Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0337/З |
Дугаар | 221/МА2023/0072 |
Огноо | 2023-01-26 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0072
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, Э.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 845 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, өмгөөлөгч Э.Т, Г.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0337/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 845 шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг баримтлан “О” ХХК-иас гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1, 4.2-д "Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга өөрийн эрхэлсэн асуудлаар шийдвэр гаргах эрхийг ийнхүү хуулиар олгосон" гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг өөрийн гаргасан тушаалаа түдгэлзүүлэх эрхгүй гэж маргаагүй, харин тушаалыг түдгэлзүүлэхдээ "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх" талаар Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж маргасан.
Тодруулбал Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 /... хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ/, 96.2. .... биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна/ гэж тус тус заасныг баримталсан.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт заасан захиргааны акттай холбоотой ямар ч гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хугацааны талаар Захиргааны ерөнхий хуулийн 96-р зүйлийн 96.2 дахь хэсэгт "гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд" хүчин төгөлдөр байхаар заасан байхад "ОХУ-ын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй" хэмээн хугацаагүйгээр барилгын ажлыг зогсоож байгаа нь хуулийг илэрхий зөрчиж байгаа зөрчил болно.
3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.21 дэх хэсэгт "Хариуцагч маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь хуульд нийцээгүй" талаар дүгнэсэн атлаа уг захиргааны актын зорилгыг үндэслэн шүүх бие даасан захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь логикийн зөрчилтэй шийдвэр болсон.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргаан бүхий тушаал хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1 дэх хэсэгт "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа маргаан бүхий тушаалаас шалтгаалан 2 жил гаруй зогсож, санхүүгийн алдагдал хүлээх болсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх захиргааны актын зорилгыг үндэслэн хууль зөрчсөн байсан ч хүчингүй болгох гэсэн заалт огт байхгүй. Нөгөө талаас зорилго нь аргаа зөвтгөхгүй.
Мөн зорилго нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь “О” ХХК-ийн барилга барьж буй газрыг эзэмших, ашиглах эрхгүй аль 1994 онд эрх нь дуусгавар болсон ОХУ-ын хууль бус ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэгч “О” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг 2 жил гаруй саатуулж буйг хууль зөрчөөгүй гэж үзэх боломжгүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 933 дугаар шийдвэрт Засгийн Газрын 51 дүгээр тогтоолын талаар “... энэхүү тогтоолын агуулгаас харахад уг газрын эзэмшигчийг Газрын тухай хуульд нийцүүлэн шинээр тогтоох байсан хэдий өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар хэн нэгний эзэмшилд баталгаажаагүй, хүсэлт гаргасан газар хууль ёсны дагуу эзэмшил үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын үйлдэхүй бус гэж дүгнэхээр байна” гэж шүүх дүгнэж “О” ХХК-д 426 м.кв газрыг нэмж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл ОХУ-ын итгэмжлэгдсэн нарын манай газар хэмээн тайлбарлаж буй газар нь ОХУ-ын газар огт биш гэдгийг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшигчийг тогтоох тухай” 51 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр нэгэнт хөдөлбөргүй тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл ОХУ-ын манай газар хэмээн тайлбарлаж буй газар нь огт биш, уг газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх ОХУ, түүнийг төлөөлсөн ямар нэг байгууллагад огт байхгүй болох нь дээрх Засгийн газрын болон холбогдох шийдвэрээр нотлогдох тул захиргааны актын зорилго хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна.
ОХУ-ын газар гэж байхгүй тул У.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт ОХУ зөвхөн кино сангийн барилгаа бусдад залилуулж хохирсон асуудлаараа хохирогчоор тогтоогдсон тул тэрхүү зөрчигдсөн эрхээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хамгаалуулж, гэм буруутай этгээдээс хохирлоо гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд захиргааны байгууллага, захиргааны хэргийн шүүх ОХУ-ын дээрх зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах боломжгүй.
3.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.20-д “Иймд гэмт хэргийн замаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн байж болзошгүй гэх объектыг, уг маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй нөхцөлд өөр этгээд барилга барих нь хууль ёсны ажиллагаа гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэжээ.
“О” ХХК 200200594015 тоот эрүүгийн хэргийн яллагдагч, оролцогч биш байх тул У.Б-д холбогдох эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь “О” ХХК-ийн газар эзэмших эрхэд нөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж уг хэрэгт “О” ХХК болон түүнийг төлөөлсөн албан тушаалтан холбогдолгүй болохыг тогтоосон ба уг тогтоол хүчинтэй хэвээр байгаа болно.
Хэрэгт авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хүсэлт холбогдох бусад баримтаар “О” ХХК газар эзэмших эрхийн хуулийн дагуу гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байхад уг маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй нөхцөлд өөр этгээд барилга барих нь хууль ёсны ажиллагаа гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй болно гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт өөрөө үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тодорхой заасан.
Мөн У.Б гэх иргэнд холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь нэхэмжлэгч компанид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй, энэхүү хэрэгтэй шууд хамааралгүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсан.
3.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.9, 3.12-д “...ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Ж-гээс 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан ...10609,8 ам метр талбай бүхий газрын эзэмшигчээр ОХУ-ыг бүртгэж өгөх хүсэлтийг гаргасан”, тус хүсэлтийн дагуу газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Д и” ХХК-д 322 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр олгосон нь тогтоогдсон гэж дүгнэжээ.
ОХУ-ын газар эзэмшихээр хүсэлт гаргасан 10609,8 метр квадрат газартай “Д и” ХХК-д олгосон 322 метр квадрат газар анхнаасаа давхцаагүй нь 2 дугаар хавтаст хэргийн 182 дахь талд авагдсан газрын кадастрын зургаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4 дэх хэсэгт уг барилга баригдаж буй газрыг 2014 онд нийслэлийн Засаг дарга “Д и” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд нийцээгүй хууль бус ажиллагаа болжээ хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь хэргийн оролцогчид нийслэлийн Засаг дарга “Д и” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжтай маргаагүй, Хот байгуулалт, хөгжлийн газрын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хуульд нийцээгүй талаар маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж байна.
Мөн бусдын эзэмшиж, ашиглаж буй газар гэдгийг Газрын тухай хуульд зааснаар уг газрын эзэмших, ашиглах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр олж авсан, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байхыг ойлгох бөгөөд огт эзэмших, ашиглах эрхгүй этгээдийн газартай давхцах тухай ойлголт байхгүй тул үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
3.5. Хариуцагч болон гуравдагч этгээдийн “бие даасан захиргааны акт биш” тул “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарын тухайд хариуцагчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоотой Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй, гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй атлаа барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тушаал гаргасан тул уг тушаалыг захиргааны акт биш гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.22, 4.23 дахь хэсэгт хийсэн “Хот байгуулалт, хөгжлийн газар нь В.И.Л нэрэмжит клубын доорх ОХУ болон “О” ХХК, эсхүл “Д и” ХХК-ийн хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлээгүй, уг асуудлыг шалгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдол шалгах ажиллагаа явуулаагүй тул мөн хуулийн 96 дугаар зүйлд заасан журмаар өөрийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх ажиллагаа биш байжээ”, “ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот бичгийг үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрээ түдгэлзүүлсэн нь өөр “О” ХХК барилга барих үйл ажиллагааг түр зогсоосон эрх зүйн үр дагавар бүхий бие даасан захиргааны акт мөн юм” гэсэн дүгнэлтүүд нь Захиргааны эрх зүйн онолын болон хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” эрхийг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
2.3. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрлийг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 133/2020 дугаар гэрчилгээгээр баталгаажуулжээ.
2.4. Маргаан бүхий Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар “ОХУ-ын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
2.5. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “...газар дээр барилга угсралтын ажлыг зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг даруй авахын зэрэгцээ В.И.Л нэрэмжит клубын барилга болон түүний эдэлбэр газрын эрхийг ОХУ-ын нэр дээр бүртгэх ажлыг түргэвчлэх” талаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүргүүлжээ.
2.6. Үүний дагуу Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас “... В.И.Л нэрэмжит клубын маргаан одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байхад нийслэлийн холбогдох байгууллагаас В.И.Л нэрэмжит клубын барилга болон газрын өмчлөл, эзэмшлийн асуудлаар Монгол Улсын хуулийн этгээдүүдэд газар эзэмших гэрчилгээ болон барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл олгосон байна, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус клубын эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигч тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байхад В.И.Л нэрэмжит клубын барилгыг түрээслэгч хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл хэрхэн, ямар үндэслэлээр олгогдсон нь тодорхойгүй байна, Иймд дээрх барилга болон газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай нийслэлийн холбогдох захирамж, шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах, ОХУ-ын ЭСЯ-ны хууль ёсны эзэмшигчийн эрхийг сэргээж, бүртгүүлэх арга хэмжээг авах” талаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчид шаардлага хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
2.7. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан нот бичгийг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “захиргааны акттай холбоотой ямар ч гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.8. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус хуульчилсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх гомдлыг шийдвэрлэх явцдаа захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.9. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да ноот бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаар шаардлага зэргийг үндэслэн В.И.Ленин нэрэмжит клубын барилга болон газрын маргааны асуудлыг шийдвэрлэх явцад гарсан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээргүй байна.
2.10. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө”, 94.4-д “Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан хугацааны дотор нэхэмжлэгч “О” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан, эсхүл хэвээр үлдээсэн аливаа шийдвэрийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.
2.11. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан актыг хүчингүй болгуулах маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “О” ХХК-ийн “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН