Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 466

 

         Э.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Л.Г,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Тд холбогдох 1706000000204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Э.Т, 2000 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барилга бүтээн байгуулалт” МҮСТ-ийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УИ00210313/;

1. Э.Т нь У.Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж” ХХК-ийн урд 11 настай иргэн Г.Хын “Samsung S3” загварын гар утас дээрэмдэж 190.000 төгрөгийн хохирол,

2. У.Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 6 дугаар байрны 3 дугаар орцонд иргэн У.Бийн “Samsung S3” загварын гар утас дээрэмдэж 290.000 төгрөгийн хохирол,

3. У.Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны орцонд иргэн Э.Аын “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэж, 350.000 төгрөгийн хохирол,

4. Н.Атай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Асайт” худалдааны төвд байх хүнсний дэлгүүрээс иргэн У.Бгийн “Iphone 6 gold” загварын гар утсыг хулгайлж, 999.000 төгрөгийн хохирол,

5. Н.Атай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар байрны “Арвижих халиун” эмийн сангаас иргэн Ш.Тийн “Samsung S4” загварын гар утас хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол,

6. А.Е, Х.Г нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Sky” их дэлгүүрийн урд иргэн М.Эт хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Iphone 5” загварын гар утас, цамц, бэлэн 15.000 төгрөг дээрэмдэж, 675.000 төгрөгийн хохирол,

7. А.Е, Х.Г нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Чингис зочид буудлын хажууд иргэн О.Чэд хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж “LG”, “Samsung” загварын 2 ширхэг гар утас, пүүз зэргийг дээрэмдэж, 460.000 төгрөгийн хохирол,

8. А.Е, Х.Г нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мгийн унадаг дугуйг хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж 850.000 төгрөгийн хохирол,

9. А.Етэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 49 дүгээр байрны орцонд иргэн Э.Хын цээжин тус газар нь 2 удаа цохиж, “ална шүү” гэж айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 280.000 төгрөгийн гар утас, биетээр 20.000 төгрөг дээрэмдэж нийт 300.000 төгрөгийн хохирол,

10. А.Етэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Коларидо” төвийн орчимд иргэн Б.Э, Ж.Э нарт хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Б.Эийн эзэмшлийн гитар, бэлэн 104.500 төгрөг, пицца зэрэг эд зүйл дээрэмдэн авч 204.500 төгрөгийн хохирол,

11. Н.Атай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завъяа” дэлгүүрийн хойд талын эмийн сангаас иргэн Б.Бын “Iphone 6 gold” утсыг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол,

12. Н.Атай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Авто экспо” төвийн 28 дугаар павилон дотроос иргэн Ч.Чгийн “Samsung E5” загварын гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол,

13. Н.Атай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын “Жимсний бөөний төв” дотор иргэн Д.Огийн “Samsung S7 edge” загварын гар утсыг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол,

14. А.Е, Х.Г нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын орчим Н.Нын “Jordan” брендийн пүүз буюу эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж 445.000 төгрөгийн хохирол,

15. Н.Атай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Home plaza” дэлгүүрийн лангуунаас “Fila” загварын пүүз хулгайлж, иргэн М.Ут 370.000 төгрөгийн хохирол,

16. Н.Атай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Тана угаалгын газарт иргэн М.Уын “Samsung G prime 2” гар утсыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирогч Б.Э, Ж.Э нарын эд зүйлийг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Э.Тг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, давтан, бүлэглэж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус Э.Тг шийтгэж,

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

          2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Тд оногдуулсан 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Тгийн цагдан хоригдсон 286 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Тгаас 499.500 төгрөг гаргуулж хохирогч У.Бд, 125.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Тд, 225.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эд, 153.334 төгрөг гаргуулж хохирогч О.Ч, О.Ч , Г.Б нарт, 283.334 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мд, 500.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бт, 250.000 төгрөг гаргуулж Ч.Чд, 450.000 төгрөг гаргуулж Д.Од, 148.334 төгрөг гаргуулж хохирогч Н.Над, 185.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ут тус тус олгохоор,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах,

          Э.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний эрх зүйн байдлыг дээрдүүлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. 

          1. Анхан шатны шүүхээс хувь тэнцүүлэн оногдуулсан хохирлын хэмжээг бодож үзвэл надад 2.819.502 төгрөг ноогдсон байна. Нийт хохирлын хэмжээ 7.414.000 төгрөг байх ба үүнийг холбогдогч тус бүрт буюу 4 хуваахад 1.853.000 төгрөг ноогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоолгомоор байгаа ба дараа нь хохирлоо нөхөн төлөх боломжтой байна.

          2. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн ял шийтгэл оногдуулсан атлаа ялыг нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Надад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтаан хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн журмаар эдлэх ялыг тогтоох боломжтой байсан гэж үздэг.

          3. Би дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ 15-17 настай байсан. Одоо 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж байгаа учир миний гэмт хэрэг үйлдсэн үеийн насыг харгалзан үзэж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтуудыг хэрэглэж хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.Тгийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэрэгт ямар нэгэн байдлаар дутуу шалгагдсан зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй гэж дүгнэж, харин шүүгдэгч Э.Тд оногдуулсан ял шийтгэлийн талаар   дараах хүсэлтийг гаргаж байна.

          Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Тд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн  нийт 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Э.Т дээрх гэмт хэргүүдийг үйлдэх тухайн үед насанд хүрээгүй, өөрийн гэмт үйлдлүүдийг бүрэн ухамсарлан ойлгохгүй, цаашид гарах үр дагаврыг гүйцэд ухамсарлаагүйгээс бусадтай дарвин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.  Миний бие гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн гэм бурууг өмгөөлж хамгаалж байгаа юм биш. Харин шүүгдэгч бага балчир насандаа гэмт хэрэг үйлдэж, ухамсарлах чадваргүй, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн байгаад нь их харамсаж байна. Шүүгдэгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн үйлдлээ өөрийнх нь ухамсаргүйгээс болсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэсэн. Ар гэр болон эцэгтэй нь уулзахад “би хүүхдийнхээ үйлдсэн гэмт хэргийн хохирлын асуудлыг төлөх гэж “Эрдэнэс таван толгой” ХХК явж ажиллах гэж байна, хохирлыг нь төлж барагдуулна” гэж хэлсэн зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Тд оногдуулсан 7 жил 1 хоногийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

          Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.Тд холбогдох гэмт хэрэг нь нийт 36 холбогдогчтой ба тусгаарлаж байгаад одоо 8 нь үлдсэн. Шүүгдэгч Э.Ттай хамт үйлдсэн гэх Бат-Эрдэнэ, Анхлхагва, Есөн-Эрдэнэ, Гансүх нарын хэрэг 3 долоо хоногийн өмнө анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Хохирлын хэмжээг үйлдсэн үйлдлээр нь хамтран оролцсон этгээдүүдэд тэнцүү хувааж тогтоосон. Шүүгдэгч Э.Т насанд хүрээгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч шүүх хурал болох үед насанд хүрсэн байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйл заалтуудыг хэрэглэх боломжгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлаж ял шийтгэл оногдуулсан учраас одоо багтааж 5 жил 1 хоногийн ял оногдуулах нь боломжтой гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Т нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд бүлэглэн, 8 удаагийн үйлдлээр бусдыг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 3.560.000 төгрөгийн хохирол, мөн бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж, нийт 4.319.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.Хын “... Би 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Өгөөжийн урд талын явган хүний замаар алхаж байтал нэг ах ирээд, миний хүзүүгээр тэвэрч аваад, миний хүзүүнд ногоон өнгийн шилний хагарсан хэсгийг тулгаад “утсаа өг, өгөхгүй бол ална шүү, дуугарах юм бол ална шүү” гэсэн. Би гар утсаа халааснаасаа гаргатал цаанаас нөгөө ах нь хүрч ирээд миний утсыг аваад тэр хоёр цаашаа гүйгээд явчихсан...” /1хх-114/,

Насанд хүрээгүй хохирогч У.Бийн “... 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан -Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 6-3 дугаар орц руу гэртээ орох гээд ортол дагаж орж ирсэн хүн миний араас бариад дарж газар унагаасан. Би сандраад хартал үл таних 2 хүүхэд байсан ба нэг нь хагарсан шил барьсан “утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэж айлгаад, миний амыг дарж, хоёулаа нийлж миний халаасыг ухаж байгаад “Samsung S3” загварын гар утсыг дээрэмдэн аваад гарч зугтаасан...” /3хх-154-155/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Аын “... 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед гэртээ орох гээд орц руугаа ортол миний араас үл таних 2 залуу орж ирээд архины хагархай шилээ миний гэдэс рүү чиглүүлээд “утсаа өг” гэж хэлсэн. Би айсандаа “Iphone 4” загварын гар утсаа өгсөн...” /3хх-179/,

Хохирогч У.Бгийн “... 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12-13 цагийн хооронд “Асайт хайрхан” дэлгүүрт зогсож байтал үл таних 2 хүүхэд орж ирээд талх, хиам, тамхи, бохь, 2 шил пиво авах гээд  мөнгө нь хүрэхгүй байна гээд гарч яваад буцаж орж ирээд жижиг банди нь пивоны үнэ асуухаар нь хэлж өгчихөөд эргээд хартал өндөр банди нь манай лангуу руу гараа оруулж байх шиг харагдсан. Би хөөе гээд орилтол гаранд нь миний гар утас байсан ба тэр банди гараад зугтаасан. Би араас нь гарч гүйсэн боловч гүйцээгүй. Дэлгүүртээ орж ирээд үзэхэд миний “Iphone gold” загварын, 999.000 төгрөгийн лизингээр авч байсан утсыг авсан байсан...” /3хх-243-244/,

Хохирогч Ш.Тийн “... 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар хотхонд байрлах “Аравжих халиун” эмийн санд ажлаа хийгээд зогсож байтал гаднаас 16 орчим насны 2 эрэгтэй хүүхэд орж ирээд эм авна гэж эмийн санд гүйлдээд, намайг саатуулж байгаад нэг юм шүүрээд аваад гарсан. Тухайн үед эм аваад гарчихлаа гэж бодоод камерын бичлэг үзэхэд принтер дээр байсан миний гар утсыг шүүрч аваад гарсан байсан...” /2хх-42-43/,

Насанд хүрээгүй хохирогч М.Эийн “... 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 40 минутын үед би “Скай” их дэлгүүрийн хажуугийн замаар явж байтал нэг хүн урдаас ирээд зөрөхдөө хүзүүдэж аваад хутгаар сүрдүүлэн “Скай” их дэлгүүрийн баруун урд талд хүнгүй газар аваачсан. Тэнд очиход өөр хоёр хүн ирчихсэн байсан. Надад хутга тулгасан залуу “юу байгаа вэ” гэж асуухаар нь “цүнхэнд бассейны хувцас байгаа” гэхэд миний халаасыг нэгжээд дараа нь цүнх ухаад, халаасанд байсан “Iphone S5” загварын гар утас, бэлэн 15.000 төгрөг, мөн миний өмсөж байсан саарал өнгийн цагаан хээтэй, малгайтай, биеийн тамирын цамцыг аваад явсан. Явахдаа “цаад буландаа сууж бай, ирэхэд байхгүй байх юм бол зодно шүү” гэж хэлсэн ...” /1хх-211/,

Хохирогч О.Чийн “... 2018 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би дүү Чинхүслэн, хамаатны дүү Бат-Эрдэнэ нартай кино үзчихээд харих гээд алхаад явж байтал 3 залуутай таарсан ба нэг нь бөөлжөөд сууж байсан. Гэтэл бөөлжөөд сууж байсан залуу араас гүйж ирээд Бат-Эрдэнийг бариад авсан. Бид нарыг Скай их дэлгүүрийн урд талд байх харанхуй, ямар нэг камергүй, хүн явдаггүй, овоолсон шороотой хэсэгт дагуулж очоод эхлээд Бат-Эрдэнийг авч яваад уулзсан. Дараа нь намайг дагуулж яваад “халаасандаа байгаа зүйлээ гаргаад ир, бүгдийг нь гаргаарай, дараа нь нэгжихэд юм гарах юм бол ална шүү” гээд хутга гаргаж ирсэн. Тэгээд миний LG G-2 загварын утсыг авсан.  манай дүү Чинхүслэнг  зугтах гээд байна уу гээд 1, 2 цохиод гутлыг нь тайлж аваад явсан ...” /3хх-43-44/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Мгийн “... 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр найз Булгантамиртай Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байтал 3 хүүхэд дуудаад яваад очтол “дугуйг чинь ганц уначихъя, болно биз дээ” гэхээр нь юу ч хэлж чадалгүй дугуйгаа өгсөн. ... тэгээд хутга гаргаж ирээд араас дагах юм бол хохино шүү” гээд миний дугуйг аваад зугтаасан...” /3хх-73/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Хын “... 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Модны 2-ын 49 дүгээр байрны гадна сандал дээр сууж байтал үл таних 2 залуу ирээд бор иштэй хутга гаргаж ирээд, “энийг чамд дүрчихнэ шүү” гэхээр нь би босоод явах гэтэл миний 2 талаас хүзүүгээр тэвэрч аваад орц руу дагуулж оруулаад 5 давхарт гаргаад “чамд мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь тэр залуу нэгжээд гарвал ална шүү гээд цээж рүү 2 удаа цохиод, халаас нэгжээд  20.000 төгрөг,  “LG flex” загварын гар утас зэргийг аваад зугтаачихсан ...” /3хх-101-102/,

Хохирогч Б.Бын “... 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Мөнгөн завъяагийн урд талын эмийн сан дотор даралтаа үзүүлээд сууж байтал 2 улаан цамцтай эрэгтэй хүүхэд орж ирээд эмийн санчаас “мультвитамин байна уу” гэж асуугаад хурдан гараад явчихсан. Би даралтаа үзүүлчихээд гар утсаа хайсан чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг шүүгээд үзсэн чинь орж ирсэн 2 хүүхдийн нэг нь миний цаад талаар ороод гар утас аваад гарч байгаа харагдсан...” /2хх-105-106/,

Хохирогч Ч.Чгийн “... 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Өгөөмөр захын лангуун дээрээ байж байтал 20 орчим насны 2 залуу орж ирээд машины үнэртүүлэгч задалж үзээд байсан. Би гар утсаа арын лангуун дээр тавиад тухайн залууст бараагаа үзүүлж байтал нөгөө хоёр залуу гэнэт гүйгээд гарахаар нь гар утас руугаа хартал байхгүй байсан. Араас нь хайгаад олоогүй...” /2хх-196-197/,

Хохирогч Д.Огийн “... 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 15 цагийн үед Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах жимсний бөөний цэг дээр сууж байтал 20 орчим насны 2 залуу орж ирээд жимсний үнэ асуугаад байсан. Би агуулах руугаа ороод гараад иртэл нөгөө хоёр залуу байхгүй байсан. Би павилоноос гарахдаа утсаараа интернет орж байсан ба орж ирэнгүүтээ утсаа хартал байхгүй болохоор нь камерын бичлэг шүүхэд нөгөө 2 залуугийн хар хувцастай нь миний утсыг бариад унтрааж байгаа бололтой гүйж байсан ...” / 2хх-224-225/,

Хохирогч Н.Нын “... 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед 25 дугаар эмийн сан орох гээд УБ паласийн урдуур явж байтал нэг банди ... надтай хамт явах уу” гээд эвхсэн жижиг хутга гаргаж ирээд “чи хашгираад хэрэггүй, зүгээр дагаад яв” гэсэн. Би түүнийг дагаад УБ паласийн хажуугийн блокон хашаа руу дагуулж орсон чинь тэнд хоёр банди байсан. Тэгээд миний үүрч явсан цүнхийг аваад, халаас ухаж үзэж байгаад цүнхнээс пүүз, модем аваад “чи наанаа сууж бай, эргээд ирнэ” гэж хэлээд явсан...” /2хх-240/,

Хохирогч М.Уийн “... 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр дэлгүүртээ ажлаа хийгээд байж байтал 2 туранхай, өндөр залуу орж ирээд “хөдөөнөөс орж ирлээ” гээд пүүз сонирхож үзье гээд “File” загварын, хөх өнгийн, 40 размерын пүүзийг өмсөж үзээд, “бага байна, арай том байна уу” гэхээр нь би агуулах ороод гараад иртэл нөгөө хоёр банди алга болчихсон, хөх өнгийн пүүзийг хулгайлаад явчихсан байсан...” /3хх-26-27/,

Хохирогч М.Уын “... 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Вива сити хороололд “Тана” хими цэвэрлэгээ ажиллуулаад, утсаар яриад зогсож байтал 20 орчим насны, 2 залуу орж ирээд “хувцас хими цэвэрлэгээнд өгөх гэсэн юм, хэд болох вэ” гэж асуухаар нь утсаар ярихаа зогсоож, “Samsung J2 prime” загварын утсаа лангууны доор хийчихээд арын өрөөнөөс тооны машин аваад ирэх хооронд гараад явчихсан байсан. Ямар хурдан гардаг билээ гээд лангууны ард тавьсан утсаа авах гэтэл алга болсон байсан...” /4хх-67-68/,

Гэрч Б.С-ын “... пүүзний дэлгүүрийн худалдагч Ууганцэцэг над руу яриад “2 хүүхэд орж ирээд, 370.000 төгрөгийн үнэтэй пүүз хулгайлаад явчихсан гэхээр нь камерын бичлэгийг шүүж үзэхэд 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14 цаг 50 минутад 2 хүүхэд пүүз сонирхож байгаад худалдагчийг агуулах руу орсон хойгуур цүнхэндээ хийгээд авч гарч байгаа бичлэг байсан ...” /4хх-29-30/ гэх мэдүүлгүүд болон Э.Тгийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-110, 2хх-101, 3хх-184, /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-111, 206/, эд зүйлийн үнэлгээ,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-195/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд /1хх-207, 2хх-38-40, 3хх-40-41, 3хх-69-70, 3хх-122, 239/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-103, 4хх-22/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-31-32/, зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Э.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Дээр дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба анхан шатны шүүхийн     дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөн Э.Тд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн үйлдлээс А.Етэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Коларидо” төвийн орчимд иргэн Б.Э, Ж.Э нарт хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Б.Эийн эзэмшлийн гитар, бэлэн 104.500 төгрөг, пицца зэрэг эд зүйл дээрэмдэн авч 204.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Э.Тг оролцоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

          Прокуророос Э.Тгийн үйлдсэн гэмт хэрэг нь өмнөх хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв ба оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

          Харин шүүх хууль буцаан хэрэглээгүй атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг журамлаж хэргийг шийдвэрлэх байсан тул зөвтгөх нь зүйтэй.

          Түүнчлэн Э.Тг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

          бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, давтан, бүлэглэж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.  

          2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “давтан, бүлэглэж” гэсэн гэмт хэргийн шинжийг хуульчлаагүй ба түүнийг дээрх гэмт хэргүүдийг давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгчдэгч Э.Т нь “... хохирлын хэмжээг холбогдогч тус бүрт буюу 4 хувааж бодитоор тогтоолгох, анхан шатны шүүх ялыг нэмж нэгтгэхдээ эрх зүйн байдлыг дордуулсан тул хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг тогтоолгох, гэмт хэрэг үйлдэх үед 15-17 настай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтуудыг хэрэглэж хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

          Э.Т нь бусадтай бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн ба тухайн үйлдэл тус бүрт оролцсон үйлдэл тус бүрийн оролцоогоор гэмт хэрэг үйлдсэн этгээд бүрт хохирлыг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй,  хохирлын хэмжээг бодитоор тогтоосон байна.  Шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо харилцан адилгүй тул хохирлын хэмжээ тэнцүү, адил хэмжээгээр тогтоогдох боломжгүй юм.

            Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед насанд хүрсэн байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэх үед насанд хүрсэн хүнд Эрүүгийн хуулийн насанд хүрээгүй хүнд ял оногдуулах журмыг баримтлах үндэслэлгүй болно.  

          Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

           Харин шүүгдэгч Э.Тг үйлдсэн гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа, тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 1 хоног болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Тд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн атлаа шийтгэх тогтоолыг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн буюу хуульд заасан хуулийн хугацааг хэтрүүлж гардуулсан байна.

           Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэрэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заасныг зөрчсөн байгааг анхаарвал зохино.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

          - 2 дахь заалтад “Э.Тг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, давтан, бүлэглэж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,  

          “Э.Тг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн,   бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

          - 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар Э.Тг шийтгэсүгэй.” гэснийг,

          “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

          - 4 дэх заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг,

          “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

          - 5 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Тд оногдуулсан 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг,

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Тд оногдуулсан 6 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

          - 6 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Тгийн цагдан хоригдсон 286 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг,

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тгийн цагдан хоригдсон 286 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН