Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/ШШ2019/0009

 

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/ШШ2019/0009

Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б...” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг биелүүлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн 251 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох,

3. Монгол Улсын Засгийн газарт ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг хариуцахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.У, иргэдийн төлөөлөгч Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Б...” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны ерөнхий хуулийн есдүгээр бүлэгт заасан гомдол гаргах журамд захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулан гомдол гаргахыг урьдач нөхцөл болгон хуульчлаагүй байна. Шаардлагатай тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны адилаар захиргааны акттай холбогдох зүйлд нэмэлтээр тодруулан хуульчилдаг зарчимтай гэж үзэхээр байна. Иймд захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар шаардаагүй байна.

Тус тогтоолын 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.6-д заасан шаардлагыг тус тус хангаагүй захиргааны хэм хэмжээний акт болно. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тогтоолын 1 дэх хэсэг илтээр зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1/20 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хуулийн үзэл баримтлал, агуулга, зорилго, хүрээг хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Их Хурлын албан ёсны байр суурийг илэрхийлсэн.

Албан тайлбар нь “Хууль тогтоогч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ” нь зөвхөн нэг дээд хэмжээ байхаар хуульчилсан, түүнийг ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох, тэтгэмж тогтоох 4 процесст нэг мөр ашиглах учиртай” тул Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй хэмээсэн агуулгатай.

Монгол Улсын Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хийсэн тайлбартаа “Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй” гэх агуулгыг илэрхийлсэн. Шүүх шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс тус хуралдааны тэмдэглэлийг гаргуулан авч шалгах боломжтой.

Захиргааны хэм хэмжээний илт хууль бус, хүчин төгөлдөр бус актын улмаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж ирсэн, цаашид зөрчигдөж болзошгүй байна.

Иймд тогтоолын 1 дэх хэсэг нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт гэж үзэхээр байна. Үүнтэй уялдан зөвхөн нэг хэмжигдэхүүн болох Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлуулан хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага уялдан үүссэн.

Түүнчлэн тус тогтоол нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д тус тус нийтлэгдээгүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Монгол Улсын Засгийн газарт хандан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 07/19 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10/19 дугаар албан бичгүүдээр тус тус гомдол гаргасны албан хариуг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1050 “Хариу хүргүүлэх тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан бичгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хүлээн авсан.

Тус албан бичгийн гол агуулга нь “... гомдлыг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй ...” болно. Үүнийг захиргааны хэм хэмжээний актын хууль бус хэсгийг залруулахгүй, хууль бусаар мөрдүүлснээс үүссэн үр дагаврыг хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хэмээн нэхэмжлэгч үзэж байна. Хариуцагч нь өөрийн санаачлагаар захиргааны хэм хэмжээний илт хууль бус, хүчин төгөлдөр бус актын хууль зүйн үр дагаврыг залруулах арга хэмжээ авахгүй нь тодорхой боллоо.

Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэн үйл ажиллагаа явуулах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаар үнэн зөв бодит мэдээлэл зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн тооцоо, тохируулгыг хуульд нийцүүлэн хийх, илэрсэн алдаа, зөрчлийг засах, зөвлөгөө өгөх зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр ирсэн, цаашид ч зөрчигдөхөөр байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий захиргааны шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх эсэх тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.7-д “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж уг заалтын тайлбарт: “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, ... шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж Засгийн газарт эх олгосон.

Дээрх хуулиар олгосон эрх хэмжээнд ямар нэг салаа утгагүйгээр (1) ажил олгогч, (2) даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоохыг шалгуургүйгээр Засгийн газарт эрх олгосон байна.

Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шалгуураар хэмжих боломжгүй гэж үзэж байна.

Засгийн газрын тогтоол нь нэхэмжлэгч “Б...” ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй тухайд.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна. Иймд “Б...” ХХК-ийн тухайн шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай болно.

Нэхэмжлэгч “Б...” ХХК нь нэхэмжлэлдээ захиргааны хэм хэмжээний актын улмаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэжээ.

Гэтэл Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн дээрх дурдсан заалтууд нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчим, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, тухайлбал, татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах, хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах, татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайланг гаргах тухай, мөн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэгт хамааралтай заалтууд байгаа ба харин нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээ тогтоосон Засгийн газрын тогтоол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дэх хэсгийг үндэслэсэн болно.

Иймд Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолын 1 дэх хэсэг нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсвэл зөрчиж байгаа гэх ямар ч үндэслэл байхгүй байна.

Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол хуульд нийцсэн тухайд:

Монгол Улсын Их Хурлын 1999 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-д “Тэтгэврийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд, доод хязгаар тогтоох нь зүйтэй бөгөөд энэ зарчмыг тэтгэврийн дээд, доод хэмжээг тогтоох бодлоготой уялдуулан авч үзнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы хуралдаанаар баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэслийн зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэж нэмэлт оруулсан.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2015 оны 53 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого (2015-2030)-ын 2.1.1-д “тэтгэврийн даатгалын сангийн зардлыг төр, иргэн, ажил олгогч хамтран хариуцах”, мөн бодлогын 3.2.15-д “тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох, тэтгэвэр тогтооход баримтлах цалин хөлс, орлогын доод, дээд хэмжээг Засгийн газар тогтоох”, 3.5.3-т “тэтгэврийн даатгалын шимтгэл ногдуулах, тэтгэвэр тооцох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод, дээд хязгаарыг улсын дундаж цалин хөлсний хэмжээтэй уялдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоох” тухай тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы хуралдаанаар баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулж мөрдөж эхэлсэн.

Ийнхүү Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар тус тусад нь тогтоохоор ямар нэг салаа утгагүйгээр заасан тул Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай 251 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” хэмээн мөрдөж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох эрх Засгийн газарт байгаа ба харин ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх дээд хэмжээ заавал тэнцүү байх тухай хуульд огт заагаагүй болно.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолын хянавал хэсгийн “9. ...  нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох эрх Засгийн газарт хадгалагдаж байна” гэж дүгнэсэн байна.

Иймд нэгэнт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаарыг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Шимтгэл төлөх дээд хязгаар тогтоох нь нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцооны онцлогоос хамаарсан Засгийн газрын бодлогын шийдвэр болох тухайд:

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж өндөр тэтгэвэр тогтоолгон авах арилжааны даатгалын тогтолцоо биш эв санааны нэгдлийн зарчимд үндэслэсэн хуваарилалтын тогтолцоотой юм.

Монгол Улсын Засгийн газраас ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоож мөрдүүлж байгаа нь нийгмийн даатгалын санг урт хугацаанд тогтвортой байлгах, хэт их тэтгэврийн зөрүү үүсч, орлогын ялгаварлал гарахаас сэргийлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Нийгмийн даатгалын тогтолцоо бүхий гадаадын ихэнх улс иргэдийн орлогын хэт зөрүү байдлыг үүсгэхгүйн тулд шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг тогтоодог байна. Иймээс Засгийн газарт ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тогтоох эрхийг хуулиар олгосон нь нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой бодлогын зохицуулалт болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлалын “Үндэслэх” хэсгийн 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн зохицуулалтаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох асуудал нь бодлогын чанартай асуудал байна. Өөрөөр хэлбэл, уг хэмжээг ямар зарчмаар тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм” гэж дурдсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг хэрэгжүүлэхээр гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн агуулгыг бүрэн хадгалсан хүчин төгөлдөр шийдвэр болно гэжээ.

            Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь ажил олгогч буюу аж ахуй нэгжийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ажил олгогч талыг татварын дарамтад оруулж байна гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б...” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэлийн “... ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг, ... үүссэн үр дагаврыг хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох”, “... ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг, ... үүссэн үр дагаврыг хариуцахыг тус тус даалгах[1]” шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эдгээр (2, 3 дахь) шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШЗ2019/0287 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газарт ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тус тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг даалгах” тухай шаардлагыг ““Б...” ХХК нь хариуцагчаар тодорхойлсон Монгол Улсын Засгийн газарт ... хандаж байгаагүй байх бөгөөд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн эс үйлдэхүй, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гаргаагүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан. Уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

Нөгөө талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргахаар, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэрийг гаргахаар зохицуулсан байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан захиргааны байгууллагад хэм хэмжээний актыг тодорхой агуулгаар гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах, шүүхээс тодорхой агуулгаар хэм хэмжээний акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах шийдвэр гаргах боломжгүй байх бөгөөд дээрх захирамжаар “... шүүхээс хэм хэмжээний актыг хэрхэн, яаж гаргах талаар захиргаанд заах буюу даалгах боломжгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.  

2. Нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

“Б...” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тогтоолын 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, мөн зүйлийн 60.1.6-д заасан “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” шаардлагыг хангаагүй гэж тодорхойлон “... Захиргааны хэм хэмжээний илт хууль бус, хүчин төгөлдөр бус актын улмаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж ирсэн, цаашид зөрчигдөж болзошгүй байна” гэж маргаж буй хэм хэмжээний актын улмаас зөрчигдсөн гэх эрхээ тодорхойлжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоосон байна.

Маргаан бүхий тогтоол нь ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход үйлчлэх бөгөөд нэхэмжлэгч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд уг үйл ажиллагаанд нь Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол шууд эрх зүйн үйлчлэлгүй. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх харилцаанд уг тогтоол хориглосон, хязгаарласан аливаа шууд үйлчлэлгүй, нэхэмжлэгчийн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулах эрхийг энэ тогтоол хөндөөгүй байна.

3. Нэхэмжлэлийн “тогтоол нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д тус тус нийтлэгдээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.т “Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энэхүү шийдвэрт дурдсанаар Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолын 1 дэх заалт нь нэхэмжлэгчийн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан эрхийг хөндөөгүй учир эрх нь зөрчигдөөгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

Маргаж буй актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б...” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоосугай” гэж заасан нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б...” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг биелүүлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өрийн 251 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэгт тогтоосонтой тэнцүү байхаар тогтоохыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш үүссэн үр дагаврыг хариуцахыг тус тус даалгах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хэргийн 155-р тал. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага