Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00963

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00963

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/1 дүгээр байр, 24 тоотод оршин суух, Урианхай овогт Мөнхбаярын Баяржаргал /РД: ЦД88092961/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 6 дугаар гудамж, 166 тоотод оршин суух, Пүрвийн Дуламсүрэн,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 6 дугаар гудамж, 170 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Бат-Эрдэнэ /РД: ЧН67102479/ нарт холбогдох,

 

28 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагч П.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь П.Дуламсүрэнгээс 2015 оноос эхлэн бараа авчирч өгч эхэлсэн. Сүүлдээ хэд хэдэн удаа П.Дуламсүрэнгийн ах П.Бат-Эрдэнэ болон түүний нөхөр н.Жаргаланбаяр нарын данс руу мөнгө жилжүүлгүүлээд бараа авчирч өгдөг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тэрээр надаас Хаан банкны АТМ-с 36 000 000 төгрөгийг ах П.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлж аваад,  7 450 000 төгрөгийн бараа өгөөд, маргааш нь өгнө гэж хэлээд өдөржин хүлээлгэсэн түүнээс хойш утсаа авахгүй салгаад алга болсон. Иймд үлгдэл 28 550 000 төгрөгийг  П.Дуламсүрэн болон П.Бат-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал шүүхэд гаргасан өөрчилсөн шаардлага болон татгалзалдаа: Нэхэмжлэгч М.Баяржаргал болон П.Дуламсүрэн нарын хооронд 36 000 000 төгрөгийн бараа худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан байх боловч энэ нь П.Бат-Эрдэнэд ямар нэгэн эрх, үүргийг үүсгээгүй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх мөнгийг хариуцагч П.Бат-Эрдэнийн Хаан банк дахь 5059403813 дугаар дансанд нь шилжүүлэн олгосон байх тул хариуцагч П.Бат-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч П.Бат-Эрдэнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч П.Дуламсүрэнг шүүгчийн захирамжийн дагуу эрэн сурвалжласэн боловч олдоогүй байх тул хариуцагч П.Дуламсүрэнгээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч П.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хувиараа ачаа ачиж хуримтуулсан мөнгөө Хаан банк дахь дансанд хадгалуулдаг байсан. 2016 оны 01 дүгээр сард төрсөн дүү П.Дуламсүрэн нь хувийн бизнес хийх гэж байгаа гэсэн тул өөрийн Хаан банк дахь хадгаламжинд байсан 34 000 000 төгрөгөө Хаан банкны алтан картын хамт түүнд өгч итгэмжлэл хийж өгсөн. Дансны мэдээллийг өөрийн гар утаснаас хянадаг байсан. Энэ хугацаанд миний өгсөн мөнгөнөөс илүү мөнгө дансанд ороогүй бөгөөд байнга 30 000 000 төгрөгөөс бага мөнгө орж, гарч байсан. 2016 оны 4 дүгээр сарын дундуур мөнгөө буцаан авах гэтэл П.Дуламсүрэн нь гэртээ ирэхгүй алга болсон. П.Дуламсүрэнг эрэн сурвалжлуулахаар Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Миний бие П.Дуламсүрэнгээс мөнгө нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг танихгүй, түүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсныг мэдэхгүй. Уг мөнгийг П.Дуламсүрэн хариуцах ёстой гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Баяржаргал нь хариуцагч П.Дуламсүрэн, П.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч П.Бат-Эрдэнэд холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Хариуцагч П.Бат-Эрдэнэ нь өөрчилсөн шаардлагыг “...уг мөнгийг аваагүй, надад хамаагүй, ...миний Хаан банк дахь дансыг П.Дуламсүрэн ашиглаж байсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх хариуцагч П.Бат-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч П.Бат-Эрдэнийн Хаан банк дахь 5059403813 дугаар дансанд 20 000 000 төгрөгийг, мөн өдөр 16 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгч болон хариуцагч П.Бат-Эрдэнэ нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхаас хариуцагч нь үүнийг баримтаар үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч П.Бат-Эрдэнэ нарын хооронд дээрх мөнгийг шилжүүлсэн талаар буюу нэхэмжлэлийн шаардлагтай холбоотой гэрээний үүрэг, харилцаа үүсээгүй нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч нь П.Дуламсүрэнгийн өмнө үүрэг гүйцэтгэхээр Хаан банк дахь хариуцагч П.Бат-Эрдэнийн эзэмшлийн дансанд нийт 36 000 000 төгрөг шилжүүлж, үүнээс 28 550 000 төгрөгийг буцаан аваагүй байх тул хариуцагч П.Бат-Эрдэнийг 28 550 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч П.Бат-Эрдэнэ нь итгэмжлэлийн үндсэн дээр Хаан банк дахь өөрийн 5059403813 дугаар дансыг хариуцагч П.Дуламсүрэнд эзэмшүүлсэн гэх татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.Бат-Эрдэнээс 28 550 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох хэсгээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох, 28 550 000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч П.Бат-Эрдэнээс 28 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох, 28 550 000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч П.Бат-Эрдэнэ нь дээрх төлбөрийн талаар буруутай этгээд буюу үүрэг бүхий этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

 

Нэхэмжлэгч нь 28 550 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 300 700 төгрөг төлөх байснаас 307 000 төгрөг төлж, 6 300 төгрөг илүү төлсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар уг илүү төлсөн 6 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Бат-Эрдэнээс 28 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Баяржаргалд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баяржаргал нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох, 28 550 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч П.Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бат-Эрдэнээс 307 000 төгрөгийг, улсын орлогоос 6 300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН