Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 33

 

Ч.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00038/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин       

                         

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 178 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Ч.Мөнхжаргалын  нэхэмжлэлтэй “Баян модот” ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал Ч.Дэмбэрэлсайханд холбогдох “Үнэлгээнд гаргасан гомдол” бүхий иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч Ч.Мөнхжаргал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Номтод байрлах улсын бүртгэлийн Ү-1301000653, гэрчилгээний 000125073 дугаартай, газрын үнгэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн “Номтын ам” гэх амралтын газруудын тулгуур бүсийн байрлалт байдаг ба газрыг ямар үндэслэлээр 9.855.000 төгрөгөөр хувийн сууцыг 6.252.232 төгрөгөөр тус тус үндсэлсэн нь тодорхойгүй байна. Иймд 2017 оны 10 сарын 31-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Баян модот” ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал ажилтай, Монгол овогт Чүлтэмийн Дэмбэрэлсайхан, тус компаний ерөнхий захирал Санжаасүрэнгийн Цэвээнролом нар анхан шатны шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Уг үнэлгээний үндэслэл нь Барилга хот байгуулалтын яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203-р тушаалаар модон барилгын метр квадратыг 409.360 төгрөгөөр тооцохоор заасан. Үүнийг үндэслэж дээрх байшингийн үнэлгээг гаргасан. Засгийн газрын Байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөллийн итгэлцүүр 336-р тушаалаар байгалийн хүчин зүйлийн нөлөөллийг 1.05% тээврийн нөлөөлөл 1.05%, байршлын хүчин зүйлийг 1.15%, байгалийн хүчин зүйлийг 1.75%, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ханан пийшингээр халдаг учир 0.75, барилгын зөвшөөрлийн итгэлцүүрийг 0.75%, хийцийг 1.1% тооцоод 1 метр квадратын нэгжийн үнэ 321.140 төгрөг болсон. Нэмүү орлогын өртөг нь 10.000.000 төгрөг. 2002 онд ашиглалтад орсон учир 40 жил гэж үзээд цаашид энэ барилгыг 25 жил ашиглагдах боломжтой. 15 жилийн элэгдлийн хэмжээ нь 3.747.768 төгрөг. 10.000.000 төгрөгөөс хасаад үндсэн үнэлгээ 6.252.232 төгрөг болно. Газрын үнэлгээ 9.855.000 төгрөг дээр байшингийн үнэлгээ 6.252.232 төгрөгийг нэмээд нийт 16.107.232 төгрөг. Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журамд нийцсэн үнэн зөв үнэлгээ болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  хянан хэлэлцээд 178 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар “Баян модот” ХХК-ний Сэлэнгэ салбарын захирал Ч.Дэмбэрэлсайханд холбогдуулан үл хөдлөн хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч гаргасан Ч.Мөнхжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 147 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна.

1рт: 2017.09.29-ний өдрийн үнэлгээ нь маш тодорхой бус хийгдсэн, зах зээлийн ханшийг судлаагүйгээр шууд дүгнэлт гаргасан,

2рт: Маргаан бүхий үнэлгээнд үнэлгээ хийх эрхгүй этгээд буюу “Баян модот” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирал Ч.Дэмбэрэлсайхан нь гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл “Баян модот” ХХК-ий захирал С.Цэвээнролом нь өөрөө газар дээр нь ирж үнэлгээний обьекттой огт танилцаагүй байж үнэлгээний эрхгүй этгээдээс ирүүлсэн санал дээр үндэслэн ямар ч судалгаагүй дүгнэлт гаргасан байна. Мөн үнэлгээний эрхгүй Байгалмаа гэдэг хүн гарын үсэг зурж үнэлгээ гаргасан,

Зрт: Тус үнэлгээний зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зөвхөн зориулж ашиглана гэсэн нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон үнэлгээний байгууллага хараат бусаар шийдвэр гаргана гэдэн зарчмаа зөрчсөн.

4рт: Шүүх хуралдаанд хариуцагч болох эрхгүй этгээд оролцсон болох нь компаний гэрчилгээний хуулбараар харагдаж байна. Уг гэрчилгээгээр захирлаар 2017.11.01-нд Чинбат гэдэг хүн томилогдсон байхад итгэмжлэлийг өөр этгээд өгсөн байна.

5рт: Шүүхийн шийдвэр нь илт нэг талыг барьж шийдвэрийг гаргаж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтэнд гомдол гаргахдаа 7 хоног хэтрүүлсэн гэж үзсэн ба хэрвээ анхнаасаа энэ асуудлыг мэдэж байсан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж миний бие нь энэ талаархи баримт болон нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх боломжтой байсан. Иймд энэ байдлуудыг харгалзан узэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ын өдрийн 178 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхжаргал нь хөрөнгө үнэлгээний “Баян модот” ХХК-д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  Хөрөнгө үнэлгээний “Баян модот” ХХК нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 72 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 31-ны өдрийн “Шинжээч томилох” тухай тогтоолын дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Номтод байрлах улсын бүртгэлийн Ү-1301000653, гэрчилгээний 000125073 дугаартай хувийн орон сууц болон газрын зах зээлийн үнэ цэнийг тогтоолгох ажиллагаа хийлгүүлэхээр даалгасан байна.

 

Хариуцагч “Баян модот” ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу  нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон бөгөөд тэрхүү  шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт гаргасан “Баян модот” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч  Ч.Мөнхжаргал нь хариуцагчийг  үнэлгээ тогтоосон “Баян модот” ХХК-ний Сэлэнгэ  салбар  гэж тодорхойлсон боловч түүний гаргасан гомдлын агуулга тайлбараас үзвэл  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол  гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар  үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болохоор заасан. Дээрхи хуулийн зохицуулалт болон нэхэмжлэгчийн гомдлын агуулга тайлбар зэргээс  үзвэл тус хэргийн хариуцагч нь “Баян модот” ХХК-ний Сэлэнгэ  салбар  биш  байна гэж үзлээ.

Учир нь  хариуцагч “Баян модот” ХХК нь  нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалтай байгуулсан гэрээний дагуу бус харин Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор  буюу Хөрөнгийн үнэлгээний  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр  дүгнэлт гаргасан тул шууд хариуцагч болох үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч гомдлын талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул зөвтгөн дүгнэлт өгч шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

        

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН