Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 40

 

А.Намсрайжавт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой, А.Намсрайжавт холбогдох 1728000410034 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 4 дүгээр баг, Өлзийт 19-306 тоотод оршин суух хаягтай, одоо Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Хатгин овгийн Адъяагийн Намсрайжав /регистрийн дугаар: ЙЮ94090715/,

А.Намсрайжав нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын 2 дугаар багийн нутаг Баянхөтөл гэх газраас П.Идэрсайханы дробин-16 маркийн буу, сум 2 ширхэг, хаан банкны виза карт, мотоцикль зэргийг хулгайлан авч 776700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Намсрайжавыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намсрайжавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намсрайжавт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Намсрайжавын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч А.Намсрайжаваас 576.700 /таван зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийг  гаргуулж хохирогч Б.Хишигтөмөр /регистрийн дугаар:КА74081828/-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20011 дугаартай бууны гол төмөр, замагны 20011 дугаартай дробинк-16 маркийн, ангийн зориулалттай бууны гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Хишигтөмөр /регистрийн дугаар: КА74081828/-т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Намсрайжаваас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Намсрайжавыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлтэй холбоотойгоор ямар нэгэн саналгүй, мэтгэлцээгүй. Харин галт зэвсэг хулгайлаагүй гэх үндэслэлээр мэтгэлцсэн. Гэвч анхан шатны шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн ангийн бууг хулгайлсан гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн А.Намсрайжав нь цагдан хоригдсон цагаас хойш хохирол төлбөр төлөх боломжгүй байсан. Хулгайд алдагдсан гэх зүйлийн нэг хэсэг болох ангийн бууг хулгайлаагүй гэх байдлаар маргаж, мэдүүлэгтээ энэ талаар хэлсэн байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул миний үйлчлүүлэгчид хохирол төлбөрөө барагдуулах боломж олгоогүй. Өнөөг хүртэл түүний ар гэрийнхэнтэй холбоо барьж хуваарьт хөрөнгөөр нь төлбөрийг барагдуулах талаар ярилцаж чадаагүй байна. Энэ нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болно.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээллийг хүлээн авах, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, энэ хугацаанд мөрдөн байцаагч, цагдаагийн албан хаагчийн авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар заасан байдаг. Энэ дотор үзлэг хийх тухай байгаа. Ямар тохиолдолд хийх ёстой вэ гэхээр хойшлуулшгүй тохиолдолд л хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө хийх ёстой. Энэ талаар прокурорт саналаа гаргахлаар хойшлуулшгүй ажиллагаа байсан юм гэсэн хариу хэлдэг. Прокурор, мөрдөн байцаагч хойшлуулшгүй ажиллагаа байсан юм гэж хэлснээрээ энэ ажиллагаа хойшлуулшгүй болчихно гэсэн үг биш. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа бол тэмдэглэл хөтлөх талаар дурдсан байдаг. Гэтэл тийм нөхцөл байдал тогтоогдсон учраас хойшлуулшгүй ажиллагаа хийлээ гэсэн ямар ч тэмдэглэгээ байдаггүй. Гол маргаад байгаа зүйл бол хохирогч Идэрсайханы бууны асуудал байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хишигтөмөр итгэмжлэлээр ороод бууны талаар гомдол, саналаа гаргаад явдаг. Миний бодлоор хохирогчийг иргэний хэрэгт оролцож байгаа мэт итгэмжлэлээр оролцоод гомдол, саналаа гаргаад явж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч битүүний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумаас баривчлагдаж ирсэн байдаг. Маргааш нь байцаалт аваад бичиг үсэг мэдэхгүй болохоор өмгөөлөгч нарын зураг харуулж байгаад сонгуулсан Энхбат өмгөөлөгчийг авъя гэсэн байдаг. Тэр өдрөө бид хоёр цагдан хорих асуудлаар хуралд орсон. Хурал дээр би өөрийн байр сууриа хэлсэн. Энэ хүнийг би анх удаа энэ хурал дээр харж байна, хэргийн нөхцөл байдлыг өөртэй нь ярилцмаар байна, хурлаа хойшлуулъя, сараа байя гэхэд 2, 3 хоногийн дараагаар юм уу, сар шинийн энэ өдрүүдийг өнгөрөөж байгаад шийдвэрлүүлье, энэ хооронд би хүнтэйгээ уулзаж ярилций, юуг нь зөвшөөрч, юуг нь татгалздаг талаар асууя гэхэд шүүх хүлээж аваагүй. Цагдан хорьсоноос болоод эрхээ маш ихээр хязгаарлуулсан. Ар гэрт нь өндөр настай ээж нь, эгч нь гээд 100% сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Энэ хүмүүстэй холбогдоод хохирол төлбөрөө яах вэ, эргэж тойрохдоо яах ийх талаар ярилцая гэхээр ярилцах ямар ч боломжгүй хүмүүс байдаг. Үйлчлүүлэгч маань хэдэн малтай талаар хэлдэг. Түүнийгээ худалдан борлуулаад хохиролоо төлий гэсэн тухайн үед шүлхий өвчин гараад мал зарагдахгүй, ээж, эгчийг нь зараад өг гэхээр хөгжлийн бэрхшээлтэй, ямар нэгэн худалдаа хийх боломжгүй гэх мэт нөхцөл байдлууд бий болоод байсан юм. Мөн шүүх дээр энд байх газаргүй юм чинь оргон зайлж болзошгүй учир цагдан хорьсон байгаа. Цагдан хорих байр гэдэг бол орон гэргүй хүмүүсийг хорьж байлгадаг газар биш, тодорхой хэмжээнд залхаан цээрлүүлэх газар гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгч А.Намсрайжавт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай нийцсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Намсрайжав нь иргэн П.Идэрсайханыд малчнаар 2017 оны 10 дугаар сарын 11-нд мал маллахаар очоод 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын 2 дугаар багийн нутаг Баянхөтөл гэх газраас П.Идэрсайханы мотоцикль, дробин-16 маркийн буу, сум 2 ширхэгийг, Б.Хишигтөмөрийн виза карт зэргийг хулгайлж, 776700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

           Хохирогч Б.Хишигтөмөрийн “...2017 оны 8 дугаар сарын 10-ны үдээс хойно сумын цагдаа над руу утсаар залгаад та малчин авах гэсэн юм уу Намсрайжав гэдэг хүн ирээд танайд мал маллана гээд таны утсыг хэлж байна гэж хэлсэн... тэгээд би шөнө нь суман дээр машинтайгаа очоод Намсрайжавтай уулзаж түүнийг аваад хөдөө мал руугаа явсан. Маргааш нь сумын төв дээр ирж би машинаа нь унаад, Намсрайжаваар мотоциклио бариулсан. Тэгж байхдаа би түүнд виза картаа өгөөд нууц кодыг нь хэлээд тос клонк дээрээс аваад...бид нар буцсан. Би виза картаа Намсрайжаваас аваад машиндаа хийсэн байсан...Намсрайжаваар эм ямаагаа хариулуулаад, манай нөхөр сувай малаа хардаг байсан...Намсрайжав тэр өдөр мотоцикльтойгоо дугуй хагарчихсан гээд хагархай дугуйтай ирээд түлхүүр багаж гэхээр нь би өмнө гэрийг заагаад аваад ир гээд явуулсан. Манай өмнө гэр гэрийн өмнө талд хамар даваад байдаг байсан. Тэгсэн тэр ирэхгүй нилээд удаж байгаад буцаж ирэхдээ автирк түлхүүр авч ирээд лапаткаа мартсан байна гэж байсан...15-ны өглөө Намсрайжав машины хаалгаар ороод гарч ирэхгүй удсан...би сум орох ажилтай байсан болохоор виза карт байхгүй байхгүй болсныг мэдсэн...тэгээд өглөө Намсрайжав машинд орсон болохоор түүнийг авсан байж магадгүй гэж бодоод ямааны бэлчээр дээр очиход тэр байхгүй байсан тэгээд буцаж ирээд ... банк руу асуухад миний виза картаас 210000 төгрөг Баянцагаан дэлгүүрээс уншуулсан байна гэхээр нь картаа хаалгаад сумын цагдаад хар ногоон өнгийн мотоцикль Намсрайжав аваад явсан байж магадгүй, гэж хэлсэн... гэртээ алга болсон зүйл байна уу гэж хайхад өмнө гэрт байсан дробинк буу, 2 ширхэг сумын хамт байхгүй байсан...” гэх,

          гэрч П.Идэрсайханы “...Баян хөтөл гэдэг газар нутаглаад 10 гаран хонож байна. Намсрайжав гэж өөрийгөө танилцуулсан залуу гэрт ирэхээр нь малаа маллуулсан...2017 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдөр хүртэл байж байгаад өдрийн 14 цагийн орчимд мотоцикль унаад надад хэлэлгүй урд гэрээс миний нэр дээр бүртгэлтэй галт зэвсгийг 2 ширхэг сумын хамт, эхнэр Хишигтөмөрийн Хаан банкны виза картыг машинаас хулгайлаад аваад явсан байсан. ...Мотоциклийг сумын цагдаа грашиндаа хийсэн байсныг авсан. Шарга дэлгүүрийн гадаа хаячихсан байхаар олсон гэж хэлсэн...” гэх,

          гэрч Б.Сүхбатын “.. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баяндалай сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Хишигтөмөр гэх иргэн утсаар мэдээлэхдээ манайд мал маллаж байсан Намсрайжав гэдэг хүн мотоцикль унаад виза карт аваад явчихлаа, банкнаас асуухад 200000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэж дуудлага ирсэний дагуу...дэлгүүрийн урд талд ногоон өнгийн сэжиг бүхий мотоцикль тавиатай байхаар нь шалгаж үзэхэд алдагдсан мотоцикль мөн байсан...тэгээд  22 цагийн үед Хишигтөмөр нөхрийн хамт ирээд бас галт зэвсэг алга болсон байна. Намсрайжав авсан байж болзошгүй гэсэн...” гэх,

          гэрч Ц.Цэцэгдэлгэрийн “... би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Баяндалай сумын төвд байрлах Баянцагаан дэлгүүрт ажлаа хийж байхад гаднаас нэг хүн ирээд картнаас бэлэн мөнгө гаргах уу гэсэн... би тэр хүнд 5000 төгрөгний худалдан авалт хийвэл 100000 төгрөг гаргаж өгч болох пост машин байдаг гэсэн чинь тэр хүн картаа өгөөд ундаа, печень авсан. Тэгээд 100000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд дахиад 5000 төгрөгөөр идэж уух юм авъя гээд картаа өгөөд авсан юм нь 6000 төгрөг болсон би дахиад 100000 төгрөг гаргаж өгсөн...нийт 200000 төгрөг бэлнээр аваад 11000 төгрөгөөр хүнсний юм авсан...” гэх,

          шүүгдэгч А.Намсрайжавын яллагдагчаар өгсөн “...8 дугаар сард Баяндалай суманд мал маллах гээд ирсэн...хөдөө очиж 3 хоносон...Би тэр өдөр эхнэрт нь ямаа руу явлаа гэж хэлээд гэрийн гадаа байсан мотоциклийг асаагаад ямаан дээр очоод ямааг нь гэр лүү тууж эргүүлээд шууд Баяндалай сум руу явсан. Сумын төвд ирээд аймгийн төв рүү явах машин хайж байгаад дэлгүүрт орж виза картнаас 200000 төгрөг аваад тэндээс гарч цагаан байшингийн ард унаж явсан мотоциклоо үлдээгээд аймгийн төвд ирж Улаанбаатар хот явах унаа хайж байгаад автобусанд суугаад хот явсан... ” гэх мэдүүлгүүд,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, галт зэвсэг эзэмшигчийн гэрчилгээ, галт зэвсгийн онгоц мод зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт  /хэргийн 05, 06, 10, 11, 26, 28-30, 105, 106 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Хулгайд алдсан гэх бууг П.Идэрсайхан эзэмшдэг байсан нь түүний галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх тул Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу П.Идэрсайханы галт зэвсгийг хуульд заасны дагуу өмчлөгч мөн гэж үзнэ. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгч, өөрийгөө төлөөлөх эрхийг итгэмжлэлээр эхнэр Б.Хишигтөмөрт шилжүүлсэн тул бууны хохирлыг Б.Хишигтөмөрт олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзлээ.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Намсрайжавыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж хэргийг шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. 

          Шүүгдэгч А.Намсрайжавын өмгөөлөгч Б.Энхбат нь “Хулгайд алдагдсан гэх зүйлийн нэг хэсэг болох ангийн бууг хулгайлаагүй талаар хэлсэн байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан.

          Хохирогч Б.Хишигтөмөрийн “... Баян хөтөлд бууж бууг гэрт машинаас аваад би өөрөө хийсэн... буу 3 хэсэг салгаатай байсан болохоор тэр хэвээр нь гэрийн баруун талын ширдэг доогуур хийгээд дээр нь хөнжил гудсаа хураадаг байсан...Намсрайжав манайхаас явахаас өмнө өдөр калибр буутай болмоор байна гэж байсан..” гэх мэдүүлгээр А.Намсрайжав бууг сонирхож байсан гэж үзэх үндэслэлтэй ба хохирогч, гэрч нар нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ангийн буу, сумны хамтаар хулгайд алдагдсан талаар тогтвортой мэдүүлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь ангийн бууг аваагүй гэж мэдүүлж байгаа боловч түүний өгсөн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

          Хэрэгт яллагдагч А.Намсрайжавын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, түүнчлэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах тухай шүүх хуралдаан зарласан тухай баримт авагдаагүй байна.

           Харин прокурор хэргийг мөрдөгчөөс хүлээн авснаас хойш 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хэргийг прокуророос хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь мөрдөгч, прокурор, шүүхээс гаргасан шийдвэрүүдээр тогтоогдож байх ба А.Намсрайжавын холбогдсон хэрэг нь  зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байна.

          Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан хэлэлцэж эрүүгийн хариуцлагын буюу хорих ялын хэмжээг прокурорын саналаас доогуур тогтоосон шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэн заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хамааралгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “бууг хулгайлаагүй гэж маргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Намсрайжавын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш магадлал гарах өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА