Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0076

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, Д.Хаш-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан  “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 764 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, Д.Хаш-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гангамөрөн

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Баярмагнай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0221/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Цээс УБЕГХЭУБ газарт холбогдуулан“ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан  “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 764 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.12, 10.1.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цийн “ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан  “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т “ ...харин шүүхээс тухайн маргааныг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн үйл ажиллагааны /процесс/-нд баримтлах одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын Их Хурлаас 2018 онд баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг тус тус хэрэглэж шийдвэрлэнэ.” гэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй болсон.

Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон байхад хүчин төгөлдөр үйлчилж байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.  

3.2. Мөн компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Компанийн тухай хуулиар шийдвэрлэх бөгөөд уг хуулийн талаар энэ хэсэгт дурдаагүй орхигдуулсан.   

Үндэслэх хэсгийн 2.4-т “харин компанийн дүрмийн дээрх өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус компанийн захирал Д.Цээс олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Б гэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж ... улсын бүртгэлд бүртгүүлэх УБ-05 маягтын дагуу өргөдөл гаргасан байна.” 2.5-д “Өргөдлийг Ц.Б гэх этгээд гаргасантай талууд маргаагүй”, 2.6-д “...Д.Цээс Ц.Б гэгчид олгосон ... итгэмжлэл дэх Д.Цийн гарын үсэг түүний гарын үсгийн хэвтэй тохирохгүй болох нь ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч нараас энэ итгэмжлэлийг хуурамч талаар шүүхэд маргасан”, 3.9-д “... мэдүүлгийг хэн гаргасныг мөн л мэдсэн, мэдэх ёстой байсан” гэсэн нь зөрчилтэй бодит байдалд нийцэхгүй байна.

Тодруулбал Д.Цээс Ц.Б гэгчид дээрх бүртгэлтэй холбоотой итгэмжлэл огт олгоогүй байхад “Д.Цээс итгэмжлэл олгосон” гэж , хуурамч гарын үсэг бүхий итгэмжлэлээр Улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэл хийлгүүлсэн нь нотлогдож, түүнийг үндэслэлгүй талаар нэхэмжлэгч тал маргасан байхад “өргөдлийг Ц.Б гэх этгээд гаргасныг талууд маргаагүй”, итгэмжлэл хуурамч талаар маргасан гэх зэргээр ойлгомжгүй, худал дүгнэлт хийжээ.

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг  энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана. 16 дугаар зүйлд Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийг тодорхойлсон байх бөгөөд өргөдөл гаргах эрх бүхий 5 этгээдийн аль нэг нь гаргаж болохоор хуульчилсан байна. Үүнд гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, Татан буулгах комиссын дарга, Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд гэж заажээ. Үүнээс үзэхэд хуулийн этгээдийг төлөөлөн өргөдөл гаргах дээрх эрх бүхий 5 этгээдээс өөр хэн ч тус компанийг төлөөлөн дүрэм болон улсын бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл гаргахыг хориглосон гэж ойлгохоор байна. Гэтэл шүүх Д.Цээс Ц.Бад олгосон 2017 оны 01 сарын 09-ний өдрийн итгэмжлэл нь хуурамч гэдгийг тогтоогдсон гэж дүгнэсэн хэр нь өргөдлийг хэн гаргах нь хамаагүй, хуульчлаагүй тул хууль зөрчсөн гэж үзэхгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.3. Үндэслэх хэсгийн 2.9-д “Дээрх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гэрээнүүдэд зурсан Д.Ц ...өөрийн гарын үсгийг үнэн зөвөөр маргаагүй”, 2.10-т “...Д.Ц нь эдгээр гэрээг байгуулсан болох нь нотлогдсон”, 2.12-т “...уг гэрээг Д.Ц байгуулсныг нотлох баримт болно” гэх зэргээр захиргааны хэргийн шүүхийн харьяаллын буюу нийтийн эрх зүйн маргаантай холбоотой асуудлыг бус иргэний эрх зүйн гэрээний харилцаанд дүгнэлт өгөх замаар нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хувийн эрх зүйн харилцаа буюу иргэд хоорондын гэрээний харилцаанд маргаанд гарсан тохиолдолд иргэний шүүх шийдвэрлэдэг атал захиргааны шүүх өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь буруу байна.

3.4. Түүнчлэн дүгнэлт хэсгийн 2.13-т “Шинжээчийн ...дүгнэлтээр...Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдэд гэрээ байгуулагч тал болох Б.Мийн гарын үсэг түүнийхтэй тохирохгүй болох нь тогтоогдсон, Гэвч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас энэ гэрээг Б.М байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл шүүхэд байхгүй” гэсэн нь хууль бус юм.   

Тодруулбал Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бол хэлцэл хийсэн гэж үзнэ. 196 дугаар зүйлийн 196.1.2-т “Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ...” гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан атал Б.М гарын үсэг зураагүй байхад гэрээг байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

3.5. Мөн худалдах, худалдан авах гэрээ бодитой бус, хуурамч гэдэг нь уг гэрээний 2.4-д заасан үнэ болох 9690 ширхэг хувьцааны үнэ 969,000 төгрөгийг Б.М огт төлөөгүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.3-т “Энэхүү гэрээний 2.1.3-д заасан хөрөнгө, тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь энэ гэрээний дагуу хийгдэж байгаа Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4-д заасан төлбөрт багтсан болно.” гэсэн нь бодит байдалд нийцэхгүй болно.   

Тодруулбал Д.Цээс Б.Мд шилжүүлсэн гэх хайгуулын тусгай зөвшөөрлийн анхны дуудлага худалдааны үнэ болох 1,135,810,600 төгрөгийг уг уурхайд хөрөнгө оруулсан гадаадын нэр бүхий иргэд төлсөн бөгөөд энэ мөнгөн дүн хувьцааны үнээс 1172 дахин их байгаа нь худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч гэдгийг нотолно.

3.6. Гуравдагч этгээд Б.М нь хөрөнгө оруулагч гадаадын иргэдийг уг уурхайд тусгай зөвшөөрлийг авч, хамтарсан компани байгуулан, хамтран ажиллана хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт 1,135,810,600 төгрөг, 2016-2019 онд 2,101,941,327 төгрөг нийт 3,237,751,927 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн болон эхнэрийн дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан тул Нийслэлийн прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн байцаах газрын Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс хэргийг шалгаж байгааг дурдах нь зүйтэй.

3.7. Үндэслэх хэсгийн 2.15-т “Д.Цээс Д.Мтэй Бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч талаас хариуцагчийг ийм баримтыг шаардах ёстой байсан гэж буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй” гэсэн атлаа 3.18-д “Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан...”, 3.19-д “Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хуульд компанийн хувьцааг бэлэглэсэн тохиолдолд бичгээр байгуулсан байхыг шаардаагүй байна” гэсэн дүгнэлт нь хоорондоо зөрчилтэй байна.

3.8. Түүнчлэн “ТМ” ХХК-ийн дүрэм дээрх хоёр хувьцаа эзэмшигчийн гарын үсэг хуурамч, уг дүрмийг баталсан гэх хувьцаа эзэмшигчдийн 01 тогтоол гэгч нь огт байхгүй, хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигчийн 17/04 шийдвэрээс нэр, дугаар нь зөрүүтэй буюу хуурамч дүрмийг бүртгэсэн байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа уг дүрэмд өөрчлөлт орохгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3.9.Захиргааны хэргийн шүүхээс Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Хувьцаа бэлэглэлийн гэрээнүүдийг зөвхөн хувьцааг бусдад шилжүүлэх зорилготой гэж үзэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь ямар гэрээ үндэслэж бүртгэгдсэн байхаас үл хамааран хувьцааны эзэмшигч шийдвэрээ гаргасан, хүсэл зоригоо илэрхийлсэн гэсэн хэт хатуу явцуу дүгнэлт хийж байгаад маш их харамсаж байна.

3.10. Мөн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хуурамч бөгөөд хуурч мэхлэх замаар хийсэн гэдэг нь нотлогдоогүй гэх үндэслэлээр бүртгэлийг зөвтгөж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчид үүсэх үр дагаврыг үл тоосон үл тоосон, хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2434 дугаар шинжээчийн дүгнэлтээр “худалдах худалдан авах гэрээ” болон Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд дээрх гарын үсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа гэдэг агуулгаар маргасан байдаг.

Шүүх хувьцаа эзэмшигч Д.Цийг компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлэх шийдвэрээ гаргасан, хүсэл зоригоо илэрхийлсэн гэх үндэслэлээр буруутгаж цаашид гарах үр дагавар, хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

 Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0764 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “... хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг биечлэн гаргаагүй, өргөдөлд гарын үсэг зураагүй, өөр этгээд миний өмнөөс зурсан, Ц.Бад итгэмжлэл өгөөгүй, гарын үсэг зураагүй байхад улсын бүртгэгч хүлээн авч бүртгэсэн, өргөдөлд хавсаргасан хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “ТМ” ХХК-ийн хувьцааны 95 хувийг Б.Мд “бэлэглэлээр шилжүүлсэн” гэж хувьцаа эзэмшигчийн шийдвэр, улсын бүртгэлийн мэдүүлгийн өргөдөлд бичигдсэн байхад өөр төрлийн буюу “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтуудын зөрүүтэй байдлыг нягтлан шалгаагүй, ... талуудын хооронд хувьцаа бэлэглэх гэрээг бичгээр бус амаар байгуулсан, уг гэрээг бичгээр гаргаж өгөх боломжгүй, ... “худалдах, худалдан авах гэрээ”, “бэлэглэлийн гэрээ” нь Иргэний хуульд заасан өөр зохицуулалт, үр дагавар үүсгэдэг, улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1, 19.1.1, 19.1.2-т заасны дагуу бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй байсан, ... баримтууд агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, шийдвэрт холбогдох гэрээ буюу бэлэглэлийн гэрээ байх ёстой байхад зөрүүтэй баримтыг үндэслэн бүртгэл хийсэн нь хууль бус” гэсэн үндэслэлээр “ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2” “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.3 дахь заалт мөн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т заасан бүрдүүлбэрүүдийг хангаж ирсэн байсан. Итгэмжлэл нь хавсаргагдсан, нотариатын холбогдох гэрээ, дүрэм, гарын үсэгтэй баримт байсан. Мөн итгэмжлэл, нотариатын холбогдох гэрээ, дүрэм зэрэг нь бол хуульд нийцэж байсан, хууль бус болохыг тогтоосон баримтгүй ... Д.Цийн гарын үсэг зурсан зураагүйг улсын бүртгэгч тухайн үед тогтоох боломжгүй, бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлсэн байхад худалдах, худалдан авах гэрээ хавсаргагдсан гэдгийг бид нар зөвшөөрч байгаа ч улсын бүртгэлийн байгууллага бол энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар ямар нэгэн хууль зөрчөөгүй ... хавсаргасан баримтууд хууль бус гэж шууд үзэх боломжгүй ...” гэж, гуравдагч этгээдээс “... Гэрээ хэлцэл гэдэг бол талуудын сайн дурын үндсэн дээр хийгддэг. Тухайн цаг үед талуудын хүсэл, зоригийг илэрхийлсэн баримт бичиг юм, 2017 оны оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талууд 95 хувийнхаа хувьцааг Б.Мд шилжүүлье. Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилъё гэсэн хүсэл зоригоо илэрхийлж байсан. Энэ утгаараа Д.Ц сайн дурын үндсэн дээр хувьцаагаа шилжүүлсэн, ... Худалдах худалдан авах гэрээний 3.6 дахь хэсэгт улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг эрх шилжүүлэн авч байгаа тал хариуцна гэж зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Б.Мд даалгасан. Бичгээр ямар нэгэн бэлэглэлийн гэрээ огт байгуулагдаагүй, ... хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн ойлголт байхгүй, Компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр дээрээ хандив өргөсөн тул гэсэн байгаа. Бүртгэлийн асуудал хууль ёсны дагуу явагдсан ...” гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт зөрчилтэй бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”, 23.3.1-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 23.3.2-т “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр”, 23.3.3-т “дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”, 23.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ”, 23.3.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 23.4-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь “ТМ” ХХК-ийн гишүүний тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг баталсан дүрмийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэхдээ “Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл буюу УБ-05 маягт /Д.Ц гэсэн гарын үсэг бүхий/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нотариатаар баталгаажуулсан “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн шинэчилж баталсан дүрэм, “ТМ” ХХК-ийн захирал Д.Цээс Ц.Б олгосон компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн баримтыг Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, хүлээн авах ажлыг даалган итгэмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэл” зэрэг баримтууд[1]-ыг үндэслэн хийсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс дээрх баримтуудын “өргөдөл болон Хувьцаа эзэмшигчийн шийдвэрт ... хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх талаар заасан, компанийн хувьцааны 95 хувийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх талаар буюу шилжүүлэгч этгээд хүсэл зорилгоо “бэлэглэх” замаар шилжүүлнэ гэж удаа дараа заасан байхад өөр төрлийн гэрээнүүд болох “Компанийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүлээн авч бүртгэсэн нь буруу, татгалзах байсан” гэж маргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд ... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 19.1.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”, 23.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ” гэж тус тус заасан байна.

 

Маргаан бүхий бүртгэл хийх үндэслэл болсон баримтуудад хавсаргагдсан Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл буюу УБ-05 маягт[2] /Д.Ц гэсэн гарын үсэг бүхий/ болон “ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэр[3]-т тус тус “хувьцаа бэлэглэх гэрээгээр 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлэх талаар заасан байх боловч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нотариатаар баталгаажуулсан “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хавсаргасан нь ойлгомжгүй, зөрчилтэй, “Хувьцаа бэлэглэх гэрээ”-г тусдаа байгуулсан эсэх, эсхүл “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэхийг нягтлан шалгаагүй буюу дээрх хуульд заасан хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд хавсаргагдсан байх шаардлагатай баримт болох “иргэний хуульд заасан холбогдох гэрээ”-ний талаар өргөдөл гаргагчийн байр суурь зөрчилтэй, хуулийн шаардлагад нийцэхгүй байхад бүртгэхээс татгалзаагүй нь буруу байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно:”, 16.1.1-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 16.1.2-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”, 16.1.3-т “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан”, 16.1.4-т “хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, 16.1.5-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж заасан байна.

 

Өргөдөлд “ТМ” ХХК-ийн захирал Д.Цээс Ц.Бад олгосон компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн баримтыг Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, хүлээн авах ажлыг даалган итгэмжилсэн агуулга бүхий 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэл хавсаргагдсан боловч нэхэмжлэгчээс уг итгэмжлэлийг хуурамч гэж маргасан байх бөгөөд хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дүгээр дүгнэлтээр “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “ТМ” ХХК, “Итгэмжлэл” гэсэн баримтын дунд хэсэгт “Захирал гэсний ард, “Д.Ц” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Цийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. ...2017.01.09 гэсэн огноотой “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын “Гэрээ байгуулсан:” хэсгийн “Шилжүүлэн авагч:” гэсний дор, “Б.М” гэсний ард зурагдсан гарын үсэг болон 27 дугаар хуудсанд байх 2017.01.09 гэсэн огноотой “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ” гэсэн баримтын 2 дугаар хуудасны доод хэсэгт “Гэрээ байгуулсан:” хэсгийн “Худалдан авагч:” гэсний дор “Б.М” гэсний ард зурагдсан гарын үсэг зэрэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Мийн гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалагдаж буй бүртгэлийн 19923 дугаартай ТМХХК-ийн хавтаст материалын 30 дугаар хуудсанд байх 2017.01.09 гэсэн огноотой, “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” гэсэн баримтын доод хэсэгт “Д.Ц” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Цийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэж дүгнэжээ.

 

Мөн нэхэмжлэгчээс “өргөдөлд хавсаргагдсан баримтуудад зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийнх биш” хэмээн маргасан байх бөгөөд хэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дугаартай “... “ТМ” ХХК-ийн хавтаст материалын 19-23 дугаар хуудсанд байх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “ТМ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм” гэсний ард, “Д.Ц” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Цийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Мөн дээрх 5 хуудас баримтын 5 дугаар хуудасны доод хэсэгт “Хувьцаа эзэмшигчид” гэсний ард ”Б.М” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Мийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэж нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гарын үсгүүд тохирохгүй талаар дүгнэгдсэн, мөн Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2434 дүгээр дүгнэлтээр “... 2017.01.09-ний өдрийн огноотой, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ” гэх баримтын арын нүүрний дунд хэсэгт Д.Ц гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Цийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно ... 2017.01.09-ний өдрийн огноотой, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх баримтын зүүн доод хэсэгт Д.Ц гэсний ард зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Цийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно” гэжээ.

 

Ийнхүү хамгийн сүүлд буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2434  дүгээр шинжээчийн дүгнэлтэд “ТМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гэрээнүүдэд зурагдсан Д.Ц гэх гарын үсэг нь нэхэмжлэгч Д.Цийн гарын үсгийн хэвтэй тохирч байгаа болох нь, гуравдагч этгээд Б.Мийн гарын үсэг тохирохгүй болох нь тус тус тогтоогдсон, энэхүү үйл баримтуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч гуравдагч этгээдээс тус тус маргаагүй, мөн “... нэхэмжлэгч Д.Цээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ" болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г баталсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0008 болон 009 дугаартай бүртгэгдсэн нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж маргасан ч нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал үгүйсгэж няцаагаагүй байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас “... хуулийн этгээдийн улсын бүртгэл нь Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн гэдэг мэдээллийг агуулж байгаа учраас нэхэмжлэгч Бэлэглэлийн гэрээнээс татгалзах, бэлгээ буцаах, иргэний маргаанд эсрэг нотлох баримт болж байгаа, зөрчигдсөн эрх нь сэргэхгүй нөхцөл үүсгэсэн” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, түүнтэй холбоотой талуудын хүсэл зориг, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, тухайн үед бүртгэл хийх үндэслэл болсон баримтууд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуурамч, хууль бус болох нь тогтоогдоогүй байсан байх боловч маргаан бүхий бүртгэлийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргэхгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан захиргааны актыг шүүх хүчингүй болгох үндэслэлийн нэг нөхцөл болох “маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь шууд тогтоогдохгүй байх хэдий ч “нэхэмжлэгчид уг бүртгэлийг хийх үндэслэл болсон холбогдох гэрээнүүдийн талаар иргэний хэргийн шүүхэд маргах ашиг сонирхол байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “... Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гуравдагч этгээд Б.Мтэй байгуулаагүй, Бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлэхээр тохирсон” гэж маргасан боловч холбогдох бичгээр байгуулсан “Хувьцаа бэлэглэх гэрээ”-г шүүхэд гаргаж маргаагүй, мөн тэрээр анхан шатны шүүхийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-г баталгаажуулсан нотариатчийн үйлдлийг эс зөвшөөрч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэлээсээ татгалзсан” гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч, үгүйсгэж маргаагүй, тухайн үед эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр бүртгэл хийх үндэслэл болсон холбогдох гэрээ зэргийг хууль бус, хуурамч болохыг тогтоогоогүй байсан байх боловч ч өмнө дурдсанчлан маргаан бүхий бүртгэлийг хийх үед компанийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөлд хавсаргасан баримтуудад хувьцаа шилжүүлэх болсон үндэслэлийг “Бэлэглэлийн гэрээ” гэж заасан атлаа “Хувьцаа худалдан авах гэрээ” хавсаргасан нь хуульд заасан “иргэний хуульд заасан холбогдох гэрээ” гэсэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй, зөрчилтэй байхад улсын бүртгэгч үүнийг нягтлан шалгаагүй, бүртгэл хийхээс татгалзаагүй нь хууль бус, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн байгууллагад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх талаар гаргасан хүсэлтийн үндэслэл болж буй “Бэлэглэлийн гэрээ”, “Хувьцаа худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан эсэх, уг гэрээнүүд хуурамч эсэх талаар маргах ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.3.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ТМ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2” “Гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны 71-87

[2] Хэргийн 1-р хавтасны 72-73

[3] Хэргийн 1-р хавтасны 79