Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 388

 

             Т.Тд холбогдох

                   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Оюунгэрэл,

хохирогч Э.Тын өмгөөлөгч Ц.М,

шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Д.Б, Э.М,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Тд холбогдох 201725031191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Т.Т, 1989 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир-эрүүл мэндийн багш мэргэжилтэй, Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны 50 дугаар тойрог хариуцсан дарга ажилтай, ам бүл 1, ....................... оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Т.Т нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын газрын гадаа, Бүгд Найрамдах Солонгос улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө гэж хуурч, иргэн Э.Т, Д.М нараас тус бүр 5.000.000 төгрөгийг ХААН банкны “5063249265” дугаартай дансаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Тг “хуурч бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Тгээс 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Тт 2.500.000 төгрөгийг, Д.Мад 2.500.000 төгрөгийг тус тус олгох, Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний зээл бүтээгүй тул би шүүхээс завсарлуулсан 5 хоногт хохирол төлж чадаагүй. Энэ явдалдаа шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүхээс шүүгдэгч Т.Тгийн хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлж барагдуулаагүй, барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлсээр ирсэн байдаг төдийгүй шүүх хурлын явцад хохирогч нарыг хохиролгүй болгох арга хэмжээ авахаар хугацаа авсан. Гэтэл хохирол төлөхөөр авсан ажлын тав хоногт өөрийн хөөцөлдөж байсан хувийн орлого нь Т.Тгээс шалтгаалахгүйгээр саатсанаас болж хохирлоо барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлт хийлгэж, хорих ялаар шийтгүүлсэн.

Т.Тг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 50 хувийг төлсөн, үлдэгдэл 50 хувийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирлоо барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой юм. Иймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Т нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. 5.000.000 төгрөгийн хохирлын асуудал байсныг түүний эхнэр, эх нь олж, хохирогч Мөнхбатын данс руу нь мөнгийг шилжүүлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн Т.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хоёр хүүхэдтэй, эхийнх нь биеийн байдал тааруу байгаа учир тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэж заасан. Энэ бүгдийг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.

Хохирогч Э.Тын өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч шүүх хуралдааны үеэр Монгол Улсад байхгүй байсан учраас өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоогүй. Тэрээр мөрдөн байцаалтын шатнаас хохирлоо барагдуулчихвал ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлын 50 хувь нь барагдсан байсан ба хуралдааны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үлдэгдэл төлбөрийг Т.Тгийн ар гэрээс төлж барагдуулсан. Үүнийг би хүлээж авч, хүлээлгэж өгсөн. Мөнхбат өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй учир нь хөдөө орон нутгаар ажилтай байгаа. Энэ хоёр хүн найзууд учраас би давхар холбогдож байгаа. Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дэмжиж байна. Хохирлоо барагдуулсан учраас одоо ямар нэгэн гомдол, саналгүй ...” гэв.

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Гэхдээ шүүгдэгч 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулсан юм байна. Хохирогч нарыг гомдол саналгүй болгосон байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг хөнгөрүүлэн тэнсэж, ялаас чөлөөлж болно гэж хуульд заасан болохоос шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг заавал тэнсэж эсхүл ялаас чөлөөлнө гэж үзэж болохгүй. Гэхдээ давж заалдах шатны шүүхэд, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ нь байгаа учраас давж заалдах гомдлыг хангахад татгалзах зүйлгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Т нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын газрын гадаа, Бүгд Найрамдах Солонгос улс руу ажлын гэрээгээр гаргаж өгнө гэж хуурч, иргэн Э.Т, Д.М нараас тус бүр 5.000.000, нийт 10 000 000 сая төгрөгийг ХААН банкны “5063249265” дугаартай дансаар авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Тын “... 2017 оны 2 дугаар сард Т.Т гэдэг хүнтэй, хүнээр дамжуулан танилцсан. Тухайн үед Т.Т нь өөрийгөө Солонгос улс руу гэрээгээр ажиллах виз гаргадаг ажил хийдэг гэж хэлсэн. Ингээд найз Мөнхбатын хамт Т.Тгээр дамжуулан Солонгос улс руу зорчих  виз гаргуулахаар болоод 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкин дотроос Мөнхбатын хамтаар Т.Тгийн “ХААН” банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг виз гаргаж өгөх ажлын хөлс гэж авсан. Тэгээд виз гаргаж өгөхгүй явсаар сүүлдээ мөнгийг чинь өгнө гэж өдийг хүртэл явж байна. Энэ хугацаанд 5.000.000 төгрөг эргүүлэн авсан ба Мөнхбат бид хоёр хувааж авсан ...” /хх-18-19/,

Хохирогч Д.Мын “... 2017 оны 2 дугаар сард найз Э.Тын хамтаар Т.Т гэдэг хүнтэй танилцсан. Т.Т нь өөрийгөө Солонгос улс руу гэрээгээр ажиллах виз гаргадаг гэж хэлсэн. Ингээд найз Төгсбаярын хамт Т.Тгээр дамжуулан Солонгос улс руу зорчих  виз гаргуулахаар болоод 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкин дотроос Төгсбаярын хамтаар Т.Тгийн “ХААН” банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг виз гаргаж өгөх ажлын хөлс гэж авсан. Тэгээд виз гаргаж өгөхгүй явсаар сүүлдээ мөнгийг чинь өгнө гэж өдийг хүртэл явж байна. Энэ хугацаанд 5.000.000 төгрөг эргүүлэн авсан ба Э.Т бид хоёр хувааж авсан...” /хх-22-23/,

Гэрч Т.Т-ийн “... Т.Т нь М бид хоёроос “Солонгос улс руу явах хүн байна уу” гэхээр нь би таньдаг хүнээсээ асууж өгье гэж хэлсэн. Тэгээд эхнэр, түүний найз О нартай хамт явж байхдаа энэ талаар хэлэхэд Одгэрэл “найзуудаасаа асууя” гэж хэлсэн. Маргааш нь О над руу залгаад “Солонгос явах хоёр хүн байна” гэж хэлсэн. Удалгүй О-ийн найз гэх М , Т  нар манай гэрийн гадаа ирэхэд манай эхнэр гарч уулзаад мөнгөө өгч, авахаар тохирсон байсан. Тэгээд Т, М нар Т.Ттэй уулзаж гэрээ хийгээд дараа нь Т.Тгийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Гэрээ хийж, мөнгө шилжүүлэхэд бид нар байгаагүй. Солонгос явах хүн байна уу гэхэд нь хэлж өгсөн болохоос биш хамтарч хүн залилсан асуудал байхгүй...” /хх-24/,

Гэрч Ю.М-ын “... Т.Т нь  “Солонгос улс руу явах хүн байна уу, олоод өгөөч” гэхээр нь О-аас асуухад явуулдаг хүн байвал явъя гэхээр нь дамжуулж хэлж өгсөн. Түүнээс хойш Т.Ттэй ярьж өгсөн хүмүүстэй уулзаагүй. Гэхдээ Т.Тгээс “хүмүүсийн явах асуудал юу болж байна” гэхэд “болж байгаа” гэхээр нь би болж байгаа юм байх гэж бодоод явж байснаас би мөнгө авна гэж хүн олж өгөөгүй. Тэгсэн чинь сүүлд Т.Т “хүн олж өгсөнд баярлалаа гээд Т бид хоёр тус тусад нь 800.000 төгрөг өгсөн. Тухайн үед ажил нь бүтсэнд баярлалаа гээд өгсөн болохоор Төгөлдөр бид хоёр авчихсан...” /хх-25/,

Гэрч Ө.О-ийн “... Манай нөхөр Т , М нар 2017 оны 2 дугаар сарын эхээр “... 1 хүний 5.000.000 төгрөг өгөөд Солонгос руу гаргадаг хүн байна, чамд Солонгос явчихмаар таньдаг хүн байна уу...” гэхээр нь би найз Од “... чамд Солонгос явуулах хүн байна уу...” гэхэд “... асуучихаад хэлье” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Одгэрэл над руу залгаад “... манай 20 гаруй жил найзалсан 2 найз байна, тэр хүмүүст чиний утасны дугаарыг өгчихлөө...” гэсэн. Маргааш нь 95252524 дугаарын утаснаас над руу нэг эрэгтэй хүн залгаад “... О-ийн найз байна, Солонгос улс руу явуулж өгдөг хүн мөн үү...” гэхээр нь “Тийм ээ, явуулж өгдөг хүн байгаа, найдвартай гэсэн” гээд тэр залуутай уулзахаар тохиролцож маргааш нь нөгөө залуутай манай нөхрийн найз М бид 2 хамт  Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ард очиж уулзаад би нөгөө залууд “Солонгос улс руу найдвартай гаргаж өгдөг хүн байгаа, бүрдүүлэх бичиг баримтуудаа яаралтай бэлдчих, мөнгө төгрөгөө хэр хурдан бэлдэнэ, хурдан бүтнэ шүү” гэж хэлээд салсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 11 цагийн үед Т.Т манай гэрт ирээд намайг 2-уулаа нөгөө хүмүүстэй уулзаад мөнгөө аваад ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт очиж уулзахад Т.Т Т гэх залуутай хамт “ХААН” банк руу Т.Тгийн данс руу 2 хүний мөнгө болох 10.000.000 төгрөг шилжүүлсэн байсан...” /хх-26/,

Т.Тгийн сэжигтнээр өгсөн “... Би 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр найз Төгөлдөртэй утсаар ярьж байгаад “чамд Солонгос улс руу явчихмаар хүн байна уу” гэж асуусан. Тухайн үед би “ w” хамтлагийнхантай хамт Солонгос улс руу явах гэж байсан ба тэр бүрэлдэхүүнд хоёр хүн оруулаад нэг хүнийг нь 3.400.000 төгрөгөөр авч явбал болох юм байна гээд хамтлагийн гишүүдтэй ярилцсан байсан тул би Төгөлдөрт хэлсэн чинь “надад хоёр хүн байна” гэж хэлээд 1 хоногийн дараа нөгөө 2 хүнтэй уулзаж явуулж өгөх тухай асуудлыг ярьсан. Чингэлтэй дүүрэгт байрлах Улаанбаатар хотын төв банкны эсрэг талд байрлах “ХААН” банкны салбараас Т , М нар миний “ХААН” банкны 5063249265 тоот данс руу мөнгө шилжүүлж мөнгө өгсөн, авсан баримт гараар үйлдээд надаар болон Т-ийн эхнэр О-аар гарын үсэг зуруулж авч үлдсэн...” /хх-30/ гэх мэдүүлгүүд,

“ХААН” банкны орлогын мэдүүлэг /хх-14/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-38, 55/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Т.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Тгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байх ба түүнийг “хуурч бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.

Т.Тгийн бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэснийг үндэслэлтэй байна гэж үзэв.

  Гэхдээ, шүүх хууль буцаан хэрэглэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлаагүй нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул зөвтгөх нь зүйтэй.

 Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Б, Э.М нараас “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан 5.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Т.Тгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт 78 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Т.Т нь хохирогч Э.Тт 2.500.000 төгрөгийн, хохирогч Д.Мад 2.500.000 төгрөгийн, нийт 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН