Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 684

 

Б.Буянтогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06697 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Буянтогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Одгэрэл, Н.Оюунцэцэг нарт холбогдох

 

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол болох 27 754 062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

Хариуцагч Н.Одгэрэл,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, Д.Наранбулаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Буянтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ харьж явах замдаа "ММС Пажеро" маркийн 35-75 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Одгэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан.

Н.Одгэрэл нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдэж миний биед хүнд гэмтэл учруулсан болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 909 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдсон юм.

Ослын улмаас миний бие маш хүнд гэмтэж сүүжний 2 яс 4 газраа хугарсан бөгөөд сүүжний яс нь нурууны яс руугаа дээшээ түлхэлт өгч хэвийн биш болсон нь одоог хүртэл бүрэн гүйцэд эдгэрээгүй. Мөн аарцаг ясны эрвээхий хэлбэрийн хугаралтай гэмтэл үүссэний улмаас өөрөөрөө төрж чадахгүй болж хийсвэр хагалгаагаар 2 удаа төрсөн. Өнөөдрийн байдлаар ослын үед хугарсан хэсгүүд байнга янгинаж өвддөг учир өвчин намдаах эм тогтмол хэрэглэж байнгын эмчилгээтэй байдаг.

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд Н.Одгэрэл, Н.Оюунцэцэг нарт холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 38 683 289 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2 199 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлагаа 40 882 289 төгрөг болгосон юм.

Нэхэмжлэгч миний бие гэмт хэргийн улмаас 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл надад учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардлагаа 14 128 227 төгрөгөөр багасгаж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 26 754 062 төгрөг болгож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 26 754 062 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Монгол Улсад хийгдсэн эмчилгээний зардалд 1 758 378 төгрөг нэхэмжилснээс: Сонгдо эмнэлэгт рентген, СТ зураг авахуулахад зарцуулагдсан 198 000 төгрөг нэхэмжилснийг 2012 онд эрүүгийн хэрэг шийдэгдэхэд төлсөн. Улсын 1 дүгээр төв эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэсний төлбөр 150 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөнгө тушаагчийн гарын үсэггүй байна. Б.Буянтогтохыг 2014 онд Оргил рашаан сувилалд заавал сахиуртай хэвтэх ёстойг нотолсон баримт байхгүйн дээр ээж н.Отгоны уг сувилалд амарч үйлчилгээ авсны төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Зууны эмэгтэй салоны баримтын бичилт нь бүдэг, эмчийн ямар заавраар, юуны учир чухам ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй, мөнгө тушаасан хүний нэр байхгүй, гарын үсэг нь хэний гарын үсэг болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нотлох баримтыг шаардлага хангахгүй байна.

Тод дэлгэц эхо оношлогооны эмэгтэйчүүдийн эмнэлгийн баримтаас үзэхэд жирэмсэн болсон учир эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авсан баримт байх бөгөөд гэмтэлтэй холбоотой гэх зүйл харагдахгүй байна. Мөн үйлчлүүлсэн болоод мөнгө төлсөн хүний нэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хэн гэж хүн үйлчилгээ авсан нь ойлгомжгүй байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн н.Шагдарсүрэн эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөрт 20 000 төгрөг гэсэн боловч дээрх нотлох баримт нь шаардлага хангахгүй, хаанаас ямар үйлчилгээ юуны учир авсан нь тодорхойгүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй баримт байх тул зөвшөөрөхгүй. Нэмэлт тэжээл авсны төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмчийн зааврын дагуу нэмэлт тэжээлийг юуны тулд хэрхэн, яаж хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.

2. БНСУ-д 2 удаа хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардалд 11 185 051 төгрөг нэхэмжилснээс БНСУ-ын “Chung an” эмнэлгийн гэмтлийн мэс заслын тасаг болон эмэгтэйчүүдийн тасагт нийт 6 удаа эхо шинжилгээ хийлгэсэн, амбулаторийн үзлэг, эмчилгээний төлбөрт нийт 1 628 702 вон буюу 2 130 799 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. /хх106-123/ Учир нь Б.Буянтогтох “Chung an” эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсний төлбөрт 2 130 799 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилж байгаа боловч гаргаж өгсөн нотлох баримтуудын нэгээс бусад нь эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ өгч, зөвлөгөө авсан өөрөөр хэлбэл жирэмсний хяналтад орсон баримт байна гэж үзэж байна. Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан тус эмнэлгийн оношны өвчний нэршил гэсэн хэсэгт энгийн жирэмсний хяналт гэж бичжээ.

– Эмнэлгийн дансанд мөнгөө байршуулсан тохиолдолд хийлгэсэн эмчилгээний зардлаа суутгуулаад үлдэгдлийг өөрөө буцаан авдаг. Гэтэл энэ талаар ямар нэг баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 6 удаа үзлэг шинжилгээ хийлгэж нийт 1 628 702 вон төлсөн гэж нэхэмжилж байгаа боловч үүнээс төлбөрийг хийсэн нь хавтаст хэргийн 121-123-т байгаа төлбөрийн баримтад бичигдсэн 69 120 воныг нь л Б.Буянтогтох нь уг эмнэлэгт төлсөн харагдаж байна. 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлээд 68 720 воныг /хх 115-117/, дараа нь 400 воныг /хх 121-123/ нэмж төлөөд нийт тухайн өдөр 69 120 воныг төлжээ. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн тасагт үзүүлсэн баримт байна. Гэмтлийн мэс заслын тасагт нэг удаа 60 000 воноор үзүүлсэн баримт байгаа боловч төлбөл зохих 60 000 воныг төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

- Б.Буянтогтох нь бие давхар болоод жирэмсний хяналтад орж байгаа явцыг Н.Одгэрэлийн гэм хор учруулсан үйлдлийн үр дагавар гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс дээрх үндэслэлүүдээр уг нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эмчилгээ хийлгэхээр явахад эм, эмчилгээний материал, хоол, унааны зардал нийт 704 306 вон буюу 713 306 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нотлох баримт нь шаардлага хангахгүй, хэн, хэзээ, ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй, нотлох баримтыг үнэлэх боломжгүй байх тул төлөхийг зөвшөөрөхгүй. БНСУ-ын эмнэлэгт зуучилж өгсөн зуучлалын байгууллагад төлсөн төлбөр болох 2 860 доллар буюу монгол мөнгөөр 3 966 762 төгрөг, мөн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадад эмчлүүлэх эмчийн заавар байхгүйн дээр заавал сахиуртай явах ёстой гэснийг батлах нотлох баримт байхгүй байна. 2016 оны 10 дугаар сард БНСУ руу ирж, очих онгоцны тасалбар 2 294 000 төгрөг, БНСУ-д орон сууц түрээсэлж байрласны төлбөр 800 000 вон буюу 1 616 000 төгрөг, шинжилгээ үзлэг хийлгэсний төлбөрт нийт 464 184 төгрөг нийт 4 374 184 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь заавал гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн нотлох баримт ирүүлээгүй байна.

- Бусад зардлын талаар: Унааны зардалд нийт 1 388 800 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэм хорын үр дагавраас үүдэлтэйгээр хэн, хаашаа, хэдий цаг хугацаанд ямар зорилгоор зорчсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хангалттай харагдахгүй байна. Тухайлбал бензиний зардал гэхэд хэний машинаар хэн, хаашаа, явахын тулд бензин хийсэн нь тодорхойгүй, тухайн цаг үед эдгээр хүмүүс бүгд Б.Буянтогтохыг асарч сувилж байсан нь нотлогдоогүй байна. Харин илүү тээшний зардал бол зорчиж буй хувь хүний зохион байгуулалтын асуудал ба мөн гэм хорын асуудлаас болж илүү тээш авч явсан гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн хүүнд төлсөн 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд байгаа зээлийн гэрээнд Б.Буянтогтох нь өөрөө гарын үсэг зураагүй, н.Дагвадорж гэх хүнтэй гэрээг байгуулсан байх ба тухайн үед н.Дагвадорж нь Б.Буянтогтох нар нь гэр бүл болоогүй байсан нь өвчтөний түүхийн нүүр дээр гэр бүлийн байдлыг бичсэн тэмдэглэл болон гэрлэлтийн баталгаа, шийтгэх тогтоолд бичсэн хохирогчийн биеийн байцаалт зэргээс нотлогдож байна. Мөн дээрх гэрээнд 2 сарын хугацаа болон 10 хувийн хүүг тохирсон асуудал байхгүй байх тул зээлийн хүүнд 4 сая төгрөг нэхэмжилж байгаагаа нотолж чадаагүй байна. Б.Буянтогтохын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2 046 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд өгсөн тайлбарт бичсэн байгаа. Б.Буянтогтохын нөхөр гэх Э.Дагвадоржийн ажлаас чөлөөлөгдсөний 5 989 333 төгрөгийг төлөх боломжгүй. Энэ талаар урьд нь тус шүүхэд тайлбар өгч байсан ба нотлох баримт нь хангалттай бус байна. Тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр баталгаажаагүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй, Б.Буянтогтохыг асарснаас болж ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь тодорхой бус, тухайн үед Э.Дагвадорж нь Б.Буянтогтохтой гэр бүл болоогүй байсан зэргээс үзэхэд уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 26 754 062 төгрөгийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.Одгэрэл, Н.Оюунцэцэг нараас 8 437 647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Буянтогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 316 415 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Одгэрэл, Н.Оюунцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 149 952 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Буянтогтох давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Үүнд:

1. Эхний удаа буюу 2012 оны 11 сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, эмчилгээний болон бусад зардал 7 524 173 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие 2012 оны 6 дугаар сард осолд орсон бөгөөд 2012 оны 12 дугаар сард БНСУ-ын “Chung an” эмнэлэгт хагалгаа хийлгэх зорилгоор очсон боловч гэмтлийн мэс заслын болон эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ үзлэг хийлгээд буцсан юм. Тус эмнэлэгт очсон даруйдаа хагалгаа хийлгэхийн өмнө зайлшгүй орох ёстой шинжилгээ үзлэгт хамрагдсан.

2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гэмтлийн мэс заслын тасагт амбулаторийн үзлэг шинжилгээ хийлгэсэн, /хх-118-120/. Ингээд гэмтлийн мэс заслын тасагт үзүүлсний дараа 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эмэгтэйчүүдийн тасагт эхо шинжилгээ, амбулаторийн үзлэг хийлгэсэн юм. Учир нь миний гэмтэл аарцаг ясны эрвээхий хэлбэрийн хугарал учир хагалгаанаас өмнө зайлшгүй эмэгтэйчүүдийн тасагт үзүүлэх хэрэгтэй болсон.

Ингээд эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ өгөх үед жирэмсэн болсон байснаа мэдсэн бөгөөд эмч нарын зүгээс хагалгаа хийлгэх нь урагт нөлөөлөх эсэх мөн ослын улмаас учирсан гэмтэл нь ургийг хэвийн тээхэд нөлөөлөх эсэхийг мэдэх үүднээс удаа дараа буюу нийт 5 удаа эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ өгүүлсэн. /хх-112-114, 106-108, 109-110, 115-117, 121-123/ Эдгээр шинжилгээ үзлэгийн хариуг үндэслээд эмнэлгийн зүгээс хүүхдээ гаргах бол хагалгаа хийх боломжгүй. Учир нь химийн туяа нв хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөөтэй. Хэрэв хүүхдээ гаргахгүй хагалгаа хийлгэе гэвэл дахиж жирэмслэх магадлал муутай гэсэн хариуг өгсөн юм.

Би эмэгтэй хүний амьдралын хамгийн гол утга учир болох үр хүүхэдтэй болж чадахгүй байх нь маш харамсалтай явдал умраас бүх өвдөлтийт давж хүүхдээ төрүүлэхээр шийдэж хагалгаа хийлгэлгүй Монголдоо буцаж ирсэн.

Иймд 2012 оны 12 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, үзлэгийн зардал болох 2 130 799 төгрөг нь гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой хохирол юм. Дээрх үзлэг оношилгоо хийлгэсэн баримтуудаа бүгдийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд ямар тасагт хэзээ хэдэн төгрөгөөр үзүүлсэн нь бүгд байдаг.

Харин нэмэлтээр тухайн үеийн өвчний түүх нь өөр улсад буюу Бүгд найрамдах Солонгос улсад байгаа учраас нэхэмжлэгч миний бие өөрөө олж авах боломжгүй байсан тул шүүхийн журмаар гаргуулахаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Нэхэмжлэгч Батмэнд овогтой Буянтогтох нь Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хот, 156-755, Донжак-гү дүүргмйн Хюксюк-Дон гудамжны 224-1 тоотод байрлах "Жун-ан" эмнэлэгт 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ямар оноштойгоор, ямар үзлэг эмчилгээ хийлгэсэн талаарх баримтуудыг “Жун-ан” эмнэлгээс гаргуулах” хүсэлт, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Б.Буянтогтох нь “Жүнг-ан” их сургуулийн эмнэлэгт ямар оноштойгоор хандаж, хэдэн төгрөгийн ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг анх зуучилж өгсөн “Раонлэнд” ХХК-иар дамжуулан тус эмнэлгээс 2016 оны 7 дугаар сарын 26, 2016 оны 7 дугаар сарын 27, 2016 оны 7 дугаар сарын и-мэйлээр авсан юм. Иймд “Раонлэнд” ХХК-ийн [email protected] и-мэйлд үзлэг хийлгэх” хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан боловч шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хангалгүй орхиж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан мөртөө дээрх зардлыг осолтой холбогдолгүй гэж дүгнэлт хийж шинжилгээ, эмчилгээний төлбөрийг хэрэгсэхгуй болгосон нь үндэслэлгүй байна.

2. Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардлаас 773 178 төгрөгийн нэхэмжлэлийн
шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй
байна.

Нэхэмжлэгч миний бие гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтлээс болж өнөөдрийг хүртэл байнгын эмчилгээ хийлгэн өвчин зовиурыг мэдэрч явна. Осол 2012 оны 6 дугаар сард гарснаас хойш хариуцагч нар сайн дураараа нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй. Миний хувьд бусдаас мөнго нэхэмжлэхээсээ илүүтэйгээр хөл дээрээ босож эрүүл саруул болохдоо анхаарч явсаар 5 жил өнгөрсөн. Энэ хугацаанд төлбөрийн зарим баримт алга болох, заримдаа баримтгүй эмчилгээнүүд хийлгэж ирсэн бөгөөд Монгол улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыи хувьд миний нэхэмжилсэн төлбөр бол зөвхөн өчүүхэн хэсэг нь юм.

Шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх зардлууд нь зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл авсны дараа улмняс учирсан шалтгаант холбоо бүхий хохирол юм.

3. 2016 онд БНСУ руу эмчилгээнд явахад сахиураар хамт явсан нөхөр
Э.Дагвадоржийн тийзний үнэ 1 147 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг дараах
үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь миний бие өнөөдрийг xүpтэл толгой байнга өвдөх, хөл янгинаж өвддөг тул доголж явдаг, удаан хугацаагаар алхах, суух зэрэг үйлдлийг хийх боломжгүй зовиуртай байдаг. БНСУ байтугай ойрын зайнд Монгол улсдаа явахад хүндрэлтэй байдаг тул БНСУ руу хагалгаа хийлгэх зорилгоор очихдоо өөрийн нөхөр Э.Дагвадоржийг сахиураар авч явж туслуулсан юм. Миний бие байнгын үзлэгт хамрагддаг талаарх эрүүл мэндийн дэвтрийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

2016 онд БНСУ-д очихдоо хагалгаа хийлгэх зорилгоор очсон боловч осол болсноос хойш удаан хугацаа өнгөрсөн тул хагалгаа хийх боломжгүй гэсэн хариу авсан. Өнөөдрийн байдлаар бүрэн эмчлэгдэх боломжгүй болж бие махбод, сэтгэл санаа, мөнгө санхүүгийн хувьд нэмж хохирсоор байна.

4. Бусад зардал болох унааны зардалд 1 388 800 төгрөг, БНСУ-д эмчилгээнд ороход банкинд байршуулахад бусдаас зээлсэн 20 000 000 төгрөгийн хүү болох 3 200 000 төгрөг, нөхөр Э.Дагвадоржийн намайг асарч байх хугацааны цалин хөлс 5 989 332 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь нэхэмжлэгч надад тухайн ослын улмаас шалтгаант холбоотойгоор учирсан хохирлыг хэлдэг. Тухайн үед мөрөөрөө явж байсан намайг хэт болгоомжгүй үйлдлийн улмаас дайрч хүнд гэмтэл учруулаагүй байсан бол надад дээрх зардлууд гарахгүй байх байсан.

Осол гараагүй байсан бол би БНСУ-д эмчилгээнд явахгүй байсан учраас бусдаас хүүтэй мөнгө зээлж 20 000 000 төгрөгийн барьцаа өгөх шаардлагагүй, мөн холбогдох бусад зардал гарахгүй байх байсан юм.

Миний нөхөр Э.Дагвадорж нь намайг осолд орсны дараа өөрийн ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж өнөөдрийг хүртэл намайг асарч тойлж байна. Дээрх шаардлагыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд миний өмгөөлөгч гэрчээр нөхөр Э.Дагвадорж, эгч Б.Энхмандах нарыг асуулгахаар хүсэлтийг өгсөн боловч шүүхээс мөн л ханган шийдвэрлээгүй.

Хариуцагч нар нь надад хүнд гэмтэл учруулчихаад нэг удаа биеийг минь эргэж ирж байгаагүй, нэг ч төгрөгийн хохирол төлөөгүйн дээр одоо намайг шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэж цагдаад өргөдөл өгч шалгуулж байгаа нь үнэхээр ёс зүйгүй хүний ёсонд байж боломгүй үйлдэл шиг санагддаг.

Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус үндэслэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06697 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Одгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06697 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүх гэм хороос үүдэлтэй хохирлыг тооцон гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. “Сонгдо” эмнэлэгт үзүүлсний 198 000 төгрөгийг 2012 онд эрүүгийн хэрэг шийдэгдэхэд төлсөн, Улсын 1 дүгээр төв эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөнгө тушаагчийн гарын үсэггүй байна. Харин Б.Буянтогтох нь Оргил рашаан сувилалд осолд орсноосоо хойш 2 жилийн дараа буюу 2014 онд сувилуулсан байх ба энэ үед заавал сахиуртай хэвтэх ёстойг нотолсон нотлох баримт байхгүйн дээр ээж н.Отгоных нь сувилуулсны мөнгийг хариуцагч төлөх үндэслэл байхгүй. Тиймээс Монгол улсад эмчилгээ хийлгэсний зардалд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх зардлуудыг төлөх үндэслэлгүй байна.

2. Зуучлалын гэрээнд Б.Буянтогтохын нэр байхгүй, мөн Medical tur буюу аялангаа үзлэг шинжилгээнд хамрагдах гэрээ байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Буянтогтох нь жирэмсний хяналтанд орж, үзлэг шинжилгээ хийлгэсэн нь нотлогдсон ба шүүх ч энэ талаар дүгнэлтийг хийсэн байгаа. Тиймээс жирэмсний хяналтанд орж үзлэг шинжилгээнд хамрагдсан, Medical tur чиглэлээр явсан дээрх зуучлалын төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2016 онд БНСУ-д үзлэг хийлгэхээр явахдаа орон сууц хөлслөн суусны зардалд 1 616 000 төгрөгийг төлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ нь он сарын хувьд зөрүүтэй, түрээсийн гэрээний үүргийн дагуу мөнгө төлсөн баримт нь байхгүй байхад хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй байна.

Харин 2016 оны 10 дугаар сард БНСУ-д хийлгэсэн шинжилгээ, үзлэг хийлгэсэн төлбөр 464 184 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 17-нд БНСУ руу явах буцаж ирэх Б.Буянтогтохын онгоцны тийз 1 147 000 төгрөг нийт 1 611 184 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдсэн 5 582 763 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн байх тул хариуцагч талаас гэм хорын хохиролд 8 437 647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээс 1 611 184 төгрөгөөс бусад үлдсэн 6 826 463 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06697 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Б.Буянтогтох нь хариуцагч Н.Одгэрэл, Н.Оюунцэцэг нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол болох 27 754 062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох ажиллагаа явуулна” гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан аль үндэслэл бүрдсэн гэж үзсэн нь тодорхойгүй буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаагүй атлаа шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр товлон явуулж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан ажиллагаа явуулсан зөрчил гаргажээ.

/хэргийн 1 дэх хавтас 226, 234 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргаагүй атлаа шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг явуулах, хэргийг оролцогчийг хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийх болсон үндэслэл нь тодорхой бус болжээ.

 

Хариуцагч Н.Одгэрэл нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед хариуцагч Н.Оюунцэцэгийн өмчлөлийн ММС пажеро маркийн 35-75 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны урд замд хөдөлгөөнд оролцохдоо Тоёотой спринтер маркийн 29-29 УБЗ улсын дугаарын автомашиныг мөргөхөд явган зорчигч Б.Буянтогтох хавчуулагдан бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сары 29-ний өдрийн 909 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор ял шийтгүүлсэн байх бөгөөд уг эрүүгийн хэргийн явцад хариуцагч Н.Одгэрэл нь нэхэмжлэгч Б.Буянтогтоход 2 000 000 төгрөгийн хохирол төлсөн талаар шийтгэх тогтоолд дурьдсан байгаа нь энэ иргэний хэргийн нэхэмжлэлийн үнийн дүнд хамаарч байгаа эсэх үйл баримтыг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн буруу байна. /хэргийн 9-16 дугаар тал/

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч Б.Буянтогтохын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хариуцагч Н.Одгэрэл, Н.Оюунцэцэг нарын хэн нь ямар буруутай үндэслэлээр хариуцлага  хүлээх эсэх талаар эрх зүйн хувьд дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын үүрэг, хариуцлагыг зөв тодорхойлсноор зохигчдын хоорондын маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06697 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 650 450 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                             ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                              С.ЭНХТӨР