Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 354

 

“Эй Ди сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Э.Даваахатан нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 533 дугаар магадлалтай, “Эй Ди сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эй ди сервис” ХХК-ийн гаргасан “...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Туул ривер кондо” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлуулсан “Эй Ди сервис” ХХК-ийн өмчлөлийн зар сурталчилгааны байгууламжийг буулгасан үйлдлийг илт хууль бусад тооцож, хууль бус үйлдлийн улмаас манай компанид учирсан 11088000 төгрөгийг нөхөн төлүүлж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 533 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нарийвчилсан зохицуулалттай хуулийг баримтлалгүй ерөнхий зохицуулалт бүхий нийтлэг харилцааг зохицуулсан хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Үндсэн хуулийн 62.3-д “Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно”, Зар сурталчилгааны тухай хуулийн 9.4 дэх хэсэгт 9.4-д “нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно” гэж заажээ.

Үндсэн хуулийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-аас нутгийн өөрөө удирдах байгууллагад Зар сурталчилгааны тухай хуулийн 9.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ тогтоох эрх хуулиар олгогдсон бөгөөд зар сурталчилгаатай холбоотой бусад харилцаа Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулагдах учиртай.

Гэтэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Зар сурталчилгааны тухай хуулийн 9.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээгээ эдлэхдээ хуулиар олгогдсон энэхүү эрх хэмжээгээ хэтрүүлж, хувийн эзэмшлийн газар, барилга, байгууламж, хувийн өмчийн барилгад самбар байршуулахад хүртэл нийтийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах тухай шинэ хэм хэмжээг журамласан байдаг. Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээгээ хэтрүүлснээс үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг удаа дараа зөрчигдөж эхэлсэн.

Тухайлбал Сүхбаатар болон Баянгол дүүргийн Засаг даргаас “Эй Ди сервис” ХХК-д хандаж “Сүхбаатар дүүрэгт байрлах барилгын гаднах хананд байрлуулсан самбарыг байрлуулахдаа нийтийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл аваагүй тул самбарыг албадан буулгах тухай, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах барилга байгууламжийн гаднах хананд самбар байрлуулахдаа нийтийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл аваагүй тул самбарыг албадан буулгах тухай” мэдэгдлийг ирүүлж байжээ.

Эдгээр барилгын гаднах хананд “Эй Ди сервис” ХХК самбар байршуулахдаа өмчлөгчийн зөвшөөрлийг тухай бүрт нь бичгээр авч самбар байршуулсан атал захиргааны байгууллагаас дахин зөвшөөрөл авч, хураамж төлөх ёстой хэмээн үзэж байгаа нь хуульд заагаагүй хэм хэмжээг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал журамласантай холбоотой юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ийнхүү тусгайлсан хуулиар олгогдсон эрх хэмжээгээ илтэд хэтрүүлэн журам баталсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нийтлэг харилцааг зохицуулсан хуулиуд болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хэм хэмжээг баримтлан зар сурталчилгааны хэм хэмжээ тогтоох харилцаанд хэрэглэж буй нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хувийн эзэмшлийн газар, барилга, байгууламж, хувийн өмчийн барилгад самбар байршуулахад нийтийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах тухай хэм хэмжээ тогтоох эрхийг хуулиар олгоогүй гэж үзэж байгаа бөгөөд Зар сурталчилгаатай холбоотой харилцааг зохицуулж буй цорын ганц тусгайлсан хууль болохын хувьд Зар сурталчилгааны тухай хуулиар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ийм эрхийг олгоогүй байдаг.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” нь хууль бусаар хураамж бий болгон авч байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Хувийн өмчлөлийн барилга байгууламж, хувийн эзэмшлийн газар дээр самбар байршуулахад зөвшөөрөл авахыг шаардаж буй нь зөвшөөрлөөр дамжуулан хураамж авч, хууль бус төсөв бүрдүүлэхтэй холбоотой юм.

Татварын ерөнхий хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хураамж нь татварын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мөн хуулийн 3.1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал хураамжийг зөвхөн хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй. Гэтэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хувийн эзэмшлийн газар, хувийн өмчийн барилга байгууламжид самбар байршуулах зөвшөөрөл олгох эрх хэмжээг төрийн захиргааны байгууллагад олгож, улмаар уг зөвшөөрлийг олгохдоо сар бүр иргэд байгууллагаас хуульд заагаагүй хураамж авч байна. Тухайлбал хариуцагч талаас өөрөөс нь ирүүлсэн нотлох баримтууд буюу самбар байрлуулах гэрээнд энэхүү хураамжийн асуудал маш тодорхой тусгагдсан байдаг.

3. Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн албаны зүгээс анх “Туул ривер кондо” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлуулсан нэхэмжлэгчийн өмчлөлийн самбарыг буулгахдаа зөвшөөрөл аваагүй хэмээн мэдэгдэл ирүүлж, буулгасан байтал шүүх хуралдаанд өөрийн хууль бус үйлдлийг тайлбарлахдаа стандартын шаардлага хангаагүй учраас буулгасан хэмээн зөрүүтэй худал тайлбар гаргасан. Гадны зар сурталчилгааны байгууламжид хоёр талын шаардлага тавигддаг.

Үүнд, хэлбэрийн шаардлага буюу байгууламжийг нийтийн эзэмшлийн газар, бусад барилга байгууламжид байршуулахдаа зөвшөөрөл авах, зөвшөөрөл авсан сурталчилгааны самбарыг байршуулахдаа байгууламжийг стандартын дагуу зай, хэмжээ, аюулгүй байдлыг хангаж байршуулах, мөн агуулгын шаардлага буюу хуулиар хориглосон эсхүл хууль бус сурталчилгаа явуулахгүй байх зэрэг болно.

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн албаны зүгээс анх нэхэмжлэгчийн өмчлөлийн самбарыг “захиргааны байгууллагаас зөвшөөрөл авалгүй байрлуулсан” хэмээн мэдэгдэх хуудас ирүүлж байсан атал шүүх хуралдаанд тайлбар хийхдээ аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүний тархи толгойн дээр унаж болзошгүй хэмээн худлаа тайлбарлаж байсныг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

“Туул ривер кондо” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлуулсан “Эй Ди сервис” ХХК-ийн самбар ямар стандартыг шаардлагыг хэрхэн хангаагүй талаар тодорхой нотлох баримт огт байхгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ““Эй Ди сервис” ХХК-ийн зар сурталчилгааны байгууламж нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт заасан шаардлагыг хангаагүй байна” хэмээн дүгнэлт хийсэн атлаа нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт заасан ямар шаардлагыг хэрхэн хангаагүй талаар дурдаагүй бөгөөд тодорхойгүй байна.

4. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Журмын 8.3-т “гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараах үйл ажиллагааг хориглоно” гээд 8.3.1-д “зөвшөөрөлгүйгээр хувийн хэвшлийн барилга, байгууламж, газар дээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, зар сурталчилгааг нийтлэх” гэж заасан байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар ч хуульд өмчлөгч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн барилга байгууламжийн гаднах хана туурга, гаднах талбайг ашиглахдаа төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэй ашиглах, зар сурталчилгааны самбар байрлуулахыг аливаа хэлбэрээр хориглосон, хязгаарласан хэм хэмжээ байхгүй юм. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн баталсан журмаараа иргэн хүний өмчөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхэд хязгаарлалт хийж, самбар байрлуулахын тулд захиргааны байгууллагаас зөвшөөрөл авдаг механизмыг бий болгож, өөрөө өөрийнхөө төсөв бүрдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5.3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан бөгөөд энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллага журмаар хүний эрхийг хязгаарлаж болох агуулгагүй болох нь тодорхой юм. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь олон тооны хууль тогтоомж зөрчиж, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

1. Нэхэмжлэгчийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, нийслэлийн Засаг даргын 2013 оны 1/376 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нэгдүгээр,“ гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглох гудамж, зам талбай”-г хоёрдугаар, “...төлбөрийг” гуравдугаар хавсралтаар тус тус баталжээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох улсын хяналтын албаны саналыг үндэслэн гадна зар сурталчилгааг байрлуулахад тавих аюулгүй ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болно”, 9.4-т “нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно” гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага нь нийтээр дагаж мөрдүүлэхээр энэ хуульд үндэслэн нийтлэг зохицуулалт бүхий хэм хэмжээний актыг батлан гаргах эрхтэй байна.

Харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013 оны 3/32 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Зар сурталчилгааны тухай хуулийн 9.4-т заасныг баримтлан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлан гаргахдаа “нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж”-аас гадна бусад газарт зар сурталчилгааны байгууламж байрлуулахад “зөвшөөрөл авах” шаардлага тавьжээ.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус ...зэрэг газар хамаарна” гэж зааснаас үзэхэд, “бусдын хууль ёсоор эзэмшиж буй газар” нь нийтийн эзэмшлийн газар биш юм.

Иймд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсоор эзэмшсэн газрыг “нийтийн эзэмшлийн газар”-т хамааруулан улмаар ийм газарт зар сурталчилгааны байгууламж байрлуулахад “зөвшөөрөл авах” шаардлагыг зохицуулсан маргаан бүхий актыг батлан гаргасан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасанд нийцэхгүй, хуулиар хориглоогүй асуудлыг шинээр хэм хэмжээ тогтоон журамласан нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн хууль ёсны уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, анхан шатны шүүх “...3/32 дугаар тогтоол нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байрлуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бүгдэд нь хамаарна” гэж, нэхэмжлэгчийн байрлуулсан зар сурталчилгааны байгууламжийг “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлуулсан 2013 оны зар сурталчилгааны төлөвлөлтийн зурагт нийцээгүй” гэх зэргээр үндэслэлгүй бөгөөд маргааны зүйлд хамааралгүй асуудлаар дүгнэсэн, харин давж заалдах шатны шүүх “...ЗЗНДНТУТ хуулийн 19.1, 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2-т  заасны дагуу ...байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг ...бие даан шийдвэрлэх, батлан мөрдүүлэх эрхтэй”, “Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тодорхой зориулалт, хугацаагаар эзэмшиж байгаа газарт зар сурталчилгааны самбар байрлуулах нь нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд хамаарахгүй гэх үндэслэл болохгүй” гэж эрх олгоогүй асуудлаар хэм хэмжээ тогтоосон акт гаргасан нь дээрх хуулиудад заасан “бүрэн эрхийн хүрээнд” мэтээр үндэслэлгүй дүгнэсэн, мөн “нийтийн эзэмшлийн газар”-ын талаарх Газрын тухай хуулийн тодорхойлолтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн ...3/32 дугаар тогтоолоор батлагдсан уг журам нь бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учир эрх зөрчигдсөн буюу аж ахуй нэгжийн хууль ёсоор эзэмшсэн газар дээр зар сурталчилгааны байгууламж байрлуулахад зөвшөөрөл авах шаардлага тавьсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгчийн “зар сурталчилгааны самбарыг албадан буулгасны улмаас учруулсан хохирол 11,088,000 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/1676 дугаартай албан мэдэгдлээр”... “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 6.1,6.2-т заасныг зөрчсөн тул Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжинд байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж, зардлыг төлүүлсэн тухайг дурдаж, “...байрлуулах боломжгүй байршилд дахин байрлуулсан зар сурталчилгааны байгууламжийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний дотор буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, ...заасан хугацаанд буулгаагүй нөхцөлд албадан буулгах арга хэмжээ авч, холбогдох зардлыг нөхөн төлүүлж, журамд заасан хариуцлага хүлээлгэх”-ийг нэхэмжлэгч “Эй ди сервис” ХХК-д мэдэгджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гаргасан “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах тухай” “2015 оны 4 дүгээр сарын 21-ний А/48 дугаар, “Тохижилтын ажлын хөрөнгө гаргах тухай” 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/124 дүгээр тушаалуудаар нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамж, “Туул ривер кондо” ХХК-ийн эзэмшлийн газарт 2 удаа байрлуулсан 4х9 м хэмжээтэй 2 талт тулгуурт самбарыг мөн оны  5, 11 дүгээр сард тус тус албадан буулгаж, үүний нэг удаагийн зардал 1,080,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь албадан буулгалтын зардал болон машин кран, гагнуур, ажилчдын хөлсийг 2 дахин бодож 6,060,000 төгрөг, самбарын гэрэл, гэрэлтүүлгийн утасны 970000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээний дүнгийн хохирол гэх 4,058.000 төгрөг, нийт 11,088,000 төгрөгийг “буцааж барих зардал болон хохирол” гэсэн жагсаалтын дагуу нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, албадан буулгалтын 1,080,000 төгрөг нөхөн төлсөн нь төлбөрийн баримтаар нотлогдсон, харин 2015 оны 5, 6 дугаар сард бичигдсэн 3 ширхэг зарлагын баримт нь самбарыг албадан буулгасантай ямар хамааралтай нь тодорхойгүй, “Талын хар хайрхан” ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “зар сурталчилгааны самбарын түрээс болон ажил гүйцэтгэх” гэрээний дагуу самбар түрээслүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд, баримтаар нотлогдсон 1,080,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргуулж, нэхэмжлэлийн уг шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж нөхөн төлүүлэх хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй.

Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 533 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад олгох зөвшөөрлийг “аж ахуйн нэгжийн хууль ёсоор эзэмшиж буй газар”-т хамааруулсан хэсгийг илт хууль бусад тооцон, хүчингүй болгож, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,080,000 /нэг сая наян мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эй Ди сервис” ХХК-д олгуулж, үлдэх 10,008,000 төгрөгийн нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ