Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01772

 

Э.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01218 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1505 дугаар магадлалтай,

 Э.Б-гийн нэхэмжлэлтэй

ЭЭЖЮ ХХК-д холбогдох, 

Ж.Т-ын бие даасан шаардлагатай,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК, Э.Б- нарт даалгах тухай Ж.Т-ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т-, түүний өмгөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд Ж.Т-, түүний өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэгтэй Ү/014/01 тоот үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч ЭЭЖЮ ХХК нь захиалагчийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Залуу гэр бүл-2 орон сууцны үйлчилгээний төвийн 430 м.кв талбайг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээгээр тохиролцсоны дагуу 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 25.000.000 төгрөг, 40.000 000 төгрөг, 30.000.000 төгрөгийг ЭЭЖЮ ХХК-ийн дансанд, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 130.000.000 төгрөгийг ЭЭЖЮ ХХК-ийн дансанд, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 120.000.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Барилгын ажил удаашралтай явагдаж, хүлээгдсээр байгаад 2016 оны 5 дугаар сард тухайн барилга ашиглалтад орж Улсын комисс хүлээн авч, Улсын комиссын акт гарсан болохыг мэдсэн. Ингээд миний бие өөрийн хөрөнгө оруулсан тухайн барилгын В, Г хэсэгт байрлах 430 м.кв үйлчилгээний талбайгаа хүлээн авахаар удаа дараа гүйцэтгэгчээс шаардсан боловч ямар нэгэн шалтаг, шалтгаанаар хойшлуулаад байсан. Гэтэл Ү/014/01 тоот үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас жилийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр миний хөрөнгө оруулсан үйлчилгээний талбайг бусдад барьцаалсан болохыг мэдсэн. Иймд миний хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 хороолол, Залуу гэр бүл-2 төслийн хүрээнд баригдсан 310 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭЭЖЮ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Э.Б-тай Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний дагуу захиалагч нь манай компанид 395.000.000 төгрөг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн. Иймд гэрээ ёсоор тухайн орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 мкв талбайг Э.Б-д хүлээлгэн өгөх ёстой ч 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Т-д үйлчилгээний талбайг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан тул Э.Б-д гэрчилгээ олгож чадахгүй болсон. Иймд Ж.Т-ын барьцааг суллаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.Б-д хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлэх хүсэлтэй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т-ын шүүхэд гаргасан бие даасан шаардлагад: ...Миний бие 2013 оны 7 дугаар сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт худалдсан ба Ч.Сүрэнцэцэг нь газар худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 900.000.000 төгрөгийг төлөөгүйгээс үүдэлтэй маргаан шүүхээр явж эцэст нь талууд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №2376 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ батлуулсан. Уг захирамж болон гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайн өмчлөгчөөр Ж.Т- би улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан. Эвлэрлийн гэрээнд төлбөрийн үлдэгдэл нийт 895.3 сая төгрөгийн 50% буюу 447.650.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01, үлдэгдэл 50%-ийг нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Ж.Т-д төлөх, энэхүү үүргийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 860 м.кв талбайг Ж.Т-ын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, төлбөрөө бүрэн төлсний дараа Ж.Т- нь Ч.Сүрэнцэцэгт уг объектыг буцаан шилжүүлж өгөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд уг объект нь Ж.Т-ын өмчлөлд үлдэх тухай маш тодорхой заасан. Ч.Сүрэнцэцэг Э.Б- нар нь 2015 онд байгуулж шүүхээр баталгаажуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоор үгсэн хуйвалдаж иргэн Ж.Т- миний өмчид халдахаар дүр эсгэсэн гэрээ хийсэн байх нь нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдох болно. Иймд Иргэний хуулийн 106 зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтын дагуу Ж.Т- миний өмч болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг, Э.Б- нарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б-гийн бие даасан шаардлагын талаар шүүхэд гаргасан  тайлбарт: ...Ж.Т-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй бөгөөд Ж.Т- өөрийгөө хэзээ өмчлөгч болсон гэж үзэж байгаа нь сонин байна. Яг хэдэн сарын хэдний өдөр өмчлөгч болсон, хэнээс өмчлөх эрхийг шилжүүлж авсан, ямар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.Т-д олгогдсон гэх Ү-2203031481 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, үүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч ЭЭЖЮ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э.Б- миний бие ЭЭЖЮ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн атлаа өнөөдрийг хүртэл уг байрыг хүлээж аваагүй, тухайн объектод амьдардаггүй, миний өмчлөлд бүртгэгдээгүй, би ашигладаггүй тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭЭЖЮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбарт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 166 тоот шийдвэрээр Ж.Т-д олгосон 000411950 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай ЭЭЖЮ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ж.Т-ын өмчлөлд бүртгэгдсэн гэх барилга дуусаагүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилга гэж явж байсан. Гэтэл одоо уг барилга нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсон. Объектыг бусдад худалдах гэхээр Ж.Т- худалдуулахгүй гэдэг, тэгвэл бусдад түрээслүүлье гэхээр зөвшөөрдөггүй. Маргаж буй талбайн үнэ ханшийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 1.061.399.400 төгрөг гэсэн үнэлгээтэй байгаа тул үүгээр тооцоход Ж.Т-д төлөх ёстой төлбөрт суутгагдах боломжтой гэж үзэж байна. Иймд Ж.Т-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар Э.Б-г Сүхбаатарын дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны В,Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг, Э.Б- нарт даалгах тухай Ж.Т-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2.087.750 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ЭЭЖЮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.157.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож, нэхэмжлэгч Э.Б-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т- тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг буюу нийт 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1505 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т-, түүний өмгөөлөгч Д.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ЭЭЖЮ ХХК нь Ч.Сүрэнцэцэг захиралтай ганц гишүүнтэй компани бөгөөд Энх-Амгалан нь Ч.Сүрэнцэцэгийн нөхөр, Бат-Амгалан нь Ч.Сүрэнцэцэгийн хүү юм. Ийнхүү ээж, аав, хүү 3 үгсэн хувилдаж, худал хуурамч баримт бичиг бүрдүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж, бусдыг залилж мэхлээд зогсохгүй, удаа дараа янз бүрийн байдлаар шүүхэд хандаж, хууль хяналтын байгууллагаар тохуурхаж, үгсэн хуувилдсан зориудын санаатай үйлдэл гаргаж, Ж.Т-ын хохирлыг нэмэгдүүлсээр байгааг шүүх анхаарч үзэх шаардлагатай байна. Мөн уг обектыг Ч.Сүрэнцэцэг Э.Б- нар өнөөг хүртэл эзэмшиж ашиглан бусдад түрээслэн ашиг олж байгаа. Ийнхүү тодорхой заасан заалт бүхий эвлэрлийн гэрээ нь шүүхийн захирамжаар баталгаажсан байхад уг барилгыг ашиглалтад 100% оруулаад 200 гаруй иргэн айл өрхөд худалдчихсан хирнээ шүүхийн захирамжаар баталсан гэрээний үүргээ 2015 оноос хойш огт биелүүлэхгүй, төлбөрөө төлөөгүй байж барьцаанд байгаа обектийнхоо талыг нь буюу 430 м2 талбайг нь өг гэж шаардаж зөвшөөрөхгүй болохоор Ч.Сүрэнцэцэгийн хүү Э.Б- нь ээжтэйгээ гэрээ хийж мөнгө төлсөн гэх болсон. Иймд бид обектыг чөлөөлж өгөхийг даалгуулахаар шүүхэд бие даасан шаардлага гаргасан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэрчүүдийг оролцуулахгүйгээр хууль буруу хэрэглэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд болон нотлох баримтуудаас илтэд зөрүүтэй шийдвэр гаргасан.

Учир нь эвлэрлийн гэрээнд ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь газар худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 895.300.000 төгрөгийг бүрэн төлөх бөгөөд үүний 50% буюу 447.650.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 50% буюу 447.650.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.5, 208.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүлээнэ. ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын өмчлөх эрхийг иргэн Ж.Т-ын өмчлөлд бүртгүүлж өгөх үүргийг хүлээнэ. ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож уг газар дээр баригдаж буй барилгын 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 860м.кв талбайг иргэн Ж.Т-д барьцаалж байгаа болно. Талууд энэхүү гэрээний 2.3 заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн өмчлөх эрхийг ЭЭЖЮ ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгийн өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөх үүргийг иргэн Ж.Т- хүлээнэ. ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний дотор газрын төлбөрийн 50%,-ийг төлсөн нөхцөлд 860 мкв талбайтай хэсгийг хэсэгчлэн болон бүтнээр нь бусад гуравдагч этгээд худалдан борлуулах замаар газрын үлдэгдэл төлбөрийг төлж болно. Энэ тохиолдолд газрын үлдэгдэл төлбөр болох 895.300.000 төгрөгийг бүрэн төлөгдсөн нөхцөлд иргэн Ж.Т- нь үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэгт шилжүүлж өгнө. Талуудын эвлэрэн хэлэлцсэн нь бусад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно. ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь үйлчилгээний зориулалттай 1-р давхрын 860 м.кв талбайг гэрээний 3.3-т заасан нөхцөлөөс бусад байдлаар өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй ба энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан, бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн зэргийн өмчлөгч барьцаалагч нь Ж.Т- болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ зөрчсөн нөхцөл байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг дангаар хариуцах үүрэг хүлээнэ. ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь үлдэгдэл 447.650.000 төгрөгийг иргэн Ж.Т-д бүрэн төлж барагдуулаагүй байх үед уг барилга баригдаж дуусан ашиглалтанд орсныг нотлох баримтуудыг иргэн Ж.Т-д бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэг хүлээнэ. ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь газрын үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 2.4-т заасан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Т- өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх эрхтэй гэхдээ 895.300.000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнг ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэгт буцаан төлөх үүргийг Ж.Т- хүлээнэ. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулан шүүхэд хүлээлгэн өгснөөс хойш гэрээнээс татгалзах, гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг эдлэхгүй байхаар харилцан тохиролцож бүрэн хүлээн зовшөөрсөн болно гэж маш тодорхой заасан эвлэрлийн гэрээг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2376 дугаар  захирамжаар баталсан байгаа. Ийнхүү үүргийн гүйцэтгэл хангадахгүй бол өмчлөх эрх нь Ж.Т-д хэвээр үлдэхээр тодорхой заасан байна.

Мөн Ч.Сүрэнцэцэг нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан. Уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг тус тус үндэслэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж эвлэрлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр болохыг нотолсон. Гэтэл шүүх мөн л эвлэрлийн гэрээнд Ч.Сүрэнцэцэг гарын үсэг зураагүй, энэ талаар хэн ч маргаагүй гэж дүгнэсэн байх юм. Мөн шүүгч хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд төлбөрийн маргаангүй байна гэжээ. Нэгэнт үгсэн хуйвалдаж дүр эсгэсэн гэрээ хийгээд байгаа эх, хүү хоёр маргаангүй байхаас өөр яах билээ. Эвлэрлийн гэрээ байгуулах талаар Ч.Сүрэнцэцэг нь хүү Э.Б-гийн хамт Ж.Т- болон тухайн үед түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Урангэрэл туслах Г.Халиун нартай удаа дараа ирж уулзаж байсныг өмгөөлөгч тэд гэрчлэнэ. Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай онц ач холбогдолтой гэрчүүд болох Ч.Сүрэнцэцэгийн өмгөөлөгч Түвшинтамир /9999-8024/, өмгөөлөгч Цацрал /96608238/, Түвшинжаргалын өмгөөлөгч Урангэрэл /99004671, туслах Г.Халиун нарыг гэрчээр оруулж өгөх хүсэлтийг хангахгүйгээр шийдсэн. Мөн уг обектийг Ч.Сүрэнцэцэг Э.Б- нар эзэмшиж ашиглаж байгаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлж хэлсээр байхад мөн үүнийг нь нотлох гэрэл зургуудыг шүүхэд өгсөн байхад Ж.Т- шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх зэргээр илтэд нотлох баримтаас зөрүүтэй дүгнэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна. Эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтээ Ч.Сүрэнцэцэг Э.Б- нар 2015 оны 3 дугаар сард биеэр ирж болон 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн №015/54 тоот албан бичгээр тус тус ирүүлснийг үндэслэн 2018.04.06-нд эвлэрлийн гэрээ байгуулж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.04.06-ны өдрийн 376 дугаар захирамжаар гэрээг батлуулсан байна. Гэтэл Ч.Сүрэнцэцэг Э.Батамгалан нар 2015.04.05-ны өдөр үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэжээ. Хэрвээ үнэхээр энэ гэрээг энэ өдөр байгуулсан юм бол 2015.04.05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр орж баталгаажуулж байхдаа энэ тухай огт дурьдаагүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлаас үзвэл үйлчилгээний талбайн өмчлөх эрх Ж.Т-ын нэр дээр бүртэгдсэнээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй. Харин ЭЭЖЮ ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардах үндэслэл болох ба үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулах эрх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмаар хэрэгжих учиртай гэжээ. Гэтэл уг гэрээний 2.4-т зааснаар ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь гэрээний 2.3-т заасан буюу газар худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 895.300.000 төгрөгийг тохиролцсон хугацаанд бүрэн төлөх баталгаа болгож уг газар дээр баригдсан барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 860м.кв талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Т-ын өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлж өгөх үүрэг хэлээнэ гэж мөн гэрээний 3.2, 3.3, 4.3, 4.4, 4.5-д заасан тохиролцооноос тус тус үзэхэд өмчлөх эрхээ шилжүүлэх байдлаар үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцсон, энэ хүрээнд ч нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 015/23 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж 871 м.кв үйлчилгээний талбайг Ж.Т-ын нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг гаргаж бүртгүүлсэн байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүх түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчимыг баримталж Э.Б-гийн нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн хувьд буруу болжээ. Хэдийгээр Э.Б- гуравдагч этгээд Ж.Т-ын өмчлөлд бүртгэлтэй 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайд өөрийн ээж болох ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэгтэй 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, улмаар 430 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийсэн гэх, мөн энэ талаарх санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдсан ч эдгээр нөхцөл байдал нь түүний гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Учир нь шүүгчийн захирамжаар баталгаажсан эвлэрлийн гэрээнд “...тэргүүн зэргийн өмчлөгч, барьцаалагч нь Ж.Т- болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ зөрчсөн нөхцөл байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг дангаар хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд өөрийн хүүтэйгээ байгуулсан хөрөнгө оруулалтын дээрх гэрээ, оруулсан хөрөнгө оруулалтын улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн обектын 430м.кв талбайг Э.Б-гийн төлбөрт өгөх бус харин ч учирсан хохирлыг Ч.Сүрэнцэцэг өөрөө биечлэн хариуцахаар байна. Цаг хугацааны хувьд маргаан бүхий гэрээ улсын бүртгэл хийгдэхээс өмнө нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан байж болох ч энэ нь түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчимд үл хамаарах тухай эвлэрлийн гэрээ түүнийг баталсан шүүхийн захирамжинд тодорхой заасан байна. Ч.Сүрэнцэцэг нь гуравдагч этгээдийн өмнө хариуцлагаа 100% хүлээх тухай заасан шат шатны шүүхийн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байтал шүүх үүнийг үл анзаарч Э.Б-г өмчлөгчөөр тогтоосон хирнээ одоо Ч.Сүрэнцэцэг Э.Б- нарын эзэмшиж ашиглаад байгаа Ж.Т-ын өмчийг чөлөөлж өгөхийг Ч.Сүрэнцэцэг, Э.Б- нарт даалгаагүй нь Иргэний хуулийн 65.1.6, 106.5, 117.1-д заасныг зөрчсөн, гуравдагч этгээд Ж.Т-ын хохирлыг улам бүр нэмэгдүүлсээр байх шийдвэр болжээ. Эдгээрээс харахад ЭЭЖЮ ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь хуулийн хүчин төгөлдөр гэрээний үүргээ биелүүлэхээс 2015 оны 8 дугаар сараас эхлэн зайлсхийлж элдэв арга саам хайж үүндээ шүүхийг татан оролцуулсаар өнөөг хүрч байгаа нь тодорхой нотлогдож байна. Ийнхүү бүхий л шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй, уг шийдвэрүүд нь хэрэгт байсаар байхад, мөн нотлох баримттай гэрчтэй хэргийг хууль буруу хэрэглэж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээс илтэд зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Б-, ЭЭЖЮ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны 1 дүгээр давхарын В, Г хэсэгт байрлах 430 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл, Ж.Т- нь ЭЭЖЮ ХХК, Э.Б- нарт холбогдуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайг чөлөөлүүлэх бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч ЭЭЖЮ ХХК нь Э.Б-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, Ж.Т-ын бие даасан шаардлагыг нэхэмжлэгч болон хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Э.Б-гийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, Ж.Т-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Э.Б- нэхэмжлэлийн үндэслэл болгож, 2014.05.05-ны өдрийн ЭЭЖЮ ХХК-тай байгуулсан “үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын” гэрээ, төлбөр төлсөн баримтыг гаргажээ.

Дээрх гэрээгээр ЭЭЖЮ ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны 1 дүгээр давхарын В, Г хэсэгт байрлах 430 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хэсгийг барьж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг, Э.Б- ажлын хөлсөнд 400.000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Зохигч гэрээ байгуулагдсан, хөлс төлсөн явдалд маргаагүй байна. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэйг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Б- Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг ЭЭЖЮ ХХК-с шаардсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй дараах хууль зүйн нөхцөл тогтоогджээ.

216 айлын орон сууцны барилгыг барих зорилгоор ЭЭЖЮ ХХК нь гуравдагч этгээд Ж.Т-аас 3 айлын газар худалдан авсныг зохигч мараагүй байна. Газрын өмчлөх эрхийг шилжүүлэх, төлбөрийн үлдэх хэсэг 900.000.000 төгрөгийг төлөөгүйтэй холбоотой  талуудын хооронд үүссэн  маргааныг шүүх шийдвэрлэх явцад ЭЭЖЮ ХХК нь төлбөрийн 50 хувь буюу 447.650.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01, үлдэгдэл 50 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлөх үүргийг хүлээж, төлбөр төлөх баталгаа болгож маргааны зүйл болсон 430 м.кв талбайг оролцуулан нийт 860 м.кв талбайг Ж.Т-ын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, төлбөрөө бүрэн төлбөл өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, төлөөгүй бол өмчлөлдөө үлдээхээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 2376 дугаар захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар баталгаажуулсан талуудын дээрх тохиролцоог үгүйсгэх  үндэслэл тогтоогдоогүй байна.

ЭЭЖЮ ХХК нь шүүгчийн захирамжид заасан төлбөрийг төлөөгүйгээс захирамжийн дагуу Ж.Т- 860 м.кв талбайн өмчлөгч болох эрх үүссэн нь тогтоогдсон байна.

Талуудын дээрх тохиролцоог хүчин төгөлдөр барьцааны эрх гэж  дүгнэх боломжгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн агуулгыг хоёр шатны шүүх өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэлийг хангах үндэслэлдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8-т заасныг хэрэглэсэн нь алдаатай болжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалуулагч нь гуравдагч этгээдийн эрх байгаа болохыг барьцаалагчид мэдэгдэх гэсэн нь нэгдүгээрт, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үед хэрэглэх, хоёрдугаарт, барьцаалуулагчийн үүрэгтэй холбоотойгоос бус барьцаалагчид хамааралтай байх боломжгүй.

Нөгөө талаар хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч ЭЭЖЮ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Сүрэнцэцэгийн хүү болохыг зохигч маргаагүй байна.

ЭЭЖЮ ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал нь газрын үнэ төлөхөөр гуравдагч этгээд Ж.Т-тай эвлэрч гэрээ байгуулж байх үедээ уг хөрөнгөөс 430 м.кв  талбай Э.Б- захиалсан болохыг болон тухайн ажил гүйцэтгэх гэрээ, түүнчлэн, эвлэрлийн гэрээнээс гарах үр дагаварыг мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Харин гуравдагч этгээд өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгө нь шинээр баригдсан, улсын бүртгэлээр баталгаажаагүй тохиолдолд Ж.Т-ын хувьд маргааны зүйл болсон хөрөнгөд өөр бусад этгээдийн эрх байгааг  мэдэх боломжгүй  юм. Иймээс гэрээний үндсэн дээр шүүхийн шийдвэрээр баталгаажиж өмчлөх эрх үүссэн нөхцлийг  хөндөх учиргүй.

Дурдсан үндэслэлээр ЭЭЖЮ ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны 1 дүгээр давхарын В, Г хэсэгт байрлах 430 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох Э.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. ЭЭЖЮ ХХК болон Ж.Т- нарын  эвлэрлийг баталсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 2376 дугаар захирамж хүчин төгөлдөр, уг захирамжийн  дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон нь тогтоогдоогүй тул  ЭЭЖЮ ХХК болон Э.Б-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс 871 м.кв талбайг чөлөөлүүлэх Ж.Т-ын бие даасан шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1505 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01218 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ЭЭЖЮ ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны 1 дүгээр давхарын В, Г хэсэгт байрлах 430 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох Э.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ЭЭЖЮ ХХК, Э.Б- нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайг чөлөөлүүлэх Ж.Т-ын бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Б-гийн улсын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.087.750 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ