Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01860

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1660 дугаар магадлалтай,

Г.Э-ын нэхэмжлэлтэй

Б.Л-д холбогдох,

10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Л-, түүний өмгөөлөгч А.З- нар хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны 8 дугаар сард Ц.Б- нь хариуцагчаас Лексус-350 маркийн автомашин худалдан авах гэж байгаа талаар түүнтэй хамт ажилладаг П.А- надад хэлж, 10.000.000 төгрөгийг машины төлбөрт шилжүүлж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу 10.000.000 төгрөгийг Б.Л-гийн дүү Т.Б-ын Хаан банкны 5003407904 тоот данс руу шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машиныг Ж.Дэлгэрмаа гэх хүн худалдан авсан нь тогтоогдсон бөгөөд хариуцагч 10.000.000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Ц.Б-д Лексус 350 автомашиныг зээлээр худалдсан. Нийт 68.000.000 төгрөгөөс урьдчилгаа 30.000.000 төгрөгийг авч, үлдэгдэл мөнгийг 3 хувааж авахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Г.Э-ыг би огт танихгүй. Ц.Б-тэй хамт ажилладаг П.А- нь манай ах болох Т.Б-той ярилцаад 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Төлбөр тооцоо дууссан тул 2017 оны эхээр автомашиныг Ц.Баянсэлэнгийн найзын нэр дээр шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 10.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1660 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Л-, түүний өмгөөлөгч А.З- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь алдаатай болжээ. Нэхэмжпэгч Г.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2008 оны 8 дугаар сард Ц.Б- нь Б.Л-гээс лексус 350 маркийн автомашиныг худалдан авах гэж байгаа гэдгийг Ц.Баянсэлэнгийн хамт ажилладаг П.А- надад хэлж түр 10.000.000 төгрөгийг машины төлбөрт шилжүүлж өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу 10.000.000 төгрөгийг Т.Б-ын ХААН банкны 5003407904 дугаар дансанд төлсөн. Ц.Б-эс мөнгөө авахаар шаардсан боловч өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Б.Л-д шилжүүлэн өгсөн 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч Б.Л-, Ц.Б- нар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байх ба талууд энэ талаар маргаагүй байхаас гадна нэхэмжлэгч Г.Э- Ц.Б-д өгсөн 10.000.000 төгрөгөө шүүхээр нэхэмжилж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр хэрэгт авагджээ. Үүргийн эрх зүйн харилцаа нь харьцангүй эрх болохын хувьд зөвхөн үүргийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсдэг. Б.Л- болон Ц.Б- нарын хооронд лексус РХ 350 маркийн автомашин шилжүүлж, түүний хариу төлбөрт 68.000.000 төгрөг хариу шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсээд, дуусгавар болжээ. Гэтэл 68.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн Г.Э- гэгч нь Ц.Баянсэлэнгийн худалдан авч байгаа машины мөнгийг шилжүүлж байна гээд мөнгө шилжүүлж машиныг Ц.Баянсэлэнгийн хамт явж хэлж өгсөн хүнд нь машиныг шилжүүлсний дараа “шүүхээс Ц.Б-д холбогдуулж гаргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тул Б.Л-гээс машин гаргуулж өгнө үү” гээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хэрэгсэхгүй болголоо гэсэн тул Г.Э-ын нотлох баримтаа бүрдүүлээгүй хэрэгсэхгүй болгосон хэргийн хариуцлагыг Б.Л-гээс нэхэмжлэх боломжгүй юм. Ц.Б- Г.Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа нь Ц.Б- болон Г.Э- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаатай хамааралгүй байна. Энэхүү хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байхад давж заалдах шүүх “...хэргийн 4-5 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр З.Баянсэлэнгээс автомашин авахдаа зээлсэн 10.000.000 төгрөг гаргуулах тухай Г.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус шийдвэрээр лексус-350 маркийн автомашины өмчлөгч нь З.Баянсэлэнгэ биш, Б.Л-д Г.Э-аас шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн гэж үзэхгүй талаар дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 10.000.000 төгрөг нь З.Баянсэлэнгийн худалдан авсан машины төлбөр биш болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул дахин нотлохгүй" гэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг зааснаар шүүхээр урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хянан хэлэлцэж хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр шийдвэрлэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” заалтын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь гагцхүү нэхэмжлэгч Г.Э- ба Б.Л- нарын хооронд тогтоогдсон үйл баримт байгаа тохиолдолд л дахин нотлохгүй. Шүүхийн шийдвэр нь зөвхөн тухайн хэргийн талуудын хувьд л үйлчлэлтэй байдаг. Хүчин төгөлдөр шийдвэртэй тухайн хэргийн зохигч биш этгээд болох Б.Л-гийн хувьд хүчин төгөдлөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар энэхүү хэрэгт маргах эрх нь нээлттэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хаалт тавьж, хариуцагчийн тайлбар, татгалзлыг үнэлэхгүй байгаа нь буруу болжээ. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Э-, Б.Л-гээс 10.000.000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...Ц.Баянсэлэнгийн худалдан авах автомашины үнэд 10.000.000 төгрөг шилжүүлж өгөхийг танил П.А- хүссэн, мөнгийг Б.Л-гийн ах Т.Б-ын дансанд шилжүүлсэн, мөнгөө Ц.Б-эс шаардсан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон...” гэснийг, хариуцагч “...Г.Э-ыг танихгүй, Лексус-350 маркийн автомашиныг  Ц.Б-д зээлээр худалдаж 68.000.000 төгрөг авахаар гэрээ байгуулсан, мөнгөө хэсэгчлэн төлсний дараа найз Ж.Дэлгэрмаагийн нэр дээр гэрчилгээг шилжүүлж авсан...” нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаархи хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт буй баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Г.Э- нь танил П.А-ийн хүсэлтээр Ц.Баянсэлэнгийн худалдан авсан Лексус-350 маркийн автомашины үнэ төлөх зорилгоор 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Л-д буюу түүнтэй хамтран бизнес эрхэлдэг Т.Б-ын ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Түүнчлэн, хэрэгт Ц.Б-эс 10.000.000 төгрөг гаргуулах Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02435 дугаар шийдвэр авагдсан ба уг шийдвэрт “...Г.Э-аас Т.Б-ын данс руу мөнгө шилжүүлсэн, ...Б.Л-гээс автомашиныг Ж.Дэлгэрмаагийн өмчлөлд шилжүүлсэн тул З.Баянсэлэнгэ, Г.Э- нарын хооронд зээлийн харилцаа үүссэн нь тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Г.Э- хариуцагч Б.Л-д 10.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч уг мөнгийг буцаан шаардах үндэслэлгүйг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Үүнд: нэгдүгээрт, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, хоёрдугаарт, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн 2 нөхцлийг заажээ.

Нэхэмжлэгч Г.Э-, хариуцагч Б.Л- нарын хооронд аливаа гэрээ байгуулагдаагүй тул зохигчийн хооронд үүрэг үүссэн буюу нэхэмжлэгч талаас хүлээсэн үүргийн дагуу хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй байна. Зохигчийн хооронд үүрэг үүсээгүй боловч тухайн мөнгийг өөр утгаар тухайлбал, Ц.Ангарагтай тохирч,   Ц.Баянсэлэнгийн худалдан авсан автомашины төлбөрт зориулж шилжүүлсэн, уг мөнгө автомашины төлбөрт тооцогдсон нь тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд  хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, Г.Э- нь шилжүүлсэн мөнгийг Б.Л-гээс шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл, худалдан авагч Ц.Б- автомашины үнэ төлөх үүргээ бусдаар гүйцэтгүүлсний төлөө худалдагч буюу хариуцагч Б.Л- хариуцлага хүлээх, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Л-гээс 10.000.000 төгрөг гаргуулах Г.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч Г.Э- мөнгөө холбогдох этгээдээс шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1660 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Л-гээс 10.000.000 төгрөг гаргуулах тухай Г.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ