Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1221

 

 

М.Баяржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00963 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Баяржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Дуламсүрэн, П.Бат-Эрдэнэ нарт холбогдох

 

28 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Баяржаргал нь П.Дуламсүрэнгээс 2015 оноос эхлэн бараа авчирч өгч эхэлсэн. Хэд хэдэн удаа П.Дуламсүрэнгийн ах П.Бат-Эрдэнэ болон түүний нөхөр н.Жаргаланбаяр нарын данс руу мөнгө шилжүүлж бараа авчирч өгдөг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тэрээр М.Баяржаргалаас 36 000 000 төгрөгийг ах П.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлж аваад 7 450 000 төгрөгийн бараа өгөөд түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Нэхэмжлэгч М.Баяржаргал, П.Дуламсүрэн нарын хооронд 36 000 000 төгрөгийн бараа худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан байх боловч энэ нь П.Бат-Эрдэнэд ямар нэгэн эрх, үүргийг үүсгээгүй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хариуцагч П.Бат-Эрдэнийн Хаан банк дахь 5059403813 тоот дансанд шилжүүлэн олгосон байх тул хариуцагч П.Бат-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч П.Бат-Эрдэнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч П.Дуламсүрэнг шүүгчийн захирамжийн дагуу эрэн сурвалжилсан боловч олдоогүй тул хариуцагч П.Дуламсүрэнгээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хувиараа ачаа ачиж хуримтуулсан мөнгөө Хаан банк дахь дансанд хадгалуулдаг байсан. 2016 оны 01 дүгээр сард төрсөн дүү П.Дуламсүрэн нь хувийн бизнес хийх гэж байгаа гэсэн тул өөрийн Хаан банк дахь хадгаламжинд байсан 34 000 000 төгрөгөө Хаан банкны алтан картын хамт түүнд өгч итгэмжлэл хийж өгсөн. Дансны мэдээллийг өөрийн гар утаснаас хянадаг байсан. Энэ хугацаанд миний өгсөн мөнгөнөөс илүү мөнгө дансанд ороогүй бөгөөд байнга 30 000 000 төгрөгөөс бага мөнгө орж, гарч байсан. 2016 оны 4 дүгээр сарын дундуур мөнгөө буцаан авах гэтэл П.Дуламсүрэн гэртээ ирэхгүй алга болсон. П.Дуламсүрэнг эрэн сурвалжлуулахаар Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Миний бие П.Дуламсүрэнгээс мөнгө нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг танихгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсныг мэдэхгүй. Уг мөнгийг П.Дуламсүрэн хариуцах ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Бат-Эрдэнээс 28 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Баяржаргалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баяржаргал нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох 28 550 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бат-Эрдэнээс 307 000 төгрөгийг, улсын орлогоос 6 300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн захирамжид заасан хугацаанд арилаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.Бат-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 28 550 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Баяржаргал нь П.Бат-Эрдэнийн данс руу андуурч мөнгө шилжүүлсэн үйлдэл гаргаагүй, хариуцагч П.Дуламсүрэнтэй бараа худалдах-худалдан авах хэлцлийн дагуу 36 000 000 төгрөгийг П.Бат-Эрдэнийн дансаар дамжуулан шилжүүлж 7 450 000 төгрөгийн бараа буцаан авсан. Нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэхдээ П.Бат-Эрдэнийн дансаар дамжуулж П.Дуламсүрэнд мөнгө шилжүүлж байгаа гэдгээ мэдэж байсан. Хариуцагч П.Бат-Эрдэнэ ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай, бусдын хэлж ярьж байгаа зүйлийг ойлгох чадвар муутай, бүрэн норказанд орсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.Баянжаргал нь хариуцагч П.Дуламсүрэн, П.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан 28 550 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч П.Бат-Эрдэнэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 28 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М.Баяржаргал, П.Дуламсүрэн нарын хооронд 36 000 000 төгрөгийн бараа худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан байх боловч энэ нь П.Бат-Эрдэнэд ямар нэгэн эрх үүргийг үүсгэхгүй, гэтэл нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хариуцагч П.Бат-Эрдэнийн Хаан банкны 5059403813 тоот дансанд шилжүүлсэн байх тул П.Бат-Эрдэнэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарлаж М.Баяржаргалын Хаан банкны 5019688749 тоот дансны хуулга, П.Бат-Эрдэнийн 5059403813 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд өгсөн байна.                                                      /хх-5, 11 дүгээр тал/

 

            Хариуцагч татгалзлын үндэслэлээ “2016 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү П.Дуламсүрэн нь хувийн бизнес хийх гэж байгаа тул хөрөнгө оруулалт хийж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Хаан банк, Хадгаламж банкны дансанд байсан 34 000 000 төгрөгийг Хаан банкны алтан картын хамт өгч итгэмжлэх хийж өгсөн, энэ хугацаанд миний өгсөн мөнгөнөөс илүү мөнгө миний дансанд ороогүй, 30 000 000 төгрөгөөс бага мөнгө орж, гарч байсан. М.Баяржаргалыг миний бие танихгүй, ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулагдсаныг мэдэхгүй” гэж маргасан боловч тэрээр энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.

 

            Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч П.Бат-Эрдэнийн Хаан банкны 5059403813 тоот дансанд 20 000 000 төгрөгийг, 16 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт хэргийн 5,11 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч М.Баяржаргалын Хаан банкны 5019688749 тоот дансны хуулга, хариуцагч П.Бат-Эрдэнийн 5059403813 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь бусдад үндэслэлгүйгээр шилжүүлсэн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь П.Дуламсүрэнгийн өмнө үүрэг гүйцэтгэхээр Хаан банк дахь хариуцагч П.Бат-Эрдэнийн эзэмшлийн дансанд 36 000 000 төгрөг шилжүүлснээс 28 550 000 төгрөгийг буцаан аваагүй байх тул хариуцагч П.Бат-Эрдэнийг 28 550 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагч П.Бат-Эрдэнээс 28 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Баяржаргалд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол болон тайлбар үндэслэлгүй болно.

 

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх татгалзлыг баталж, хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч П.Бат-Эрдэнэ нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай, бусдын хэлж ярьж байгаа зүйлийг ойлгох чадвар муутай, бүрэн норказанд орсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 550 000 төгрөгийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ