Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1317

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Л-д  холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э , хариуцагч Б.Л , гэрч Г.Чинзориг, Т.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 8 сард Ц.Баянсэлэнгэ нь Б.Л гээс Лексус-350 маркын автомашин худалдан авах гэж байгаа гэдгийг Б.Баянсэлэнгийн хамт ажилладаг П.Ангараг нь надад хэлж түр 10,000,000 төгрөгийг машины төлбөрт шилжүүлж өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу 10,000,000 төгрөгийг Б.Л гийн дүү болох Т.Баттогтохын ХААН банкны 5003407904 тоот данс руу төлсөн болно. Үүний дараагаар миний бие Ц.Баянсэлэнгээс 10,000,000 төгрөгөө авахаар шаардсан боловч өгөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Уг хэргийн явцад Лексус-350 маркын 05-99 УНУ улсын дугаар бүхий авто машиныг Б.Л нь Ц.Баянсэлэнгэд биш Ж.Дэлгэрмаа гэх хүнд зарсан болох нь нотлогдсон бөгөөд Б.Л нь 10,000,000 төгрөгийг хүлээн авснаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зөвшөөрсөн болно. Нэгэнт миний бие Лексус-350 маркын авто машины төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн, Ц.Баянсэлэнгэ нь уг машиныг худалдан аваагүй, миний бие Ж.Дэлгэрмаа гэх хүнийг огт танихгүй тул Б.Л гээс машины төлбөрт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2015 оны 8 сарын 31-ний өдөр Б.Л д шилжүүлэн өгсөн 10,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж надад олгохоор шийдвэрлэн өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Баянсэлэнгэ гэж хүнд Лексус 350 маркын автомашиныг зээлээр худалдсан болно. Уг автомашины төлбөр болох 68,000,000 төгрөгийн урьдчилгаа болох 30,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл мөнгийг нь 3 сарын дараа өгнө гэж гэрээ хийж авсан. Үлдэгдэл мөнгийг хугацаа хэтрүүлж төлсөн. Г.Э  гэж хүнийг би мэдэхгүй, танихгүй. Баянсэлэнгэтэй цуг ажилладаг Ангараг нь манай ах болох Т.Баттогтохтой ярилцаад 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан ба хаанаас хэнээс шилжүүлснийг мэдэхгүй. Уг машины нэр шилжүүлсэн тухайд төлбөр тооцоо дууссан тул 2017 оны эхээр Баянсэлэнгэтэй цуг явж шилжүүлж өгсөн. Баянсэлэнгэ найзынхаа нэр дээр шилжүүлж авна гээд явсан. Болсон явдал ердөө ийм. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Э  нь хариуцагч Б.Л д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ УИХ-ын гишүүн байсан Ц.Баянсэлэнгийн танил Ангараг нь гишүүн машин авах гэж байгаа, 10,000,000 төгрөг зээлдүүлээч гэсний дагуу Б.Л д 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ түүний зааж өгсөн дансанд шилжүүлсэн, Ц.Баянсэлэнгэ зээлсэн мөнгөө төлөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд шүүх зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Б.Л гээс мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Хариуцагч Б.Л нь татгалзлын үндэслэлээ би өөрийн автомашиныг Ц.Баянсэлэнгэд зээлээр худалдсан бөгөөд машины төлбөрөөс 10,000,000 төгрөгийг Ц.Баянсэлэнгэтэй ажилладаг Ангараг нь манай ах Т.Баттогтохтой яриад дансаар шилжүүлсэн байсан, хаанаас хэнээс шилжиж орж ирсэн гэдгийг мэдэхгүй, машины төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

2015 оны 8 сарын 31-ний өдөр Г.Э  нь Т.Баттогтохын Хаан банкны 5003407904 тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-6 тал/-аар тогтоогдож байна.

Т.Баттогтох нь хариуцагч Б.Л тэй автомашины худалдааг хамтран эрхэлдэг бөгөөд уг 10,000,000 төгрөг Т.Баттогтохын дансанд орж ирсэн, улмаар Т.Баттогтох болон Б.Л нарын дараа дараагийн бизнесийн үйл ажиллагаанд уг мөнгө зарцуулагдсан болох нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Т.Баттогтохын мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Уг 10,000,000 төгрөгийг төлбөрт нь тооцож авсан гэх автомашин нь хариуцагч Б.Л гийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 183/ШШ2017/02435 дугаартай шийдвэр /хх-4,5 тал/-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Э  болон хариуцагч Б.Л нарын хооронд ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, Г.Э ын шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Б.Л нь бусдад худалдсан тээврийн хэрэгслийн төлбөртөө тооцож авсан байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтад “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.Л гээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Л гээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э т олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 175,000 төгрөгийн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Л гээс 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э т олгосугай..
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР