Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01798

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

Ч.М-ын нэхэмжлэлтэй

БМ ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Номтод байрлах улсын бүртгэлийн Ү-1301000653, гэрчилгээний 000125073 дугаартай, газрын үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн Номтын ам гэх амралтын газруудын тулгуур бүсийн байрлалт байдаг ба газрыг ямар үндэслэлээр 9.855.000 төгрөгөөр хувийн сууцыг 6.252.232 төгрөгөөр тус тус үндсэлсэн нь тодорхойгүй байна. Иймд БМ ХХК-ийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БМ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Уг үнэлгээний үндэслэл нь Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар модон барилгын метр квадратыг 409.360 төгрөгөөр тооцохоор заасан. Засгийн газрын Байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөллийн итгэлцүүр 336-р тушаалаар байгалийн хүчин зүйлийн нөлөөллийг 1.05% тээврийн нөлөөлөл 1.05%, байршлын хүчин зүйлийг 1.15%, байгалийн хүчин зүйлийг 1.75%, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ханан пийшингээр халдаг учир 0.75, барилгын зөвшөөрлийн итгэлцүүрийг 0.75%, хийцийг 1.1% тооцоод 1 метр квадратын нэгжийн үнэ 321.140 төгрөг болсон. Нэмүү орлогын өртөг нь 10.000.000 төгрөг. 2002 онд ашиглалтад орсон учир 40 жил гэж үзээд цаашид энэ барилгыг 25 жил ашиглагдах боломжтой. 15 жилийн элэгдлийн хэмжээ нь 3.747.768 төгрөг. 10.000.000 төгрөгөөс хасаад үндсэн үнэлгээ 6.252.232 төгрөг болно. Газрын үнэлгээ 9.855.000 төгрөг дээр байшингийн үнэлгээ 6.252.232 төгрөгийг нэмээд нийт 16.107.232 төгрөг. Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журамд нийцсэн үнэн зөв үнэлгээ болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 178 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар БМ ХХК-ний Сэлэнгэ салбарын захирал Ч.Дэмбэрэлсайханд холбогдуулан үл хөдлөн хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч гаргасан Ч.М-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 147 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээ нь маш тодорхой бус хийгдсэн, зах зээлийн ханшийг судлаагүйгээр шууд дүгнэлт гаргасан. Маргаан бүхий үнэлгээнд үнэлгээ хийх эрхгүй этгээд буюу БМ ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал Ч.Дэмбэрэлсайхан нь гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл БМ ХХК-ийн захирал С.Цэвээнролом нь өөрөө газар дээр нь ирж үнэлгээний обьекттой огт танилцаагүй байж үнэлгээний эрхгүй этгээдээс ирүүлсэн санал дээр үндэслэн ямар ч судалгаагүй дүгнэлт гаргасан сайна. Мөн үнэлгээний эрхгүй н.Байгалмаа гэдэг хүн гарын үсэг зурж үнэлгээ гаргасан. Тус үнэлгээний зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зөвхөн зориулж ашиглана гэсэн нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон үнэлгээний байгууллага хараат бусаар шийдвэр гаргана гэсэн зарчмаа зөрчсөн. Шүүх хуралдаанд эрхгүй этгээд хариуцагчаар оролцсон болох нь компаний гэрчилгээний хуулбараар харагдаж байна. Уг гэрчилгээгээр захирлаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр н.Чинбат гэдэг хүн томилогдсон байхад итгэмжлэлийг өөр этгээд өгсөн байна. Шүүхийн шийдвэр нь илт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтэнд гомдол гаргахдаа 7 хоног хэтрүүлсэн гэж үзсэн ба хэрвээ анхнаасаа энэ асуудлыг мэдэж байсан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж миний бие нь энэ талаарх баримт болон нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх нь үнэлгээний байгууллагыг хариуцагч биш гэж үзэж байгаа юм бол энэ хэргийн хариуцагч хэн болох эсэх дээр дүгнэлт өгөөгүй, хэрвээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргана гэж үзэх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг гаргаагүй зэрэг эргэлзээтэй байдлууд үүссэн байна. Мөн энэ хэрэг нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх үедээ бүрэлдэхүүнтэй шийдвэрлэгдэх хэрэг мөн эсэх, өөрөөр хэлбэл гомдлоор авч үзэх хэрэг мөн эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд энэ байдлуудыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.М- нь Баянмодот ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарт холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...үнэлгээ зах зээлийн үнээс бага байна” гэснийг хариуцагч “...хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журамд нийцүүлэн үнэлсэн” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэж үзсэн, давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг “...Баянмодот ХХК нь хэргийн хариуцагч биш” гэж өөрчилжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн агуулгыг зөв тодорхойлжээ.

Ч.М- түүнээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 72 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолын дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баянмодот ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан нь тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлэх ажиллагааг хэрхэн явуулахыг зааж, “...талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, ...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол уг дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.М- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахдаа Баянмодот ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг хариуцагчаар татсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдон дүгнэлт гаргасан шинжээч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлын хариуцагч байх эрх зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх шинжээчээр ажилласан Баянмодот ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай этгээд гэж үзсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо процессын хуулийн зохицуулалтыг баримталсан алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь хуульд нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар магадлалын 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянмодот ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ