Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1044

 

МАГАДЛАЛ

 

2017.04.28                                              Дугаар 1044                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Л.Энхээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00510 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Энхээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мөнхтөрд холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүртгэлээс Б.Мөнхтөрийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Сансар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

Хариуцагч: Б.Мөнхтөр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Тэгшмандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Л.Энхээгийн байрыг Б.Мөнхтөр ятгасаар байгаад заруулсан бөгөөд энэ байранд орно гээд Л.Одонд     30 000 000 төгрөг өгүүлсэн байдаг, мөнгө өгсөн тухай баримт өгөөгүй, 2011 оны 11 дүгээр сард байрандаа орсон, энэ үед Л.Энхээ хэвтэрт байхад байрны мөнгө нэхэж 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мөнгө гаргуулсан байдаг. Хүүхэд төрснөөс хойш дарамталж, энэхүү байртай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахад дарамталж байгаад нэхэмжлэлийг татан авхуулсан, үүнээс хойш хамт амьдрахад ч дарамталсан. Б.Мөнхтөр Л.Энхээг чи миний гараас гарахгүй гэж хэлдэг байсан. Одоо энэ байрыг авахад Л.Энхээ  75 000 000 төгрөг гаргасан гэдгийг тогтоолгох, хүү Золбаярыг өөрийнхөө асрамжид авч тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Л.Энхээ Б.Мөнхтөр нар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 53 дугаар байрны 9 тоотод байрлах, 89 метр квадрат, 4 өрөө бүхий орон сууцыг 80 100 000 төгрөгөөр худалдаж авсан, энэ байрыг авахад Л.Энхээ 75 000 000 төгрөг гаргасан болох нь нотлогдож байгаа.

Л.Энхээ Б.Мөнхтөр нар гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Л.Энхээ 2016 оны 5 дугаар сараас хойш хүүхэдтэйгээ айлаар амьдарч байна. Иймд тухайн байрыг худалдан авхад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, хүүхдээ өөрийнхөө асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байгаа. Энэ байрыг авахад Б.Мөнхтөр 5 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоон, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өөрчлөлт оруулан Б.Мөнхтөрийн нэрийг хасуулахыг даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хүүхдийн асрамжийн талаар маргаантай байвал шүүхэд нэхэмжлэл гаргадаг, хүүхэд одоо эх дээрээ байгаа тул асрамжидаа авна гэж байхгүй, Б.Мөнхтөр хүүхдийн асрамжийг өөртөө авах шаардлага гаргасан байгаа. Л.Энхээ дансандаа их мөнгөтэй байсан тул байр авсан гэж тайлбарлаж байна. Б.Мөнхтөрд олон төрлийн данс байгаа ч нэхэмжлэгч шиг тайлбарлаагүй. Л.Энхээгийн байр авахад зарцуулсан гэх мөнгөний гүйлгээн дээр энэ тухай байдаггүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би өөрийн удам залгах ганц хүү Золбаярыгаа эрүүл мэнд байлгах, өсгөн хүмүүжүүлэх, хайрлан халамжлах талаар байнга санаа тавьж явсаар ирсэн. Л.Энхээ намайг удаа дараа гүжирдэн, доромжилж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байсан. Би хүүхдийнхээ амьдрах нөхцлийг бүрдүүлж, өсөж хүмүүжих, сурч боловсрох бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлж чадна. Хүүтэйгээ сайхан амьдрах зорилгоор энэ байранд засвар хийсэн, Б.Мөнхтөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цаашид хүүгээ асран хамгаалах бүрэн боломжтой.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбардаа: Л.Энхээг хүүхдээ аваад явсан байхад Б.Мөнхтөр утсаар яриагүй хүүхдийг нэг cap гарантай байхад Л.Энхээ хүүхдээ авч явсан байдаг, хүүхэд өвдсөн байхад 20 000 төгрөгийн дэвтэрийг авъя гэхэд шуналтай гэж хэлсэн байдаг. Б.Мөнхтөрийг Золбаяртай уулзах гээд цэцэрлэг дээр нь очиход хүүхэд нь уулзахгүй гээд уйсан байдаг. Б.Мөнхтөр согтуу ирсээр байгаад хүүхдийг аймхай болгосон, хүүхэд нь согтуу хүн хараад уйлагнадаг, одоо ч энэ зан нь арилаагүй байгаа тул хүүхдийг Б.Мөнхтөрийн асрамжид өгөхгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн М.Золбаярыг эх Л.Энхээгийнх нь асрамжид байлгаж, Б.Мөнхтөрийн Золбаярыг өөрийнхөө асрамжид авах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.Золбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.Мөнхтөрөөс нь тэтгэлэг гаргуулан cap бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 53-9 тоотод байрлах орон сууцыг худалдаж авахад 75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөлийн бүртгэлээс Б.Мөнхтөрийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай Л.Энхээгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Б.Мөнхтөрөөс 50 546 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Энхээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтөрөөс 70 200 төгрөгийг гаргуулан Л.Энхээд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 53-9 тоотод байрлах орон сууцыг худалдан авсан болох нь талуудын тайлбар болон 2012 оны 2-р сарын 15-нд олгогдсон 000181483 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Харин дээрх орон сууцыг нэхэмжлэгч тал тухайн үед 81 000 000 төгрөгөөр худалдаж авсан, үүнээс би 75 000 000 төгрөгийг нь гаргасан, үлдсэн мөнгийг Б.Мөнхтөр гаргасан гэж тайлбарлаж байхад хариуцагч тал дээрх үл хөдлөх хөрөнгийг карказ байдлаар хямд үнээр худалдан авч би өөрийн хөрөнгөөр бүх засвар болон тохижолт хийж гүйцэтгэсэн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Энхээгийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад өөрөөсөө   75 000 000 төгрөг гаргасан болохыг тогтоолгох шаардлага нь баримтаар нотлогдоогүй гэсэн байна. Л.Энхээ, Б.Мөнхтөр нар "Анутекс" ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 12-нд орон сууц захиалагчтай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд зохигчид 2011 оны 11 дүгээр сард байрандаа орсон гэж тайлбарлаж байна. Гэтэл зөвхөн Л.Энхээгийн эзэмшлийн Хаан банкин дахь хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулга болон 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн "Анутекс" ХХК-ийн орлогын баримтаар Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 53-9 тоотод байрлах орон сууцыг худалдан авахад Л.Энхээ 75 000 000 төгрөгийг гаргасан байна гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал, Л.Энхээгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5753070167 тоот данснаас 2011 оны 2 дугаар сарын 21-ний болон 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд зарлагын гүйлгээ хийгдсэн байх боловч уг зарлагаар гаргасан мөнгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 183-р зүйлийн 181.3-т "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцэлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасан байх тул Баянголын дүүрэг, 5-р хороо 53-9 тоотод байрлах орон сууцны өмчлөлийн бүртгэлээс Б.Мөнхтөрийг хасч бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэл тус бүр дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгүүд дээр үндэслэн нарийвчлан дүн шинжилгээ хийж үзвэл шүүхийн шийдвэр нь бидний хууль ёсны баримт нотлогоог нарийвчлан судалж үзэлгүй үгүйсгэж, харин хариуцагчийн бодит нөхцөл байдал, баримт нотолгоо, мэдүүлэг зэргийг нарийвчлан судалж үзэлгүй шууд хүлээн     зөвшөөрсөн нь харагдаж байна.

Ийм ч учраас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу өөрт ноогдох хэсгээ л тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг минь бүрэн хангаж шийдвэрлэсэн магадлал гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Миний бие хүүхдээ ямар нэгэн байдлаар хүчирхийлж байгаагүй, өсөж бойжих эрүүл байх бүхийл нөхцөлийг хангаж өдийг хүрсэн. Л.Энхээгийн илт гүтгэлгийн шинжтэй тайлбарыг үндэслэж байгаа бол үүнийг нотолсон нотлох баримтыг шүүхийн шийдвэрт тусгах ёстой байсан. Миний биеийн эрүүл мэндийн байдал ажил хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг долоо хоногийн 4-5 хоногт согтуу байх бусад руу хашигчин дайрч давшилаад явдаг зүйл байхгүй. Харин ч хүүхдээ цэцэрлэгт нь өгч, авах хооллож ундлах, хувцаслах, хүмүүжилд нь анхаарал тавих тал дээр Л.Энхээгээс илүү гэдгийг бүгд гэрчилнэ. Хүүхэд насанд хүрээгүй байх нь эхэд нь өгөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шаардлага гаргаснаас биш хүүхдийн асран хамгаалалтыг өөр дээрээ тогтоолгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг огт гаргаагүй, шүүх хуралдаан хойшлох сөрөг нэхэмжлэл гарсан үед хүүхдийн асрамжийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх бүрэн боломжтой байсанч хүүхдийн асуудал нэгт биш эд хөрөнгийн асуудал гол нь байсныг шүүх мэдсээр байж талуудын тайлбар нотлох баримтуудыг буруу үнэлэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Л.Энхээд оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гарган өгөхөд татгалзах зүйлгүй, үнийн дүн дээр тохиролцоод мөнгөө ав гэдгийг өөрт нь хэлж байсан ба өөрийн хүүд зориулан шинээр худалдан авч хүүхдийн амьдрах нөхцөл бүрдүүлсэн энэ байрандаа өөрийн цорын ганц хүү М.Золбаярын хамт түүнийг асран хамгаалж амьдрах хүсэлтэй байга тул шүүхээс анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Энхээ нь хариуцагч Б.Мөнхтөрд холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 75 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн бүртгэлээс Б.Мөнхтөрийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Эрэл хотхоны зүүн талд баригдаж байсан 8 айлын орон сууцны 5 давхрын 89 м2 орон сууцны үнэ 75 000 000 төгрөгийг төлөхдөө өөрийн өмчлөлийн орон сууцыг зарсан, Б.Мөнхтөр нь гэрээний урьдчилгаанд 5 100 000 төгрөгийг төлсөн байсан учир түүний нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнд оруулсан, бид тусдаа амьдрах болсон...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Л.Энхээ байр авахад зарцуулсан гэх мөнгөний гүйлгээнд энэ тухай байдаггүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчид хамтын амьдралтай байх хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү Золбаяр төрсөн, нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд Б.Мөнхтөр, Л.Энхээ нар өмчлөгчөөр бичигдсэн үйл баримт тогтоогджээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа гэж талууд эсэргүүцээгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм.

Харин хуулийн дээрх зохицуулалтад зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран эсхүл дундаа ямар хэсгээр өмчлөх эсэхийг өмчлөгч нар өөрсдөө тогтоох боломжтой.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэд       75 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох гэснийг хангах үндэслэлгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн орон сууцны үнэд 75 000 000 төгрөг төлснийг тогтоолгосноор үүсэх үр дагаврын талаар нэхэмжлэгч ямар нэг тайлбар, шаардлага гаргаагүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгийн зохицуулалтад заасан шаардлага гаргасан гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгдсэн байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 532 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

                              ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

                                                               М.НАРАНЦЭЦЭГ