Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ат холбогдох эрүүгийн 1710006490026 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овогт Ц.А, 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт .... тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаартай магадлалаар 5 жил 1 сарын хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:.../,

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл өөрийн гэртээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй нийт 870.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.А нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлж ирсэн. Ц.А нь одоо 19 настай, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан. Өндөр настай эмээгийнхээ хамт амьдардаг. Ц.Аыг хорьсноос хойш эмээг нь өдөр бүр асарч тойглох хүн байхгүй байснаас эрүүл мэндийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн болон хувийн байдлыг нь харгалзаж үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан.

Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгох ёстой байтал энэ журмыг баримтлаагүй, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болох байтал тийм боломж олголгүйгээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, мөн хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаах тэнсэн хянан харгалзаж нэг удаа боломж олгоно уу...” гэв.

Шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намжилцогт өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг  шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тохиолдолд хэрэглэх боломжтой. Иймд түүнийг тэнсэн хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...би уг гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би Хүмүүнлэгийн Их сургуулийн сэтгэл судлалын 2 дугаар курсын оюутан бусад найз нөхөддөө сэтгэл судлалаар зөвлөгөө өгч дэмждэг. Мөн би өндөр настай эмээгээ харж асардаг тул надад боломж олгон хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ширэндэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүний үйлдэл гэм бурууд тохирсон ял шийтгэлийг анхан шатны шүүх зөв оноосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөөгүй. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нараас гаргаж буй давж заалдах гомдлын тухайд прокурорын зүгээс дүгнэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ заасан. Ц.А нь 19 настай тул уг заалтыг  заавал  хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” гэх нэршилтэй нийт 870.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл өөрийн гэртээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 51 тоотод  хадгалсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Гэрч М.Н: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд 51 тоотод ороход дуу чимээ гараад байсан хүмүүс байхгүй эмээ нь гэх нэрийг нь мэдэхгүй хүн манай хүүхэд ойрд ийм юм хэрэглээд байна гэж хэлээд гялгар ууттай ургамал өгсөн бөгөөд би 51 тоотод байдаг хүүхдийг 10 хоногийн өмнө ундааны сав цоолоод гуурс гаргаад цаас хуйлж татаж байхыг харсан. Хажууд нь зогсож харахад ногоон өнгийн өвс шиг зүйлийг шатааж утааг нь сорж байсан үнэр нь содон байсан. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажлын байрандаа байх үед 38 дугаар байрны 51 тоотод оршин суудаг настай эмэгтэй над руу хүрч ирээд нэг ууттай ногоон өвс надад өгөөд энийг хаячихаарай манай хүүхэд үүнийг хэрэглээд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би ууттай зүйлийг хар тамхины төрлийн ургамал мөн байна гэж бодоод иргэний үүргээ биелүүлж цагдаад мэдэгдсэн. Манай ажил дээр эргүүлийн 2 цагдаа ирэхэд ууттай өвсийг хүлээлгэн өгсөн. Ууттай зүйлийг хар тамхины төрлийн өвс мөн байна гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр уг айлд урьд нь 2,3 удаа орж байсан. Тухайн үед уг настай эмэгтэй байрандаа засвар хийж байсан бөгөөд би барилгын материалыг нь зөөж оруулж өгч байсан юм. Тухайн үед уг айлын 19 настай эрэгтэй хүүхэд балкон дээрээ тамхи татаад зогсож байдаг байсан бөгөөд нэг ууттай өвс байхыг хараад тэр хүүхдээс энэ яадаг өвс юм гэхэд татаж хэрэглэдэг өвс байгаа юм гэсэн. Би бараг 2 жилийн өмнөөс найз охиноосоо салаад архи их уух болсон. Тэгээд энэ өвсийг татахаар архи уудаггүй юм гэж хэлж байсан...” /хх-8-9, 32-33/,

гэрч В.М: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ахлах ахлагч Б хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 38 дугаар байр руу яваад очоодох, жижүүр дээр нь хар тамхи татсан хүүхдүүд бариад авсан гэж хэлсэн. Тэгээд ахлах ахлагч Б хамт 38 дугаар байрны жижүүрийн байранд очиход Н гэх харуул нь байсан. Н гэгчээс 300-400 грамм орчим хэмжээтэй цэнхэр өнгийн гялгар ууттай өвс өгөөд манай 38-51 тоот айлын эмээ энэ өвсийг өглөө хүүхэд нь хэрэглээд байх шиг байна гэсэн тэр хүүхэд нь өөрөө гараад явчихсан гэж хэлсэн. Энэ айлын эмээ байгаа юм уу уулзаатахъя гээд 38-51 тоот айлын хаалгыг тогштол эзэнгүй хаалгаа цоожлоод явчихсан байсан. Тэгээд түүний өгсөн өвс мэт зүйлийг жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Б хүлээлгэн өгч энэ талаар илтгэх хуудас бичиж өгсөн...”/хх-29/,

гэрч Ч.Б: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байх үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 36, 38 дугаар байрны жижүүр Н гэх хүн 38-51 тоотод хүмүүс хар тамхи татсан талаар дуудлага ирүүлсэн. Уг иргэн орцны жижүүр ажилтай хүн байсан бөгөөд 38-51 тоотод амьдардаг хүн хүүхдийнхээ хэрэглээд байна гэх өвсийг өгсний дараа цагдаагийн газар иргэний үүргийнхээ дагуу мэдэгдсэн юм билээ...” /хх-31/,

шүүгдэгч Ц.Аын: “...Би анх ууттай өвсийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орцноосоо олсон. Өмнө нь зураг болон бичлэгнээс харж байсан өвстэй адилхан харагдсан болохоор гэртээ авч орж, балкон дээр татаж үзсэн ба хоолой хорсоод хэрэглэж чадаагүй. Тухайн өдөр цамц болон шортныхоо карманд хийсэн байснаа мартаад сагсны бэлтгэлдээ явсан. Маргааш нь эмээ ууттай өвсийг гаргаад хаясан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-114/ гэх мэдүүлгүүд болон

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн №801 тоот дүгнэлтэд: “шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “74 нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан өвс мэт зүйл 1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “75 нэгжлэг хийх ажиллагаагаар хураан авсан өвс мэт зүйл 2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. “76 Цонхны тавцан 0.3 грамм өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” /хх-48-49/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №9392 тоот дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна” /хх-57/,

эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-7/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/,

мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест /хх-18-19/,

нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-22-27/,

шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-39 /хх-59-60/,

ял шалгах хуудас /хх-82/,

 урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-91/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Аын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч Ц.Аын хувийн байдал, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хорин нэгэн насанд хүрээгүй хүн бүрийг өсвөр насны хүн байх ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг буюу хорин нэгэн насанд хүрээгүй хүнийг өсвөр насны гэдгийг  тайлбарлан хэрэглэхдээ тухайн этгээдийн сэтгэц, оюун ухаан, өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвар гэх мэт хувийн байдалд тулгуурлан дүгнэлт хийдэг.

Иймээс шүүгдэгч Ц.А нь 19 настай учир түүнийг “өсвөр насны хүн” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Н.Намжилцогтын “ ял тэнсэх”-ийг хүссэн  гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ