Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 119/2022/0034/З |
Дугаар | 221/МА2023/0089 |
Огноо | 2023-02-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0089
“Э” ХМБ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Э.Х нар
Нэхэмжлэгч: “Э” ХМБ
Хариуцагч: ОАЗД, ОАГХБХБГнар
Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2022/0038 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, У.Б, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 119/2022/0034/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХМБ-аас ОАЗД, ОАГХБХБГнарт холбогдуулан “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2022/0038 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 60 дугаар 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХМБ-ын “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол.
3.1.1. “Э” ХМБ-ын 022/95 дугаартай хүсэлтийн тухайд ОАЗД-ын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаартай захирамжаар газрын хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх шийдвэр гарсныг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн 000013713 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгогдсон.
Тус газарт барилга барих ажлын зөвшөөрлийн №БЭЗ-61-22/02 дугаар гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий этгээдээс олгосны дагуу үйл ажиллагаа явуулж байтал ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай мэдэгдлээр №БЭЗ-61-22/02 дугаар гэрчилгээг түдгэлзүүлсэн.
Гэрчилгээ түдгэлзүүлснийг ОАЗД болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас лавлахад иргэдээс аймгийн Засаг даргад хандан нийгмийн цахим сүлжээ болон 70353511 дугаарын утсанд ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх хүрээнд 117 дугаартай мэдэгдлийг гаргасан гэж тайлбарласан боловч ирсэн гомдлын талаар мэдээлэл авч, гомдлын агуулгатай танилцах гэтэл гомдлыг хянан шалгах хугацаанд түүнийг шалгах ажиллагаанд яваа тул танилцуулахгүй, энэ талаар зөвхөн амаар тайлбарлаж, мэдээлэл өгнө гэсэн.
Тиймээс барилгын ажлын бэлтгэл болон барилгын ажлын эхний үе шатны ажлыг хийж гүйцэтгэн, их хэмжээний хөрөнгө зарцуулж, барилгын ажлыг гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, эрх үүрэг хүлээсэн тул удаан хугацаанд ажилчдыг тодорхойгүй хугацаа, шалтгаанаар сул зогсоохгүйн тулд тодорхой нөхцөлөөр газрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж ОАЗДтай харилцан зөвлөлдсөний дагуу тухайн нөхцөлийг тодорхойлж, шийдвэрлэсэн тохиолдолд газрын асуудлыг шийдвэрлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 022/95 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан. Үүнд.
а. Газраа шилжүүлж барих барилгын ажлаа зураг төслийн дагуу хэвийн явуулах боломж, нөхцөлөөр хангах ба гадна талбайн зогсоолын асуудлыг хамтад нь шийдвэрлэж өгөх,
б. Бидний буруутай үйлдлээс бус гаднын хүчин зүйлээс нөлөөлж хөрөнгө оруулагч “Есөн цагаан туг” ХХК-ийн гаргасан зардал 80,000,000 төгрөгийн хохирлыг ямар нэг хэлбэрээр барагдуулах саналтай байна.
Хариуцагч болон шүүхийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаар албан бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь тус албан бичгээр хүргүүлсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд харилцан тохиролцох агуулгатай байсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж маргадаг. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн тавьсан дээрх хоёр асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Энэ бичигт 80,000,000 төгрөг гэсэн тоо дурдагдаж байгаа боловч бодит байдал дээр 80,000,000 төгрөгийн хохирол учирсан талаар харилцан зөвшилцөөгүй” гэх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 022/95 дугаартай хүсэлтээс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэл зэрэг баримтуудаар газраа нэхэмжлэгчийн хүсэл зориг нотлогдож байна.
3.1.2. ОАЗД-ын А/350 дугаартай захирамж үндэслэлгүй тухайд уг захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5-д заасныг үндэслэжээ.
Захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, ийнхүү тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хүлээсэн бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан оролцогчийг тус хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхээр хангаж оролцуулахаар хуульчилсан.
Үүнээс үзвэл газрын байршлыг өөрчлөх шийдвэр гаргахдаа газар эзэмшигчийг Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхээр хангаж, эрхээ эдлэх хүрээнд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдээлэл авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх боломж, нөхцөлөөр хангах үүргийг ОАЗД хэрэгжүүлээгүй гэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн 022/95 дугаартай хүсэлтийн шаардлагын агуулга болох 80,000,000 төгрөгийн зардлыг нөхөн төлж барагдуулсан тохиолдолд гадна зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн, зураг төслийн дагуу барилгын ажлыг хэвийн явуулах боломж, нөхцөлөөр хангагдсан газар санал болговол түүнийг хүсэлтэд заасан шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлж, тухайн газар нь хүсэлтийн шаардлага хангаж, газар эзэмшигчийн ашиг сонирхолд нийцвэл газар эзэмших эрхийн байршлыг солих захиргааны шийдвэр гаргуулах тухай газар эзэмшигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй тул ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байж болох захиргааны актад хамаарахгүй байна.
3.1.3. ОАГХБХБГ-ын 117 дугаартай мэдэгдэл үндэслэлгүй тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэг, 4.1., 4.2, 4.3 дахь хэсэгт хариуцагчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдлийг гаргасан үндэслэл, процесс, хууль хэрэглээний асуудалд шүүхийн зүгээс огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3 дахь хэсгийн эхний догол мөр дэх дүгнэлтээс үзвэл “аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэлээ гэх агуулгатай байна.
Гэтэл маргаан бүхий хоёр захиргааны актууд нь хоорондоо хамааралгүй захиргааны акт юм. Учир нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдэл нь цаг хугацааны хувьд аймгийн Засаг даргын 2022 оны А/350 дугаар захирамжаас өмнө гарсан бөгөөд барилгын ажил эхлүүлэх гэрчилгээг түдгэлзүүлсэн, барилгын ажлыг зогсоосон агуулгатай. Уг шийдвэрийн улмаас барилгын ажил бүхэлдээ зогсож, нэхэмжлэгчид болон төслийн хөрөнгө оруулагчид бодит хохирол учирч эхэлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Харин аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамж нь газар эзэмших эрхийг цуцалж, шинэ байршилд газар эзэмших эрх олгосон агуулгатай юм. Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэх нь ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар мэдэгдэл нь хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
3.1.4. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй тухайд захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнгөнтуяагийн 9986-1622 дугаарын утсаар мэдэгдсэн гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь “ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” үүрэгтэй байдаг. Гэвч мэдэгдсэн тухайгаа баримтжуулсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч сүүлд тайлбараа өөрчилж “захиргааны актыг хүргүүлээгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 43.7 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн гэж тайлбарладаг. Энэ нь үндэслэлгүй бөгөөд тус заалт нь “захиргааны актыг мэдэгдэх талаар хуульд өөрөөр заасан байхыг шаарддаг.
Шүүхийн зүгээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй байна. Учир нь газрын тухай хууль тогтоомжид зааснаар тус харилцаа нь газар эзэмшигч нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийн ямар заалтад хамаарах хүсэлтийг гаргасан, ингэж гаргахдаа холбогдох журмын хүрээнд бүрдүүлбэл зохих материалын бүрдүүлбэрийг хангаж хүсэлтээ өгсөн талаар хэрэг материал байхгүй байна. Мөн уг хүсэлтийн хүрээнд шинээр олж авч байгаа газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд зааснаар шинээр олж авч байгаа эрх гэж үзэх, нөхөн олговорт олгож байгаа газар эзэмших эрх гэж үзэх эсэх талаар холбогдох хуулийг үндэслээгүй байна. Энэ нь улмаар хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 20.164, 20.2.9, 32.2, 32.3 дахь зүйлд заасан ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Мөн аймгийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21.3.2 заалтыг үндэслэсэн бөгөөд “сумын Засаг даргын саналыг авсан баримт” хэрэгт байхгүй байна.
Иймд хариуцагчийг Газар эзэмшүүлэх гэрээний 4.3, 5.4-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн тухайд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Баттүвшин нь хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд ОАЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/350 дугаартай захирамжаар Б.Баттүвшинд итгэмжлэл олгосон нь 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудаст нотлох баримтаар цугларсан байна.
Тус захиргааны хэргийн 1 дүгээр хавтаст хэрэг нийт 250 хуудастай бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх үүрэг тайлбарласан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 11 болон 40-41 дүгээр хуудаст нотлох баримтаар цугларсан бөгөөд үүнээс өөр баримт хэрэгт байхгүй, хэргийн 2 дугаар хавтаст хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх үүрэг тайлбарласан болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт байхгүйгээс үзвэл хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцоогүй гэж үзэх үндэслэл бүрдүүлж байна.
Ингэснээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, хүсэлт болон тайлбар нь хуульд заасан шаардлагыг хангахгүй тул Б.Баттүвшингийн тайлбар, хүсэлт, нотлох баримтыг үнэлж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангахгүй
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн хуулиар хүлээсэн үүргийг зөрчиж хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримт дутуу байхад хэргийг шийдсэн тул хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэдэгт харшилснаар анхан шатны шүүхийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангахгүйд хүргэсэн байна.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2022/0038 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү”,
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол.
3.2.1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:
“ОАЗД-ын Тамгын газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэр бүхий 160 иргэнээс “2018 оны засаг даргын захирамжийг цуцлах, бут сөөг бүхий ногоон байгууламжийн нөхөн сэргээлт хийлгэх” тухай гомдол гаргасан. “Э” ХМБ-д газар эзэмшүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №А/457 дугаартай захирамж нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны №А/907 дугаартай захирамжийн 2 дугаар заалтаар хүчингүй болсон.
Маргаан бүхий захиргааны акт болох ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №117 тоот мэдэгдэл нь иргэдээс ирүүлсэн гомдлоос 23 хоногийн өмнө гарсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс эзэмших эрх бүхий газарт байсан шугам сүлжээг зөөвөрлөх, барилгын суурийн ажил эхлэх хүртэл барилгын талбайд гомдол гаргасан иргэн нэг ч иргэн ирээгүй гэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс эдгээр иргэдийн зарим нь өөр газар дээр гомдол гаргахаар гарын үсэг цуглуулж байсан, зарим иргэд нь би гомдол гаргаагүй гэдэг бол зарим иргэдийн утасны дугаарыг буруу бичсэн, Монгол Ардын намын анхан шатны ажилчид зохион байгуулалттайгаар ийм гарын үсэг цуглуулсан гэж маргадаг.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь барилгын ажлыг зогсоосон тухай маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 119/ШЗ2022/0082 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, үүнийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон 2022 оны 05 дугаар сарын 11 өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байна. Энэ үед 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэдээс гаргасан гэх гомдол болон нэхэмжлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр ОАЗД С.Батжаргал нь Д.Цолмонд цохсон байжээ. Эндээс харвал нэхэмжлэгч нь ОАЗДтай газар шилжүүлэх талаар тохиролцоонд хүрээгүй, өөрийн эзэмшлийн газрыг цуцлуулахгүй буюу 7 дугаар хороололд шилжүүлэхгүйгээр барилгын ажлаа үргэлжлүүлэх хүсэлт зоригтой байгааг хариуцагч нар мэдэж байсан нь тодорхой байна.
3.2.2. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.9 дэх хэсэгт “Харин аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд газрын байршлыг тогтоож шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байх бөгөөд “хүсэлтээ бичгээр илэрхийлсэн” байх нь хүсэлтийг хангасан эсэхээс шалтгаалахгүй мэт дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2 хуудас “санал гаргах тухай” агуулга бүхий албан бичгийг “газрыг хаана ч хамаагүй шилжүүлж өгнө үү” гэсэн утгаар тайлбарлажээ.
Мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.10 дахь хэсэгт “нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүссэн” гэх дүгнэлтийг ямар баримтыг үндэслэн хийж байгаагаа дурдаагүй. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн “нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн” гэх дүгнэлтийг хийж ирсэн бөгөөд хууль зөрчиж гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, хэрэгт авагдаагүй үйл баримтыг дурдаж шийдвэр гаргаад хариуцагч талаас баримт шаардсан зэргээр “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ” байхад татгалзан гаргах хүсэлтийг хүлээж аваагүй.
Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.11 дэх хэсэгт дүгнэлт хийхдээ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг үндэслэжээ. Ингэхдээ “тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд” гэх хэсгийг тайлбарлаагүй үлдээсэн байх бөгөөд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн учир төр өөрийн дур зоргоор газрыг шилжүүлэх эрхтэй гэж ойлгогдохоор тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2022/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э” ХМБ-аас ОАЗД, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3. Үйл баримтыг дурдвал: ОАЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/347 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Э” ХМБ-д 350 м.кв газрыг оффисын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/457 дугаар “Шийдвэр хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 300 м.кв газрыг телевизийн студийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон байх бөгөөд мөн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаар “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар “Э” ХМБ-ын эзэмшиж буй урлаг соёлын байгууллагын зориулалттай газрын хэмжээг өөрчлөн 400 м.кв болгон газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулан эзэмших эрхийн 000013713 дугаар гэрчилгээ олгосон байна.
3.1. Нэхэмжлэгч “Э” ХМБ нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БЭЗ-61-02/22 дугаар “Соёл урлагийн барилга” барих барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, “Араг од групп” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд 9 давхар барилгын ажил явагдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
3.2. Гэвч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “БЭЗ-61-02/22 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж, барилга угсралтын ажлыг нэн даруй зогсоох” тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар “Мэдэгдэл” гаргаж, ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/350 дугаар захирамжаар “Э” ХМБ-ын Уртбулаг баг, Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах урлаг соёлын байгууллагын зориулалтаар эзэмшиж буй 400 м.кв газрын байршлыг Цагаанчулуут баг, орон сууцны 7 дугаар хороолол руу шилжүүлж, мөн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/907 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгожээ.
3.3. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй …”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэнэ.
3.4. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актад дурдагдаад буй үндэслэл, талуудын зөрүүтэй тайлбаруудтай холбогдуулан нотлох баримт цуглуулахгүйгээр “ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамж хуульд нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гарсан ... ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд Засаг даргын захирамжийг хууль бус болох нь нотлогдсонгүй гэж дүгнэсэн тул “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцээгүй байна.
3.5. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны акт, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий ОАЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/350 дугаар захирамж хууль нийцсэн гэж дүгнэсэн болохоос уг захирамж нэхэмжлэгч “Э” ХМБ-ын гаргасан хүсэлтийн үндсэн гарсан эсэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар, нэхэмжлэгч өөрт олгогдсон газартаа эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу барилгын ажил явуулж байгаа нь гомдол гаргасан гэх 160 иргэний эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар баримт цуглуулаагүй байна.
4.1. Түүнчлэн хариуцагч нараас “... нэр бүхий 160 иргэн гомдол гаргасны дагуу ОАЗДас тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад барилгын ажлыг зогсоох үүрэг өгсний дагуу маргаан бүхий “Мэдэгдэл”-ийг “Э” ХМБ-д өгч, улмаар газар шилжүүлсэн Засаг даргын захирамж гарсан” гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэр бүхий 160 иргэнээс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ОАЗД-ын Тамгын газарт хүсэлт гаргасан буюу маргаан бүхий ОАГХБХБГ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 117 тоот мэдэгдлээс өмнө гарсан, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
4.2. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт авагдсан баримтууд зөрүүтэй байхад энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс газраа ямар байршилд шилжүүлэхийг хүссэн хүсэлт гаргасан эсэх талаарх баримт цуглуулахгүйгээр “... маргаан бүхий Засаг даргын захирамж хуульд нийцсэн тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.3. Мөн нэхэмжлэгчээс “... маргаан бүхий Засаг даргын захирамжаар “Э” ХМБ-ын газрыг шилжүүлэхдээ бидэнтэй зөвшилцөөгүй, 80 сая төгрөгийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй” гэж маргаж байхад энэ талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн хүсэлтээр газрыг шилжүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 дахь хэсэгт хамаарч байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 119/ШЗ2022/0125 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж тус хүсэлт шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 122.1-д заасны зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болно.
5.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин эрх үүрэг тайлбарласан баримт болон нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
5.3. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Нэгтгэн дүгнэвэл уг хэргийг шийдвэрлэхэд маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл болон хэргийн оролцогчдын зөрүүтэй тайлбаруудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 119/ШШ2022/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ