /Зээлийн мэдээллийн лавлагааны хүснэгтийн 1-3-д заасан МБ-ны авлагууд/-ийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан МБ-ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Б-17/734 тоот албан бичиг хууль бус болохыг тогтоож, уг муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг МБ-д даалгаж  шийдвэрлэжээ. 

 

    3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. ...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 1-т “МБ  болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Арилжааны гэрээнээс үүссэн төлбөрийн асуудал нь “Зээлийн мэдээлэл” гэсэн ойлголтод хамаарахгүй байна” гэж, 6-д “өөрөөр хэлбэл арилжааны гэрээнээс үүссэн авлагатай холбоотой асуудал нь Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулах харилцаанд хамаарахгүй байна” гэж Зээлийн мэдээллийн тухай хуулийг буруу тайлбарлан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад энэ хууль үйлчилнэ.” гэж заасан бөгөөд энэхүү хуулиар зээл болон төлбөртэй холбогдон үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг зээлийн мэдээллийн санд хамруулах харилцааг зохицуулсан. МБ нь мөн хуулийн 4.1.11-д заасан төрийн байгууллагад хамаарах тул 4.1.8-д заасан зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа мэдээлэл нийлүүлэгч юм.

 

3.2. Анхан шатны шүүхээс “Э” ХХК-ийн Арилжааны гэрээний дагуу МБ-д төлөх төлбөрийн үүргийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан зээлийн мэдээлэлд хамаарахгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.1-т “зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;" гэж, 4.1.6-т ““зээлдэгч”гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн хуулийн этгээдийг;” гэж тус тус тодорхойлсон. Энэхүү зохицуулалтаас дүгнэвэл зээлийн мэдээлэлд зөвхөн зээлийн гэрээнээс үүдэлтэй мэдээлэл хамаарахгүй буюу төлбөрийн мэдээлэл мөн адил хамаарч байна. Төлбөрийн үүрэг гэх ойлголт нь өргөн агуулгатай боловч нэг этгээд нөгөө этгээдийн өмнө үүрэг хүлээж, төлбөр төлж байгаа тохиолдолд үүргийг төлбөрийн үүрэг гэж үзнэ. Дээр дурдсан төлбөрийн талаарх мэдээлэл гэдэгт хууль болон гэрээний дагуу нэг этгээд нөгөө этгээдээс төлбөр шаардах эрх, төлөх үүрэг үүсэж байгаа тохиолдолд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “төлбөр” гэдэг ойлголтод хамааруулж уг төлбөр бүхий авлагыг Зээлийн мэдээллийн санд тус хуулийн 4.1.7-д заасан төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээд болох МБ зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн байхад шүүх арилжааны гэрээнээс үүссэн авлагатай холбоотой асуудал нь Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулах харилцаанд хамаарахгүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангасан.

 

3.3. Шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4-т “Зээлийн мэдээллийн тухай хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, зээлийн гэрээний дагуу төлөх зээлдэгчийн зээл, үүний улмаас үүссэн төлбөрийн асуудал зээлийн мэдээлэл гэх ойлголтод хамаарахаар байна” гэж дүгнэсэн. Ингэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.6-д ““зээлдэгч” гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг” гэж, 4.1.7-д ““зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;” хэлнэ гэж тодорхойлсон гол маргаан бүхий асуудалд хамаарах гол хуулийн зохицуулалтыг огт харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

3.4. Шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: МБ , “Э” ХХК-ийн хооронд 2003, 2007 онуудад байгуулсан гэрээгээр “Э” ХХК нь МБ-д алт тушаах үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс төлбөрийн үүрэг үүссэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх гэрээний агуулгыг анхаараагүй. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0762 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй, маргааныг шийдвэрлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

           2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь МБ-д холбогдуулан “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан МБ ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” Б-17/734 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, уг муу ангиллын зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг МБ-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

            3. Хавтаст хэргийн 49-90 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтуудаас үзвэл МБ  болон “Э” ХХК нар харилцан тохиролцож 2003 оны 2 дугаар сарын 28, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Арилжааны ерөнхий гэрээ”-үүд /гэрээний нэр нь/ байгуулан нэхэмжлэгч “Э” ХХК өөрийн олборлосон үнэт металлын тодорхой хэсгийг Монгол банкаар дамжуулан олон улсын зах зээл дээр SPOT, FORWARD, SWAP, OPTION деривативуудыг ашиглан бүтээгдэхүүнээ арилжихаар тохиролцжээ.

4. Дээрх гэрээний дагуу хийгдсэн олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийх явцад МБ  нь “Э” ХХК-аас арилжааны урамшуулалд шилжүүлсэн 484,880 ам.доллар, арилжааны гэрээнээс үүссэн 7.214623 ам доллар, 36,832,000 төгрөгийн авлагатай буюу “Э” ХХК нь төлбөртэй болох нь тогтоогдож байна.

5. Ийнхүү гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг “Э” ХХК-иас шаардаж, зээлийн мэдээллийн санд төлбөрийн талаарх мэдээллийг оруулж бүртгэх болсон тухай хариуцагч МБ-аас албан бичгээр мэдэгдэж байсан байх ба улмаар уг төлбөрийг МБ-ны зээлийн мэдээллийн санд бүртгэжээ.

6. Энэхүү зээлийн мэдээллийн санд бүртгэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №53 тоот албан бичгээр “...компанийн нэр дээр бүртгэсэн муу ангилал гэх үндэслэлгүй мэдээллийг зээлийн мэдээллийн нэгдсэн сангаас нэн даруй хассан тухай өөрчлөлт оруулан ...албан ёсоор хариу ирүүлэхийг шаардаж байна” гэсэн хүсэлт гаргасныг хариуцагч МБ  2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” Б-17/734 тоот албан бичгээр татгалзсан хариу мэдэгдсэн нь хууль бус болох нь тогтоогдсонгүй. Тодруулбал:

6.1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;

4.1.6-д "зээлдэгч" гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;

4.1.11-д "төрийн байгууллага" гэж МБ , Санхүүгийн зохицуулах хороо, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг;

4.1.13-т "зээлийн түүх" гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг;

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д “гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн;

мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “зээлийн мэдээллийн санд зөвхөн энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулах”

мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “МБ  нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна” гэж тус тус заажээ.

6.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хариуцагч Монгол банк нь “төрийн байгууллага”-д, харин нэхэмжлэгч “Э” ХХК нь “Зээлдэгчид” хамаарч байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “арилжааны ерөнхий гэрээ”-ээс үүссэн төлбөрийн асуудал нь мөн дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байгаагаас гадна төлбөрийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд хамруулах талаар тодорхой тусгагджээ.

6.3. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн нэхэмжлэгчийн төлбөр үүргийн мэдээллийг МБ  нь зээлийн мэдээллийн санд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.4. Гэтэл анхан шатны шүүхээс “...арилжааны гэрээнээс үүссэн төлбөрийн асуудал нь зээлийн мэдээлэл гэсэн ойлголтод хамаарахгүй... Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.1-6.3.4-д заасан мэдээлэлд “арилжааны гэрээнээс үүссэн авлагын асуудал хамаарахгүй байна” гэсэн дүгнэлт хийж, дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.5. Түүнчлэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “...энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад энэ хууль үйлчилнэ.” гэсэн хуулийн хамрах хүрээний зохицуулалтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

6.6. Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, төрийн байгууллага болох МБ  нь төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хуулийн этгээд болох “Э” ХХК-ийн төлбөрийн үүргийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэсэн харилцаа Зээлийн мэдээллийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдаж байна.

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.13, 6.1.15, 6.2.9, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Муу ангилал бүхий зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хасахаас татгалзсан МБ-ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” Б-17/734 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, уг муу ангиллын зээлийн мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангаас хассан шийдвэр гаргахыг МБ-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч МБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН   

                ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ  

                ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА