| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0289/З |
| Дугаар | 221/МА2023/0060 |
| Огноо | 2023-01-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0060
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2022/0289/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр: “Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5., 14 дүгээр зүйлийн 14.7.2.в., 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримтлан “Э” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. “Э” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/828 дугаартай захирамжаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн мянга” орчимд Х2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 39,7 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдож, бид хамтран ажиллахаар болж бүх нөхцөл бүрдсэн. Төслийг хэрэгжүүлэх үе шатны явцад Нийслэлийн Засаг дарга хэд хэдэн удаа манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах захирамжийг гаргаж байсан бөгөөд энэ хугацаанд бидний итгэл найдварыг хөсөрдүүлж байсан. Ийм ч учраас бид төслийн ажлыг цаашид хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 268 дугаартай шүүгчийн захирамжаар Нийслэлийн Засаг дарга болон бидний хоорондын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр Нийслэлийн Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А/1165 дугаартай захирамжаар бидний төсөл хэрэгжүүлэх эрхийг дахин сэргээсэн. Ингээд төслийг цаашид хэвийн үргэлжлүүлэх үүднээс бид энэ хугацаанд эвлэрлийн гэрээний 2.1.1-д зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 316 дугаартай албан бичгээр Төр хувийн хэвшлийн түншлэлээр “Хамтран ажиллах гэрээ”-ний төслийг, мөн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 331 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тус тус хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2022 оны 02 сарын 24-ний өдрийн А/269 дугаартай “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг гаргаж бидний эрхийг ноцтой зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
3.2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах, батлуулах нь нэхэмжлэгчийн үүрэг ... нэхэмжлэгч нь төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг захирамжид заасан хугацаанд батлуулаагүй бөгөөд үүнийг хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
3.3. Төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын энэхүү үйлдэл нь хуульд нийцэхгүй хууль бус шийдвэр бөгөөд шүүх энэхүү нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнээгүй ба хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, шийдвэрийн Тогтоох хэсэгт “... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.2.в, 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримтлан ...” гэсэн заалтыг үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй.
3.4. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ “төсөл хэрэгжүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана”, 14.3-д “Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй газарт хот, суурин газрыг дахин хөгжүүлэх санал гаргасан бол энэ зүйлийн 14.2 дахь заалт хамаарахгүй”, 14.7.2.в-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах”, 14.7.2.г-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна” гэж тус тус зааснаас үзвэл Нийслэлийн Засаг дарга эхлээд хамтран ажиллах гэрээ байгуулах төлөвлөгөөг хамтран баталж, хамтран ажиллах чиг үүрэгтэй байна.
3.5. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээний заалт хэрэгжээгүй гэж Нийслэлийн Засаг дарга үзэж байгаа тохиолдолд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх боломжтой байсан боловч харин ч өөрийнхөө буруутай үйл ажиллагааг булзааруулахын тулд А/269 дүгээр захирамжийг гаргаж, нэг талын хууль бус санаачилгаар манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаад байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн хэрэг болсон.
3.6. Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан нөхцөл байдлыг шүүх дүгнэж үзээгүй. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.3-д заасныг Нийслэлийн Засаг дарга баримтлаагүй бидний эрхийг зөрчсөн байхад үүнд анхан шатны шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бидний хууль ёсны эрхийг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, А/269 дүгээр захирамжаар “... Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо “Дэнжийн 1000” орчим ХЕТ-2013-3 багцын 39,7 га “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/680 дугаар захирамжид заасан үүргийг биелүүлээгүй тул Хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар хурлын шийдвэрийн дагуу тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж” шийдвэрлэжээ.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаар захирамжаар “... “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон”, “Э” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээний 2.1-д нэхэмжлэгч “Э” ХХК-ийн, 2.2-т хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх эрх, үүргийг нарийвчлан заасан, тодруулбал, гэрээний 2.1.3, 2.1.5-д тус тус зааснаар “ “Э” ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын дагуу хүлээх үүргийг хэрэгжүүлж ажиллах, төслийг энэхүү гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй байхаар”, 2.2.1-д зааснаар “Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг энэхүү гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр” тус тус тусгажээ.
3.3. Дээрх нөхцөлөөр талууд эвлэрсний дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/680 дугаар захирамжаар “... “Э” ХХК-ийн гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан А/1165 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК-д даалгаж, төлөвлөгөөг батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Орон сууцны дэд бүтцийн газарт үүрэг болгосон” байна.
3.4. Хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэрээр “... “төслийн үе шатыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хууль, журамд нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлуулаагүй” гэж үзээд “Э” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн” байна.
3.5. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 3.1-д “Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна”, 5.2-т “төсөл хэрэгжүүлэгч нь ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж, мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төсөл хэрэгжүүлэгч дараах эрх, үүрэгтэй”, 23.1.5-д “төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх” гэж тус тус заасан.
3.6. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын 02/861, 1/937, 2/992, 2/1249, 2/1311, 1/1312, 1/101, 01/153 дугаар албан бичгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл “Э” ХХК-ийг хууль болон гэрээнд заасны дагуу төслийн нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн ирүүлж, батлуулах, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эсэх асуудлаар тайлбар, санал гаргах боломж олгосон, эвлэрлийн гэрээ, А/680 дугаар захирамж болон холбогдох хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай талаар удаа дараа мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хариуцагч маргаан бүхий А/269 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.
3.7. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хянаж үзэхэд нэхэмжлэгчийн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 331 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тус тус хүргүүлсэн, ... Нийслэлийн Засаг дарга эхлээд хамтран ажиллах гэрээ байгуулах төлөвлөгөөг хамтран баталж, хамтран ажиллах чиг үүрэгтэй, ... төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахдаа бидэнд мэдэгдээгүй, оролцоог хангаагүй” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
3.8. Учир нь төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК нь төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх үүргийг хуулиар хүлээсэн, 331 дүгээр албан бичгээр төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ирүүлсэн нь 14.7.2.а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах”, 14.7.2.б-д “энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах” гэж заасан шаардлагуудыг хангаагүй талаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын 2/992 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
3.9. Түүнчлэн нэхэмжлэгчээс шаардлага хангасан төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхэд Засаг дарга уг төлөвлөгөөг батлаагүй, хариу өгөөгүй, эсхүл өөр бусад гэрээнд заасан дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй, харин ч 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/680 дугаар захирамжаар төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулахыг даалгаснаас хойш удаа дараагийн албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А/269 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байх тул “... нэг талын хууль бус санаачилгаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, хамтран ажиллах түншлэлийн гэрээг байгуулахаас удаа дараа татгалзсан, бодитой ажил хэрэгжүүлэх боломжоор хангаагүй” гэж үзэх боломжгүй.
3.10. Мөн нэхэмжлэгчээс “... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар “төсөл хэрэгжүүлэгч” гэж төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг ойлгоно, бид гэрээ байгуулаагүй учир шууд төлөвлөгөөг боловсруулах нөхцөл бүрдээгүй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч А/680 дугаар захирамжаар “төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулахыг даалгаж” шийдвэрлэсэн болон Хяналтын хорооны хурлын шийдвэртэй холбогдуулж маргаагүй, А/680 дугаар захирамжаар нэхэмжлэгчид төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж ирүүлэх боломжийг олгосон бөгөөд маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
5. Шүүхийн шийдвэрт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн “суурин” гэснийг “суурийн” гэж техникийн алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН