Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00011

 

А Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01210 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1647 дугаар магадлалтай,

А Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Д-ад холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 144.086.665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А Э ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Н.Д-тай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-01-00-2016263 тоот зээлийн гэрээ, БГ-01-00-2016263 тоот барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагч нь нийт 18.500.000 төгрөгийг төлсөн. Үүнд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн нь бүгд зээлийн хүүнд төлөгдсөн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацааг нэг сараар сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг болох 144.086.665 төгрөгийг гаргуулж манай хохирлыг барагдуулж өгнө үү. Банк бус санхүүгийн байгууллагад тусгай зөвшөөрлийг хуучин хүчинтэй хугацаатай өгдөг байсан боловч одоо тусгай зөвшөөрөл нь хугацаагүйгээр олгогдож байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хянадаг Санхүүгийн зохицуулах хороон дээр үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү бодох аргачлал, зээлийн нэмэгдүүлсэн хүү бодох аргачлал нь хуулийн хүрээнд зөв аргачлалаар бодогдож байгаа эсэхэд хяналт шаардлага тавьж түүнийхээ дагуу тусгай зөвшөөрлийг өгдөг. Тиймээс тусгай зөвшөөрлийг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн болно гэжээ.

Хариуцагч Н.Д-ын шүүхэд гаргасан тайлбарт: 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 100.000.000 төгрөгийн 10 сарын хугацаатай зээлсэн, үүнээс 18.500.000 төгрөгийг төлсөн байхад нэг ч төгрөг төлөгдөөгүй мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлээс 3.500.000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 96.500.000 төгрөг байна. Зээлийн гэрээг 10 сарын хугацаатай буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гэрээг байгуулж зээлийн гэрээ дуусгавар болсон. Нийт хугацаанд үндсэн зээл болон хүүний 140.000.000 төгрөгийн үүрэг үүсэж үүнээс үндсэн зээлийн 3.500.000 төгрөг, хүүний 18.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин А Э ББСБ ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг 1 сараар сунгасан гэж байгаа нь хүлээн зөвшөөрөхгүй. 10 сарын хугацаатай зээлийн гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дууссан бөгөөд 4 сарын дараа зээлийн гэрээний хугацаа сунгана гэдэг ойлголт байхгүй тул гэрээ сунгагдаагүй. Мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу болон Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байж нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байдаг. Иймд нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01210 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Н.Д-аас 121.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.586.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878.383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-аас 765.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Э ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1647 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 270.883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ-01-00-2016263 дугаар зээлийн гэрээг иргэний хуулийн 281 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь иргэний хэрэгт нэхэмжлэгч Алтан Эг ББСБ-ын гэрчилгээ нотлох баримтаар авагдсан бөгөөд тухайн гэрчилгээнд бичигдсэн ББСБ гэх бичиглэл нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад тухайн баримтыг үнэлэхгүйгээр тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдтэй Иргэний хуулийн 451 дугаар зүйлд зааснаар гэрээ хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн талууд зээлийн гэрээг байгуулахдаа иргэний хууль, банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасныг үндэслэн байгуулсан байдаг бөгөөд энэ нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг төлөөлөн байгуулсан оролцогч, тухайн гэрээний нөхцлийг тохирсон байдал, гэрээнд тамга дарж баталгаажуулсан байдал зэргээр нотлогдож байна. Нөгөө талаар хариуцагч тал А Э ББСБ-аас зээл аваагүй талаар маргаагүй байхад түүнийг ББСБ-аас зээл аваагүй хуулийн этгээдтэй зээлийн гэрээ хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан эрх зүйн харилцаа үүссэнийг харгалзан үзэхгүй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчаас 22.586.665 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“А Э ББСБ” ХХК, Н.Д-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 144.086.665 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн  гэрээгээр Н.Д- “Алтан Эг ББСБ” ХХК-с 100.000.000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хүүг сар тутам төлж, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх, зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хугацааны хүү болон  нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцон зээлжээ.

Зохигчийн хооронд үүссэн энэхүү эрх зүйн харилцааг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй  байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан  зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн үүргийн биелэлтийг шаардахад нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлсэн нь тогтоогдох учиртай.

Хариуцагч Н.Д- нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа  нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаагүй байна.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүйг тайлбартаа дурдсаны хариуд, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг эрхэлж байгааг, тухайн зөвшөөрөл хугацаагүйгээр олгогдсон болох, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус банк бус санхүүгийн байгууллага нь улсын бүртгэлд бүртгэгдснийг тайлбарлажээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болохыг Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааж, мөн хуулийн 7 дугаар зүйлд банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэг төрөл нь зээлийн үйл ажиллагааг мөн болохыг нэрлэсэн байна.

“Алтан Эг ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон энэ баримтыг үгүйсгэх үндэслэлгүй атал шүүх тус хуулийн этгээдийг зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж дүгнэн хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон ба хариуцагч Н.Д- зээлийн хүүд 18.500.000 төгрөг төлж, бусад үүргээ  биелүүлээгүй байна.

Зээлийн гэрээний 2.1.5-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл үндсэн зээлийн хүүгийн хувиар сар бүр хэтэрсэн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр  нэхэмжлэлийг хангаж, Н.Д-аас нийт 144.086.665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Алтан Эг ББСБ” ХХК-д олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1647 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Н.Д-аас 144.086.665 төгрөг гаргуулж “Алтан Эг ББСБ” ХХК-д олгосугай” гэж, 2 дах заалтад “765.450 төгрөг” гэснийг “878.383 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 270.883 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ