Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01859

 

М.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаар магадлалтай,

М.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй

Д.Т-д холбогдох,

Гэм хорын хохирол 7.333.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б, М.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Өөрийн төрсөн эх Р.Д-гийн хамтран өмчлөл бүхий улсын бүртгэлийн Г-2003004034 дугаартай, 080124770 нэгж талбарын дугаартай 1680.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 8 дугаар сарын 03-нд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, уг газар дээрээ 6x7 метрийн харьцаатай байшинг төрсөн дүү М.Бтай хамжиж өвлийн байшин бариад төрсөн дүү М.Быг эхнэр, хүүхдүүдийн хамт барьсан байшиндаа оруулсан. Байшиндаа гэрчилгээ авч амжаагүй байсан. Тэгсэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьсан өвлийн байшинг арын хашааны Д.Т- гэрийнхээ хогийг шатаахдаа болгоомжгүй хандаж, гал тавьсны улмаас дүү М.Бын гэрийн эд хогшил шатаж бидэнд нийт 7.333.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан. Хэний буруугаас гал гарсныг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тогтоосон боловч хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрэхгүй байсан тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн. Байшин шатсаны дараа гал гарах үед байшинд амьдарч байсан дүү нар М.Б, Т.Д- хоёр тус шүүхээр гэр бүлээ цуцлуулаад гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаангүй гэсэн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 771 дугаартай шийдвэр гарсан. Ингээд дүү М.Б бид хоёр шатсан байшингийнхаа суурийг цэвэрлээд үлдсэн ба Д.Т-гаас хохирлоо удаа дараа шаардаж тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар хүртэл орсон боловч би шатаагаагүй гэсэн. Иймд Д.Т-гаас шатсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний байгууллагын тогтоосон 7.333.500 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: …М.Б, М.Б нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Галд шатсан байшин нь улсын бүртгэл дээр Т.Д-гийн өмч гээд бүртгэсэн байхад өөр хүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2017 оны 6 дугаар сарын 14-ний 23/087/09 тоот гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч х/ч С.Нэмэхбаярын дүгнэлтэд Т.Д-гийн 6х7 метрийн харьцаатай өвлийн байшингийн гадна хойд хэсэгт ил галын нөлөөгөөр үүсч байшингийн хойд талын гадна хана, тааз, дээврийн карказын модон хийцээр дамжин тархсан байх үндэслэлтэй байна. Мөн шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй болно гэжээ. Энэ дүгнэлт дээр Д.Т-гийн ямар нэгэн болгоомжгүй үйлдлээс болсон гэдэг нь тодорхойгүй, Д.Т-гийн бурууг тогтоосон зүйл алга байна. Тухайн үед уг гал Д.Т-гийн асгасан зүйлээс болсон гэх гарцаагүй нотлох баримт алга байгаа. Тэнд олон айл үнс хогоо асгадаг, алинаас нь ч гал гарах боломжтой. Д.Т- тэр өдөр үнс хаясан гэдгээ ярьсан байна, уг зүйлийг асгаж хаяснаас 6 цагийн дараа гал гарсан байдаг. Үүнээс үзвэл дан ганц Д.Т-гийн хогноос болсон гэхэд эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Т-гаас 7.333.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б, М.Б нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХААН банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 132.286 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-гаас 132.286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Т-гаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.286 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 6 дугаар 14-ний өдрийн №23/087/09 дугаар дүгнэлтэд “иргэн Т.Д-гийн 6x7 харьцаатай өвлийн байшинд гал түймэр гарсан” талаар дурдсан. Мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 672 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд “...иргэн Т.Д-гийн байшин шатсан гэх” гэснээс үзэхэд гал түймрийн улмаас шатсан гэх байшин хэний өмч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Б, М.Б нар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 771 дугаартай нотлох баримтаар гаргаж өгсөн шүүхийн шийдвэр нь Т.Д-, М.Б нарын гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бөгөөд энэ хэрэгт хамааралгүй юм. Тодруулбал уг шийдвэрээр маргааны үндэслэл болсон шатсан гэх байшингийн талаар огт дурьдаагүй, хэний өмч болохыг тогтоогоогүй байхад “эд хөрөнгийн маргаангүй” болохыг дурьдсан хэсгийг болон зохигчийн хаягийг үндэслэн нэхэмжлэгч М.Б, М.Б нарын нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №23/087/09 дугаартай Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн. Уг дүгнэлтийг дараах үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 954 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах материалыг бүрэн эхээр нь шүүхэд хүргүүлсэн. Онцгой байдлын газрын шинжээчээр томилсон тогтоолыг Д.Т-д тонилцуулаагүйгээс шинжээчийг татгалзах, шинжээчид асуулт тавих эрх нь ноцтой зөрчигдсөн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Түүнчлэн галын дүгнэлтийг Д.Т-д огт танилцуулалгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэргийг хаасан. Шинжээч нь хэргийн газарт бодит байдлаар үзлэг хийсний үндсэн дээр тусгай мэдлэгийн хүрээнд гал гарсан шалтгааныг тогтоох үүрэгтэй байтал Мөрдөн байцаагчийн хийсэн хэргийн газрын үзлэг, холбогдох хүмүүсээс асууж авсан тайлбар, гэрэл зураг, 7 настай Иргэн Г.Нандин-Эрдэний тайлбар, Ус, цаг уурын орчны шинжилгээний 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15-20 цагийн хооронд агаарын температур 33 градус хүрч халсан, борооны өмнө салхи баруун өмнөөс 11-14 м/с хүрч шороон шуурга шуурсан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд шатсан байшин ертөнцийн зүгээр урагш харсан, хойд зүгт байшингийн ар хэсэг байна. Ертөнцийн зүгээр хашааны зүүн хойд буланд хог шатаасан гэх хогийн савны байрлалыг үзүүлжээ. Гэтэл салхины чиг баруун өмнөөс салхилсан гэсэн байх тул хог шатаасан үнс нь шатсан байшин луу очих боломжгүй, чиг нь өөр байгаа юм. Галын шинжээчийн дүгнэлт нь шинжээчийн тусгай мэдлэгийг ашиглаж дүгнэлт гаргах ёстой байтал дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзэлгүйгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх түүнийг залруулаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан хэрэглэх боломжтой хуулийг хэрэглээгүйгээс тус хэргийг бүрэн гүйцэт, шударгаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчин Д.Т-д шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, шинжээчид асуулт тавих нөхцөл боломж олгоогүй, түүнчлэн шинжээчийг татгалзах эрхээ эдлэх боломж олгоогүй зэрэг ноцтой зөрчлүүд байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Д.Т-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй, мөн түүнийг гал алдсан гэж үзэх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт цуглараагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж, мөн үндэслэл бүхий гал түймрийн дүгнэлт гаргуулах шаардлагатай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Б, М.Б нар Д.Т-гаас гэм хорын хохирол 7.333.500 төгрөг шаардаж, үндэслэлээ, “...хариуцагчийн буруугаас гал гарч байшин, эд зүйл шатсан” гэснийг хариуцагч “...гал гарсан шалтгаан тогтоогдоогүй, байшин Т.Д-гийн өмч тул нэхэмжлэгч нар хохирол шаардах эрхгүй...” гэж маргасан байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т  “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан байна.

Хэргийн баримтаас үзвэл Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 4/19 тоот хаягт байрлах М.Б, М.Б нарын 6х7 метрийн харьцаатай өвлийн байшингийн гадна хойд хэсэгт гал гарч байшингийн хойд хана, тааз, дээврийн хэсэг, байшин доторхи эд зүйл шатаж хохирол  учирсан үйл баримт тогтоогджээ.

Гал, хөрш хойд айлын Д.Т- хогоо шатаахдаа галыг бүрэн унтраалгүй орхисон  болгоомжгүй үйлдлээс үүссэн нь нотлогдсон, хариуцагч гэм буруугүй болохоо нотлож чадаагүй байна.

Хариуцагч Д.Т-гийн  хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас   учирсан хохирол, эдгээрийн  хоорондох  шалтгаант холбоо тогтоогдсон тул гэм хорыг   хариуцан арилгах үүрэгтэй байна.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.

Нэхэмжлэгч нар хохирлын үнэлгээг тогтоосон Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн гэм хорыг мөнгөөр оролцуулан шаардсан бөгөөд галын улмаас байшинг  засварлаж өмнөх байдалд сэргээхэд болон гэрийн доторхи шатсан эд зүйлийн үнэлгээг нийт 7.333.500 төгрөг болохыг тогтоожээ.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцсэн байна.

Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 4/19 тоот хаягт байрлах газрын өмчлөгч нь нэхэмжлэгч М.Б, түүний эх Р.Д- нар байна. Уг газарт М.Б, дүү М.Бын хамт байшин барьж, улмаар 2008 оноос  М.Б, эхнэр Т.Д- болон хүүхдийн хамт амьдарч байсан боловч гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулснаар  эхнэр, хүүхэд нь тухайн хаягт амьдрахаа больсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Байшингийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд Т.Д- байшингийн өмчлөлийн талаар маргаан гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч М.Б, М.Б нарыг өмчлөгч биш гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 132.286 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ