Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1253

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 04 өдөр            Дугаар 181/ШШ2018/01253          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж 17, “Воли Апартмент” 1001 тоотод байрлах, “АДГ” ХХК /РД:5453038/-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, НШШГГт холбогдох иргэний хэрэгт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны 43, 102 тоотод байрлах, “ЧИББСБ” ХХК /РД:2703599/-ийг оролцуулан,

 

Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжаар “АДГ” ХХК-аас төлбөр гаргуулж “Чинбаа инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа НШШГГт явагдаж байсан бөгөөд “АДГ” ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллагаанд оролцож, эд хөрөнгийн үнэлгээг тус албанд удаа дараа гаргаж өгч байсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанид мэдэгдэлгүйгээр үнэлгээчин томилж, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэснийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/01223 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн энэхүү шийдвэрт үнэлгээ хийгээд буй 5 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах биш шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тодорхой дарааллын дагуу явуулахыг тодорхойлсон болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжид дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар огт шийдвэрлээгүй болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 4/5175 тоот мэдэгдлээр 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн, мөн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн.

Үнэлгээчин нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд барилгын гүйцэтгэлийг 30 хувьтай мэтээр буруу тодорхойлсон байна. Өнөөдрийн байдлаар дээрх барилгуудын гүйцэтгэл нь 95 орчим хувьтай байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад ажлын 3 хоногийн дотор мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгон зохицуулсан байна.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан ажиллагааг огт хийгээгүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг манай компанид ирүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлд дурьдсанаар шинжээч нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэнээс хэт доогуур үнэлсэн болохыг мэдсэн болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжийн дагуу “АДГ” ХХК-аас 666,591,362 төгрөг гаргуулж “ЧИББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч “АДГ” ХХК-ийн арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгө, төлбөр гаргуулж болох бусад хөрөнгүүдийг тодруулахаар холбогдох газруудаас лавлагаа авахад банкны дансны үлдэгдэлгүй, үнэт цаас, ашигт малтмалын лиценз, газар эзэмших эрх, өмчлөлийн бусад хөрөнгө байхгүй гэсэн хариу ирүүлсэн.

Харин “АДГ” ХХК, түүний захирлын өмчлөлд “ЧИББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842, Ү-2206021837, Ү-2206021838, Ү-2206021839, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга тогтоогдсон.

Эдгээр хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 153/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1223 тоот шийдвэрээр хүчингүй болсон.

Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч мөн л тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2307 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2241 тоот магадлалаар хүчингүй болсон.

Бид талуудаас үнийн саналыг дахин авсан боловч тохиролцоогүй учир 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр “Баян Модот” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгон үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон.

Төлбөр төлөгч “АДГ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, Воли Аппартмент, 1003 тоот хаягаар захирал У.Баатарт 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/5176, 4/5175 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж байна.

Иймд “АДГ” ХХК нь шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш 1 ч төгрөгийн төлбөр төлөөгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар байнга зайлсхийж, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“АДГ” ХХК-аас 665,700,000 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест” ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32016/21412 тоот захирамж гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулсан бөгөөд “АДГ” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгийн үнийн саналаа 3 удаа гаргаж өгсөн. Тухай бүртээ 1 м.кв-ын үнэ 3,800,000 төгрөг гэж зах зээлийн үнээс хэт өндөр үнийг санал болгож байсан. Тухайн барьцаа хөрөнгө болох хувийн орон сууц нь бүрэн ашиглалтанд ороогүй барилга тул манай байгууллага “АДГ” ХХК-ийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн үнэлгээчин томилуулж бодит үнэлгээ гаргуулах хүсэлтээ НШШГГт гаргасан.

“АДГ” ХХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шиийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээний доорх компаниуд болох “Сэлэнгэ эстимент” ХХК, “Мөнх-оргил трейд” ХХК, “Баян модот” ХХК-уудын гаргасан зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуулийн байгууллагыг төөрөгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар тасалдуулах, хугацаа алдуулах далд санаатай байгаа нь удаа дараа гаргаж байгаа үйлдлээс нь тодорхой харагдаж байна.

Бид шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөгийг авч чадалгүй 2 жилийн нүүр үзэж байна. Үнэлгээ хийлгэсэн барилга болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, нүхтийн ам 17090/ 26/3 тоот 144.81 м.кв, 26/4 тоот 144.81 м.кв, 26/5 тоот 140.39 м.кв, 26/7 тоот 145.25 м.кв, 26/8 тоот 145.28 м.кв 5 ширхэг хувийн сууц барилгууд нь одоо хүртэл бүрэн засвар дуусаж ашиглалтанд ороогүй, бохирын нэгдсэн шугам байхгүй, салгаж худалдаалах, амьдран суух боломжгүй учир шинжээчийн гаргасан үнэлгээг бодитой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АДГ” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Баян Модот” ХХК-ийн гаргасан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18/03/22 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй “ЧИББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжаар “АДГ” ХХК-аас 400,311,362.5 төгрөг гаргуулж “ЧИББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 101/ГХ2016/02389 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16280851 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа хийгдэж байна.

 

НШШГГ нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох “АДГ” ХХК, У.Баатар нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021837 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/3 тоотод байрлах 144,81 м.кв талбайтай дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021838 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/4 тоотод байрлах 144,81 м.кв талбайтай дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021839 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/5 тоотод байрлах 140,39 м.кв талбайтай дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/7 тоотод байрлах 145,28 м.кв талбайтай дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/8 тоотод байрлах 145,28 м.кв талбайтай дуусаагүй барилгуудыг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 153/01 тоот актаар битүүмжилж, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17/05 тоот актаар хураах ажиллагааг хийжээ.

 

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5-д заасны дагуу хийгдсэн эдгээр ажиллагаанд төлбөр төлөгч “Аи Ди групп” ХХК нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу гомдол гаргаагүй тул шүүх үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдааны санал болгох доод үнийг талууд харилцан тохиролцоогүйн улмаас эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр хариуцагч нь 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн боловч уг үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлоор тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээг хүчингүй болгосон, үүний улмаас хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн боловч шүүх мөн л нэхэмжлэгчийн гомдлоор 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээг хүчингүй болгосон нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хэн аль нь тайлбарлаж буй энэ үйл баримттай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй боловч энэ талаар нэгэнт маргаагүй тул шүүх нотлох ажиллагаа хийхгүй болно.

 

Шинжээчдээс урьд гаргасан үнэлгээг ийнхүү хүчингүй болгосон тул НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үнэ тохиролцох боломжтой эсэхийг тодруулах ажиллагааг дахин явуулах шаардлагатай болж, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 4/1766 тоот мэдэгдлээр үнийн санал авах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/3 тоотод байрлах эд хөрөнгийг 550,278,000 төгрөгөөр, 26/4 тоотод байрлах эд хөрөнгийг 550,278,000 төгрөгөөр, 26/5 тоотод байрлах эд хөрөнгийг 533,482,000 төгрөгөөр, 26/7 тоотод байрлах эд хөрөнгийг 552,064,000 төгрөгөөр, 26/8 тоотод байрлах эд хөрөнгийг 552,064,000 төгрөгөөр тус тус үнэлсэн саналаа 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2 тоот албан бичгээр гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй болох нь “ЧИББСБ” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 08/018 тоот эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлтээр тогтоогдож байна.

 

Ийнхүү харилцан тохиролцоогүй байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилох үндэслэлийг бүрдүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот тогтоолоор ”Баян Модот” ХХК шинжээчээр томилогдож, үнэлгээ хийжээ.

 

ШинжээчБаян Модот” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/3 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 242,517,466 төгрөгөөр, 26/4 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 242,499,466 төгрөгөөр, 26/5 тоотод байрлах 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 255,568,492 төгрөгөөр, 26/7 тоотод байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 283,060,501 төгрөгөөр, 26/8 тоотод байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 269,562,016 төгрөгөөр буюу нийт 1,293,207,941 төгрөгөөр үнэлсэн байх ба энэ тухай нэхэмжлэгч, өмчлөгч нарт анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогдсон дээрх үнэлгээний 70%-аар тооцож тогтоох болсныг мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/5175, 4/5176 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байна.

 

Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан нэхэмжлэгч нь эс зөвшөөрсөн гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д  заасан хугацааны дотор шүүхэд гаргаж, зах зээлийн үнээс хэт хямд үнэлгээ тогтоосон, 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 30 хувийн гүйцэтгэлтэй мэтээр үнэлсэн гэх үндэслэлүүдээр шинжээчБаян Модот” ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхийн хүрээнд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үнэлгээний аргуудаас илүү ач холбогдолтой гэж үзсэн өртгийн хандлагын аргыг сонгож, хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг 80-95 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж үнэлсэн байх тул 30 хувийн гүйцэтгэлтэй мэтээр үнэлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Хэргийн баримтаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч гомдлын шаардлагын энэ үндэслэлээ баримтаар өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд хүсэлт гаргах замаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар гаргасан шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтаа шүүхэд нэхэмжлэлийн хамт гаргах үүргээ биелүүлээгүй, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүсэлт гаргах замаар шүүхээр бүрдүүлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх “АДГ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

НШШГГ нь ажиллагааны явцад хүчин төгөлдөр болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн Наймдугаар бүлэгт заасан төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмын дагуу зохих ажиллагааг мөн гүйцэтгэсэн байх боловч төлбөр төлөгч “АДГ” ХХК-д мөнгөн хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, хөрөнгийн эрх, тоног төхөөрөмж, бараа материал байхгүй болох нь баримтаар тогтоогдсон тул шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрөөс огт төлөлт хийгээгүй “АДГ” ХХК-ийн зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг буруутгах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан шинжээч “Баян Модот” ХХК-ийн хийсэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18/03/22 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “АДГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА