| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 186/2017/0090/Э |
| Дугаар | 443 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 443
А.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ, даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор П.Нямцэцэг,
хохирогч Л.З
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Тд холбогдох эрүүгийн 201301051244 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт А.Т, 1970 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, охин, хүргэний хамт .... тоотод оршин суух хаягтай боловч одоо .... тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:..../,
Шүүгдэгч А.Т нь 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Заас “манай хүүхэд Солонгос улсад сурдаг, төлбөрийг нь төлөх гэсэн юм” гэж худал хэлэн, Ц.Бын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 10-4 тоотод байх 2 давхар байшинг барьцаалан 11 000 000 төгрөг, мөн 2013 оны 02 дугаар сард “Сар шинэ” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэл 200 000 төгрөг төлчихөөд “Хаан” банкнаас зээл авч чиний мөнгийг төлнө гэж хуурч 200 000 төгрөг нэмж аван нийт 11 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” нэртэй барилга дотор байрлах “Хаан” банкинд хохирогч Ц.Б-с “Улаанбаатар хот дахь зээлээ чөлөөлүүлэн Дархан-Уул аймгаас Болорсайханы нэр дээр 30 000 000 төгрөгийн зээл авна” гэж хуурч 28 556 650 төгрөгийн зээлийг чөлөөлүүлэн, түүнд 28 556 650 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.О алтан нуухтай дунд гарын хөөргийг зарж өгнө гэж хуурч Ч.М авч Х.О 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Я.А Солонгос улсад суугаа нөхөр лүүгээ өгч явуулахаар худалдан авна гэж хуурч хуучны алтан нуухтай, дунд гарын харлаг манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэгийг залилан авч 12 500 000 төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшээ Гүн” ХХК-ийн байранд Д.Б гадаадаас элэгний эм оруулж ирэх ашигтай бизнест хамтран ажиллана гэж хуурч 4 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Тийг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.Тд 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч А.Тийн цагдан хоригдсон нийт 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Тээс нийт 35 986 650 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Зд 10 450 000 төгрөг, хохирогч Н.Б 20 736 650 төгрөг, хохирогч Д.Б 4 800 000 төгрөгийг тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн торгон эмжээртэй, цагаан шаргал өнгийн хээтэй, цэнхэр өнгийн торгон даалинтай, сүүлийн үеийн даваа толгойтой, нуухны тав нь мөнгөн, ясан халбагатай, хуучин цагийн харлаг манан хөөрөг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Я.А буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хийсэн үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохирогчдоо гомдолгүй болгох болно. Миний бие нь “Түмэн гэгээ” ХХК, эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх байгууллага”-д захирлаар ажилладаг. Одоо манай компани нь “Түмэн гэгээ” эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлөө Эрүүл мэндийн яамнаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2017 оны 2 дугаар улирлаас эхлэн улиралд 500 000-530 000 төгрөгний татвар төлдөг байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь жигд явагдаж байгаа түүхтэй компани билээ. Миний бусдад учруулсан хохирол 63 056 650 төгрөг байснаас 27 700 000 төгрөгний хохирлоо төлсөн одоо 35 986 650 төгрөгний хохирол үлдсэн байгаа. Бусдад учруулсан хохирол, гэм буруутай үйлдэлдээ маш их харамсан гэмшиж, ухамсарлан ойлгож байна. Үлдсэн хохирлоо бүрэн барагдуулж, хохирогч нараа гомдолгүй болгох болно. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Иймд ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанлд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ам бүл 3 буюу хүргэн, охин нарын хамтаар амьдардаг. Дархан-Уул аймагт оршин суудаг. Өөрөө гарч байж хохирлыг төлөх боломжтой. Ажиллуулдаг компани нь Улан-Удэ хотод эм оруулж ирэх гэрээтэй бөгөөд энэ үйл ажиллагаа амжилттай хийгдвэл хохиролыг бүрэн төлөх боломжтой гэж үзэж байна. Иймд түүнд торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэх байна...” гэв.
Хохирогч Л.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оноос хойш хохиролд нийт 750 000 төгрөг авсан байгаа. Нийт 11 200 000 төгрөг надаас авсан одоогийн байдлаар 10 450 000 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй болно...” гэв.
Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Т нь нийт 5 удаагийн үйлдлээр бусдад 63 056 650 төгрөгийн хохирол учруулсан. Яллах дүгнэлтэнд тодорхой тусгаж шүүхэд шилжүүлсэн. Нотлох баримт бүрэн хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны дагуу хийгдэж үйлдэл нь тогтоогдсон. Одоог хүртэл хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Мөн тус компаний үйл ажиллагаа тогтворжоогүй байх тул түүнийг компанийн үйл ажиллагаагаар хохирол төлнө гэдэг боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч А.Т нь 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Заас “манай хүүхэд Солонгос улсад сурдаг, төлбөрийг нь төлөх гэсэн юм” гэж худал хэлэн, Ц.Б эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 10-4 тоотод байх 2 давхар байшинг барьцаалан 11 000 000 төгрөг, мөн 2013 оны 02 дугаар сард “Сар шинэ” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэл 200 000 төгрөг төлчихөөд “Хаан” банкнаас зээл авч чиний мөнгийг төлнө гэж хуурч 200 000 төгрөг нэмж аван нийт 11 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” нэртэй барилга дотор байрлах “Хаан” банкинд хохирогч Ц.Б “Улаанбаатар хот дахь зээлээ чөлөөлүүлэн Дархан-Уул аймгаас Б нэр дээр 30 000 000 төгрөгийн зээл авна” гэж хуурч 28 556 650 төгрөгийн зээлийг чөлөөлүүлэн, түүнд 28 556 650 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.О алтан нуухтай дунд гарын хөөргийг зарж өгнө гэж хуурч Ч.М авч Х.О 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Я.А Солонгос улсад суугаа нөхөр лүүгээ өгч явуулахаар худалдан авна гэж хуурч хуучны алтан нуухтай, дунд гарын харлаг манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэгийг залилан авч 12 500 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшээ Гүн” ХХК-ийн байранд Д.Б гадаадаас элэгний эм оруулж ирэх ашигтай бизнест хамтран ажиллана гэж хуурч 4 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу 5 удаагийн үйлдлээр нийт 63 056 650 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Зын: “...би 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр интернэт орж 10 сая төгрөг 6 сарын хугацаатай мөнгө зээлдүүлнэ гэсэн зар тавьсан. 2012 оны 12 дугаар сарын 19-нии өдөр Т гэдэг хүнтэй уулзсан. Т "манай хүүхэд Солонгос улсад сурдаг, хүүгийнхээ төлбөрийг төлөх гэсэн юм. Чи 10 сая төгрөг дээрээ нэмээд 1 сая төгрөг нийт 11.000.000 төгрөг зээлдүүлж чадах уу" гэсэн. Харин би "тэр болно, та ямар хугацаатай, барьцаанд нь юу тавих юм" гэж асуухад Т нь барьцаанд Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг 2 хороолол 10-4 тоот гэсэн Цэндийн Б гэсэн хүний нэр дээр 000194923 улсын дугаар 2003015931 тоот гэрчилгээтэй 126 кв метр 2 давхар өвлийн байшинг Толомт банкинд 10 сая төгрөгний барьцаанд тавих эрхийг олгов гэсэн итгэмжлэл үзүүлсэн. Мөн үл хөдлөх хашаа байшингийн гэрчилгээний эх хувь, "Түмэн гэгээ" ХХК гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, түрээсийн гэрээ зэрэг баримт бичгийг надад барьцаанд үлдээж надаас 11.000.000 төгрөгийг бэлнээр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. 1 сарын хугацаа дуусаад Тээс мөнгө авмаар байна гэж хэлэхэд Т би банкнаас зээл хөөцөлдөж байгаа мөнгөө аваад зээлээ алданга, хүүгээ бүрэн төлнө санаа зоволтгүй гэсэн. 2013 оны 02 сард Т залгаад Хаан банкинд зээлийн бичиг баримт бүрдүүлж байгаа чамд барьцаанд тавьсан миний хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Түмэн гэгээ компанийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгтэй байна, Хаан банкнаас зээл аваад бүх мөнгөө төлнө гэсэн.
Нэг өдөр Т "Сар шинэ" гэдэг банк бус санхүүгийн газар хүнд зээл авч өгсөн байсан тэнд 200.000 төгрөгний үлдэгдэлтэй байна энэ мөнгииг төлөхгүй бол зээл өгөхгүй байна гэж хэлэхээр би Тд 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш утсаа авахгүй зээл бүтээгүй хүлээгдээд байна гэх мэт худлаа ярьж байгаад сүүлдээ утсаа авахгүй уулзахаа больсон...”/хх-9/,
гэрч Ю.Б: “...Т зээл авч болно хэд л бол хэдэн төгрөгний зээл авч болно гэхээр нь 5 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дарханд ирээд бид 2 уулзсан. Би Тд манай нөхрийн нэр дээр байдаг улсын бүртгэлийн У-2003015931 тоот гэрчилгээ 126 м.кв 2 давхар байшингиин гэрчилгээ, 500 м.кв хэмжээтэй газрын гэрчилгээний хамт 2 гэрчилгээг 10 сая төгрөгний барцаанд тавьж болохоор итгэмжлэл хийж өгсөн. 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Т Голомт банкнаас 6 сая төгрөгний зээл авсан гээд надад 3 сая төгрөг өгсөн. 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 166.000 төгрөг зээлийн төлөлт гэж Тийн Хаан банкны 5007635846 гэсэн данс руу хийсэн. 2013 оны 2 сард Голомт банкнаас авсан мөнгөө чөлөөлсөн, Хаан банкнаас зээл авахаар болсон гээд Дарханаас манай хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа гаргуулж авсан. Т зээл бүтэхгүй байна гээд 2013 оны 4 сард надад 1 сая төгрөг өгсөн. Хаан банкнаас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр залгаж Б гэдэг хүний утас мөн үү гэж асуугаад та 2 Тд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ итгэмжлэл гаргаж өгсөн үү энэ хүн зээлээ байнга удаашруулж хэл ам татдаг одоо зээлээ төлөхгүй 20 хоночихлоо 90 хоног болвол хашаа байшинг хураана гэсэн. Хаан банк Тийг сард 1,7 сая төгрөг төлөх ёстой гэсэн...”/хх-10/,
гэрч С.Б: “...манай ээж З гэдэг хүнээс 11.200.000 төгрөг зээлж авсан талаар мэдэж байсан. Энэ зээлсэн мөнгөө "Түмэн гэгээ" сургалтын төвийн ажилд зарцуулсан...” /хх-12/,
Хохирогч Н.Б: “...Т банкнаас 30 сая төгрөг зээлж авсан одоо 28.656.650 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа энэ зээлийг чөлөөлөөд өөр зээл авах гэж байгаа гэж надад хэлсэн. Би энэ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэн нь ямар хүн байгаа юм бэ гэж асуухад энэ үл хөдлөх эд хөрөнгийн эзэн нь Дарханд байгаа Б, Б гэж эхнэр нөхөр 2 байгаа би энэ 2 хүнтэй хамтарч зээл авсан. Одоо энэ “Хаан” банкинд байгаа зээлийг төлөөд хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч байгаад Дарханд “Хаан” банкаас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан цалингийн зээл 40 сая төгрөг зээл авах гэж байгаа хүү нь байдаг юм гэж надад дарханы Хаан банкны зээлийн шийдвэрийн хуулбар үзүүлсэн. Тэр “Хаан” банкны шийдвэр дээр Дархан аймагт ажилладаг Б, Б нарт үл хөдлөх хөрөнгө цалингийн 40 сая төгрөгийн зээл олгоно гэсэн байсан. Би Тд эзэнтэй нь яръя гээд Болорсайхантай утсаар ярихад “Хаан” банкинд манай үл хөдлөхийн 2 гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан байгаа би Ттэй хамтарч зээл авсан байгаа надад УБ хотод “Хаан” банкинд таньдаг хүн байхгүй болохоор Тд хотод “Хаан” банкинд таньдаг хүн байгаа болохоор зээл авсан байсан би ДУА-н “Хаан” банкнаас 40 сая төгрөгийн зээл авах гэж байгаа. Одоо надад манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна. Та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ чөлөөлөөд өгчих юм бол би Дархан-Уул аймгийн “Хаан” банкнаас зээл авахаар шийдвэр гарсан байгаа гэсэн. Б “Хаан” банкны шийдвэрийг Тд факсаар явуулсан байсан. Би тэр шийдвэрт нь итгээд Ттэй очоод 28.556.650 төгрөгийг “Хаан” банкинд төлж Тийн зээлийг чөлөөлж Бын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан...” /хх-117-118/,
Гэрч Г.О: “...Т гэдэг хүн 2013 оны 02 дугаар сард манай банкинд зээл авах гэж байгаа юм гэж хэлж өргөдөл, материалаа өгсөн. Би материалыг нь үзээд иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт нь дутуу байхаар нь бичиг баримтаа бүрдүүл гээд буцаагаад явуулсан. Т 3 хоногийн дараа бусад бичиг баримтаа бүрдүүлээд ороод ирсэн. Тэгээд би Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эзнийг нь авчирч уулзуул гэхэд Т энэ үл хөдлөх хөрөнгийн эзэн Быг Солонгос улсад байгаа гэхээр би тэгвэл энэ Бын хийж өгсөн итгэмжлэл үндэслэлгүй тул зээл өгөх боломжгүй та Бтай элчин сайдын яамтай холбоо барьж итгэмжлэл хийлгээд ирэх юм бол зээл олгож болно гэж хэлсэн. Харин Т удалгүй элчин сайдын яамнаас авсан гээд манайд Солонгос улсын элчин сайдаар дамжуулж Б өөрөө хийж явуулсан гэсэн итгэмжлэл эх хувийг авчирсан. Т 2-3 хоногийн дотор каргогоор ирсэн гэж хэлж байсан. Би энэ 2 итгэмжлэлийг хуурамч гэдгийг нь мэдээгүй...” /хх-120-121/,
Гэрч Ц.Б: “...би 2013 оны 3 дугаар сарын 29-нии өдөр "Хаан" банкны Дарь-Эхийн салбарын Ттэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг баталгаажуулж өгсөн. Уг зээлийн баримтанд зээлийн болон барьцааны гэрээ хавсралтын 2013 оны 3 дугаар сарын 25-нд Сөүл хотод үйлдэгдсэн гэх итгэмжлэл Ү-2003015931 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ зэргийг надад авчирсан. Би гэрээг эх хувиар нь баталгаажуулсан, харин хавсралт болгож хийсэн орон сууц барьцаанд тавих итгэмжлэл гэрчилгээ хоёрыг нь эх хувиараа ирснийг тамга дарж өгсөн. Гэхдээ уг гэрчилгээ итгэмжлэл хоёрыг би баталгаажуулж өгөөгүй. Би баталж өгсөн гэрээ бусад баримт бичгийг хуулбарлаж авсан. Т гэдэг хүн надад ямар ч итгэмжлэл батлуулаагүй, харин иргэн Быг Сөүл хотод амьдарч байгаа 2013 оны 3 дугаар сарын 25-нд Сөүл хотод үйлдэгдсэн гэх итгэмжлэл Ү-2003015931 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг нь тамга дарж өгсөн. Би уг итгэмжлэлийг хуурамч гэж мэдээгүй уг итгэмжлэл нь БНСУ-аас ирсэн байсан тул шалгах боломжгүй байсан. Уг итгэмжлэлийг банк өөрөө шалгах үүрэгтэй байдаг...” /хх-180/,
Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамын Е-К22/14/123 тоот "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тавьсан хүсэлтийн дагуу Сөүл дэх Элчин сайдын яаманд 2013 оны 03 сарын 25-ны өдөр хийгдсэн итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрийг шүүж үзэхэд Ц.Б гэдэг иргэн итгэмжлэл хийсэн гэх бүртгэл байхгүй байна...” гэх албан бичиг /хх-215/,
Хохирогч Х.О: “...2014 оны 9 дүгээр сарын эхээр найз Мягмарсүрэнд шүрэн толгойтой халтар манан хөөргийг 14 сая төгрөгөөр заруулахаар дэлгүүрт тавиулсан. 2015 оны хавар М хөөрөг юу болсон гэхэд М хумүүст үзүүлж байгаа гэсэн. 2015 оны 4 сард Т гэх хүн бэлэн мөнгөөр авах хүн байна М аваад явсныг сүүлд нь надад хэлсэн. М хөөргөө асуусан чинь хүнд заруулах гээд өгсөн мөнгөө цувуулж өгнө, бүтнээр нь өгч чадахгүй байна гэсэн. Тэгээд Т мөнгөө өгөхгүй алга болсон...” /3 хх-61/,
Гэрч Ч.М: “...Т манай лангуун дээр байсан О алтан нуухтай шүрэн толгойтой хуучны халтар манан хөөргийг заруулахаар тавьсан байсныг Т энэ хөөргийг чинь би хүнд үзүүлээд ирье өмгөөлөгчийн таньдаг хүн үзье гээд гуйгаад байсан. Тэгэхээр би О асууж өгье гээд удаагүй байсан чинь Т манай дэлгүүрийн гадаа ирсэн байсан. О намайг өөрөө мэдэхгүй юу, найдвартай юм уу гэсэн. Т шалаад гуйгаад байхаар нь хөөргөө өгөөд явуулсан. Би Тд зарж чадвал мөнгийг нь аваад ир чадахгүй бол хөөргөө аваад ир гээд 1 сарын хугацаа өгсөн. 1 сарын дараа ярихад хүнд байгаа гэсэн. Тэрнээс хойш нилээн удаж байгаад асуусан чинь зарчихлаа гэсэн. Тэгсэн Т зараагүй ломбарданд 4,5 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан. О хөөргөө надад 14 сая төгрөгөөр заруулахаар өгсөн, би Тд 14 сая төгрөгөөр заруулахаар өгсөн. Уг хөөрөг нь 32 грамтай 23 дм шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай хуучны дунд гарын халтар манан хөөргийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 14 сая төгрөгөөр заруулахаар өгсөн...” /3хх-64/
Хохирогч Д.Б: “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Викториа центрийн А блокод 2016 оны 01 дүгээр сард Т гэх эмэгтэйтэй элэгний эм сонирхож явж байгаад танилцсан. Тэгээд утасны дугаараа солилцсон. 2016-2-05-ны өдөр Т над руу залгаад 4,8 сая төгрөг 14 хоногийн хугацаатай зээлээч гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. 4,8 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Түшээ гүн ХХК-н байранд бэлнээр нь авсан. 14 хоноод өгнө гэсэн ба 14 хоногийн дараа залгахад гар утсаа авахгүй алга болсон...” /4хх-67/,
Хохирогч Я.А: “...би 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т болон түүний хүргэн Б нарт хуучны алтан нуухтай, дунд гарын харлаг манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай, дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэгийг өгсөн. Би хөөрөгнүүдээ өгөхдөө гартааман хөөргийг 3,5 сая төгрөг, харлаг манан хөөргийг 8,5 сая төгрөгөнд бодож өгсөн. Гэтэл Т намайг нийлүүлээд 10 саяд өгчихөөч гэхээр нь би өгсөн. Т анх надаас хөөрөг авахдаа Солонгос улсад суугаа нөхөр лүүгээ өгч явуулах гэсэн юм гэж хэлээд авсан. Авсанаас 1-2 хоногийн дараа урьдчилгаа олгож 1-2 сая төгрөг өгнө үлдсэнийг нь 2016 оны 02 сарын 16, 20-ны өдөр нөхрийн цалин буухаар өгье гэж хэлээд эхлээд амаар тохирч авсан. Ингээд 2 хоногийн дараа мөнгөө өгөхгүй болохоор нь би өөрөө араас нь хөөцөлдөж байж олж аваад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өөр БЗД-н хажууд байх ноториат орж гэрээ хийж авсан. Энэ хугацаанд би Т рүү ярихад намайг хэл амаар доромжлоод ажилтай байна гээд байсан...” /4хх-165/,
Гэрч С.Н: “...А 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т гэх эмэгтэйд хуучны халтар манан хөөрөг, алтан нуухтай, даваа толгойтой, цагаан гартааман хөөрөг алтан нуухтай хуван толгойтой хөөргийг нийлүүлж 10 сая төгрөгөнд бодож зарсан. Мөнгийг нь бэлнээр аваагүй зээлээр өгсөн. Т 1 дэх өдөр 1 сая төгрөгийг өгнө үлдсэн 9 сая төгрөгийг 2 сарын 13-ны өдөр өгнө гэж хэлээд авсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй залилаад байгаа. Би тухайн үед Ттэй утсаар ярьж гэрээ хийе гэж хэлэхэд чи ямар сонин хүүхэн бэ эрэгтэй хүний наймаан дундуур орлоо юм үзээгүй хэдхэн төгрөгний хойноос тэрийг чинь өгч л таарна гэж загнаад байсан...” /4хх-166/,
Гэрч С.Г: “...харлаг мана хөөрөг нь хуучны удам дамжсан хөөрөг байсан ба бөөрөн дээрээ имэрсээр байгаад хонхойсон мөртэй, их л гоё өнгөтэй, алтан нуухтай, даваа толгойтой, энгийн ясан халбагатай хөөрөг байсан...” /4хх-227/ гэх мэдүүлгүүд болон зээл авахад ашигласан Ц.Бын итгэмжлэл /1 хх-ийн 6, 101х/, зээл хааж төлбөр төлсөн баримт /4 хх-ийн 6х/, Ц.Бын БНСУ-аас хийж явуулсан гэх итгэмжлэл /1хх-ийн 131х/, геологийн лаборторын 2016.8.19-ны өдрийн 818 тоот албан бичиг /4хх-ийн 102х/, хохирогч Д.Б хийсэн зээлийн гэрээ /4хх-ийн 73х/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөөрөг 1 ширхэг, "Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 59х/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Тийн гэм бурууг хэлэлцэж, шүүх 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч А.Тийн хувийн байдал, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна.
Харин шүүгдэгч А.Тийн үйлдэл 2012 онд эхэлсэн ба анх 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэгдэж байсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг хэрэглэхдээ уг заалтыг удирдлага болгоогүй байх тул зөвтгөн залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч А.Т гаргасан ял хөнгөрүүлж өгөх хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “1” дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан....” гэж нэмэлт заалт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
О.ЧУЛУУНЦЭЦЭГ