Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 22 өдөр                               2018/ДШМ/48                                                           Зуунмод

 

Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч В.Өнөрзул,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал,

Нарийн бичгийн дарга О.Батномин нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нарт холбогдох  1734001350081 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нар, тэдгээрийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч.Ба , 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Баян сум Цавчир ......... тоотод оршин суух хаягтай, ....... дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:Н.....16/

 

Ч.Бо , 1972 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн ....суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ......... ажилтай, Төв аймаг Баян сум ........ тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:Н.....10/

 

Г.С , 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан , ....... тоотод оршин суух хаягтай, ......  дүгээр курсын оюутан, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: УЮ....09/

           

Шүүгдэгч Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Баян сумын нутагт Цагаан голын 22-1 тоотод оршин суух Ч.Болорхатаны гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас В.Өнөрзултай маргалдаж улмаар бүлэглэн түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт гэх хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор: Ч.Ба , Ч.Бо , Г.С  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ч.Ба , Ч.Бо , Г.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ба , Ч.Бо , Г.С  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ба , Ч.Бо , Г.С  нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч В.Өнөрзулын нэхэмжлэлийн шаардлагаас 3.097.035 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 9.150.965 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Хэрэгт иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Бо, Ч.Ба, Г.Ср  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэргийн хамт хадгалж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: “... Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах нь зүйтэй гэж үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Шийтгэх тогтоол үйл явдал болсон бодит байдал болон түүнийг нотлох талаар цагдаагийн байгууллагаас хийсэн нотлох баримтанд үндэслэж чадсан эсэх талаар:

Хэрэг болсон талаар үйл явцын талаар тодруулах нь энэ хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хэрэг явдал 2017 оны 7 сарын 24-ний өдөр 19-20 цагийн үед Төв аймгийн Баян сумын төвд орших Ч.Бо-н гэрт болсон. Ч.Бо-н  гэр гэгдэх байшин бол гаднаас ороход үүдэндээ тамбур гэгдэх хэсэгтэй, дотогшоо ороход гал зуухтай том өрөөний хэсэгтэй, түүнээс цааш дамжин орох нэг унтлагын өрөөтэй маш цомхон жижигхэн сууц болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тухайн болсон үйл явцын бичлэгээс маш тодорхой харагдана.

Яллах нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоонд үндэслэлтэй дүгнэлт хийж чадсан бол энэ бүхэн зохиомол зүйл болох нь нотлогдохын зэрэгцээ миний үйлчлүүлэгч нарыг цагаатгах талын нотлох баримтууд үнэн зөв болох нь тогтоогдох байсан гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй.

1.1. В.Өнөрзулын мэдүүлж байгаагаар 2017 оны 7 сарын 24-ний өдөр Ч.Бо-н гэрт байсан эрэгтэй эмэгтэй нийлсэн 6 хүнээр зодуулчихаад гарч явсан байдаг. Улмаар тэрээр сумын цагдаа П.Цогтоод очиж энэ талаараа хэлээд ойшоохгүй болохоор нь Төв аймгийн Цагдаагийн газар руу явсан гэдэг. Эндээс эхний эргэлзээ бий болж байгааг анхаарна уу. Цагдаа П.Цогтоо яагаад бусдад зодуулсан, хутгалуулсан эмэгтэйг ойшоохгүй өнгөрөөв? Үнэн нь бол гаднаа зодуулсан гэж үзэх ямар ч шинж тэмдэггүй, мөн хуруундаа учирсан гэх зүсэгдсэн шарх нь энэ үйл явдлаас учраагүй учраас тухайн үедээ В.Өнөрзул хутгалуулсан талаараа гомдол мэдүүлэх нь толгойд нь орж ирээгүй байсныг гэрчилнэ.

Үүний дараа В.Өнөрзул Төв аймагт орж ирээд Цагдаад өргөдлөө гаргасан гэдэг. Одоо энэ өргөдөлд нь анхаарал хандуулахыг хүсье. "...Сооко гэдэг эмэгтэй элэг рүү өшиглөөд хүзүү самардчихсан...", "...Баярсайхан нь үсдээд ор мөргүүлж унагаад баруун гуя руу өшиглөсөн...", "...Болорхатан нь үсдээд хөргөгч мөргүүлсэн..." гэсэн байгаа. Өргөдлийнх нь дагуу тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, Д/ч О.Тэмүүжин тайлбар аваад шинжээч томилох тогтоол үйлдээд өгч явуулсан гэдэг ба тогтоол нь хэрэгт байдаг ч огноо нь 2017 оны 7 сарын 30-ны өдрийн огноотой. Өөрөөр хэлбэл 2017 оны 7 сарын 24-ний өдөр д/ч О.Тэмүүжин 6 өдрийн дараа буюу ирээдүй цагт амьдарч байсан болох гээд байгаа юм. Энэ тогтоолын огноонд ямар ч засваргүй байгааг анхаараарай. Харин энэ тогтоолынх нь дагуу В.Өнөрзулын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан ШШҮХ-ийн шинжээч Б.Ганзоригийн 9464 дугаартай дүгнэлт дэх бүх огноо засвартай байгаа. "...2017.07.25-нд Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, О.Тэмүүжин-н 2017.07.30-ны өдрийн тогтоолоор..." гэж бичиж эхэлж байгаа шинжээчийн дүгнэлт нотолгооны ач холбогдолтой байж чадах уу? Хуульд заасан шаардлага хангаж байгаа нотлох баримт мөн үү? Техникийн алдаа байж болох юм гэж үзэх гэхээр шинжээч томилсон тогтоол нь 2017.07.30-нд үйлдэгдсэн нь тогтоогдоод байна шүү дээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг олж авах, бэхжүүлэх талаарх заалтуудыг бүхэлд нь зөрчиж байгаа юм. Үүнийг түр ингээд орхиё.

Үүний дараа энэ бүхэнд хяналтын прокурор Ц.Батбямба эргэлзэж, 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор "Дахин шинжилгээ хийлгэх"-ээр шийдвэрлэсэн нь ХХ-ийн 216 дугаар талд байгаа. Энэ тогтоолын дагуу ШШҮХ-ийн шинжээч М.Золжаргал, Ц.Нандинцэцэг, Г.Ханхүү нар нь "Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ" №1240 тоот дүгнэлтийг гаргажээ.

Нэр бүхий шинжээч нар нь 2017 оны 11 сарын 23-ны өдөр хавтаст хэргийн нотлох баримтуудтай танилцаад "Санал нэгтэй" дүгнэлт гаргасан нь В.Өнөрзулын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон байгаа юм. Ингэхдээ энэ дүгнэлтийнхээ үндэслэл болгосон баримтынхаа хамгийн нэгдүгээрт өмгөөлөгч миний түр орхиё гээд орхисон Б.Ганзоригийн гаргасан 9464 тоот дүгнэлтийг тэр чигээр нь хуулж бичсэн байгаа юм. Гэхдээ энд нэг алдаа гарсан нь бичигдсэн огноог нь 2017.07.25 гэж тавьсан. Гэтэл хавтаст хэргийн материалаар хийж байгаа л юм бол 9464 дүгнэлтийн ард бичигдсэн огноог нь засвартайгаар 2017.07.30 гэж тодоос тод бичсэн байгаа юм.

9464 тоот шинжээч Б.Ганзоригийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж прокурорын байгууллага дахин шинжилгээ хийлгэж байхад ШШҮХ нь уг дүгнэлтийг дахин шинжилгээ хийх гол шинжилгээний объект болгон ашигласан нь хууль зөрчиж байгаа гэдгийг Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхнийг анхаараасай гэсэндээ энэ бүхнийг бичлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ". 1 дахь хэсэгт "энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй" гэж тодорхой хуульчилж заасан ба Б.Ганзоригийн 9464 дүгнэлт нь "...2017.07.25-нд Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, О.Тэмүүжингийн 2017.07.30-ны өдрийн тогтоолоор..." гэж логик дарааллаар нь бодоход худлаа болох нь маш тодорхойгоор эхэлж байгаагаараа нотлох баримтын шаардлагыг хангахгүй, хууль зөрчсөн баримтат мэдээлэл мөн.

Дахин шинжилгээ хийсэн 1240 дүгнэлтийн шинжилгээний объекод ашигласан Компютер томографийн шинжилгээ 2017 оны 8 сарын 22-ны өдөр хийгдсэн, амбулторын карт дахь үзлэгүүд нь мөн үйл явдал болсоноос хойш 1-2 сарын дараах үзлэгүүд байгаа нь дүгнэлтээс тодорхой харагдана.

ХЗДХСайд, ЭМСайд нарын хамтарсан 2010 оны 189/385 дугаартай тушаалаар батлагдсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-т "гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/" гэж заасан байх бөгөөд энэ эмнэлгийн баримтуудаараа бол түр сарниулаагүй байх магадлалтай юм шиг. 2017 оны 11 сарын 22-ы өдөр шинжээчид бүрэлдэхүүнээр үзлэг хийхэд ч В.Өнөрзулын толгой нь өвдсөөр л байжээ.

Хавтаст хэргийн 78 талд 2017/7/26-ны өдрийн рентген зургийг уншсан эмчийн тэмдэглэлд анхаарал хандуулахыг хүсье. Энэ баримтанд "...Хамрын таславч зүүн тийш мурийсан..." гэсэн бичиглэл байгаа. Гэтэл мөн оныхоо 8 сарын 22 ба 29-нд хийгдсэн томографийн шинжилгээнүүдээр "...Хамрын таславч баруун тийш мурийсан..." байгааг анхаарна уу.

Энэ бүхнийг онцолж дурдаад байгаа үндэслэл нь хохирогч гэгдээд байгаа В.Өнөрзул нь шинжээч томилсон анхны тогтоол 2017 оны 7 сарын 30-нд гарснаар авч ШШҮХ-д 7 сарын 30-наас хойш очсон байх магадлалтай. Хэрэг 7 сарын 24-нд гарсан гэхээр үүнээс 6 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн бол түүний биед учирсан гэмтэл зохиомол гэмтэл болох нь үүгээр нотлогдох болохыг анхан шатны шүүх өмгөөлөгч миний бие хэлээд байхад хэрэгсэлгүйгээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байгаад учир нь оршино. Өөрөөр хэлбэл В.Өнөрзулын хамрын таславч яс 7 сарын 26-нд зүүн тийш мурийсан байгаад 8 сарын 22 болоход баруун тийшээ мурийсан байгаа нь энэ хүний гэмтэл хаана ямар ч байдлаар учирсан байхыг үгүйсгэхгүй болохыг нотлох гол баримт болно.

1.2. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон өөр нэгэн нотлох баримт бол "Таньж олуулах ажиллагааг зургаар хийсэн тэмдэглэл" юм. Гэтэл энэ ажиллагаа нь өөрөө бүхэлдээ ЭХХШТХ-ийн 25.7 дугаар зүйлийг зөрчсөн.

Тухайлбал мөрдөгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд таньж олуулах ажиллагааг гэрч, хохирогч, яллагдагчаар хийлгэх эрхтэй хэдий ч ЭХХШТХ-ийн 25.7 дугаар зүйлийн 7,8 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан уг ажиллагааг явуулах үүрэгтэй. Энэ эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мөрдөгч Бат-Эрдэнэ, прокурор Сувд-Эрдэнэ нар нь хүссэн цагтаа миний үйлчлүүлэгчдийг дуудан ирүүлдэг байсан. Дуудсан цаг бүрт нь ажлын байдлаас шалтгаалан өмгөөлөгч миний бие ч ихэвчлэн Төв аймагт ирдэг байсан. Гэтэл ганцхан энэ таньж олуулах ажиллагааг хийхдээ л миний үйлчлүүлэгчдийг дуудаж ажиллагаа хийгээгүй. Зургаар таньж олуулах гэх энэ ажиллагаагаа хийсэн байсныг сүүлд хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. ЭХХШТХ-ийн 25.7 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт гэрэл зураг, дуу дүрсний бичлэг ашиглан таньж олуулж болох 3 үндсэн нөхцөлийг заасан байна. Энэ 3 нөхцөлийн аль нь ч хангагдаагүй, таньж олуулах ажиллагааг явуулахад миний үйлчлүүлэгчдийн зүгээс саад хийх ямар ч боломж байгаагүй, дүрс хэлбэр нь танигдахааргүй өөрчлөгдсөн зүйл нэгээхэн ч байхгүй, таньж олуулах ажиллагаанд биеэр ирэх боломжгүй ямар ч нөхцөл байдал байгаагүй болно. Мөн хуулийн 25.7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар таньж олох гэж байгаа гэрч Бат-Эрдэнэ нууцаар таних тухай хүсэлт гаргаагүй байгааг харж болно.

Энэ мэтчилэн хууль зөрчсөн нотолгоог хийх гэж оролдсон мөрдөгч, прокурорын үйл ажиллагаа байгааг шүүх анхааралгүйгээр шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгон энэ баримтыг үнэлсэн байгааг Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхнийг анхааран үзнэ гэж итгэж байна.

1.3. Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийн тухайд:

Прокуророос яллах гол баримт болгон шүүхэд шилжүүлсэн нотолгоо нь гэрч Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг. Мөнх-Эрдэнэ бол хохирогч гэгдээд байгаа В.Өнөрзулын төрсөн эгчийнх нь хүүхэд гэдэг. Бат-Эрдэнэ бол Мөнх-Эрдэнийн найз. Мөнх-Эрдэнийн мэдүүлэгт бол ач холбогдол өгөх нь маш аюултай. Учир нь энэ гэрч бол В.Өнөрзул эгчийнхээ юу гэснийг нь хийх магадлалтай. Харин Бат-Эрдэнэ нь үнэнийг хэлбэл хэлэхээр гэрч. Гэвч юмны учир мэдэхгүй урьд өмнө нь хууль шүүхийн өмнө очиж байгаагүй хүүхдийг В.Өнөрзул нь үг зааж анх цагдаад худал мэдүүлэг өгүүлсэн. Худал мэдүүлсэнийхээ дараа Бат-Эрдэнэ нь тэр мэдүүлгээ хамгаалж удаа дараалан худал мэдүүлэг өгөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Учир нь хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ ч үүднээсээ Бат-Эрдэнийн 3 мэдүүлэг эхнээсээ сүүл рүүгээ зөөлөрч байгааг анхаарахыг хүсье.

В.Өнөрзулын мэдүүлгээр 24-ний өдрийн 19 цагийн үед Ч.Бо-н  гэр лүү орохын өмнө Г.С-р  үсдүүлж, элэг рүүгээ өшиглүүлж зодуулаад дотогшоо орсон гэгдэж байгаа ба харин Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлгээр гадна Г.С-той хэрэлдээд орсон гэж байгаа. Энэ нь гэрч, яллагдагч нарын анхнаасаа тууштай өгсөн "Гаднаас В.Өнөрзул орж ирэхдээ Г.С-г гичий гэж хашгираад орж ирсэн" гэсэн мэдүүлгийг нотлохын зэрэгцээ гадна үүдэнд В.Өнөрзулын хэлээд байгаа шиг Г.С-р  зодуулаагүй болох нь тогтоогдож байна. Ийм байхад яаж Г.С-г бүлэглэж бусдад хөнгөн хохирол учруулсан гэж ял шийтгэж болох юм бэ?

 

Түүнээс гадна бодит байдал дээр хууль зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэлт өгөх юм бол хэрэгт эд мөрийн баримтаар гар утсаар бичсэн СИДИ-г миний бие нотлох баримтаар өгсөн. Энэ бичлэг дээр В.Өнөрзул ганцхан Г.С  луу "Чи намайг дахиад зод" гээд дайраад давшлаад байгаа байдал байгааг харж болно. Мөн үүдний хэрэгт хоёр гэрч Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нар хараад зогсоод байгаа байдал харагддаг. В.Өнөрзулыг хутгалж, бүлэглэж зодоод байхад энэ 2 этгээд юугаа хийгээд үүдэнд зогсоод байх юм бэ? Энэ 3 хүний мэдүүлгээр 24-ний өдөр 2 удаа Ч.Бо-н д энэ 3 хүн очсон ба эхний очилтоор Өнөрзул зодуулж, дараагийнх дээр нь бичлэг хийсэн гэж гэрчилдэг. Гэтэл Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний асуултанд хариулахдаа эхний очилтонд Мөнх-Эрдэнэ бид хоёр очоогүй, В.Өнөрзул нь утсаар дуудахаар нь тийшээ очсон гэж мэдүүлдэг ба очиход нь зодоон болж байсан мэтээр гэрчилсэн. Гэтэл 24-ний өдөр В.Өнөрзул 2 удаа ирсэнийхээ эхнийх дээрээ зодуулсан юм бол тэр үед нь Бат-Эрдэнэ байгаа болох гээд байна. Бат-Эрдэнэ байгаагүй юм бол зодооныг яаж харсан байх вэ. 2 дахь дээр нь бичлэг байгаа. Тэгэхээр энэ 3 хүний мэдүүлэг бултаараа худлаа хоорондоо огт авцалдахгүй зохиомол болох нь нотлогдоод байна.

Мөн Бат-Эрдэнэ 7 сарын 24-ний өдөр Төв аймгийн цагдаагийн газарт очиход хүлээж авах хүн байхгүй юм шиг болохоор нь хот явсан, хотод В.Өнөрзулыг нэг газар луу ороод 10 орчим минут болоод гарч ирсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ нь 24-ний өдөр шинжээч томилох тогтоол үйлдүүлж аваад шууд шүүх эмнэлэг орсон гэх байдлыг үгүйсгэж. 7 сарын 30-нд харин О.Тэмүүжингээр тогтоол үйлдүүлж явсаныг нотолж байгаа баримт мөн.

Бичлэг дэх В.Өнөрзулын гаргаж байгаа ааш, үйлдэлээс харахад өмнө нь үнэхээр тэгж зодуулсан бол ганцхан Г.С  луу биш бүх хүмүүс рүү хэрхэн яаж зодуулсан талаараа хэлж дайрч давшлах байтал ингэхгүй байгаа нь энэ 3 хүний үгссэн мэдүүлэг зохиомол болохыг нотлох үйл баримт мөн.

Энэ бүх үйл баримтанд үнэлэлт хийж, эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр нотлох баримтуудын хоорондын уялдаа холбоо, нотолгооны байдал, үнэнд нийцсэн эсэхэд үнэлэлт өгч, шийдвэрээ гаргалгүйгээр өмгөөлөгч миний дээр дурдаж бичсэн хуулийг маш ноцтой зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн, худал болох нь алхам тутамд илэрч гарч ирсэн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэгт хөтлөгдөн гурвын гурван хүнийг хилс ял шийтгэсэнд туйлаас гомдолтой байна.

Түүнээс гадна Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж мэдүүлэг авсан болгонд эргэлзэхгүй итгэх бол яг энэ байдлаар мэдүүлгээ өгсөн гэрч Батцэцэг, Гантулга, Нарангэрэл, мөн насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Энэ хүмүүсийн үзсэн харсанаа хэлж мэдүүлсэн мэдүүлэг ямар шинж чанар, зүйлээрээ хэргийн нотолгооноос гадуур үлдчихэж байгаа юм бэ? Энэ талаараа шийдвэртээ тодорхой тусгаж өгөх ёстой бус уу?

Хоёр: Шүүгчийн хууль зөрчсөн алдааны талаар

Шүүхийн ажиллагаа хэрэг шүүхэд хүлээж авсанаас хойш шүүх хуралдаанаар шийдвэрлэж дуусах хүртэл бүхэлдээ хуульд нийцсэн, хуулийн дагуу явагдах учиртай.

Анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 3 сарын 22-ны өдөр 12 цаг орчмын үед эхэлж, 19 цаг орчим хүртэл үргэлжилсэн билээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдаж, дүгнэлтийн хэсэг дуусч, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр шүүгч Ю.Энхмаа шүүх хуралдааныг завсарлуулсан. Шүүх хуралдаан завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж ганцаараа зөвлөлдөх хуультай. ЭХХШТХ-ийн 36.1 дүгээр зүйл. Шүүгч Ю.Энхмаа нь шүүх хуралдааны оролцогч биднийг шүүх хуралдааны танхим чөлөөлсөний дараа араас гарч ирэн шатаар дээш гарч бодвол өрөөндөө орсон байх. Ойролцоогоор 1 цаг 40-50 минут орчмын дараа бууж ирэн шийдвэрээ уншиж сонсгосон. Шүүгч шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаа гэдэг бол бүх зүйлээс тусгаарлагдсан, гагцхүү тэр хэргийн шийдвэрийг л гаргахад шаардлагатай, шүүгчийн албан өрөөнөөс өөр тусгай тасалгаа байх учиртай. Нийтлэг байгаа практик бол шүүгч шүүх хуралдааны оролцогч нарыг танхимаас гаргаж, танхимдаа ганцаар үлдэж зөвлөдөг. Гэтэл энэ хэрэг дээр шүүгч Ю.Энхмаа өөрөө шүүх хуралдааны танхимаас гарч яваад хаана, хэнтэй, хэрхэн зөвлөлдөж шийдвэр гаргасныг таашгүй. Тухайн үед миний үйлчлүүлэгч нар шүүгч одоо дээшээ орж дарга нараасаа яаж шийдэхээ асуудаг юм уу? гэж асуухад нь хариулт олдоогүй болохыг нуухгүй.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Энэхүү давж заалдах гомдолд дурдсан бүх нөхцөл байдлууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн, улмаар шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай шийтгэх тогтоолын үндэслэл нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул Давж заалдах шатны мэргэн шүүгчид та бүхнийг хэргийг бүхэлд нь хянаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч, энэхүү гомдлыг бичив.” гэжээ. 

Шүүгдэгч Ч.Бо давж заалдах гомдолдоо: “Миний бие нь ШШГЕГ-ын харъяа Мааньт дахь хаалттай 415 дугаар хорих ангид хамгаалалтын ажилтан хийдэг. 20177 оны 3 дугаар сарын 18-ны өглөө ажлаас буугаад цэргийн баярыг найз нөхдийн хамт тэмдэглээд гэртээ ганцаараа унтаж байтал оройн 20 цаг 50 минутын орчим манай цонхыг гаднаас нь нүдэхээр нь би хөшгөө яраад харахад надтай цуг ажилладаг н.Өнөрзул гэгч эмэгтэй байсан. Тэгээд хаалгаа тайлж өгөхөд манайд орж ирсэн. Тэгж байгаад 5 орчим минутын дараа гэрээс гарч яваад 1 шил архи бариад ирсэн. Тэр орой би түүнтэй архийг нь хувааж уугаад хамт хоносон. Тэр үеэс эхэлж орой харанхуй болохоор ирж манайд хонож байгаад өглөөний 5 цагт гарч гэрлүүгээ явдаг. Өнөнрзул намайг нэг ч төгрөгийн цалингийн зээлгүй гэдгийг мэдэнгүүтээ цалингийн зээл авч, гэр орныг чинь гоё болгож, унаа машинаа солиод хамт амьдран сууя гэж дандаа ярьдаг байсан. Тэгж байгаад Улаанбаатар хотоос тухайн оны 7 сард гэрийн тавилга шөнийн цагаар манайд авчирч байсан. Маргааш өглөө ажил дээр баярын хурал болж, биднийг цуг ажил руу хамт явсан. Тэгэхэд манайд Багануураас дүү нар ирсэн байсан. Сумын наадам үзээд эргээд Багануур гэртээ харьсан. Би 7 сарын 20-нд ажилтай байж байгаад 7 сарын 21-ний өглөө ажлаас буугаад 1 шил архи, хамт ажилладаг хүнтэй цуг уугаад унтсан байхад манай дүү Г.С  хотоос ирээд хаалга цоожтой байсан тул н.Баярсайханыд очиж байгаад 17 цагийн үед манайд ирээд надаас цалингийн карт өгөөч, аав, ээжээс мөнгө авах гэсэн юм. Би ахад нь байхгүй наад н.Өнөрзулд миний карт байгаа наадахаасаа ав гэж хэлсэн. Тэгэхэд н.Өнөрзул манай дүүд өгөхгүй гэж хэлэээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд гал зууханд байсан миний цалингаар авсан шинэ угаалгын машиныг авч гарахад манай дүү Г.С  наадах чинь миний ахын угаалгын машин гээд өмнө нь хааж зогсоход н.Өнөрзул хүчээр түлхэж Г.С  хаалга толгойгоороо мөргөж унасан. 2017 оны 7 сарын 23-ны өдөр ажилтай хоноод маргааш нь манай ажлын газарт ТББ-ын хэдэн хүн Солонгосын хүмүүстэй хорихын хоригдлуудын дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион тоглож байсан. Манай ээлж буухгүй байж байгаад оройны 19 цаг 50 минутын орчим ажлаас буухад н.Өнөрзул машинтай манай ажлын үүдэнд намайг хүлээж байгаад цуг Мааньт руу гэртээ харих замд хээр зогсоод машины араас усны саванд хийсэн архи гаргаж өгөхөд нь шил нь яасан юм гэхэд хагарчихаар нь усны саванд хийсэн гэхээр нь би сэжиг хүрээд уугаагүй.  Тэгээд Мааньт ороод зам дээр буугаад гэр рүүгээ явган харьсан. Гэртээ дүү, нартайгаа хоол идээд сууж байхад гаднааас миний өөрийн гараар хайрлан өсгөсөн зээ дүү Г.С-г гичий гээд орилсоор гэрт орж ирээд миний хэдэн дүүг элдэв янзаар доромжилж байхад нь би дүү нартаа наад авгай чинь гар утсанд бичлэг хийгээд дарга, цэрэг нарыг дарамтлаад байдаг юм. Та нар гар утсаар бичлэг хий гэхэд манай 3 дүү 3 ширхэг утсаар зэрэг бичлэг хийсэн. Ийм л юм болсон. Тэгэхэд Төв аймгийн шүүх ийм шийдвэр гаргасанд би маш их гомдолтой байна. Зүгээр байгаа хүмүүс ийм аргаар дарамтлаж мөнгө төгрөг авдаг энэ авгайн зохиосон зохиомол жүжигт оролцсон Төв аймгийн цагдаа, прокурор, шүүхэд маш их гомдолтой байна.  Хилс хэргээр бид нарт торгуулийн ял өгсөнд гомдолтой байна.” гэжээ

Шүүгдэгч Ч.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймгийн Баян сум дахь ШШГЕГ-ын харъяа 415 дугаар хаалттай хорих ангид хамгаалалтын ажилтнаар ажилладаг. Би 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр анги дээр зохиогдсон хоригдлын дундах тэмцээнд хамгаалалтанд зогсож орой 19 цаг 30 минутын үед тарж гэртээ ирж хувцсаа солин ах Ч.Болорхатанынд орсон. Тэнд Багануураас амралтаараа дүү Ч.Нарангэрэл, хүргэн Ю.Гантулга, дүү Г.С  нар ирсэн байсан. Мөн миний эхнэр Батцэцэг хүүхдүүдтэйгээ бүгд хоол идэцгээж ярьж хөөрч суусан. Тэгэхэд гадаа машин ирж, янхан, гичий гэж хараал хэлсээр В.Өнөрзул гэгч хоёр залуугийн хамт гэрт орж ирсэн. Миний дүү Нарангэрэл яагаад жаахан охин доромжлоод байгаа юм бэ гэхэд яадаг юм энийг хэн охин гэдэг юм гэж ахын жижиг өрөөнд орж хөргөгч, ор, дэрийг нь ухаж эхэлсэн. Миний дүү нар хэрүүл хийгээд хэрэггүй гэцгээж бүгд гар утсаа гаргацгаан бичлэг хийж эхэлсэн. В.Өнөрзул нь намайг новшийн гуйлгачин гэх мэтээр доромжилж байсан ч би юу ч дугаралгүй хараад зогсож байсан. Хараал урсгасаар гал зуухны өрөөнд орон халуун тогоо зэргийг авч гарах гэснийг нь болиулж цагдаа дуудаад өгчихье гэхэд нөгөө 2 залуугаа дагуулан гараад явсан. Тухайн өдөр н.Өнөрзул нь нэг удаа орж ирсэн ба ямар ч хэрүүл зодооны зүйл гараагүй. Миний бие нь эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүнтэй ч хэрүүл, зодоон хийдэггүй. Энэ бүх болсон зүйлийг цагдаа, прокурор, шүүхийн шатанд үнэн зөвөөр хэлсээр байтал, худал үгэнд нь итгэж хилсээр ял өгсөнд их гомдолтой байна. Иймд үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэжээ

Шүүгдэгч Г.С  давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 7 сарын 21-ний өдөр өөрийнхөө төрж өссөн гэр болох нагац ах Ч.Болорхатаныдаа очсон. Намайг очиход ах гэрээ дотроос нь түгжээд өөрөө унтчихсан байсан. Би хаалгыг цохиод тайлахгүй болохоор нь тэднийхтэй ойрхон байдаг нагац ах Ч.Баярсайханыд очоод өдрийг өнгөртөл хүүхдүүдтэй нь тоглоод оройхон 19 цаг 20 минутын орчимд Болорхатан ахынд иртэл ах сэрчихсэн, гэрт нь В.Өнөрзул гэх эмэгтэй ирчихсэн хоёулаа байж байсан. Би ороод мэнд ус мэдэлцэхэд В.Өнөрзул намайг ихэд зэвүүцсэн харцаар харж, надтай харьцах ч үгүй байсан. Би Ч.Бо ахад хандан “Ч.Бо  ахаа банкны картаа өгөөч, би таны картаар мөнгө шилжүүлээд аваад өгье” гэхэд Ч.Бо ах “Миний картыг В.Өнөрзул авчихсан байгаа гээд В.Өнөрзулд хандан чи миний картыг дүүд өгчих гэтэл В.Өнөрзул учиргүй орилж, хашигчаад “Чи муу юу юм бэ? дандаа Ч.Болорхатанаас мөнгө авч байдаг” гэх зэргээр дайрч давшлаад байхаар нь “Үгүй ээ эгчээ аав, ээж мөнгө хийе гэнээ” гэсэн чинь нөгөө байдлаар дайраад “золбин гичий” гэх зэргээр дайраад байсан. Тэгснээ Ч.Бо ахын гэрээс угаалгын машиныг нь авахад би “Наадах чинь миний ахын хөрөнгө” гээд очоод булаацалдах гэсэн чинь шууд намайг түлхэн хана мөргүүлчихээд угаалын машинаа аваад гараад явчихсан. 2017 оны 7 дугаар сарын 21-ний үйл явдал ингээд дууссан. Үүний дараа 2017 оны 7 сарын 22-ны өдөр манай аав н.Гантулга, ээж н.Нарангэрэл нар Багануураас ирсэн ба 7 сарын 24-ний өдрийг хүртэл бид Баян суманд Ч.Бо  ахындаа байж байтал орой Ч.Бо , Ч.Ба  ах 2 зэрэг шахуу ажлаасаа ирцгээж, Ч.Бо ахынд сууцгааж байсан юм. Би гадаа утсаараа оролдоод шатан дээр сууж байтал В.Өнөрзул машиндаа 2 залуу суулгаж ирсэн ба Ч.Бо ахын гэр лүү орохдоо намайг “Цэхийсэн гичий” гэчихээд нөгөө 2 залуутайгаа дотогш орсон. Нөгөө хоёр залуу нь бүр дотогшоо ороогүй, үүдний хэсэгт зогсоод байсан. В.Өнөрзулын араас Ч.Бо  ахын гэрт ортол над руу дайраад дахиад цохь намайг зод гээд байсан. Би тэр хүнээс айж байсан болохоос тэр хүнийг цохиж, зодоогүй. Түүний биед учирсан гэмтэл нь хаанаас хэн учруулсаныг мэдэхгүй. Өөрөө өөртөө гэмтэл учруулчихаад эргэж биднийг гүтгэж, хэрэгт холбогдуулахаар улайран байгаа нь туйлын үнэн билээ. Шүүх хуралд оролцсон гэрч н.Бат-Эрдэнэ, н.Мөнх-Эрдэнэ хоёр нь В.Өнөрзулын санаанаасаа зохиосон зохиомол зүйлийг түүний талд худал гэрчилж ийм байдлыг бий болгосонд гомдолтой байна. Тухайн үед болсон бүх үйл явдлыг үнэн зөвөөр нь тодорхой ярьж, үйл явдлын талаарх бичлэгээ хүртэл нотлох баримтаар өгсөөр байтал шүүх гэм буруутай гэж торгох ял шийтгэсэнд гомдолтой байна. Би В.Өнөрзул гэх эмэгтэйд өөрөө зодуулсан болохоос тэр хүнийг зодоогүй. Иймд намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэдээ: “Шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүх хурал нэг давхарт болсон. 2 давхарт зөвлөлдөх тасалгаа байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал тайлбартаа: “Таньж олуулах ажиллагаа хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрчсөн. Гэрч Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг эргэлзээтэй байдаг. Ийм эргэлзээтэй байдлууд байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим хаачив гэдэгт гомдоод байгаа юм. Мөн шүүгч зөвлөлдөх тасалгаанд оролгүй шийдвэрээ гаргасан нь хууль ноцтой зөрчсөн асуудал юм. Миний үйлчлүүлэгч нар энэ гэмт хэргийг үйлдээгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү.”  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: “Шинжээчийн сүүлд гаргасан дүгнэлтийн хувьд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн болохгүй зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгчийн талаар гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нарыг мэтгэлцэх зарчмаар маш сайн хангасан. Шүүх хуралдаан завсарлаад орохдоо шүүгч эмээ уучаад ирлээ гэж хэлдэг. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх үндэстэй. Давж заалдах гомдолд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч В.Өнөрзул гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авдаг учраас намайг гэрч нарт үг зааж худал мэдүүлэг өгүүлсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нар, тэдгээрийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “ Шүүх Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрээр хэлэлцэнэ.” гэснийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан “Шүүхийн ажиллагаа хэрэг шүүхэд хүлээж авсанаас хойш шүүх хуралдаанаар шийдвэрлэж дуусах хүртэл бүхэлдээ хуульд нийцсэн, хуулийн дагуу явагдах учиртай. Анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 3 сарын 22-ны өдөр 12 цаг орчмын үед эхэлж, 19 цаг орчим хүртэл үргэлжилсэн билээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдаж, дүгнэлтийн хэсэг дуусч, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр шүүгч Ю.Энхмаа шүүх хуралдааныг завсарлуулсан. Шүүх хуралдаан завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж ганцаараа зөвлөлдөх хуультай. ЭХХШТХ-ийн 36.1 дүгээр зүйл. Шүүгч Ю.Энхмаа нь шүүх хуралдааны оролцогч биднийг шүүх хуралдааны танхим чөлөөлсний дараа араас гарч ирэн шатаар дээш гарч бодвол өрөөндөө орсон байх. Ойролцоогоор 1 цаг 40-50 минут орчмын дараа бууж ирж шийдвэрээ уншиж сонсгосон. Шүүгч шийдвэрээ гаргах зөвлөлдөх тасалгаа гэдэг бол бүх зүйлээс тусгаарлагдсан, гагцхүү тэр хэргийн шийдвэрийг л гаргахад зориулагдсан, шүүгчийн албан өрөөнөөс өөр тусгай тасалгаа байх учиртай. Нийтлэг байгаа практик бол шүүгч шүүх хуралдааны оролцогч нарыг танхимаас гаргаж, танхимдаа ганцаар үлдэж зөвлөдөг. Гэтэл энэ хэрэг дээр шүүгч Ю.Энхмаа өөрөө шүүх хуралдааны танхимаас гарч яваад хаана, хэнтэй, хэрхэн зөвлөлдөж шийдвэр гаргасныг таашгүй. ...Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал, хохирогчийн өмгөөлөгч Н.Баяр, прокурор Б.Сувд-Эрдэнэ нар нь шүүгчийг шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө шүүх хуралдааны танхимаас гарч өөр өрөөнд зөвлөлдөн, буцаж танхимд орж ирсэн гэдгийг мэдүүлж тайлбар өгсөн байна. Ч.Баярсайхан, Ч.Болорхатан, Г.С  нарт холбогдох эрүүгийн 1734001250081 дугаартай хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр тэмдэглэлд “шүүх хуралдааныг түр завсарлуулъя шүүх зөвлөлдөнө гээд шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров” гэж бичигдсэн байгаа боловч дээр дурьдсан бусад баримтаар шүүгч зөвлөлдөх тасалгаанд ороогүй болох нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан тул шүүхээс хэргийн үйл баримтын тогтоосон байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн хувьд хуульд заасан зарчим, үндэслэл, журамд хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд зааснаар шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргах шаардлагатайг дурдах нь зүйтэй байна.     

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Бо, Ч.Ба, Г.Ср нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ.БОЛОРМАА

                                                ШҮҮГЧИД                                 Т.БЯМБАЖАВ

 

                                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ