Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01737

 

Ж Э Б К ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00739 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1417 дугаар магадлалтай,

Ж Э Б К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээд А.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Ц, Д.Д, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар захирамжаар А.З-аас 25.774.087 төгрөгийг гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэсэн. А.З- нь заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох улсын Ү-2206027965 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоотын 18.48 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг зогсоолыг шинжээчийн тогтоосон үнэ болох 18.400.000 төгрөгийн 50 хувь буюу 9.200.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 11.200.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101 тоот битүүмжилсэн, хураасан, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоолд төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн гэж дурдсан. Гэтэл бид А.З-аас үлдэгдэл 14.774.087 төгрөгийг аваагүй. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байтал төлбөрийг бүрэн төлөгдөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хангагдаагүй үлдсэн 14.774.087 төгрөгийг А.З-ын бусад эд хөрөнгөөс гаргуулах ажиллагаа үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар захирамжаар А.З-аас 25.781.332 төгрөгийг гаргуулж Ж Э Б К ББСБ-д олгохоор, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17290204 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийвэр, гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар дурдсан тул барьцааны зүйлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 139/106/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 136/106/03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчийн тогтоосон үнэ болох 18.400.000 төгрөгийн 70 хувь буюу 12.880.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 18.400.000 төгрөгийн 50 хувь буюу 9.200.000 төгрөгөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр оруулахад 11.200.000 төгрөгөөр худалдан борлогдож, дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг, төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заасан үйл ажиллагааг гүйцэтгэдэг бөгөөд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд дурдсанаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ажиллагааг гүйцэтгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А.З-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ж Э Б К ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 104 дүгээр байрны зоорийн давхрын 26 тоот авто зогсоолыг барьцаалсан. Тухайн зээлээ төлж чадаагүй тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр дээр дурдсан авто зогсоолоор төлбөрийг барагдуулахаар заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Талуудаас үнийн саналыг авч үнэлгээний дүн зөрүүтэй байсан тул үнэлгээ хийлгэснээр анхдагч болон хоёрдогч албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдаж, хоёр дахь дуудлага худалдаагаар Б.Мөнхбадрах гэдэг хүн ялсан тул өмчийн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан тоотыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан. Авто зогсоол зарсан мөнгийг нь Ж Э Б К ББСБ-д өгсөн. Энэ нь хууль журмын дагуу явагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд гомдлыг 7 хоногийн дотор Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хариугаа аваад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 14 хоногийн дотор дахин гомдол гаргана гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байхад Ж Э Б К ББСБ нь 2018 онд гомдол гаргасан. Энэ гомдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг үүсгэхээс татгалзаад, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байдаг. 2 сарын дараа шүүхэд өгдөг, шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажил хийгдээгүй гээд буцаачихаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад өнөөдөр шүүхэд ороод ирж байгаа юм. Гомдол гаргах хугацаа нь дууссан, гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар тодорхой заасан. Анхнаасаа эвлэрлийн гэрээгээр автозогсоолоо өгье гэсэн. Авто зогсоолоо дуудлага худалдаагаар худалдаад төлбөрийг төлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс бусад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан. Уг хэрэгт анхнаасаа авто зогсоолыг барьцаалсан, авто зогсоолоор гүйцэтгэлийг хангуулъя гэсэн, авто зогсоолоо худалдаж, гүйцэтгэлийг хангуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00739 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 505 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч А.З-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.000 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 91.430 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1417 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З-ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд А.З- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “Шүүх хариуцагч байгууллагыг барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулан борлуулах ажиллагаа хийсэн, уг борлуулсан орлого нь төлбөр авагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байхад төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулаагүй нь төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн нь зөв болжээ" хэмээн дурьджээ. Нэхэмжлэгч Ж Э Б К ББСБ ХХК болон төлбөр төлөгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан ба уг эвлэрлийн гэрээгээр “25.774.087 төгрөгийг 2016.12.31-ний өдрийн дотор төлөх, энэ заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар харилцан тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу эвлэрлийн гэрээний агуулгыг тодорхойлж, үр дагаврыг харилцан тохиролцож, дээрх төлбөр болох 25.774.087 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох 26 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд талуудын энэхүү тохиролцоо нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ ч үүднээс нэхэмжлэгч гүйцэтгэх хуудас бичүүлсэн ба 2017 оны №106 дугаар гүйцэтгэх хуудаст “25.774.087 төгрөг гаргуулж, ...Хан-Уул дүүргийн 2 дутаар хороо, Үйлдвэр /17042/ ХД-102 дугаар оайр зоорийн давхрын 26 тоот 18.48 м.кв Ү-2206027965 эрхийн бүртгэлийн дугаар бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болсон 2017 оны №106 дугаар гүйцэтгэх хуудаст дээрх байдлаар заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д заасантай нийцсэн. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20.1.6-д заасны дагуу гүйцэтгэх хуудаст бичигдсэн төлбөрийг тус гүйцэтгэх хуудаст бичигдсэн төлбөр гаргуулах эд хөрөнгө, арга журмын дагуу гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гүйцэтгэх хуудаст заасан төлбөр гаргуулах эд хөрөнгө, арга журмыг үнэлэлгүйгээр зөвхөн гүйцэтгэх хуудаст бичигдсэн 25.774.087 төгрөгийг бүрэн барагдаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20.1.6-д нийцэхгүй юм. Нөгөөтэйгүүр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж үргэлжлүүлэн явуулж бусад орлого, эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь бүхэлдээ хуульд нийцэхгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ч мөн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах үндэслэл бүрдээд байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2016.06.08-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон 2016.06.13-ны өдрийн №183/Ш32016/00030 дугаар захирамжийг үгүйсгэж, 25.774.087 төгрөгийг төлбөр төлөгчөөс бүхэлд нь бүрэн гаргуулснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох ёстой хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн ба мөн хуулийн 20.1.6 дахь заалтыг хэрэглээгүй, дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй юм. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч А.З- нь 25.774.087 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг төлбөр авагчид шилжүүлэхээр талууд тохиролцсон гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь буруу байна хэмээн дурьдаж, маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тус хуулийн 9 дүгээр зүйлийн аль хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалтыг хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлэх ёстой байтал харин ч давж заалдах шатны шүүх хууль зөрчиж буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах эрхгүй болохыг мэдсээр байж, иргэний эрх зүйн хамгаалалтын нэрийн дор гомдол гаргах эрхийг нээж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн зохицуулалт нь иргэний матөриаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээгээр дамжин илрэх ёстой атал шүүх ямар хэм хэмжээгээр дамжин илэрсэн талаар дүгнээгүйн зэрэгцээ хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, төлбөр авагчийн эрхийг сэргээх нэрийн доор төлбөр төлөгч болон хариуцагч байгууллагын эрхийг ноцтой зөрчсөн юм.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө 11.200.000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2017.08.31-ний өдөр хүсэлт гаргахдаа мэдэж байсан атлаа 2017.09.12-ны өдрийн №505 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гомдол гаргаагүй ба ийнхүү гомдол гаргаагүй тул дахин гомдол гаргах, мөн тус тогтоолтой холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг ба гагцхүү гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасны дагуу тоолох ёстой хэмээн нэхэмжлэлд дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд ийнхүү хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн ба гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, уг хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүйн зэрэгцээ гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болохоо хүлээн зевшөөрсөөр байтал давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх хэргийн материалд авагдсан дээрх баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг хэрэглэлгүйгээр, мөн гомдол гаргах хугацааг сэргээлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчиж, маргааны үйл баримт болон давж заалдах гомдлыг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж Э Б К ББСБ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан ажиллагааг зохих журмаар явуулж, ажиллагааг дуусгавар болгосон...” гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр төлөгч А.З- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа тогтоох хэсэгт шүүхийн нэрийг буруу бичсэнийг залруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хэргийн баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00030 дугаар захирамжаар А.З-аас 25.774.087 төгрөг гаргуулж Ж Э Б К ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ ХД-104 дүгээр байрны зоорийн давхарын 26 тоот авто зогсоолын зориулалттай 18.48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, уг ажиллагааны явцад хоёрдох дуудлага худалдаагаар барьцааны зүйл болох авто зогсоол 11.200.000 төгрөгөөр худалдан борлогдсон, уг орлогыг төлбөр авагчид шилжүүлж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 505 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь тогтоогджээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1. а.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн дуусгавар болгох үндэслэлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан ба 505 тоот тогтоолоор “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” нөхцөл буюу мөн зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь учир дутагдалтай болжээ. Барьцааны зүйлийг хоёрдох дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого нь төлбөр авагчийн шаардлагыг бүрэн хангахад хүрэлцээгүй тул төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй, Ж Э Б К ББСБ ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн байна.

б. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтаас үзвэл, үүрэг гүйцэтгэгч төлбөрөө сайн дураар төлөөгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг албадан худалдахыг шаардах эрхтэй бөгөөд талууд гэрээндээ шүүхийн бус журмаар дуудлага худалдаа явуулахаар тохиролцоогүй бол энэ эрхээ шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Ж Э Б К ББСБ ХХК, А.З- нарын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар төлбөл зохих төлбөрийг А.З- сайн дураар төлөөгүй бол барьцааны зүйлийг битүүмжлэн хураах, улмаар албадан дуудлага худалдаа явуулах зэргээр барьцаа хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хуульд заасан дарааллаар явуулах эрх үүргийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  хүлээлгэж байгаагаас бус төлбөр төлүүлэх ажиллагаа бүхэлдээ зөвхөн барьцаа хөрөнгөтэй холбоотой явагдана гэсэн  хориглолт тогтоосон агуулгагүй юм.

Учир нь шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан орлого төлбөрийг бүрэн төлөхөд хүрэлцээгүй тохиолдолд төлбөрийн төлөгдөөгүй хэсэг нь баталгаажаагүй буюу барьцаагүй авлага болох ба уг төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулахын тулд шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах дарааллын дагуу ажиллагааг хийх боломжтой. Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн “...барьцаа хөрөнгийг худалдан борлуулж орлогыг төлбөр авагчид шилжүүлснээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан ажиллагаа бүрэн хийгдсэн...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал, барьцааны хөрөнгөтэй холбоотой хуульд заасан ажиллагаа дуусгавар болсон нь төлбөрийг бүхэлд нь гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заажээ.

Хариуцагч нь төлбөр төлөгчийн барьцааны эд хөрөнгийг албадан худалдах ажиллагааг явуулсан хэдий ч төлбөр бүрэн барагдаагүй байхад хариуцагч “төлбөр бүрэн төлөгдсөн” гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, энэ талаар эрх бүхий этгээдэд хандсан боловч гомдлыг хүлээн аваагүй байх тул нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах нь хууль зөрчихгүй.

3. Төлбөрийн үлдэх хэсгийг гаргуулах ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байна. Тус газраас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолсон “...шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг үйлдсэн нь хэрэгт авагджээ.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэх үүрэгтэйг хуульд заажээ.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана.

Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг төлбөр авагчид хэзээ, хэрхэн мэдэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2017/11921 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ. Үүний дараа нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан, уг газраас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хариу өгөхдөө хугацааг хэрхэн тоолсон нь тодорхой бус байна.

Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

4. Дээр дурдсан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.З-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээд А.З- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ