Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01741

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1225 дугаар магадлалтай,

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, 

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлсний зөрүү 906.505 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2010 оноос хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Рэйлком төвд мэдээллийн сүлжээний инженерээр ажилласан. Нийгмийн асуудал эрхэлсэн Замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн цахилгаанаар 2017 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянбуурал амралтад УБТЗ-аас ой хээрийн түймэрт ажилласан ажилчид, УБТЗ-ын  залуучуудын төв байгууллагын харьяа салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүдийн уулзалт өдөрлөгийн арга хэмжээнд оролцох үүрэг даалгавар өгөгдсөн. Үүний дагуу төвийн захиралд танилцуулан 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 730 тоот албан томилолтын үнэмлэхээр 8 дугаар сарын 25, 26-нд томилолт олгогдсон. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Рэйлком төвийн захирал Б.Намжилсүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн ажилд гараагүй гэж буруутган үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутган 38 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаанд хорин хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд албан томилолттой байх хугацаанд ахлах инженерийн шийдвэрээр сүлжээний инженер Ц.Цэлмэгийг ажиллуулсан байдаг. Мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авч хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн ээлж хүлээн авахад РК-50/14 дугаарт транзит урсгалд тус өдрийн өглөөний 09:40 цагт гэмтэл гарсан байсан. Тус гэмтэл гарсан талаар Оросын холбооны улсын Трансс-телекомоос и-мэйл ирсэн байсан бөгөөд дамжуулахын инженер н.Зоригт хариу бичсэн байсан. Миний бие тус өдөр 14:00-20:00 цагийн ээлжид ажилласан бөгөөд тус хугацаанд Трансс-Телекомоос и-мэйл ирсэн бөгөөд тус и-мэйлд Сүхбаатар дахь төхөөрөмжийн платаа сольж үзээч гэсэн санал ирсэн талаар тухайн ажил хариуцсан дамжуулахын инженер Ү.Дугармаад мэдэгдсэн. Энэ бүх үйл явц нь ажил хүлээлцэх дэвтрээр нотлогддог. Үүний дараа Ү.Дугармаа инженер дамжуулахын инженер н.Зоригтыг тус өдрийн 20:00 цагийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатарт очиж плат солих талаар үүрэг өгч явуулсан. Дамжуулахын инженер Зоригт нь 10-11 өдрийн шилжих шөнө 05:00 цагт очиж гэмтлийг тэр дор нь зассан байдаг. Энэ үйлдэлд намайг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэхүү тасалдлын талаар 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхний шуурхай хурлыг 4 ээлжийн инженер, 2 дамжуулах инженер, ахлах инженер, хүний нөөц, дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин хурал хийж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 47 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаал, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт Баянбуурал амралтаас ирсэн. Энэ өдрийн орой 20 цагаас ээлжийн ажилдаа гарах ёстой байтал тасалсан бөгөөд ээлжинд гарч чадахгүй болохоо удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, ээлжийн ажлаа тасалсан байж 48 цагийн амралтаа эдэлсэн болно. Энэ асуудлыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тогтоож, 9 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн түүнд 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд Рейлком төвийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, цалин хөлсний зөрүү 906.505 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, 906.505 төгрөгт ногдох хэмжээгээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын  дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 26.306 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1225 дугаар магадлалаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас цалин хөлсний зөрүү 506 736 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагч байгууллагын Рэйлком төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.Т-ийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00:00-08:00 цаг хүртэлх ээлжийн графикт тусгагдсан ажлын цагийн эхлэл нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагаас эхэлдэг. Энэхүү эхэлсэн ажлын цаг нь 8 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл буюу 12 цаг тасралтгүй ажилладаг цагийн хуваарь юм. Д.Т- нь 8 дугаар сарын 26-ны өдрийн 16:45 минутанд Улаанбаатар хотод томилолтоос ирсэн бөгөөд тухайн өдөр томилолтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө буюу 00:00 цагаас ээлж хүлээн авч ажиллах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь илт хууль бус юм. Ээлжийн графикаар ажилладаг ажилтнуудын хурууны хээний бүртгэлээр шөнийн ээлж нь 20:00-00:00, 00:00-08:00 хүртэлх 12 цагийн бүртгэл нь тасралтгүй үргэлжлэн ажилладаг болох, ээлжийг хэзээ ч 00:00 цагт хүлээж авдаггүй болохыг шүүх анхаараагүй. Хэрэв 00:00 цагаас ээлж хүлээн авч ажиллах ёстой гэж дүгнэвэл шөнийн ээлжийн гараанд гарахаас өмнө тухайн ажилтныг зайлшгүй амраасан байх ёстой төмөр замын ажилтны сахилгын тусгай журам зөрчигдөхөд хүрэх байсан. Мөн ээлжийн график дор бичигдсэн шөнийн цагийн тооцоолол хийх зорилгоор 12 цаг тасралтгүй үргэлжлэх ээлжийн графикийг 2 хувааж буюу 20:00-00:00, 00:00-08:00 гэж хуваасныг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалыг үндэслэлтэй гарсан, харин 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаал нь үндэслэлгүй гарсан гэж дүгнэсэн боловч магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтанд эсрэгээр нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалыг хүчингүй болгож, харин 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Т-, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулж, тус төвийн Рэйлком төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, цалин хөлсний зөрүү 906.505 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй, энэ талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Д.Т- нь Улаанбаатар төмөр замын Рэйлком төвд мэдээллийн сүлжээний инженерийн албан тушаал эрхэлж, урьдчилж баталсан хуваарийн дагуу үргэлжилсэн цагаар ээлжинд гардаг нь тогтоогджээ.

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирал, Д.Т-ийг “...үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж, нэг өдөр ажил тасалсан...” гэж 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот тушаалаар цалинг 1 сар 20 хувь бууруулах, “ажил үүрэгтээ хайнга хандаж, ..ажлын хариуцлага алдсанаас ...олон улсын транзит урсгал 1152 минут тасалдаж, байгууллагад 1500 ам.долларын хохирол учирсан” гэж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот  тушаалаар цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

38 тоот тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүү гаргуулахдаа анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Урьдчилж баталсан үндсэн ажлын хуваариар Д.Т- 2017 оны 8 дугаар сарын 26-ны орой 20 цагаас 27-ны өдрийн өглөөний 08 цаг хүртэл ажиллах ээлжтэй байсан, ажил олгогчийн шийдвэрийн дагуу 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянбуурал амралтад томилолтоор ажиллаад 26-ны өдрийн 16 цаг 45 минутад эргэж ирснийг зохигч маргаагүй байна.

Томилолтын дараа хуваарийн дагуу ээлжинд ажиллагаагүйг ажил тасалсан гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-т зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна, ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна. Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн хөдөлмөрийн дотоод журмын 12-т мөн энэ талаар журамласнаас гадна ээлжийн ажилтны хувьд ажлын цагийн үргэлжлэх дээд хугацаа 12 цагаас ихгүй, сарын ажлын нормт цагт багтаан зурмагаар зохицуулна гэжээ. Д.Т- томилолтоор ажилласан тул тэрээр 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд  үндсэн ажлын урьдчилж баталсан хуваариар ажиллах боломжгүй болсон, хэрэв ээлжийн ажлыг хэсэгчлэн буюу 27-ны өдрийн 00 цагаас 08 цаг хүртэл гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай бол энэ талаар ажил олгогч ажилтанд урьдчилж мэдэгдэх үүрэгтэй ба ойлгомжгүй байдал үүссэнд ажилтныг буруутгах үндэслэлгүй юм.

Давж шатны шүүх Д.Т-ийг 8 дугаар сарын 26-ны өдөр томилолттой  байсныг үгүйсгээгүй боловч тухайн өдрийн 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх ээлжийн ажлыг хэсэгчлэн гүйцэтгээгүй буюу 27-ны өдрийн 00 цагаас өглөөний 08 цаг  хүртэл ээлжинд гараагүй, ажил тасалсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх 38 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 47 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хангахаар дүгнэлт хийсэн атлаа  магадлалын тогтоох хэсэгт зөрүүлж  бичсэн алдаа гаргажээ.

Иймд магадлалыг хүчингүй болгов.

2. Д.Т-д цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж  47 тоот тушаал гаргахдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.-т заасан “ сахилгын зөрчлийг илрүүлсэн... хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчжээ.

Д.Т-д 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан зөрчлийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хурлаар хэлэлцсэн атлаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тухай анхан шатны шүүх дүгнэлт хэргийн баримтад үндэслэсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1225 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ