Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 953

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод Салхитын 5 дугаар гудамж, 101 тоотод оршин суух, Хотгойд овогт Дуламрагчаагийн Түмэндэмбэрэл /РД:МЗ80063000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, Улаанбаатар төмөр замын удирдах газар өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай “Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлсний зөрүү 906,505 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дуламрагчаа овогтой Тумэндэмбэрэл нь 2010 оноос хойш Монгол- Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Рэйлком төвд мэдээллийн сүлжээний инженерээр ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Нийгмийн асуудал эрхэлсэн Замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн цахилгаанаар 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянбуурал амралтад УБТЗ-аас ой хээрийн түймэрт ажилласан ажилчид, УБТЗ-ын  залуучуудын төв байгууллагын харьяа салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүдийн уулзалт өдөрлөгийн арга хэмжээнд оролцох үүрэг даалгавар өгөгдсөн. Үүний дагуу төвийн захиралд танилцуулан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 730 тоот албан томилолтын үнэмлэхээр 08 дугаар сарын 25, 26-нд томилолт олгогдсон байдаг. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Рэйлком төвийн захирал Б.Намжилсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн ажилд гараагүй гэж буруутган үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж нэг өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутган 38 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаанд хорин хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 29 дүгээр зүйлд “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-Д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэж тайлбарласан. Гэтэл миний бие 8 дугаар сарын 26-ны өдөр албан томилолттой байсан атал тус өдөр ажилд гараагүй, албан үүрэгтээ хайнга хандсан гэж хууль бусаар буруутгасан. 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд албан томилолттой байх хугацаанд ахлах инженерийн шийдвэрээр сүлжээний инженер Ц.Цэлмэгийг ажиллуулсан байдаг. Гэтэл намайг буруутгаж буй үндэслэлүүд нь ямар ч үндэслэлгүй, ямар ч хохиролгүй, гэм буруугүй байхад хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 тоот “Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй, болгуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Дуламрагчаа овогтой Түмэндэмбэрэл нь 2010 оноос хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Рэйлком төвд мэдээллийн сүлжээний инженерээр ажиллаж ирсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авч хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн. Тус тушаалын тушаах нь хэсгийн “Нэг” дэх заалтад “2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар холбооны 48В-ын тогтмол тэжээл доголдсоноос үүдэж сүлжээний элемент гэмтэхэд мэдээллийн сүлжээний инженер н.Дуламрагчаагийн Түмэндэмбэрэл нь үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж “Ээлжийн инженерийн ажил гүйцэтгэх журам”-ын 2.3, 2.4, 2.5-ыг хангалтгүй гүйцэтгэж ажлын хариуцлага алдсанаас олон улсын РК-50/14 дугаарт транзит урсгал 1152 минутын туршид тасалдаж байгууллагад 1,500.00 ам.долларын хохирол учирсан тул түүний үндсэн цалинг гурван сарын хугацаагаар хорин хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.” гэж заасан  Д.Түмэндэмбэрэл миний бие 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн ээлж хүлээн авахад РК-50/14 дугаарт транзит урсгалд тус өдрийн өглөөний 09:40 цагт гэмтэл гарсан байсан. Тус гэмтэл гарсан талаар Оросын холбооны улсын Трансс-телекомоос имэйл ирсэн байсан бөгөөд дамжуулахын инженер н.Зоригт хариу бичсэн байсан. Миний бие тус өдөр 14:00-20:00 цагийн ээлжид ажилласан бөгөөд тус хугацаанд Трансс-Телекомоос имэйл ирсэн бөгөөд тус имэйлд “Сүхбаатар дахь төхөөрөмжийн платаа сольж үзээч гэсэн” санал ирсэн талаар тухайн ажил хариуцсан дамжуулахын инженер Ү.Дугармаад мэдэгдсэн. Энэ бүх үйл явц нь ажил хүлээлцэх дэвтрээр нотлогддог. Үүний дараа Ү.Дугармаа инженер дамжуулахын инженер н.Зоригтыг тус өдрийн 20:00 цагийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатарт очиж плат солих талаар үүрэг өгч явуулсан. Дамжуулахын инженер Зоригт нь 10-11 өдрийн шилжих шөнө 05:00 цагт очиж гэмтлийг тэр дор нь зассан байдаг. Энэ үйлдэлд миний биеийг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Энэхүү тасалдлын талаар 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхний шуурхай хурлыг 4 ээлжийн инженер, 2 дамжуулах инженер, ахлах инженер, хүний нөөц, дарга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин хурал хийж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 47 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэснийг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 29 дүгээр зүйлд “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй.” гэж тайлбарласан. Гэтэл Сүхбаатарт гарсан гэмтэлд Д.Түмэндэмбэрэл миний бие гэм буруугүй бөгөөд тус гэмтлийн талаар холбогдох албан тушаалтнуудад мэдэгдсэн байдаг. Иймд Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот “Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, цалин хөлсний зөрүүг нөхөн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өнгө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл 2012 оноос хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Рэйлком мэдээллийн сүлжээний инженерээр ажиллаж ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга н.Хүрэлбаатарын цахилгаан гарсан. Энэ цахилгаанаар Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллагын чуулга уулзалтыг 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянбуурал амралтад хийлгэх тухай шийдвэр гарсан. Энэ цахилгаан хавтаст хэрэгт авагдсан бөгөөд үүний дагуу маш олон байгууллагын маш олон залуучуудыг ажлаас нь чөлөөлж энэ арга хэмжээнд оролцуулах шийдвэр гарсан. Үүний дагуу төвийн захиралтай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 730 тоот албан томилолтын үнэмлэхээр 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдийн томилолт олгогдсон байдаг. Энэ томилолтын дагуу Д.Түмэндэмбэрэл 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр Баянбуурал амралтад ажилласан байдаг. Энэ томилолтын хугацааны цалин хөлс бүх зүйл албан томилолтын журмын дагуу олгогдсон. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Рэйлком төвийн захирал н.Намжилсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн ажилд гараагүй гэж буруутган үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж, 1 өдрийн ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутган 38 тоот тушаалаар үндсэн цалинг 20 хувиар 1 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Түмэндэмбэрэлийн 2017 оны 08 дугаар сарын ээлжийн графикийг үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 25, 26, 27 гэсэн 3 өдөр ажиллах график гарсан байдаг. Энэ график хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутад Д.Түмэндэмбэрэл Улаанбаатар хотод ирсэн байдаг. Энэ талаарх баримт буюу галт тэрэгний тасалбар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Д.Түмэндэмбэрэлийг буруутгаж байгаа үндэслэл бол “шөнийн 20 цагаас ээлжинд гарах байсан, гэтэл чи ээлжинд гарсангүй” гэж буруутгасан. Энэ буруутгах болсон үндэслэл, шалтгаан хаанаас урган гарсан бэ гэдэг дээр тайлбар хийе. Томилолт 2 өдрөөр олгогдсон томилолт бөгөөд энэ хугацаанд хоол, унааны мөнгө хасдаг. Гэтэл ажил олгогч үндэслэлгүйгээр 3 өдөр хассан. Энэ талаар Д.Түмэндэмбэрэл нь ажил олгогчид хүсэлт тавьсан байдаг боловч үүнийг нь буруугаар мушгиж “чи 27-ны өдөр ажил тасалсан” гэж хэлсэн. Энэ өдөр ажил тасалсан гэж үзээд байгаа хариуцагчийн үндэслэл нь 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө буюу 26-ны өдрөөс ээлж авч ажил эхэлж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 20 цагаас 27-ны өдрийн өглөөний 08 цаг хүртэл байгаа. Энэ нь графикаас тодорхой харагдаж байгаа. Гэтэл “чиний 26-ны өдрийг ажилласан цагаар бүртгэж байна, 27-ны өдрийн 00 цагаас өглөөний 08 цаг хүртэл чи ажил тасалсан” гэж буруутгадаг. Гэтэл ажлын цагийн эхлэл нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагаас байдаг. 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр Д.Түмэндэмбэрэлийн ээлжинд н.Цэлмэг гэж хүнийг ажиллуулсан байдаг. Системийн ахлах инженерийн ажлын байрын тодорхойлолтыг сүүлд нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж нотлох баримтын шаардлага хангаж гаргуулсан. н.Цэлмэгийг ямар үндэслэлээр Д.Түмэндэмбэрэлийн оронд ажиллуулсан бэ, шийдвэр байна уу гэтэл “шийдвэр байхгүй, тухайн ажлын байрны тодорхойлолтын 6-д заасны дагуу томилж ажиллуулсан” гэдэг зүйлийг хариуцагч тал гараар бичиж нотлох баримтын шаардлага хангаж өгсөн байдаг. Ингээд ямар ч үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан. Үнэхээр ажил тасалсан гээд тухайн байгууллагад тэр ээлжинд ажиллах хүн байхгүй гээд байхгүй байснаас болж байгууллагад хохирол учирсан зүйл байдаггүй. 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрийн цалин хөлсийг бүтэн олгосон байдаг. Мөн хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн шаардлагын шалтгаан нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал юм. Энэ тушаалын 1 дүгээр заалтад 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Сүхбаатар холбооны 48В тогтмол сүлжээ доголдсоноос үүдэн сүлжээний элемент гэмтэхэд мэдээний сүлжээний инженер Д.Түмэндэмбэрэл нь үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж, ээлжийн инженер ажил гүйцэтгэх журмын 2.3, 2.4, 2.5-ыг тус тус хангалтгүй гүйцэтгэж ажлын хариуцлага алдсанаас олон улсын РК 50/14 дугаар транзит урсгал 1152 минутын туршид тасалдаж байгууллагад 1500 ам.долларын хохирол учирсан тул мөн түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж тушаасан. Энэ нөхцөл байдал юу болсон дээр тайлбар хэлэхэд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагт Д.Түмэндэмбэрэл ээлж хүлээж авсан байдаг. Ээлж хүлээж авахад РК 50/14 тоот транзит урсгал  тус өдрийн өглөөний 09 цаг 40 минутад гэмтэл гарсан гэдэг тэмдэглэгээ үйлдэгдсэн байсан. Яг тухайн өдрийн ээлж хүлээлцсэн дэвтрийг мөн хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулсан байгаа. Өмнөх ээлжинд ажиллаж байсан ажилтан албаны диспитчер, системийн ахлах инженер, дамжуулахын инженертээ мэдэгдсэн гэдгийг тэмдэглэлд үлдээсэн. Энэ нь мөн хурлын тэмдэглэл дээрээс харагдана. Энэ гэмтэл хаана гарсан бэ гэвэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод буюу Улаанбаатар төмөр замын хамгийн хойд хил дээр гарсан плат шатсан осол юм. Өглөө 09 цаг 40 минутад плат шатаж байгаа нь энд байгаа ээлжийн ажил гүйцэтгэж байгаа сүлжээний инженер дээр дохиолол ирсэн. Энэ дохиоллын дагуу холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн. Д.Түмэндэмбэрэл мэдээллийн сүлжээний инженер ажилтай. Өмнөх ээлжийн сүлжээний инженер дамжуулахын инженерүүдэд мэдэгдсэн. Ахлах инженер н.Зоригт транстелекомоос ирсэн мэйлд хариу бичсэн байдаг. Д.Түмэндэмбэрэл нь тухайн өдрийн 14 цагаас 20 цагийн хооронд ээлжинд ажилласан бөгөөд тус хугацаанд транстелекомоос 3 мэйл ирсэн байдаг. Сүхбаатар дахь төхөөрөмжийн платыг сольж үзэх талаар санал ирсний дагуу тухайн ажил хариуцсан дамжуулахын инженер н.Дугармаад мэдэгдсэн байдаг. Үүнийг мөн ялгаагүй ээлжийн ажил хүлээлцэх дэвтэр дээр бичсэн байдаг. Үүний дараа н.Дугармаа инженер, дамжуулахын инженер н.Зоригтод 40,000 төгрөгийг бэлнээр өгөөд тус өдрийн 20 цагийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар аймагт очиж плат солих талаар үүрэг өгч явуулсан. 10-ны өдрийн шөнийн 20 цагаас эндээс суусан дамжуулахын инженер н.Зоригт 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнийн 05 цагт Сүхбаатар аймагт очиж энэ платыг сольсноор гэмтэл тэр дороо засагдсан. Энэ үйлдэлд Д.Түмэндэмбэрэлийг буруутай гэж үзсэн. Энэ бол ямар ч үндэслэлгүй буруутгал. Сахилгын арга хэмжээ авахад мэдээж шалтгаант нөхцөл гэж байх ёстой бөгөөд тухайн ажилтны ямар гэм буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид ямар хохирол учирч, хөдөлмөрийн дотоод журам, гэрээний ямар заалт, хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл бодит байдалд Д.Түмэндэмбэрэл зохих арга хэмжээг авсан байсан. Мэдээллийн сүлжээний инженер, дамжуулахын инженер, системийн ахлах инженер зэрэг 3 этгээдийн хооронд явагдаад байгаа үйлдэл. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эхний шуурхай хурлыг хийсэн бөгөөд энэ хуралд 4 ээлжийн инженер, 2 дамжуулахын инженер, ахлах инженер, хүний нөөц зэрэг бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин хурал хийсэн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 тоот тушаал гарч Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сар гэж хөөн хэлэлцэх хугацааг заасан байгаа. Ажил олгогч үнэхээр энэ хууль бус ажиллагаагаар арга хэмжээ авах гэж байсан бол хуулийн дагуу процессийн алдаа гаргахгүй байж арга хэмжээ авч чадаагүй. Хавтаст хэрэгт 14-ний өдөр болон 27-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдийг гаргуулж авах хүсэлт гаргасан чинь 14-ний өдөр ганцхан хурал хийсэн гэсэн тайлбар хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хурлын тэмдэглэл, транстелекомоос ирсэн нэхэмжлэлийг яагаад гаргуулах ёстой вэ гэдэг хүсэлтийг хэлэлцэж байхад хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч “бид 2017 оны 09 дүгээр сарын 10-ны асуудлыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн нь өөрөө транстелекомоос ирсэн нэхэмжлэлтэй уялдуулж шийдвэрлэсэн” гэж хэлсэн. Гэтэл өмнөх хуралдаанд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хурал хийхдээ 1500 ам.доллар гэдгээ мэдэгдсэн байна шүү дээ гэдэг асуудал яригдсан. Транзит урсгалаар тоологдоод бид хэзээ ч тооцоолох боломжтой гэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр хурлын тэмдэглэлийн хооронд маш их зөрүү үүсч байгаа юм. Гэтэл тушаалын бодит үндэслэл дээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал н.Намжилсүрэнгийн удирдан  хийсэн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тушаах нь гээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны тушаал дээр 27-ны өдрийн шуурхай хурлын асуудлыг яриад байдаг юм. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдээд, хурлаа хийгээд зохион байгуулалтаар ийм арга хэмжээ авсан байдаг. Энэ бодит нөхцөл байдал дээр яагаад ийм ялгаатай байгаад байна вэ гэхээр транстелекомоос ирсэн нэхэмжлэлтэй холбогдуулан яг энэ зөрчил Рэйлком төвөөс гарсан уу, Дохиолол холбооны 1 дүгээр ангийн үйл ажиллагаатай холбоотой гарсан уу гэдэг энэ зөрчлийг аль байгууллага авах вэ гэдгийг дотооддоо шийдэж чадахгүй байсан. Ингэж явж байгаад хамгийн сүүлд Рэйлком дээр тооцохоор болсон. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гарсан. Энэ тушаалтай холбогдуулж бас нэг зүйлийг заавал ярих шаардлагатай. Мэдээллийн сүлжээний инженерийн ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Энэ тодорхойлолтын 9 дэх заалтад “байгууллагаас гадна” гэж заасан байгаа. Байгууллагын дотор системийн ахлах инженер төвийн удирдах ажилтнуудтай уялдаж өдөрт нь үйл ажиллагаа явуулдаг. Байгууллагаас гадна бол удирдах газрын алба, хэлтсүүд Төмөр замын бусад ажилтнуудтай онлайн сүлжээний ашиглалт, гэмтэл, саатлын талаар уялдаатай ажиллах, өмчийн албаны инженер, техникийн ажилчдын ажлын харилцан уялдаатай байх гэдэг. Ийм тодорхойлолт зааж өгсөн. Харин системийн ахлах инженер буюу хурлын тэмдэглэлд байгаад байгаа н.Зоригтод гадна байгууллага буюу олон улсын байгууллагуудтай харилцах эрх хэмжээг ажлын байрны тодорхойлолтын 9 дэх заалтад мөн ялгаагүй тусгаад өгсөн. Д.Түмэндэмбэрэл болон түүний өмнөх ээлжинд гарч байсан ажилтнууд яг л энэ дүрэм, журмын хүрээнд буюу системийн ахлах инженер, мэдээллийн ахлах инженер, дамжуулахын ахлах инженерүүд арга хэмжээ авсан. Гэтэл энэ дээр холбогдох нөхдүүд шуурхай арга хэмжээ аваагүй улмаас тэр өдрөө машинаар шууд очоод платыг сольсон бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Системийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтын 9 дэх заалтад байгууллагын гадна гэдэгт гадаадын болон дотоодын Ай Эс Пи нарын холболтын байдал, ачаалалтай холбогдсон шалгалт, тохиргооны ажлыг Ай Эс Пи нартай хамтран бие даан хийж байх гээд ахлах инженерийн ажлын байрыг тодорхой заагаад өгчихсөн. Ийм учраас энэ хоёр тушаал бүхэлдээ хуулийн бөгөөд бодит нөхцөл байдлыг үндэслэж гарч чадаагүй хууль бус тушаал болсон. Энэ хоёр хууль бус тушаалын улмаас нийт 906,505 төгрөгийн суутгал хийгдсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Д.Түмэндэмбэрэлийн гарт олгох хамгийн сүүлийн хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харагдаж байгаа. 2017 оны 09 сар, 10 сар, 11 сар, 12 сар гээд нийт 4 сарын цалингаас суутгасан байгаа. Энэ суутгалын зөрүү 906,505 төгрөг болон үүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хууль бус 2 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ суутгалын талаарх нотлох баримтыг тусад нь тооцуулж гаргуулах хүсэлт хариуцагч талд гаргахад гаргаж өгөөгүй бөгөөд гарт олгохыг гаргаж өгсөн. Хамгийн бодит үндэслэл нь 2017 оны 08 дугаар сард Д.Түмэндэмбэрэл бүтэн цалин авсан бөгөөд бүтэн цалин нь 1,600,000 төгрөг. Гэтэл 09 сараас эхлэн суутгал нь бодит дүнгээр орж ирсэн. 2018 оны 01 дүгээр сараас эхлэн сахилгын арга хэмжээний 3 сарын хугацаа дуусч, цалингаа бүтэн авч эхэлсэн. 2017 оны 08 дугаар сард авсан цалингаас 09 дүгээр сард өгсөн цалингийн зөрүү 09 сар, 10 сар, 11 сар, 12 сараар бодож 906,505 төгрөг гарсан юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 26-нд 16 цагт Баянбуурал амралтаас ирсэн. Энэ өдрийн орой 20 цагаас ээлжийн ажилдаа гарах ёстой байтал тасалсан бөгөөд ээлжинд гарч чадахгүй болохоо удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, ээлжийн ажлаа тасалсан байж 48 цагийн амралтаа эдэлсэн болно. Энэ асуудлыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тогтоож 09 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн түүнд 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд Рейлком төвийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай “Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, цалин хөлсний зөрүү 906,505 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тушаалаар тус төвийн мэдээллийн сүлжээний инженер Д.Түмэндэмбэрэлийг үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж нэг өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зарчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу үндсэн цалинг нэг сарын хугацаагаар хорин хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан.

 

Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ “...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00.00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл 8 цагийн ажил тасалж ажил үүрэгтээ хайнга хандсан” /хх-ийн 33-34 дүгээр тал/ гэж, нэхэмжлэгч “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байсан боловч 25, 26-ны өдөр томилолтоор ажиллуулсан. 26-ны өдрийн орой томилолтоос ирсэн учир амрааж, миний оронд өөр хүн ажиллуулсан. 26-ны өдрийн 20.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл тасралгүй нэг ээлж тул шөнийн 00.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл 8 цагийн ажил тасалсан гэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

 

Улаанбаатар төмөр замын замын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн цахилгаанаар 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянбуурал амралтад УБТЗ-аас ой хээрийн түймэрт ажилласан ажилчид, УБТЗ-ын  залуучуудын төв байгууллагын харьяа салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүдийн уулзалт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан уг арга хэмжээнд нэр бүхий ажилчдыг оролцуулахыг даалгасан байна. /хх-ийн 37 дугаар тал/ Үүний дагуу Д.Түмэндэмбэрэлийг 2017 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр томилолтоор ажиллуулахаар шийдвэрлэж түүний оронд өөр хүн ажиллуулсан, нэхэмжлэгч томилолтоос 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16.45 цагт ирсэн тухайд талууд маргаагүй.

 

Рэйлком төвийн ээлжийн инженерүүдийн 2017 оны 08 дугаар сард ажиллах хуваарь /хх-ийн 43 дугаар тал/-иас үзвэл Д.Түмэндэмбэрэл нь 14.00-20.00 08.00-14.00; 20.00-00.00 00.00-08.00 цагийн хуваарийн дагуу 26-ны өдрийн 08.00-14.00 цаг, 20.00-00.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл ажиллах ээлжийн хуваарьтай байна.

 

Нэхэмжлэгчид Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн удирдлагаас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 730 тоот албан томилолт /хх-ийн 39 дүгээр тал/ олгосны дагуу тэрээр 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл томилолтоор ажиллуулж, ээжийн ажилд өөр хүн ажиллуулсан хэрнээ түүнийг 08 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл 8 цагийн ажил тасалсанд тооцож сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тушаалаар тус төвийн мэдээллийн сүлжээний инженер Д.Түмэндэмбэрэлийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар холбооны 48В-ын тогтмол тэжээл доголдсоноос үүдэж сүлжээний элемент гэмтэхэд мэдээллийн сүлжээний инженер н.Дуламрагчаагийн Түмэндэмбэрэл нь үндсэн ажил үүрэгтээ хайнга хандаж “Ээлжийн инженерийн ажил гүйцэтгэх журам”-ын 2.3, 2.4, 2.5-ыг хангалтгүй гүйцэтгэж ажлын хариуцлага алдсанаас олон улсын РК-50/14 дугаарт транзит урсгал 1152 минутын туршид тасалдаж байгууллагад 1,500.00 ам.долларын хохирол учирсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн үндсэн цалинг аравдугаар сараас эхлэн 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 57 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, хурлын тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр тал/, ээлж хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 123 дугаар тал/ зэргээс үзвэл ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчил нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарч, энэ талаар 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж ажилтанд сахилгын шийтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ногдуулах тушаал гарчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулаагүй байх тул ажилтан зөрчил гаргасан, буруутай байсан эсэхээс үл хамаарч ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэл болно.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалууд үндэслэлгүй гарсан байх тул уг тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалинг нийт 4 сар 20 хувиар бууруулсан  байх тул түүний Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтийг үндэслэн тооцоход /2017 оны 6, 7, 8 дугаар сарын цалингаас 1 сарын дундаж цалинг, нэг сарын дундаж цалингаас 20 хувийн цалинг тооцож нийт 1,156,556 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 906,505 төгрөг/ 906,505 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 906,505 төгрөгт ногдох шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын Рэйлком төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай “Д.Түмэндэмбэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, цалин хөлсний зөрүү 906,505 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлд олгож, 906,505 төгрөгт ногдох хэмжээгээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 26,306 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР