Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01916

 

АДГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01253 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1713 дугаар магадлалтай,

АДГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох, 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч АДГ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжаар АДГ ХХК-иас төлбөр гаргуулж Ч И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа НШШГГт явагдаж байсан бөгөөд АДГ ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллагаанд оролцож, эд хөрөнгийн үнэлгээг тус албанд удаа дараа гаргаж өгч байсан. НШШГГ-аас манай компанид мэдэгдэлгүйгээр үнэлгээчин томилж, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэснийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/01223 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн энэхүү шийдвэрт үнэлгээ хийгээд буй 5 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах биш шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тодорхой дарааллын дагуу явуулахыг тодорхойлсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжид дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар огт шийдвэрлээгүй болно. НШШГГ-аас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 4/5175 тоот мэдэгдлээр 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн, мөн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн. Үнэлгээчин нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд барилгын гүйцэтгэлийг 30 хувьтай мэтээр буруу тодорхойлсон байна. Өнөөдрийн байдлаар дээрх барилгуудын гүйцэтгэл нь 95 орчим хувьтай байгаа болно. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан ажиллагааг огт хийгээгүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Энэхүү мэдэгдэлд дурьдсанаар шинжээч нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэнээс хэт доогуур үнэлсэн болохыг мэдсэн. Иймд НШШГГ-аас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжийн дагуу АДГ ХХК-иас 666.591.362 төгрөг гаргуулж Ч И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч АДГ ХХК-ийн арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгө, төлбөр гаргуулж болох бусад хөрөнгүүдийг тодруулахаар холбогдох газруудаас лавлагаа авахад банкны дансны үлдэгдэлгүй, үнэт цаас, ашигт малтмалын лиценз, газар эзэмших эрх, өмчлөлийн бусад хөрөнгө байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Харин АДГ ХХК, түүний захирлын өмчлөлд Ч И ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842, Ү-2206021837, Ү-2206021838, Ү-2206021839, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга тогтоогдсон. Эдгээр хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 153/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1223 тоот шийдвэрээр хүчингүй болсон. Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Мөнх Оргил Трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч мөн л тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2307 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2241 тоот магадлалаар хүчингүй болсон. Бид талуудаас үнийн саналыг дахин авсан боловч тохиролцоогүй учир 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгон үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Төлбөр төлөгч АДГ ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Воли Аппартмент, 1003 тоот хаягаар захирал У.Баатарт 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/5176, 4/5175 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Иймд АДГ ХХК нь шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш төлбөр огт төлөөгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар байнга зайлсхийж, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...НШШГГ-аас гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулсан бөгөөд АДГ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгийн үнийн саналаа 3 удаа гаргаж өгсөн. Тухай бүртээ 1 м.кв-ын үнэ 3.800.000 төгрөг гэж зах зээлийн үнээс хэт өндөр үнийг санал болгож байсан. Тухайн барьцаа хөрөнгө болох хувийн орон сууц нь бүрэн ашиглалтанд ороогүй барилга тул манай байгууллага АДГ ХХК-ийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн үнэлгээчин томилуулж бодит үнэлгээ гаргуулах хүсэлтээ НШШГГт гаргасан. АДГ ХХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шиийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээний компаниуд болох Сэлэнгэ эстимент ХХК, Мөнх-оргил трейд ХХК, Баян модот ХХК-иудын гаргасан зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуулийн байгууллагыг төөрөгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар тасалдуулах, хугацаа алдуулах далд санаатай байгаа нь удаа дараа гаргаж байгаа үйлдлээс нь тодорхой харагдаж байна. Бид шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөгийг авч чадалгүй 2 жилийн нүүр үзэж байна. Үнэлгээ хийлгэсэн барилгууд нь одоо хүртэл бүрэн засвар дуусаж ашиглалтанд ороогүй, бохирын нэгдсэн шугам байхгүй, салгаж худалдаалах, амьдран суух боломжгүй учир шинжээчийн гаргасан үнэлгээг бодитой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01253 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээч Баян Модот ХХК-ийн хийсэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18/03/22 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн АДГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1713 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Баатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг бүрэн эдлүүлээгүй болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаанд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал оролцож өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхийг эдлүүлээгүй процесс ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Нөгөө талаар Баян модот ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан байх бөгөөд тайланд үнэлгээг зөвхөн эд хөрөнгийн өртгийн хандлагын аргыг ашиглан гаргасан тухай тусгасан байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...Өртгийн, жишиг үнийн, орлогын” гэсэн аргуудыг хослуулан холбогдох хууль, дүрэм журам стандартад нийцүүлэн хийхийг маш тодорхой зохицуулсан. Баян модот ХХК-ийн хуулийн уг заалтыг ноцтой зөрчиж зөвхөн өртгийн аргыг хэрэглэж үнэлгээ хийсэн нь бодит байдалд нийцэхгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй байдалд хүргээд байна. Мөн шинжээч нь үйл ажиллагаандаа Үнэлгээний олон улсын стандарт 2017 баримталсан болохоо тайландаа тусгасан байдаг. Энэхүү Үнэлгээний олон улсын стандартын 60 дугаар зүйлийн 60.2-н б-д “хөрөнгө нь орлого шууд бий болгодоггүй бөгөөд тухайн хөрөнгийн өвөрмөц онцлог нь орлогын хандлага эсвэл зах зээлийн хандлагыг ашиглах ямарч боломжгүй” тохиолдолд өртгийн аргыг хэрэглэхээр заасан байна. Уг зохицуулалттай мөн Баян модот ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан нь эрс зөрчилдөж байна. Тайлангийн 3.2-д орлого бий болгох үндэслэлийг заасан боловч тодорхой үндэслэлийг гаргаж тавилгүй хэт нэг талыг барьж хууль зөрчсөн байна. Мөн тайлангийн 3.3-д зах зээлийн үнэлгээний талаар бодит байдалд нийцээгүй, дутуу барилга учраас гэсэн үндэслэлээр зах зээлийн аргыг хэрэглээгүй байна. Зах зээл дээр дутуу баригдсан барилга зарагдаж буй тохиолдолд маш олон бөгөөд зарагдах, зах зээлийн үнийг бий болгох бүрэн боломжтой юм. Давж заалдах шатны шүүх шинжээч буюу Баян модот ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өртгийн хандлагын аргыг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд Өртгийн, зах зээлийн, орлогын хандлагыг хослуулан үнэлгээ хийнэ гэж маш тодорхой зохицуулсан. Мөн үнэлгээний Олон Улсын стандарт 2017-д энэ тухай тодорхой заасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар олон улсын стандартыг дагаж мөрдөж болохыг зохицуулсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан зөвхөн өртгийн хандлагаар үнэлж байгаа дүгнэлтийг зөв хэмээн дүгнэж буй нь шүүхийн шийдвэр илт нэг талыг барьсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай огт нийцэхгүй зөрчиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

АДГ ХХК, НШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх  эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж,  үндэслэлээ “...5 үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэл нь 95 орчим хувьтай атал 30 хувь мэтээр тодорхойлж, үнэлгээг багаар тогтоосон...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “үнэлгээ бодитоор тогтоогдсон...” гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч Ч И ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож хариуцагчийн тайлбарыг дэмжжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

АДГ ХХК-с 666.591.362 төгрөг гаргуулж Ч И ХХК-д олгох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар шийдвэрийг НШШГГ албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Уг ажиллагааны явцад төлбөр төлөгчийн 5 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэн, анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот тогтоолоор Баян модот ХХК-г шинжээчээр томилжээ.

Шинжээч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын  зориулалттай, дутуу баригдсан /17090/, 26/3 тоотыг 242.517.466 төгрөгөөр, 26/4 тоотыг 242.499.466 төгрөгөөр, 26/5 тоотыг 255.568.492 төгрөгөөр, 26/7 тоотыг 283.060.501 төгрөгөөр, 26/8 тоотыг 269.562.016 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Нэхэмжлэгчийн “95 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 30 хувийн гүйцэтгэлтэй гэсэн,  үнэлгээг зах зээлийн үнээс багаар зөвхөн өртөгийн хандлагын аргаар тодорхойлсныг шүүх анхаараагүй...” тухай гомдол үндэслэлгүй байна.

Баян модот ХХК үнэлгээ тогтоохдоо барьж дуусаагүй барилга тус бүрийн гүйцэтгэлийг тодорхойлж, 80-95 хувьтай байгааг үнэлгээний тайландаа тодорхой тусгасан байна.

Шинжээч үнэлгээ тогтоохдоо зөвхөн өртөгийн хандлагын аргыг хэрэглэсэн тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ заагаагүй, зохигч энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй боловч тухайн хөрөнгө баригдаж дуусаагүйгээс зах зээлийн болон орлогын хандлагын аргаар үнэлгээ тогтоох нөхцөл бүрдээгүйг шинжээч дүгнэлтдээ тодорхой заасан байна.

Шинжээч зах зээлийн болон орлогын хандлагын аргаар үнэлгээ тогтоогоогүй хэдий ч үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх давуу байдал буюу гадаад дотоод орчин, байршил, орлого олох боломжийг харгалзан үзсэн нь үнэлгээний тайланд тусгагджээ. Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан үзэх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Хоёр шатны шүүх шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1713 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

              ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ