Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 863

 

Б.Чимэгбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Чимэгбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нарны үрс” цэцэрлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа олговорт 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх, гэнэт халагдсаны тэтгэмжид 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 320 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч П.Цэнгэлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Чимэгбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Нарны үрс” цэцэрлэгт туслах багшаар сарын 400 000 төгрөгийн цалинтай ажилд орж ажилласан. Энэ хугацаанд цэцэрлэгээс өгдөг хүүхдийн хоол муу тул шаардлага тавихаар захирал П.Цэнгэлмаа нь хүлээн авдаггүй. Хамт ажиллахад маш хүндрэлтэй зан харилцааны соёлгүй элдэв муу муухай үгээр загнаж доромжилдог. Нэгэнт хүний хүүхдүүдийг өндөр төлбөртэй авчихаад хоол унд нь муу, орц, хоолны чанар муугаас хүүхдүүд хоолоо идэж чаддаггүй, өдөржин хоолгүй өлсгөлөн байхыг харж тэвчдэггүй тул шаардлага тавьсаны хариуд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдсан. Ямар үндэслэлээр ажлаас халж байгаа, халагдсан тушаалаа авъя гэхэд гаргаж өгөхгүй хохироосоор байна. Ажлаас халагдсан тушаалаа гаргаж өгөөгүй атлаа нийгмийн даатгалын дэвтэрт тушаалын дугааргүй 2016.05.03-ны өдөр ажлаас чөлөөлөв гэж бичилт хийсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, эцэг эхээс ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй. Намайг ажлаас гэнэт халахдаа урьдчилан мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө өгөөгүй, мөн цэцэрлэг 1 сарын дараа амрах хооронд ажлаас халсан бөгөөд амралтын мөнгө бодолгүй хохироосон. Иймд Б.Чимэгбаяр намайг “Нарны үрс” цэцэрлэгт туслах багшийн ажилд эргүүлэн тогтоож өгөх, мөн ажилгүй байсан хугацааны цалин 400 000 төгрөг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж /14 хоногийн/ цалин болох 200 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 320 000 төгрөг нийт 920 000 зэргийг гаргуулан өгнө үү. Би ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь уг цэцэрлэгт дахин ажиллах хүсэлгүй байна. Харин гэнэт халагдсаны тэтгэмжээ авна, мөн амралтын мөнгөө авна гэжээ.

 

Хариуцагч “Нарны үрс” цэцэрлэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Чимэгбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Нарны үрс” цэцэрлэгт туслах багшаар хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн гомдол, санал, шаардлагыг тавьж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээ ёсоор нэг бүлэгт 15-25 хүүхэдтэй ажиллах боловч Б.Чимэгбаяр нь нярай бүлэгт 2-4 хүүхэдтэй ажиллаж байсан. Миний бие нь ажилчидаа элдэв муу үгээр дайрч давшилж байгаагүй харин зохих ажлын шаардлагыг тавьж хамтран ажилладаг. Б.Чимэгбаярт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эцэг эхийн гомдлын мөрөөр ажлын шаардлагыг тавихад үл тоомсорлож хүлээн зөвшөөрөөгүй учраас Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.1, хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.5, 5.6 заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасныг зөрчсөн учраас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас нь халсан. Б.Чимэгбаярын нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүйгээр байгууллага болон миний нэр төрийг гутаан доромжилж эцэг эх, олон нийтэд буруу ташаа мэдээллийг өгсөн учраас “Нарны үрс” цэцэрлэг байгууллага болон өөрийн нэр төрийг сэргээхээр хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж нотлох баримтуудыг бүрдүүлэх болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч “Нарны үрс” цэцэрлэгээс 333 333.33 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чимэгбаярт олгож, нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмж болон ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлагаас үлдэх 186 666.67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Чимэгбаяр нь туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар “Нарны үрс” цэцэрлэгт холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 400 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Чимэгбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 650 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 53 950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Цэнгэлмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00457 дугаар шийдвэрийг хариуцагч “Нарны үрс” цэцэрлэг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдол гаргаж байна:

Шүүх үндэслэх хэсэгтээ “...хариуцагч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ...” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан гэж дүгнэсэн атлаа 40.1.2-т зааснаар ажлаас халсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Цэцэрлэгийн додоод журмын 8.8.5-р заалт болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.6, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг тааж хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмжид 200 000 төгрөг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Чимэгбаяр ажилд орсоноосоо хойш “Би цалингаас өөр орлогогүй ганц бие, өрх толгойлсон эмэгтэй, ар амьдрал хүнд хэцүү байна” гэдэг зүйлийг байнга ярьж хэлдэг байсан учраас цалингаас гадна cap бүр 50 000-100 000 төгрөгийг бэлнээр өгдөг байсан. Нийт 500 000 төгрөг олгосон бөгөөд уг мөнгө нь цалин хөлсний бүрэлдэхүүнд багтаагүй. Түүнд их хэмжээний мөнгө олгосон тул нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговор олгох үндэсгүй. Иймд шүүх ээлжийн амралтын олговор гэж 133 333.33 төгрөг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 9 цагт болох шүүх хуралдааны товыг надад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16:30 цагт буюу цаг тулгаж мэдэгдсэн байдгаас шалтгаалж нотлох баримт бүрдүүлэхэд хугацаа хэрэгтэй байсан. Мөн гэрчүүдээр тайлбар бичүүлж авах зэргээс шалтгаалж шүүх хуралдаанаас бага зэрэг хоцорсон. Шүүх хариуцагчид нотлох баримт гарган өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах боломж олголгүй хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Чимэгбаяр нь хариуцагч “Нарны үрс” цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 400 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх, гэнэт халагдсаны тэтгэмжид 200 000 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын олговорт 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзжээ.

/хэргийн 27 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2016/21499 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч “Нарны үрс” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч гэх С.Баттулгад нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг, хэргийн материалыг тус тус танилцуулсан байна. /хэргийн 6, 19-21 дүгээр тал/

 

Гэтэл хэрэгт хариуцагч “Нарны үрс” цэцэрлэгийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь С.Баттулга мөн эсэх талаарх баримт авагдаагүй байхад шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг буюу хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.” гэж, 77.5 дахь хэсэгт “мэдэгдэх хуудсыг …гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг мэдэгдэнэ” гэж тус тус заасан байхад шүүх хариуцагчид 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурлын товыг мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн байх боловч хэзээ мэдэгдсэн буюу боломжит хугацааны өмнө мэдэгдсэн болох нь тодорхойгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хариуцагчийг хэргийн материалтай танилцах эрхээр нь хангах ажиллагаа хийгээгүй байгаа зэрэг нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжээгүй гэх үндэслэл болно.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Нарны үрс” цэцэрлэг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 655 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР