| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2018/0099/Э |
| Дугаар | 467 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 467
П.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Н.Гэрэлмаа,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр П.Эд холбогдох 1706000000327 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт П.Э, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Ганц худагийн автобусны буудлын цайны газарт угаагч ажилтай байсан гэх, ам бүл 1, ...................... тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД: ..................../;
П.Э нь Т.Н-тэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э-ны эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний түрийвчинд байсан 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: П.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Эг бүлэглэн, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Эгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Эгийн цагдан хоригдсон 236 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Э болон түүний ар гэрээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн Тамгын газрын Төрийн банкны 0000100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 төгрөгийг хохирогч Ж.Э-д олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримт болох 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, П.Эд 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, П.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Гэрэлмаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчимтай, гэм буруугийн үйлдлийг давхар зүйлчлэн ял шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй тул П.Эгийн бусдыг зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар П.Э, Т.Н нар нь хохирогч Ж.Э-ы эд зүйлийг авахаар бүлэглэн зодсон, энэ нь тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн, хохирогчийг эсэргүүцэх чадваргүй болж газар унасны дараа түрийвчийг нь халааснаас нь авсан үйл баримт буюу “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх П.Эгийн үйлдсэн “бусдын биед хөнгөн хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр П.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч П.Э нь Т.Н-тэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э-ны эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний түрийвчинд байсан 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан, шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтууд болох хохирогч Ж.Э /хх-28-30/, гэрч Т.Ц /хх-36-37/, Б.Т /хх-39-40/, Н.А /хх-41-42/, Д.М /хх-43-44/, Б.М /хх-47-48/ нарын мэдүүлэг болон шинжээч эмч Ц.О /хх-59-60/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 18253 тоот дүгнэлт /хх-59-60/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
П.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
П.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь болон түүнийг бүлэглэн, хүч хэрэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
П.Э нь хорих газраас суллагдаж гарч ирээд 15 хоногийн дараа бусдад хүч хэрэглэн, бүлэглэн, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс тухайн зүйл ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохироогүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна гэж үзлээ.
Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлэн өөрчилж П.Э-г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Прокуророос П.Эг бусдын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа хохирогч Энхтайваны биед хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрхи гэмт хэрэг 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэг үйлдэгдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Эгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
“ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Эгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй”гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Д.ОЮУНЧУЛУУН