Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 91

 

Д.Батцоож, Ц.Батмөнх нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалтай, 201414000421 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Даш овогт Доржсүрэнгийн Батцоож нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жунтон овогт Цэндийн Батмөнх нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн мод худалдан авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц.Батмөнхийг зөвшөөрөлгүй мод худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг 1 жил 06 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 1 жил 06 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Батмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Батцоож мод нь баригдаад ирэхээр төлбөр төлүүлчих хүн хайж намайг гүтгэж байна. Батцоожийн зорилго бол төлбөр төлүүлэх. Батцоож сүүлдээ мөнгө төлөхгүй бол чамайг чирнэ гэж дарамталж над руу 70 гаруй удаа залгаж, ярианы бичлэгийг тасдаж CD-д буулгасан байсан. Батцоож Булган аймагт хууль бус модны хэрэгтэй байж байгаад 2014 оны 07 дугаар сард прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Гэтэл энэ хэрэг 2014 оны 05 дугаар сард гарсан. Манай эхнэр цагдаад шилжүүлж өгөөч, байгаль орчин дээр хяналтын камер шүүж өгөөч, энэ хэрэгт манайх ямар ч хамаа байхгүй гэж хүсэлт гарган удаа дараа очсон. Гэтэл цагдаагийн газар хэргийг дарж байгаад Батцоожийн Булган аймаг дахь хэрэг дууссаны дараа 8 дугаар сарын 26-нд гаргаж ирсэн. Батцоожийн найз Алтаншагай гэх мөрдөн байцаагч “та хоёр мөнгөө хоорондоо тохир, чи төлбөрөө төлчих юм бол гайгүй сална, эсвэл мөнгөө надад хадгалуулбал мэдүүлгийг нь өөрчилнө” гэж хэлж байсан. Булган аймаг болон энэ хэрэгт холбогдсон машин гэрч Золбоогийнх, Батцоож энэ хоёр бол хамтрагчид. Машинаа хураалгахгүйн тулд Батцоож хэргийг ганцаараа дааж байна. Золбоо, Батцоож нар тухайн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нойтон модонд явж удаа дараа зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулж байсан. Би ямар ч мөнгө Батцоожид өгөөгүй, бид хоёр уулзаагүй, Золбоо ахыгаа өмөөрч худал мэдүүлэг өгч байна. Үнэнбат нь Батмөнхөөс мөнгө авсан талаар юу ч хэлдэггүй, бид таксины мөнгөгүй байсан учир муудалцаж Батцоож, Золбоо хоёрыг л чадах зорилгоор модыг нь илчилсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэгт учир нь олдохгүй зүйл маш олон байна. Батцоож мод хийсэн газраа зааж чаддаггүй, Согоотын ам гэдэг газрыг анхны шүүх хурал дээр мэдэхгүй байсан. Учир нь Батцоож Согоотын ам биш Булган аймгаас мод хийсэн. Булганаас хийсэн гэхээр хэрэг хүндэрнэ гэж худал хэлээд байна. Тухайн өдөр гэртээ байсан манай эхнэрийн мэдүүлгийг авч хэлэлцэхгүй, намайг мөнгө авсан гэж худал гүтгэж байна. Үүнийг сайн шалгах хэрэгтэй, модны хоёр хулгайч нэг нь хэргээ үүрээд нөгөө нь гэрч болж байгааг сайтар тунгаан, үнэн зөвийг олж шударгаар шүүж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Би маш их гомдолтой байна, ямар ч буруугүй хүнийг гүтгэн гүжирдэж байна” гэжээ.

Шүүгдэгч Ц.Батмөнхийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Шүүхийн тогтоол, магадлалд Ц.Батмөнхийг хууль бусаар бэлтгэсэн мод худалдан авсан гэх үйлдэл, модыг 300,000 төгрөгөөр худалдан авсан, өөрийн хашаанаасаа арын хашаанд зөөлгүүлж буулгасан болох нь Ш.Эрдэнийн мэдүүлэг, Д.Батцоожтой муудалцаад түүний талаар Байгаль орчны байцаагчид мэдээлэл өгч, дараа нь Д.Батцоожийн гуйлтаар худал мэдүүлэг өгсөн Ш.Үнэнбатын мэдүүлэг, эсрэг сонирхолтой шүүгдэгч Д.Батцоожийн мэдүүлэг, Д.Батцоожийн дүү Б.Золбоогийн мэдүүлэг, дуу бичлэгийн хуурцаг зэргээр нотлогдож байна хэмээн дүгнэж, түүнийг гэм буруутай гэж үзэж байгаа нь хэрэгт байгаа дараах нотлох баримтуудыг харьцуулан авч үзэхэд үгүйсгэгддэг юм. Эсрэг сонирхолтой шүүгдэгч Д.Батцоожийн мэдүүлэг болон түүний төрсөн дүү Б.Золбоо нарын мэдүүлгээр Ц.Батмөнхийн гэм бурууг тогтоох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчимд нийцэхгүй. Ц.Батмөнх нь Золбоогоос модыг худалдан авсан, төлбөр төлснийг батлах ямар ч нотлох баримт байхгүй. Д.Батцоож эхлээд Ц.Батмөнхийн эхнэр Баярмаагаас 200,000 төгрөг шууд авсан гэж мэдүүлсэн ба Үнэнбат, Золбоо, Шижирбат нартай “Оргилуун” буудалд архи уугаад буудлын хөлсөнд төлөх мөнгөгүйгээс маргалдан Үнэнбатыг орхиод явсан учраас Үнэнбат байгаль орчны байцаагчид мэдээлэл өгсөн нь тогтоогдсон. Энэ байдал нотлогдоод ирэхээр маргааш нь Ц.Батмөнхөөс 200,000 төгрөг авсан болж хувирч, үүнийгээ дүү Б.Золбоогоороо гэрчлүүлсэн байдаг. Гэтэл шүүх 300,000 төгрөгөөр модыг худалдан авсан гэж дүгнэсэн нь таамаглалын шинжтэй байна. Модыг анх Шижирбаттай хамт явж бэлтгэсэн гэж Д.Батцоож мэдүүлсэн ба үүнийг нь Шижирбат үгүйсгэхээр ганцаараа явж бэлтгэн Ц.Батмөнхийн хашаанд буулгаад дараа нь Үнэнбат, Золбоо нартай Ц.Батмөнхийн хашаанаас ачсан гэж мэдүүлдэг. Гэрч Үнэнбат урьд шөнө буулгасан гэх модыг ачсан гэдэг бол Золбоо 2-3 хоногийн өмнө буулгасан модыг ачсан гэж зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Үнэнбатыг дахин асуулгахаар хүсэлт гаргахад мөрдөн байцаагч олдоогүй гэх тодорхойлолт бичиж хэрэгт хавсаргасан ба шүүх хуралдаанд оролцуулах гэхэд хаягтаа байхгүй гэсэн байдаг. Ц.Батмөнх хаягаар нь очиход Үнэнбат байсан ба би Батцоожид нээнтэгтэй учир яалт ч үгүй худлаа мэдүүлэг өгсөн, одоо шүүхэд очмооргүй байна, та нар түүгээрээ учраа ол гэсэн гэж Ц.Батмөнх мэдүүлж байгааг шалгаж нягтлах боломжгүй буюу шаардлагагүй байдгийн учир юу вэ. Энэ хэргийн талаар өгсөн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын мэдээллийг Цагдаагийн байгууллага дарж, улмаар уг мэдээллийг устгаж, энэ хугацаанд буюу уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 2015 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн Д.Батцоож нь Ц.Батмөнх рүү ярьж хэрэгт татах, төлбөр хариуцуулах талаар 70 гаруй удаагийн хандалт хийж, улмаар түүнийгээ бичлэг болгон хадгалж, хожим Ц.Батмөнхийг буруутай болгох нотлох баримт сэлт болгон гаргаж өгсөн байдалд шүүх дүгнэлт өгөх ёстой. Шийтгэх тогтоолд хуурцагт бичигдсэн ярианы агуулга, хандлагад биш хуурцаг гэдэг эд зүйлээр нотолгоо болгосон нь илт буруу. Шүүх Ц.Батмөнх, гэрч Баярмаа нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Ц.Батмөнхийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэстэй гэж дүгнэжээ. Ингэхдээ шүүх гэрч Буянаа, Нямсүрэн, Чулуунцэцэг, Чинбат нарын мэдүүлэг буюу Ц.Батмөнхийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтыг яагаад үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх мэдүүлгүүд буюу нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнээгүй атлаа үнэлэхгүй байгаа нь шүүх хэт яллах талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байгааг харуулна. Аливаа эд зүйлийг худалдах, худалдан авах гэдэг хоёр талт харилцаа юм. Гэтэл Д.Батцоожийг хууль бусаар мод бэлтгэн худалдсан Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бие даасан бүрэлдэхүүнээр ял халдаагаагүй атлаа Ц.Батмөнхийг түүнээс хууль бус мод худалдан авсан гэж ял оноосон нь хууль бус байна. Энэ тохиолдолд хууль бус мод худалдсан гээд байгаа Д.Батцоожийг хариуцлагаас чөлөөлсөн, эсхүл Ц.Батмөнх өөр этгээдээс уг модыг худалдан авсан, гэхдээ тэрхүү худалдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон тохиолдолд л Ц.Батмөнхөд дангаар нь ял халдаах боломжтой юм. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан нэмэгдэл ялыг ийм хэрэгт заавал хэрэглэх атал шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын дугаар, бүртгэлтэй тухайн тээврийн хэрэгслийг шүүх шууд хураах ба иргэд хоорондоо солилцсон, зарсан бол холбогдох тооцоогоо иргэний журмаар хийх учиртай. Золбоо анх явахдаа машиныг Батцоож модонд явна гэж хэлээгүй, бид хоёр дундаа унадаг гэх боловч Ц.Батмөнхийн хашаанаас нойтон мод ачихад машинаа ашигласан юм бол хуулийн энэ заалт хамаарах ёстой. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан үнэлж дүгнэхдээ хялбарчилж, яллах дүгнэлтэд бичсэн гэрчүүдийн мэдүүлгийг тэр чигт нь бичиж шийдвэрээ гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа өмнө нь энэ хэрэгт гаргаж байсан дээд шатны шүүхийн тогтоолд заасан нөхцөл байдлыг анхаарахгүй орхиж, нотлох баримтыг гагцхүү яллах талаас үнэлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3, 319 дүгээр зүйлийн 319.1.2-319.1.4 дэх заалтыг зөрчсөн байх тул хэргийг хянаж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ц.Батмөнхөд холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгт цугларсан бүх гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Батмөнхийн үйлдэл нотлогддог. Шүүгдэгч Д.Батцоожийн мэдүүлэг хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэгтэй тохирдог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Батцоож нь 2014 оны 05 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын “Согоотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.036 м3 хэрэглээний нойтон Шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Батмөнх нь 2014 оны 05 дугаар сард Д.Батцоожийн Ойн тухай хууль тогтоомж зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нойтон Шинэс модыг худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Д.Батцоож, Ц.Батмөнх нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус зөв хэрэглэсэн байна гэж үзэв.

Уг гэмт хэргийн улмаас ойн санд 1,114,819 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад зааснаар хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,344,457 төгрөгөөр тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх “мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийг хураан авах, битүүмжлэх талаар арга хэмжээ аваагүй, уг тээврийн хэрэгсэл нь хаана, хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх нь  анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ц.Батмөнхийн “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн “...Ц.Батмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                       

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН