Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01771

 

М Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01475 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1544 дугаар магадлалтай,

М Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

А А М ХХК, Я.Ц  нарт холбогдох, 

Түрээсийн төлбөр 264.000.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М Ф ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр А А М ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон байгуулж, CXG00955K001B1703, CXG00951C001D1118 тоот арлын дугаартай 2 ширхэг хүнд даацын машин механизмаа ямар ч урьдчилгаа төлбөргүй хүлээлгэн өгсөн. Тус гэрээгээр А А М ХХК нь хуваарийн дагуу техникийн үнийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул техникээ эрж хайсаар Ховд аймгийн Алтай сумаас 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр олж, гэрээний дагуу хурааж авсан. А А М ХХК нь ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрч биднийг хохироож байна. Гэрээний дагуу хоёр техник тус бүрийн түрээсийг сар тутам 15.000.000 төгрөгөөр тооцоход А А М ХХК нь 7 сар 4 хоног түрээсэлсэн байна. Түрээсэлсэн сар бүр техник бүрийг 15.000.000 төгрөгөөр тооцоход түрээсэлсэн нэг техникийн түрээсийн төлбөр 107.000.000 төгрөг, хоёр техникийн түрээсийн төлбөр нийт 214.000.000 төгрөг болж байна. Үүнээс А А М ХХК-ийн түрээсийн төлбөрт төлсөн 45.000.000 төгрөгийг хасаад 169.000.000 төгрөгийг манай компанид төлөх үлдэгдэлтэй байна. Мөн хоёр авто ачигчийг анх хүлээлгэж өгснөөс хурааж авах хүртэл нийт 10 сар 9 хоногийн хугацаанд хариуцагч авто ачигчуудыг эзэмшил, ашиглалтдаа байлгаж байсан тул эзэмшиж, ашиглаж байсан нийт хугацаагаар нь тооцоход хоёр авто ачигчийн нийт түрээсийн төлбөр 309.000.000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 45.000.000 төгрөгийг хасаад 264.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2015 ны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т болон Я.Ц ын М Ф ХХК-д гаргаж өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн баталгаанд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Я.Ц  өөрийн өмчлөлийн 0366 УНЗ улсын дугаартай хаммер маркийн суудлын автомашин болон 9955 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А А М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь М Ф ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан CXG 00955K001B1703, CXG00951C001D1118 тус бүр арлын дугаартай шар өнгийн авто ачигч 2 ширхэгийг нэг ширхэгийг 100.000.000 төгрөг нөгөө тээврийн хэрэгслийг 80.000.000 төгрөгөөр нийт үнийн дүн нь 180.000.000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Уг төлбөр тооцооноос 45.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг хоёр тээврийн хэрэгслийг гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд ашиглах эрхтэй байсан. Ингээд тус тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд ашиглахын тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэж шаардсан боловч өгөхгүй арга саам хийгээд байсан. Манай компани Ховд явахдаа орон нутгийн постууд өнгөрөх гээд байгаа учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөхийг шаардаж харин төлбөр тооцоо дууссаны дараа манай компанийн нэр дээр шилжүүлж авна гэдгээ хэлсэн. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэх тоолонд удахгүй өгнө гэсээр байгаад арга буюу Ховд аймаг руу явуулсан ба замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй байлгаад байсан. Улмаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөхгүй байсан явдал нь нэхэмжлэгч компани нь энэхүү хоёр тээврийн хэрэгслийг өмчлөх захиран зарцуулах эрхтэйд эргэлзээ төрж эхэлсэн ба энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэж бид өөр тээврийн хэрэгсэл ашиглах хэмжээнд хүрч байсан. Улмаар М Ф ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дээрх хоёр тээврийн хэрэгслээ хураан аваад одоо түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: ...Гэрээний 3.3-д ланд круйзер 200 болон хаммер маркийн автомашин барьцаалав гэж заасан боловч эдгээр нь одоо өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Мөн Я.Ц тай барьцааны гэрээ хийгээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01475 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 156 дугаар зүйлийн 156.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А А М ХХК-аас 264.000.000 төгрөг гаргуулах болон хариуцагч Я.Ц д холбогдуулан гаргасан 0366 УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, 9955 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М Ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Ф ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.706.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкан дахь 2602045640 тоот данснаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1544 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримтлан А А М ХХК-аас 249.000.000 төгрөгийг гаргуулж М Ф ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15.000.000 төгрөгт холбогдох хэсэг болон Цэдэнбалд холбогдуулан гаргасан 0366 УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, 9955 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагудыг хэрэгсэхгүй болгосугай гэж найруулан, 2 дах заалтын данснаас буцаан гэсний дараа , хариуцагч А А М ХХК-аас 1.402.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.477.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэлээгүй. 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрээний огноо засвартай, гэрээнд 2 компанийн тамга дарагдсан, аль компанитай гэрээ байгуулсан нь тодорхой бус эргэлзээтэй байхад уг гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн. Зээлээр худалдсан гэх техник хэрэгсэл нь Монгол Улсад хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхой бус, хэн нэгний эзэмшилд байгаа гэдэг нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогддоггүй. Шүүх гэрээний 3.11-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх заалт нь гэрээ цуцалсаны дараа хэрэглэгдэх, төлбөр тооцоотой холбоотой заалт байхад шүүх талууд харилцан тохиролцож нэг үүргийг нөгөө үүргээр сольсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл үгүй. Талууд гэрээг цуцлаад өмнөх үүргийг өөр үүргээр сольсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, худалдагч хугацаа хэтрүүллээ, гэрээгээ цуцлаад түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүсэж байгаа талаар нөгөө талд албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад төлбөр нь хуваарийн дагуу төлөгдөхгүй бол шууд түрээсийн гэрээ болох талаар гэрээнд заасан нь Иргэний хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М Ф ХХК нь А А М ХХК, Я.Ц  нарт холбогдуулж, түрээсийн төлбөр 264.000.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу 2 хүнд даацын механизмыг шилжүүлэн өгсөн, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс буцаан авсан, ...ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг нэг механизмын 15.000.000 төгрөгөөр тооцоход нийт 309.000.000 төгрөг, хариуцагчийн төлсөн 45.000.0000 төгрөгийг хассан, Я.Ц  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 03-66 УНЗ улсын дугаартай Хаммер маркийн автомашин, 99-55 УНТ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашинаар баталгаа гаргасан...” гэжээ.

Хариуцагч А А М ХХК нь “...зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрт 45.000.000 төгрөг төлсөн, автомашинаа хураан авсан, түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй” гэж, хариуцагч Я.Ц  “...гэрээнд 2 автомашин барьцаалав гэсэн хэдий ч барьцааны гэрээ байгуулаагүй, ...эдгээр автомашин одоо өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх “түрээсийн гэрээний үүрэг шаардах үндэслэл тогтоогдоогүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх “үүрэг солигдсон, хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөс гадна хүү төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах-худалдан авах гэрээг тодорхойлох өөр нэг шинжийг илэрхийлдэг болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан байна.

Талуудын байгуулсан гэрээгээр худалдагч М Ф ХХК нь  CXG00955K001B1703, CXG00951C001D1118 тоот арлын дугаартай 2 ширхэг хүнд даацын механизмыг 180.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч А А М ХХК төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу сар тутам 2 хувийн хүүгийн хамт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон  нь зээлээр худалдах-худалдан авах агуулгатай байна.

Гэрээний харилцааны төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх  хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

М Ф ХХК гэрээний үүргээ биелүүлж 2 хүнд даацын механизмыг нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А А М ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, худалдан авагч төлбөрөөс 45.000.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээний зүйлийг 2016 оны 7  дугаар сарын 14-ний өдөр буцаан авчээ.

Нэхэмжлэгч, хариуцагчаас 10 сар 09 хоногийн түрээсийн төлбөр нэхэмжлэхдээ гэрээний 3.3-т заасныг үндэслэсэн байна.

Гэрээний 3.3-т “худалдан авагч гэрээний 3.1-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж, түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15.000.000 төгрөг болно” гэж зааснаар өмнөх гэрээний үүрэг солигдсон эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл байна.

Үүрэг солих нь талуудын хооронд байгуулсан тохиролцоогоор хийгдэх бөгөөд зээлээр худалдах-худалдан авах гэрээг түрээсийн гэрээгээр солих болзол үүссэн гэж үзэх боломжгүй байна. Нэг талаас гэрээний 3.6-д худалдан авагч төлбөрөө хугацаанд нь хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  анзын аргыг сонгосон байх бөгөөд төлбөр төлөхгүй 14 хоног хэтэрсэн л бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцлан, өөр гэрээний үүргээр төлбөрийг шаардах нь үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй юм. Нөгөө талаас өмнөх үүргийг өөр үүргээр солиход эрх зүйн үр дагавар нь өөр болдог учир энэ талаар талууд тохиролцох шаардлагатай бөгөөд түрээсийн гэрээний зүйл, түрээсийн хөлс төлөх журам, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг солигдож шинэ гэрээний харилцаа буюу түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Түрээсийн гэрээ байгуулагдаагүйгээс нэхэмжлэгч түрээсийн төлбөр шаардах эрхгүй  талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцсэн байна.  

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дахь тохиролцоо нь үүрэг солигдох шинжтэй бус харин хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээг цуцалбал учирсан хохирлоо шаардах агуулгатай байна.

Нэхэмжлэгч М Ф ХХК-д гэрээний үүргээ шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж, учирсан хохирол, зардлаа төлүүлэх зэргээр өөрийн эрх, ашгийг хамгаалах хуульд заасан боломжууд байсан нь үгүйсгэгдээгүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.

Дээр дурдснаар хариуцагч А А М ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч М Ф ХХК нь үүрэг зөрчигдсөн үеэс хуульд заасан үндэслэл журмаар гэрээнээс татгалзаж болох байсан бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах боломжтой байжээ.

Хохирлыг шаардахад нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас гэрээг цуцалсан болохыг, түүнчлэн учирсан бодит хохирлын хэмжээг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тодорхойлсон бөгөөд ийм хохирол учирснаа нотлох шаардлагатай.

Дээрх байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1544 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А А М ХХК-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.407.000 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ