Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1133

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00719 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 3450 дугаар захирамжаар А.Оюунсүрэн, Б.Самдансүрэн нараас 14 552 769 төгрөгийг гаргуулж "Буман дусал" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба А.Оюунсүрэн миний өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон газар болон байшинг нийтэд нь 33 700 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээг надад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, газрын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн.

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгч миний нөхөр Б.Дүгэрхорлоо, хүү Д.Самдансүрэн нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 55 дугаар гудамжны 0836 тоотод байрлах 140.72 м.кв талбай бүхий байшин, Г-2202000386 дугаарт бүртгэлтэй 408.42 м.кв хэмжээ бүхий газрыг 33 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3450 дугаар захирамжаар Д.Самдансүрэн, А.Оюунсүрэн нараас 14 552 769 төгрөг гаргуулж "Буман дусал ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008492, Г-2202000386 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот 140.72 м.кв талбайтай өвлийн сууцыг, 408.42 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 122/38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 122/39 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Самдансүрэн, А.Оюунсүрэн, хамтран өмчлөгч Н.Дүгэрхорол нарт 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 216 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК нь зах зээлийн үнэлгээг 33 700 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37813 дугаартай мэдэгдлээр Д.Самдансүрэн, А.Оюунсүрэн, хамтран өмчлөгч Н.Дүгэрхорол нарт үнэлгээг баталгаат шуудангаар мэдэгдсэн болно.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгосон тул үнэлгээтэй холбоотой асуудлыг манай алба шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай А.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь өмчлөгч Б.Дүгэрхоролын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар гомдолтой байгаа талаар шүүхэд гомдол гарган маргасан байхад анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар огт үнэлэлт өгөөгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Өмчлөгч нарын эрх ашгийг зөрчиж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албадан дуудлага худалдааны зарыг өмчлөгч нарт мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар баримт байхгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан нь өнөөдрийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг тодорхой болгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж нэхэмжлэгч миний хуульд заасан эрхийг зөрчсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрх зөрчигдөж байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Оюунсүрэн нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3450 дугаар захирамжаар А.Оюунсүрэн, Д.Самдансүрэн нараас 14 817 700 төгрөгийг гаргуулж, “Буман дусал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот 140.72 м.кв талбай бүхий өвлийн сууцыг 408.42 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 122/38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/32323 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Дүгэрхорол, Д.Самдансүрэн, А.Оюунсүрэн нарт албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нар нь үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

“Лэндс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлангаар өвлийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрын үнийг 33 700 000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар уг үнийн 70 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 23 590 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37813 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг үгүйсгэсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбарт дурдагдсан маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 60 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийн хооронд байгаа  гэх үйл баримтыг нотлоогүй байна.

Б.Дүгэрхорол нь насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, шийдвэр  гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй, өөрийгөө төлөөлүүлэх эрхийг нэхэмжлэгчид олгоогүй тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүрээнд маргааны зүйлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зөв юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоно гэж нотолгооны хуваарилалтыг хуулиар тогтоосон. Ийнхүү нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх юм. Нэхэмжлэгч нь үнэлгээг хийлгүүлэх боломжгүй байдлаа нотлоогүй тохиолдолд шүүх шинжээч томилох шаардлагагүй, шүүх нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Оюунсүрэнгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                       Э.ЗОЛЗАЯА